2009/12/31

Монголын шинэ үеийн утга зохиолын төлөөлөгчид

Он жилийн хэлхээс, одоо ирээдүйн хураангуй, цаг элэх тутам улам өнгө орох хэдхэн шүлэг үлдээх юмсан ...
Б. Ичинхорлоо

Бал эрсэн зөгий шиг, үгийн бал түүн олон оныг элээсэн минь зүүдэн мэтээ. Би хорвоод ирээд уджээ. Би хорвоогийн богино атлаа урт зайд “зугаацах” гэж шүлэг бичсэнгүй. Биенд буй тэнхээ, сэтгэлд буй гал, тархинд буй бодлоо шавхан тарчилж, аав ижийн минь, эх орондоо өгсөн Лхагвасүрэнг яруу найргийн төлөө үрлээ. Орчлонгийн муутай, сайнтай бүхий л юмс надад шүлэг өгсөн. Хорвоо надаас юугаа ч харамлаагүйд гялайна. Тэгэхээр би амьд, үхсэн аль ч үедээ, эхийн сүү, эцгийн хайр, ханийн үнэн, үр хүүхэд Монгол төрийн дор барагдашгүй өртэй билээ.

Б. Лхагвасүрэн

Энэ удаад миний бие "монголын шинэ үеийн утга зохиол"-н гол төлөөлөгчдийн зургийг слайдшоу хэлбэрээр бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Таалан соёрхнуу!

2009/12/29

Би хаана төрөө вэ?


Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн "Би хаана төрөө вэ?" шүлгийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй бизээ. Энэ шүлэг ЕБС-н монгол хэл, уран зохиолын хөтөлбөрт орсон байдаг ч хот суурин газрын хүүхдүүд хөдөө нутаг, монгол ахуйгаа бага мэддэг учраас энэхүү шүлгийн утга агуулгыг төдий л сайн ойлгохгүй байх шиг санагддаг юм. Иймээс сурагчдад ойлгомжтой болгох үүднээс утга санааг нь зураг дүрсээр баяжуулсан доорх видео слайдыг миний бие хийсэн билээ. Та сонирхон үзэж санал бодлоо бичээрэй. Надтай мэргэжил нэгт багш нар хичээлдээ авч ашиглаж болно.



Нэмэлт холбоос:
www.mongolinternet.com/famous/BegzYavuuhulan.htm


2009/12/28

Болор цомын эзэд

Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэнүүд яруу найргийн хөгжлийг алхам алхамаар урагшлуулж, арвижуулж байх гэж бодож олсон нэгэн наадам бол "Болор цом" билээ. Болор цомын эздийг түрүүлсэн шүлгүүдийнх нь хамт орууллаа.

1986 он
Т.Очирхүү
Чулууны магтаал

Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ л бууцны чулуун дунд үлдсэн
Хүй дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хүний орчлонд тэгэхээр би чулуунаас уяатай
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар өрж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвай тариагаа ч чулуугаар татаж
Агт морьдоо ч чулуугаар аргамждаг
Уулын минь хөх чулуу ороогүйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ?
Түүгээрээ бахархана
Юм юмны түрүүнд уулынхан чулуугаа л магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам талбай, гүүр, далан бүгд чулуу
Охид хүүхнүүдийн гоёл чимэг ээмэг, бөгж бүгд чулуу
Оргил өндрийн овоо тахилга бүгд чулуу
Он улирсан хөшөө, хиргэсүүр бүгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугүй юмыг нэрлэсэн амар
Хөлд орохоосоо би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дээр өсөж төрсөн уулынхан бид
Чулууны үнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгын буурал өвгөд
Машины үнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хөөргөөр тамхилдаг
Чулуун дунд өсөж төрсөн уулынхан бид
Чулууны эдийг мэддэг улс
Болор шилийг зүүдэг алмааз ч болдог
Болд төмрийг элээдэг билүү ч болдог
Зөөлөн хатуугийн туйл
Зөвхөн чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд өсөж төрсөн уулынхан бид
Чулуууны бөхийг мэддэг улс
Он цагийг тээсэн гүүрийн багана ч болдог
Орд харшийг ч даасан суурийн бие ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхүү чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг баатарлалын тухай
Энэ чулуугүйгээр сэтгэшгүй
Уул давж чулуу өргөж
Урт замд сульдахгүй юм бол
Газрын чулуун бөөрөн дээр
Ганц ч атугай халтирч, даарч хонохгүй юм бол
Гавьтай ямар эр хүн байх билээ
Байгалийн сайхан аян замын тухай
Бас л чулуугүйгээр санашгүй
Уудам дэлхий цулгуй тэгшхэн
Урал ч гэж байхгүй, Алтан ч гэж байхгүй бол
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогүй бол
Угтаа ямар нүд тайлсан хүн байх билээ
Алдар гавьяа, одонгийн тухай
Аанай л чулуугүйгээр ярьшгүй
Цагийг эзэлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж мөнхөрнө
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу гэрээс
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатарын өнөөгийн сууц хүртэл
Эр бие минь чулуун дунд өсөж
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бүхийлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дахиад л надад томдсон
Хожим сүүлд нь би
Хол хөдөө үлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хүү миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хүлэг хоёроо цуг аргамжсан
Сэрүүн алтайгийн минь ширхэг чулуу
Өөрийг минь элээх
Өлгий дээр минь босгох
Эхний бөгөөд эцсийн чулуу
Энэ чулуу-миний чулуу


1987 он
П.Бадарч
Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биетэй заяасан
Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ
Туг ширээ бөхнөөс нь халуун илч дүүгээд
Тууж явахад хүртэл дулаахан гэж жигтэйхэн
Туульс үлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай элэнцтэйг нь бодохоор өрөвдөм хөөрхий
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоног өл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй
Унаган говио орхиж нутаг ердөө шилээгүй
Найрсаг итгэмтгий занг нь домогт өгүүлэхдээ
Найранд очих буганд эврээ өгсөн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгүй одоо ч алсыг харуулдсаар
Туждаа үнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагүй
Тулганы үнсийг ч санаад хоньтой хотолж ирдэг
Туурга нэвт шуургыг өдөрчийн газраас мэдэр ч
Тухалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Өргөн орчлонд ургасан өвс цэцгэн дундаас
Өргөст бут шаваг аль ч хатуу хүтүүд нь дурлах
Өлгийтэй жаахан хүүгээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өөжин хөдөлгөх ээж шиг нь бүүвэй бүүвэй гэж алхлах
Авгай хүүхэд шаваад ноосы нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дугарч зогсох
Ачаа бараа тэгнэж үйлий нь үзэх гэж байхад
Арай өндөрдөөд байна уу гэх шиг өөрөө хэвтээд намсах
Орчлон эх дэлхий нараа бүтэн тойртол
Олдсон жаахан хүүхдээ хэвлийдээ тээж өсгөдөг
Олон гүвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшүүлдэг
Агар зандан шугуй шиг хүрэнтэн сүрэглэж явахад нь тэмээ л гэдэг
Аясын салхи дагаж орь ганцаараа явахад нь ч тэмээ л гэдэг
Алаглах циркийн манежид аялгуут хөгжмийн эгшгээр
Алдарт вальс бүжиглэхэд нь ч жүжигчин гэдэггүй тэмээ л гэдэг
Санаа сэрэггүй тайвандаа үрээ голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхалсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшгэлдэг хуураа учруулан татаад өгөхөөр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тиймээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ
Яргуйт дэлхийн бэлчээрт цөөхөр ч байх нь харамсалтай
Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би л хувьдаа бодном
Оньст хүрдэт машины минь гал тос дутаад
Очих газрын дунд саатаж юуны магад
Олс дээсээр хөтлөөд хаа ч хүрсэн итгэлтэй
Оньст техникээс ялгаатай тэмээ мөнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэниийн минь нэг
Тэмээ таван тивийн улсаас манайд л илүүтэй бий
Тэмээ тал хангай говь гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байг

1988 он
Т.Галсан
Жирмийн сүлжээ

“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос

1. Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?
2. Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!
3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм у?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
4. Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэн ч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!
5. Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг
6. Эх
Анаж занаж дайсан хүүгийг нь хороохоор иржээ
Ачтай эх нь үрээ нүднийхээ цөцгийд нуужээ
Хартай дайсан хүүгийн хаана байгааг харчихжээ
Хайртай эх нь үрээ зүрхнийхээ тольтонд нуужээ


1989 он
Ц.Чимиддорж
Малчин

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй
Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хатагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Ботгоо голсон ингээ хөөслөн хамт уйлна
Бороо орохгүй болохоор овоогоо тайлж даллана
Өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
Өөрөөр өөртэйгээ ярьж орчлонгийн ээдрээг тайлна
Хуруундаа бөгж чихэндээ ээмэг зүүг гэхээсээ
Хурц түргэн морьдоо цул мөнгөөр хазаарласан
Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг
Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зураганд нь түмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэгийг
Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй
Хонь мал дэлэндэж хорвоог барих нь гэж гутардаггүй
Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хөөрдөггүй
Огт болохгүй юмыг ч болж байна гэж боддог
Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чөдрийн морийг дөхүүлж тусад орсон
Эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан
Хишиг өдөр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хэв хадаг шиг тэнгэр дор дөрөө гөлөм харшуулж
Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж
Ивээл жилтэй юм бид хоёр нэг уярч
Гаруул унаган мориныхоо жолоог сул орхиж
Ганзага ширдтэл тэврэлдэн эмээл дээрээ түшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тоглож өссөн эгэл заяа нийтгэж
Нутгийнхаа л чулуугаар тулгалсан гал болж ассан
Дүүрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг бөөцийлөх
Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хэрэгсүүр хүн чулуу
Дэргэд минь малын бэлчээрт байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах
Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад
Эзэн Чингисийн голомт дүрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа үнэрлэж яваад л үхье дээ гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга сөрж уулстайгаа хамт зүдэрсэн
Чулуу ирлэн хурдлах салхин хэв хүлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан
Эцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ
Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг
Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ
Цуутай наадмыг тэнгэр дор нар зөв гаргасан
Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан
Аугаа ихээ мэддэггүй аугаа их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч
Адууныхаа тамгыг болохоор хадаганд ороож залсан
Цуурай хадны сүгнээс нь буурал намтар нь арилахгүй
Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин.


1990 он
Б. Ичинхорлоо
Тэнгэр

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харавдаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

1991 он
Б. Ичинхорлоо
Эх нутаг

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихарна
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгүй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмөөрөө үргэчихлээ шүү , сэтгэлийн хун шувууд …
Намуун борооноор оддыг нэг ажихнаа
Намар л юм байлгүй дээ, навч хагдрах ч шиг…
Болдогсон бол яг л одоо
Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар
Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь
Чамайг үхэж гэж зүүдлээд сэрэх мэт
Шүлэг мэт Монголын тал дээгүүр
Шөнө мэт уянга хөглөрнөм
Халуун залуу насыг чинь би алган дээрээ бөмбөрүүлсээн
Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггүй
Зөнгөөр амьдралын минь бурангуй өдрүүд өөрийн төрхтэй болохоор л
Зүрх сэтгэл минь үгүй мэт хоосровч нөмөр дулаан.

1992 он
Б.Лхагвасүрэн
Хил дээр бичсэн шүлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын эргэн болох ...гэж асуусан байна
“Монгол” гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суу …гэж бас асууж байна
-Үхтлээ суунаа
-Үхсэн хойно, сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нүд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Үгүй дээ үгүй
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Үхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж
Цус нь буцалсан
Нумын хөвч, аагтай илдний үр садыг
Монгол гэдэг юм
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа
Санаагаа ав!
Нутаг руу минь унагасан
Нүдээ ав!
Өвөг дээдэс минь
Ясаа дор нь ивсэн
“Өндөр” оронд минь санаархваас
Заяа чинь дутна.



1993 он
Д.Цоодол
Миний муу сайн найз нар

Толгойтой болгон нь мөнгөнд үхэж
Торготой нэг нь
Хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж
Ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар

Цанхаалж
“Оны тэргүүн бүсгүй”-д сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун доор
Цавцаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муу сайн найз нар

Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө
Задгай мөнгө шиг үрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч уйлсан
Мөрний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэвүүн өрөө
Нанчидаа Чойномын хөнтөрсөн
Дарсны ширээний дэргэдээс
Найрагчид
Найз нар минь үгээ хэлж
Нар хүн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гайгүй дээ
Миний муу сайн найз нарын

Гар доороос нь
Гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу согтуу түшмэдүүд хэлэг
Гагцхүү
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээс онил
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда
Христос
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурханаас дор гэж биднийг битгий гол оо
Будаг үнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргүй ээ
Наад хэдэн “навсгар”-ыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла

1994 он
Ц.Хулан
Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий минь та
Газар дээр хичнээн увидастай төрсөн юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа.

Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа

Аягаа эвдэн эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад улаан цайм онц тавьдаг багш минь

Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа

Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа

Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай юм шиг
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлогоос авсан хамгийн том алдар аа

Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла.


1995 он
Б.Доржпалам
Хөөрлийн шүлэг

Тэр үнээн!би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй оддыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн, хүлцэл өчмүү!
Өчсөн, өчөөгүй би дахиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн үүлс ахиад л
Зангирах нь
Хүлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хүрдэн их дэлхийг мөндөр цохиж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нүднээс аргамжаатай
Хязгааргүй их тоо бүхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бүхэнд
Өөрөөс минь үүсдэг
Дөрвөн зүг үзүүргүй
Өндөрөөс минь дээшээ
Өсөж үргэлжилсэн
Босоо шулуун хязгааргүй
Миний
Хөөрөх
Хөх тэнгэр энэ!
Би онгирохдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгүй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгүй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Үгүйрлийн зуднаас
Түрүүлж нүүгээд
Багширсан сүрэг байна
Үүлэн сүүдрээс хоцорч нүүгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа! Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнүүлэх нь
Таанын толгойноос шүүдэр түүж
Шилээ уурлуулах нь
Аяа!Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Үүлүүдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа!Би дахиад л
Шүлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шүлгээ би
Унших нь
Уншихгүй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгүй гэж
Айлгасан юм
Уншихгүй гэсэн чинь
Уйлсан бүсгүй
Уруулаа өгөхгүй гэнэ
Туньсан юм
Онгирохгүй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгүй гэсэн юм
Онгирохгүй байя гэсэн чинь
Онгон лус дургүйцэж
Охиноо өгөхгүй гэсэн
Тэр үнээн, би хөөрүү хүн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зүтгэж шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг миний гэж
Зүтгэж шүлэглэсэн хүн
Тэд бүхнээс хүлцэл эс өчмүү.



1996 он
Д. Төрбат
Ижий шүлэг
Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тасдаж хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Нар руу ургаж эхэлсэн
Харин
Гарын минь сүүдэртэй цуг
Гал самардан
Хөлийн минь сүүдэртэй цуг
Хөө өшигчин
Үхэл надтай
Ихэр төрсөн
Үнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн!
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс харамлахдаа
Халууныг минь биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзийтэй ижий өөрийгөө мартсан!
Сүүн мөрөн минь гэнэт ширгэж
Сүүлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул өвөр дээр нурахад л
Илий орчлонд үхлийг анх үзсэн!
Алаг заяанаас
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж
Энгэрт асах үртэй болоод
Аминаасаа илүү үрээ хайрлах
Амьтны зөнг биеэрээ амссан!
Заяагүй хар нэхлийг бүүр таньсан!
Замгүй хар үхэлтэй нүүр тулсан!
Сүүдэр дагасан энэ үхлээс
Сүү үнэртсэн үрээ өмөөрч
Хаалган дээрээ
Жагарын найман тахил зуруулсан
Халз хоймороо
Жаргалын найман морь тахисан
Чагтага юугаар өлзий утас ороосон
Чандмань бумбаар өлгий буян хураасан
Ширмэлээ хүртэл насан хээтэй хийсэн
Ширдэгээ хүртэл нар зөв тойруулсан
Бойтгондоо хонхтой
Бор халзан туулайгаа
Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан
Зүүн хацартаа нааж,
Зүүдэнд хуурах үнэгэн гүйдлээс харамлан
Зүрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан үрээ өсгөнө
Хийморийн сан тавиулан өсгөхдөө л өсгөнө
Үхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч
Үрээ өстөл нь үхлийг хуурч дөнгөнө!

1997 он
Д.Цоодол
Хуучин дэр модны дууль

Төрсөн заяа минь хар мод билээ
Төөрсөн заяа минь
Төмөр замын дэр мод билээ
Хув хуучин дэр мод билээ
Цагтаа би жаргаж
Цармын хустай наргиж
Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн
Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа
Салж унахын тухай л зүүдэлсэнгүй явлаа
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм
Сүүдэрт минь амрагууд болзохоо байв
Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байв
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав
Хээгүй, хуучин дэр мод болов оо
Саруул уйтан хорвоог би дэрлэж
Салаа ган зам намайг дэрлэж
Сар өдрүүд шиг галт тэрэг дээгүүр минь цувж
Сая сая хүмүүс галт тэргээр цувж
Ган замыг төөлөөд хязгааргүй
Галт тэргийг тоолоод хязгааргүй
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин
Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин
Хараал, ерөөл, хан хорвоо шиг хуучин
Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ дээ
Хаан зарц хоёулаа ган замаар морилдог
Хатан болд замыг нь дэр мод мөрөлдөг
Өдөржин шөнөжин галт тэрэг давалгаа шиг нижгэнэдэг
Өвгөн дэр мод доороос нь данхраад шиг тулж байдаг
Ийшээ тийшээ яарахаас нь өөр
Илүү чухал ажил хүмүүст байдаггүй
Дэмтэй дэмгүй холхих та нарын хөлд
Дэлхий ядарч, дэр мод элэгддэгийг мэддэггүй ээ
Тэглээ гээд би хугарч нугарч болохгүй
Тэнхээ шавхсан ажлаасаа хуучин дэр мод халагдахгүй
Хэрвээ би л хотойх юм бол
Хэц ууланд, хэнз мод унах билээ
Хэцүү дэр модны албанд
Хэзээд нэг маань биеэ золих билээ
Алжааж, тэсэж, хатуужсан хуучин дэр мод би
Арай л үнс, тоос, шороо болж үзээгүй дайчин дэр мод би
Ачаатай ачаагүй, хүнтэй хүнгүй цуваа бүгдийг чинь даая
Дэлгээ хөх тэнгэр,
Бурхад, чөтгөр
Дэвэлзэж яарахын одонд төрсөн
Хүмүүс та нарыг цөмийг чинь даая
Дээр нь бас юу байна, даая
Би бол
Хуучин дэр мод
Мод нэртэй төмөр
Эр мод оо!
Монголоо гэсээр дуусах
Дэр мод оо!

1998 он
Б.Лхагвасүрэн
Ижийтэйгээ байхад

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье !
Нулимсаараа зуурч хэлье !
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье !
Амьсгалаа зангидаж хэлье !
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан…
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан…
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан…

Уул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэлье!
Эсээ шатааж хэлье!
Урсгал усан эргэж урсдаггүй шиг үнэнээ хэлье!
Цусаа буцалгаж хэлье!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан…


1999 он
Ц.Чимэддорж
Элсэн тасархай

Хөх тэнгэр хэцэлсэн
Чингисийн морины уяаны мод
Хөгнөхөн, Батхан
Хөглөрсөн их уулсын дунд
Нарлаг торлог халтар элс
Эмгэн харганатай бөхийсөн
Элсэн тасархай
Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө
Туулай хяр нь бүдэг хул зээ нь
Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн заадал руу нурж буйлсан
Галав элээсэн малтан бүргэдэс
Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай
Гүрнийг зангидсан дэлхийн
Гүрвэлийн чинээхэн улаан элс
Унтарсан санаатай хүмүүний
Ухааны завсраар асгарсан
Зээрийн мөртэй шар нурлага
Дээгүүр нь ниссэн шувуу
Хийсч тасарна
Хоёр айл унь нь шажигнаж тасарна
Хонь мал нь майлалдан тасарна
Гүмхэн хонгор өвс нь орилолдон байж тасарна
Хазаарын наран үүрсч тасарна
Харсан хүний хөмсөг нумарч тасарна
Монгол өөртэйгөө оролдож тасарна
Эзэн тэнгэр тасарна.




2000 он
Г.Мөнхцэцэг
Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг

Энгэрийн чинь дуугсонсож
Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж
Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж
Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү:
Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ
Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож
Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ
Үгээ барж хэлье, үнэнээ дэлгэж хэлье
Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрла
Авьяастай нь мөлхөж, азтай нь хөлжиж
Шүлэглэдэг, эгшиглэдэг алин боловч
Шуналт эрвээхэйн үлгэр шиг
Шатаж үхэж байна энэ хорвоод чинь
Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг
Өөхөн дэнгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад
Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг
Нулимс ихтэй энэ урлагийнхны насыг нь жаахан нэмж хайрла
Хааны ордон хатдаар хахаж байхад
Харин л муусайн салбадай нар тэднийг инээлгэх гэж
Хагарсан шаазан эвлүүлж ядах шиг
Хар үс нь дотроосоо цайж байдаг юм
Олныг баясгасан нэг нь жаргадаг гэдэг худал байна
Овоо л амьдарсан даа гэж итгэсэн минь худал байна
Одод унаж иртэл ганган дуулдаг
Дашням
Гартаа тулах таяггүй сөхөрсөн гэдэг
Гишгэж яваа энэ газрыг минь хаана нь од домнож байгаа юм бэ?
Нацагдорж, Ядамсүрэн, Чойном нарын урьдад жаргасан нь хаа байна
Сэрүүн амьддаа зурж зурж асаагаагүй галыг нь
Сэмхэн хулгайлаад үлдчихсэн юм шиг одоо л бид өргөж байна шүү дээ
Элдэвлэж элдэвлэж энгэр цоолдог одон шагнал
Элээтлээ ямар эзэнтэйгээ цуг байх биш
Ихийн их авьяас харин эзнээ дагуулж буцдаггүй юм
Асгарсан дарс шиг үерлэж үерлэчихээд
Ардаа орхих үеэ согтоож үлдээдэг юм
Эгшиглэнт тэнгэр Янжинлхам минь сонсож хайрла
Ядарсан Монголын минь ахадсан ухааныг
Хярвасан дөнхөөс нь салгаж хайрла
Ямар хүнээс харамлаж наргих биш
Ямартаа баясгадаг авьяасыг нь өнгө оруулж хайрла, Янжинлхам минь


2001 он
Ц.Бавуудорж
Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмтэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү, эргэлзэх ч хэцүү
Морин чинээ хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэнтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу, хүн хоёроос өөр
Хөрстөд нэн ч сонсохгүй, сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр, тийм совин хаяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаниюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихихутагийн буурин дээр оцойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Араганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Хүүрэнд ягаан дөл бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж ульсан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурван зуун ясны минь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина…


2002 он
А.Эрдэнэ – Очир
Зам

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын. гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Yрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимс хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа.


2003 он
Д.Урианхай
Шөнийн онгоц

Гэнэт сэрэггүй цочин
Гэгээн-харанхуй тэнгэр рүү нүд зүглэв
Гэрлэн мөрөн агаараар урсах шиг
Долоон бурхан газар руу уралдах шиг
Дотор загатнуулсан хурц туяан бороо харц урхидав
Онгоц
Харанхуй шөнийн тэнгэрээс
Халим шиг аварга онгоц
Сансраас үг чирэн ирэх шиг
Салхиараа модод залбируулан шунгаж
Буудалд газардаж харагдав.
Би ч ялгаагүй, хэзээ нэг
Гэгээн-харанхуй тэнгэрээс
Гэнэт
Шөнийн онгоц шиг газардаж
Жигүүрээ хумина . . .
‘Урианхайн наснаас . . . ’ гэсэн
Уулс нүүх мэт үгс
Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй
Халим шиг том онгоцны
Улс улс асах гэрэл шиг
Тэнгэр цуулан тарна . . .
Жижигхэн зай бараагнуулах
Жирийн мэдээний үг бүр
Цагийн завсаргүй ургасан
Цагаан уул амьдралын минь
Үнийг зарлаж ‘лацадсан’
Үнэний тамга дэрлэж үлдэнэ . . .
Би
Хэмжээнд харгалздаг орон зайд
Хэт шөнөдөөд
Буудалд бууснаас биш
Тэнгэрт олсон зайгаа шахуулж
Тэнхээ, түлшээ замд барснаас
Газардаж буй бус шөнийн онгоц
Түр буудаллаад эргэж ниснэ
Түлшний минь чанар нээгдээгүйгээс
Нэрлэж би эс чадна
Хурдан морьдын эргээнд
Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралыг
Хуй салхины алгадалт шиг зовлонг
Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан
Цаг нь түлхэгдээгүй
Дуу нь зохиогдоогүй
Ирээдүйн инээдэнд ‘хайлуулахаар’ ниснэ
Суух гэж уралдагсдыг багтаах гэж
Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр
Хоосон тэлж буй орчлонгийн
Хорох нь ховор зайнаас халиад
Ус гал хилгүй сүлэгдэх
Учирзүйн хязгаар руу мултарч
Дэлхийгээс дэндүү алсад дэлбэрч
Харагдахгүй удаа ч магад
Гэвч
Гэгээн-харанхуйн зүйг нууцалсан
“Хар хайрцаг”минь бүтэн
Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн
Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй
Ишиг, хурганыхаа бэлчээрт
Бор шувуу шиг бууна аа !


2004 он
Ж.Баяржаргал
Арга билгийн ертөнц

Хөхөмдөг манант ертөнцөд сэтгэхүйн тулааныг өдөө гэж
Хүн сүмбэ гүрнээс эзэн богдын зүг давалгаа хаясан
Хүрэн улаан тамлага цус ихтэй тэнгис
Булгилж түрхрэн байж намайг төрүүлсэн юм
Бурхад нь эзэнгүй юм шиг шивээ хялганатай тал нутаг
Өргөслөн тарчлааж тосч авсан
Түүхийг буцаах хүрдийг Архимед шиг хөшинө гэж
Төмөр хаан Бурашанинтай нийлж овоолсон хүний араг яс
Нурж шаргин байж намайг төрүүлсэн юм
Номын мэргэд нь эзэнгүй юм шиг
Шиминус чөтгөрийн, тогоо хөмөрсөн гүйдэл дундуур өсөн торнисон
Амьд байгалийн цус нулимс хар хөлсийг мэдэр гэж
Ассурын орны цохилтын гэрэлт долгион уулзаж тэсэрнэ
Дорнын хээр талыг цөмлөхөд би төрсөн
Угаасаа эзэнгүй эх нутгийн
Хайлмаг нарны гэрэлд жихүүцэж амьдарна
Дэлхийн явдлыг гэрлийн шилтэй харьцуул гэж
Дайсны бөмбөрцгөөс гадагш тийрэлтийн үзэгдэх зураа
Цацран соёрхож төв Азийн үүрийг мандуулахад би төрсөн
Тэнгэрийн сүүн зам эх барьсан эл өндөрлөгт
Тэнгисийн шуугиан хүрч иртэл эх нутагтаа би амьд явна


2005 он
Ж.Мөнхбат
Бурхан хүсэл

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ өс болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрстээ
Төмөр мэт хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёмбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Өрөөл өрөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх тааруулж хүслээ шивнэе
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү
Бурхан чамайг бурхан өршөөг өө


2006 он
Б.Галсансүх
Англи хэлэнд итгэж зориулав

Загас сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад
Арслан заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ
Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр 6 тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.



2007 он
Ш.Лхамноржмаа
Газрын үг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
Өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
Үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй, цувгүй
Юндэн, Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Галавын галавт дагасугай


2008 он

Л.Хасар

Бурхан уйлж байна

Бороо орж байна.
Хэн, хаана, хэзээ ч юм
Бурханыг гомдоосон байна
Хүмүүн төрөлхтөнийг өрөвдөхдөө
Бурхан уйлж байна
Цурхиран уйлж байна
Шударга бусад
Улайрсан нүд нулимсгүй
Шунал тачаалд
Мансуурсан уруул цусгүй
Хатаж гандсан тал шиг
Хүмүүн төрөлхтөн дээр
Бурхан асгартал уйлж байна
Бурханыг бүү босоосой гэж
Хүмүүс
Цээжин дээр нь
Сүм барьсан байна
Бурхан уйлж байна
Бурхан нулимсаарааа хүмүүний
Бузар булайг
Угааж байна.
Бурхан цурхиран уйлж байна
Бороо орж байна.

2010

Ц.Хулан

Би -Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би Цагаан Дарь Эх болноо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!