2010/01/11

Хялбар ажил

- Танай аавын ажил хэр хүнд байна вэ?
- Өө хүнд юм байхгүй! Аав оройдоо л арслангийн аманд толгойгоо хийдэг юм. Тэгээд өглөөнөөс орой хүртэл өөр юу ч хийдэггүй.

Гүйлгэсэн нь

Нэгэн эр өөрийнхөө нөхдөд "Өнгөрсөн жил би аялалаар явж байхдаа 50-аад арабыг гүйлгэсэн юм" гэж ярьжээ. Хүн болгон та тэгвэл энэ тухайгаа бидэнд яриач! гэж гуйхад,
- Өө нэг их сүртэй юм болоогүй! Би гүйгээд л, тэд миний хойноос гүйгээд л байсан гэж хариулжээ.

Түрүүлсэн нь

Нэгэн ноёнтон цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалж явжээ. Тэр шинэ хослол өмссөн тул хүн болгон намайг харж байгаа даа гэж дотроо бодон сэтгэл тэнүүн алхана. Нэлээд алхсан тул хөл нь эцэж, ядарчээ. Тэгтэл ашгүй нэг вандан харагдав. Тэр ванданыг чиглэн бас нэг өвгөн явж байв. Ноёнтон ч хоцрохгүйг хичээн алхахаа түргэтгэлээ. Нөгөөх өвгөн
ноёнтоны хойноос улам хурдлан, бүр хашгирах сонсогдов. Гэвч ноёнтон түрүүлж хүрээд сандал дээр шалавхан суугаад авлаа. Тэгээд би түрүүлэх шив хэмээн бодоод их маадайн инээмсэглэж байжээ. Гэтэл өвгөн гүйсээр ирэв. Тэр ихэд амьсгаадан юм ч хэлж чадахгүй байв. Харин түүний суганд "Нойтон будагтай шүү!" гэсэн анхааруулга хавчуулаастай байлаа.

Тусламж хүссэн нь

Нэгэн ядуу эр маш баян хөгшин хатагтайнд ирж өөрийнхөө амьдрал болон өлсгөлөн хүүхдүүдийнхээ тухай ярьжээ. Тэр хатагтайг лав мөнгө өгнө гэж ядуу эр боджээ.
Яриагаа дуустал хөгшин хатагтай чангаар хашгирч:
- Хүүе! Зарц нар хаана байна. Энэ хүнийг одоохон харь гэж хэлээч! Би өнөөдөр өвчтэй учир сайн юм сонсмоор байгааг та нар харахгүй байна? гэжээ.

Монголчууд хэзээ мөхөх вэ?

Ухааныг бусдын ухаанаар билүүдэх их ашигтай.
М.Монтень


Нэрт эрдэмтэд, зохиолч, сурган хүмүүжүүлэгчдийн сургаал номлол, үзэл санаа, судлал туурвилийн бүтээлүүдтэй танилцаж, сайн номтой нөхөрлөөсэй гэсэн сэтгэлийн үүднээс энэ бүлэг сэдвийг бэлдлээ.

Нийтлэгч: Л.Түдэв

Монголчууд хэзээ мөхөх вэ?
ТАВИН ЖИЛИЙН ДАРАА


Монголчуудыг мөхөж байгаа үндэстэн гэсэн айхтар яриаг XX зууны эхээр өрнөдийн хүмүүс дэлхий дахинаа дэгдээсэн юм. “Тавин жилийн дараа мөхнө” гэж тэд анхны таамаг гаргажээ. Гэвч тавин жилийн хугацаа нь дуусахад 600-гаадхан мянган ам бүлтэй байсан монгол улс хоёр сая дахь иргэнээ эх барьж авсан юм. "Зуун жилийн дараа мөхнө" гэж дараах таамаглал нь гарчээ. Гэвч тэр хугацаа нь дуусах хараахан болоогүй байна. Мөн 300 жилийн нас өгсөн ч "500 жилийн дараа мөхнө" гэж хамгийн өгөөмөр нэгэн таамагласан нь бас бий. Тэр тухай ихэд шуугицгаах боллоо. Тэгэхээр яагаад ийм таамаглал гарах болсныг сөхөж үзвэл их олон юм ойлгогдох бизээ.

ТАВИН ЖИЛИЙН НАСЫГ БИДЭНД ХЭН
ХЭЗЭЭ, ЯАГААД ӨГСӨН БЭ?


Хорьдугаар зууны эхээр өрнөдийн улс гүрнүүдийн хараа дорно зүг рүү эргэж Ази тивийг нойрноос нь сэрээсэн юм. Монгол, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам, Түвдийн зүг өрнөдийн аян эхлэж түүний үйлийн үрээр Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад улсууд хоёр хоёр хуваагдаж өнөө хүртэл салж сарнисан гэр бүлийн хэрүүл тасраагүй чигээрээ шинэ зуунд шилжив бололтой. Харин хоёр Вьетнам нийлжээ. Хятад, Тайваниа авахаар завдаж Хонконгоо нэгтгэхэд нэгэнт тулж ирээд байна. Монголын хувь заяа бол тэдгээрээс төө өмнө гурав хуваагдах тавилантай учирч хальж гарах нь гарч, буруу харах нь харж, өвөрт орох нь орж гадаа үлдэх нь үлдээд хэдийнэ хэвшил болж орхисон байлаа. Гэвч хорьдугаар зууны "олз хуваах" их гүрнүүдийн шинэ мөрөөдөлд өнөөх Монгол мөн л дахин багтжээ. Шууд хуваах шууд бусаар хуваах хоёр аргын аль нь тохирохыг тандаж мэдэхээр Монголын үл ойлгогдох уудам тал говь руу эрдэм номын мөр хөөх сайхан нэрээр өрнөдөөс эрдэмтдийг хойно хойноос нь дараалан илгээж эхлэв. Прежевальский, Потанин, Певцов, Ядринцев, Козлов, Хэдин, Эндрюс гээд л хаант оросын голдуу жуулчид хорьдугаар зууны эхээр монгол руу ёстой л бэлчиж билээ. Тэднээс дуулиан багатай ч гэсэн худалдаа наймааны зорилготой өөр өдий төдий экспедиц монголд бужигнаж байсан. Тэр жилүүдэд монголын тухай олон арван ном хэвлэл гаргаж байж. Тэр бүхнийг эргэн харвал монгол орны баялагт гайхан бишрэхийн хамт хүн ардын нь хувь заяанд харамссан үг өгүүлбэр олонтаа тохиолдоно. Монгол орныг "шуудайтай алт" гэж тэд нэрлэсэн юм. Монголчуудыг "мөхөж буй үндэстэн" гэж тэд бас нэрлэсэн нь олон. Хоёулаа үнэн үг байсан нь хоржоонтой. Яагаад "Шуудайтай алт" гэсэнд тайлбар хэрэггүй. Харин яагаад "мөхөж байгаа үндэстэн" гэсэнд тайлбар хэрэгтэй. Яагаад гадаадын хүмүүс монголчуудыг мөхөж байгаа үндэстэн, тавьхан жилийн дараа үгүй болно гэж хорьдугаар зууны эхээр "муу ёрлосоноо" тэд өөрсдөө ном зохиолдоо тодорхой бичжээ.

Нэгэн зүйл.
"....Бараг л урьдаас санаатайгаар энд тархаасан тэмбүү өвчин ард олонд халдварлажээ. Хятадууд бас энд тахал холерын халдвар тархаахыг оролддог тухай ч яриа бий" гэж оросын тагнуул Пестовский "Орчин цагийн монгол" гэдэг номондоо дурджээ. (1915 онд хэвлэгдсэн мөн номын 11 дүгээр талд) Тэмбүү өвчин хятадын Дэнфү хотоос монголд дэлгэрээд мөнөөхөн хотын нэрээр "алдаршжээ". Тэр нь харцаас хааныг хүртэл олон эрс эмсийг үргүй болгожээ.

Бас нэгэн зүйл.
"... Хятадаас монголд явуулж буй бодлогын эцсийн зорилго нь энэ улс орныг бүрэн
хоосруулж үндсэн хүн амыг нь хорогдуулахад оршино. Тийнхүү монголчууд бөөн хятадууд дотор живж уусах юм" гэж И.И.Попов "Тэнгэр тэтгэсэн гүрнээс дундад иргэн улс хүртэл" (М.1912 он, 224 дүгээр талд) номдоо дурджээ. Монголчуудыг гурван зууны турш колоничлохдоо хятадууд түүхий шавар хэрэмтэй цэргийн хэдэн хориг цайз(Ховд, Улиастай, Амгаланбаатар) модоор зангидаж босгосон хэдэн сүмээс өөр юу ч барьж байгуулаагүй юм. Цагийн гар даахаар нэг ширхэг ч барилга байгууламжийг тэд монгол газар үлдээсэнгүй. "Хятадын засгийн газар Монголд хорвоод хосгүй автономит өгөөд бүхэл бүтэн зуунуудын туршид монголд соёл эдийн засгийн арга хэмжээ зохион байгуулахад нэг ч улаан мөнгө өгөөгүй юм" гэж оросын агрономич И.М.Морозов бүүр 1918 оны үед бичсэн нь аргагүй үнэн үг юм.(Монголд хийсэн Москвагийн худалдааны экспедиц, М.1912, 278 дугаар талд)


Өөр нэгэн зүйл.
"... Хувцас нь элдэв бөөс хуурсаар шигээстэй байхад монгол хүн бараг л тэдгээртэй найз юм шиг ажрахгүй, харин европ хүн тийм гэрт амсхийх ч заяа үздэггүй. Ийм бохир заваанаасаа болж монгол хүн ой гутан зугтаамаар эвгүй өвөрмөц үнэр ханхлуулдаг..." гэж мөнөөхөн Морозов мөнхүү номын 223 дугаар талд бичжээ. Ахуйн хувьд иймдээ хүрсэн монгол хүний хүнс тэжээлийн тухай гэвэл "монголчууд өвчилсөн болон үхсэн малын тэр ч байтугай бүр боом, сахуу, тахал өвчнөөр үхсэн малын махыг ердөө эрүүл малын мах шиг идэхээр барахгүй хот сууринд бусад хүнсний зүйлтэй хамт зарж худалдахыг ч зөвшөөрдөг" гэжээ. (Мөн номын 225 дугаар талд)

Эрүүл мэнд, идэж уух, эрх мэдэл нь иймэрхүү болчихсон улс үндэстэнд мөхөх сүйрэх хугацааг нь бодоод үзэхэд сайндаа л нэгэн жаранд тэсэх төдий хугацаа үлджээ гэж таамаглахаас аргагүй хэрэг байжээ. Yнэхээр л тэр янзаараа өнөөг хүрсэнсэн бол монголчууд үндэстний хувьд үгүй болох нь гарцаагүй байсан бизээ. Гэхдээ гадаадын хүмүүс бас ч сохор таамаглалаар хийсвэр ханддаггүй нь оносон хэрэг. Жишээ мөнөөхөн И.Морозов цааш нь бичихдээ "одоо үед (1912) хятад пүүс юмуу наймаачинд өргүй монгол хүн олоход хэцүү болжээ... Монгол хэзээ нэг цагт өөрийнх нь байсан мал сүргийнхээ зөвхөн адгуулагч, манаач нь төдийхөн болж хоцорчээ... Гэхдээ дарангуйлагчдыг үзэн ядах үзэл сэтгэл зүрхэнд гүнзгий нуугджээ" гэжээ. Яг тэрний ачаар л монголчууд мориндоо мордож аз жаргалын аянд гарч төрөө төвхнүүлж насаа уртасгаж чадсан билээ. "Тавин жилийн дараа мөхнө" гэсэн хар төлгийг монголчууд худал хуурмаг хоосон үг болгон чадаад тэрхүү заасан хугацаа нь болоход 600-хан мянгаас хоёр сая ам бүлтэй өнөржсөн айл болж чадсан юм. Тэгвэл "зуун жилийн дараа мөхнө" гэсэн үг бас худлаа болохнээ? Тэр тухай дараачийн өгүүлэлд үзэж ажааму!

МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ МӨХӨХ ВЭ?
ЗУУН ЖИЛИЙН ДАРАА


Монголчууд тэр тусмаа өнөөгийн БНМАУ(монгол) улсын нутаг дэвсгэр дээр аж төрж буй монголчуудыг ойрын зуун жилд үгүй болно гэж өрнөдийн нэгэн монголч эрдэмтэн айлдсан юм. Тэрээр далдыг харагч юм уу, зөгнөлт зохиолч биш. Харин юм юманд нухацтай ханддаг түүхч эрдэмтэн хүн. Тэгвэл оргүй юм хэлээгүй баймаар даа. Ганцхан 100 жилийн насыг бидэнд хэн юуны учир өгөв?

"Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Ингэж аж төрөхийн нэгэн түүхэн хэлбэр манай үед алга болж байна" гэж английн нэрт монголч эрдэмтэн Р.А.Рупен саяхан бичсэн(тавиад онд). "Монголын үндсэрхэг үзэл" номондоо цохон хэлсэн үг нь түүнээс "монголчууд зуун жилийн дараа үгүй болно" гэсэн дүгнэлт гарах гол үндэслэл нь болсон бололтой. Түүний үгийн гол утга бол нүүдэлчдийн соёл иргэншил нь аажмаар суурин соёл иргэншилд уусах замаар талийж одохыг хэлсэн ажээ. Yүнд үнэний тал бий. Яагаад гэх хүн цөөн биз ээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар ийш тийш сонучлан хараад алхаж яваа гадаадын ямар ч жуулчнаас сэтгэгдлийг нь асуухад "өө ердөө л европын аль нэгэн улсын жижигхэн хотоос ялгах юм алга" гэж хариулдаг, үгүй гэж үг сөрөх арга байхгүй, засаг төрийн ордны нь чанх үүдийг таглаад яг л Кремлийнх шиг хар улаан чулуугаар өнгөлсөн дөрвөлжин бунхан байдаг. Орон сууцны хорооллоор ороход Москвагийн Шинэ Черемушкийн аль нэг сууцанд орж байгаа юм шиг л санагддаг. Айлын хаалганы цоож түлхүүр нь ч ижил байдаг. Ёстой л өнөөх алдартай кинонд Москва дахь сууцныхаа түлхүүрээр Ленинград дахь орон сууцанд андуураад орчихдог тухай гардгийн үлгэр давтагдаж мэдэхээр ...

Улаанбаатарын гудамжаар алхаж яваа залуучуудын зөвхөн навчгар хамар, хар үсээр нь л монгол гэж танихаар ... Тэдний гутал, хүрэм, малгай, өмд, цамц, зангиа ... ер нь юм бүгд нь цөм гадаадынх ... Амнаас гардаг таван үгний нь гурав, дөрөв нь мөн л гадаадынх... Улсын дараамын чиатрын билетийн кааснаас компанийнхаа броокерт боонд авна гээд ярьж явна. Түүний амнаас гарсан 9 үгийн хоёрхон нь монгол үг. Мөдхөн "авна" гэдэг нь хаягдаад ганцхан "улсын" гэдэг үг үлдэнэ. Тэр нь бүү гээгдээсэй дээ гэж залбиртугай. Буриадууд тэр үгийг хаяад "республикийн" гэдэг болчихсон. Өвөрлөгч нар дотор "го" гэж гоншигнох дуртай хум ч цөөнгүй. Халимагууд харин саяхнаас "тангач" гэцгээж ахин хэлд орж байна.

"Хэл, хил, мал гурвынхаа төлөө тэмцье" гэж ойрдоо монголын радио яруу найрагчийн үгээр дуугардаг болжээ. Гэвч эхний хоёр нь дайвар үг төдий үлдээд "малын" төлөө голдуу л бид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсаар байна. Малгүй болчихвол монгол хөөрхийлөлтэй нь үнээн. Өөр амь зуулга байхгүй. Хилгүй болчихвол монголын бие нь үгүй болно. Хэлгүй болчихвол монголын сүнс нь үгүй болно. Yүнийг л тавиад жилийн тэртээд эрдэмтэн Роберт Рупе олж хараад бичжээ. Бичсэнийг нь монголчууд өөрсдөө хүлээж аваагүй. Учир нь тэр үед "өвчний шинж тэмдэг" бүдэгхэн байсан. Өвчин болчихно ч гэж бодоогүй. Харин ч өрнөдийн соёл иргэншлээс суралцахад саад тотгор тавих гэлээ гэж дургүйцсэн. Yүнд буруу юм байгаагүй. Гэхдээ давс ихэдвэл хоол хор болдог ёсон бий. Яагаад Рупен монголыг НYБ-д элсээгүй байх цагт ирээдүйг нь зуун жилийн орон цагаар хэмжих болсныг нь одоо түүний 1958 онд хэвлүүлсэн номноос товчлон сийрүүлье.

"Монголын ирээдүйн асуудал Хятад, Зөвлөлтийн хоорондын харьцааны ерөнхий чиг шугамаас ихээхэн хамаарах юм. Yүнд таван нөхцөл байж болохыг авч үзье" гэж уул хэсгээ эхлээд Рупен цааш бичсэн нь:

Гадаад Монгол улс Хятад руу буцан шилжиж магадгүй болох нь:
а) 1936 онд Эдгар Сноу Мао Цзе-дунаас интервью авахад: “Хятадад ардын хувьсгал
ялах цагт Гадаад монгол өөрөө хүслээрээ хятадын холбооны нэг хэсэг болж орно” гэжээ. 1944 онд Мао Цзе-дун үүнийгээ Гюнтер Штейнд давтан хэлжээ.

б) Коммунист Хятадын газрын зурагт БНМАУ-ын хойд хилийг зааглаагүй харин Зөвлөлт БНМАУ-ын хилийг тод харуулж Хятад, БНМАУ-ын хилийг заагаагүй байна.

в) Хятад, БНМАУ-ын хооронд худалдааны ажил сэргэн жил бүр өсч буй

г) Гадаад монголд цөөн орос суудаг атал хятад иргэд бөөн бөөнөөр нүүж ирсэн байна.

Дотоод ба Гадаад монгол хоёуланд нь Орос ноёрхож магадгүй болох нь:
а) Хуучин оросууд (1925 ба 1945 онд) панмонголизмыг хүлээн хүлцэж байснаас үзэхэд иймэрхүү зүйл тохиож магадгүй.

б) Дотоод монголын хэл бичигт хийсэн өөрчлөлт нь үүнээс өмнө Гадаад монголд зөвлөлтөөс хийсэн кирилл бичиг хэрэглэх өөрчлөлтөнд үндэслэв.

в) Дотоод монгол дахь Цининг хүртэл трансмонголын шинэ төмөр зам нь Оросын мэдэлд юм.

Дотоод монгол хятадын, Гадаад монгол Оросын нөлөөллийн хүрээнд хэвээр байж болох нь:
а) Дотоод ба гадаад монгол ХХ зууны ихэнх үед тусгаар салангад байсан

б) Дотоод монголын автономит мужийг хятадын коммунист намын монголчууд
удирдаж байсан болохоос Гадаад монголын коммунистууд толгойлж байгаагүй

в) Коммунист Хятад улс Гадаад монгол улсыг хүлээн зөвшөөрч Улаанбаатарт элчин сайдаа суулгаж байна

г) Зарим өндөр мэргэжилтэй, туршлагатай орос мэргэжилтнүүд, Хятад Дотоод монголыг, Орос Гадаад монголыг хөгжүүлнэ гэдэг байна

д) Дотоод монголд хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна

е) БНМАУ -ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх

БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн хураамжилж болох тухайд:
а) Хорин жилийн туршид “Бүгд Найрамдах” гэж байгаад Зөвлөлт холбоот Улсад хураамжлагдсан Тагна Тувагийн жишээ монголд мөн тийм хувь заяа тохиолдож магадгүй гэж бодогдуулна

б) Монголын коммунист нам(МАХН) улсаа жолоодож байгаа ба БНМАУ-ын албан
үйлс ЗХУ-тай гайхмаар ижилхэн тохирч байх юм

в) Зөвлөлтийн нөлөө хараан дор 37 жил байж коминтерний удирдлагад захирагдаж
байгаагаас үзэхэд Монголын биеэ даасан байдал тун хэлбэрийн төдий юм

Монголын биеэ даасан байдал ихсэж болох нь:
а) Монгол улс Хятад, Орос хоёрын хооронд яс хаяж хэрэлдүүлэн ашиг олж чадах бололцоотой юм

б) Боловсрол нөхцөлөө дээшлүүлж орчин нөхцөлөө хянаж чадах болсон нь монголчуудад өөрсдөө ажил хэргээ явуулах боломжийг нэмэгдүүлж байна
в) Төвлөрсөн засаг захиргаа ба улс төрийн хяналттай байгаа нь Улаанбаатар дахь засгийн газраас гаргасан шийдвэрээ биелүүлэх бүрэн бололцоотой болгож байна

г) Цөөн тооны Орос тус улсад сууна. Гадаад монголын засгийн газар хятад иргэдийг захирч хянаж байдаг бололтой юм

д) БНМАУ-ын засгийн газар монголчуудаас бүрдсэн ба эдний зарим нь жинхэнэ монгол эх оронч үзэлтэн болох нь гарцаагүй байна

НYБ-д Монгол гишүүнээр элсэхийн сайн талууд:
а) Монголын национализм(үндсэрхэг үзэл) нь занал сүрдүүлэгт орж хавчигдан шахагдаж байсан боловч олон улсаас түүнийг хүлээн зөвшөөрч болох гавьяатай бодит үнэн зүйл юм

б) НYБ-аас монголыг хүлээн зөвшөөрөх нь түүнээс өөрийн өвөрмөц тусгаар биеэ даасан байдлаа хадгалахад нь тусалж үндэсний хэлбэрээ алдан түүгээр ч үл барам түүхийн хогийн саванд хаягдахаас аварч болох талтай

в) Монголчууд нь коммунист бус орон ба ард түмэнтэй, үүнд өрнөдийн оронтой холбоотой байхыг ямар ч эргэлзээгүй хүсэж байна

г) Тэд үйл хэрэг, хөгжлийн асуудлыг хязгаарлагдмал боловч нэлээд хэмжээгээр өөрсдөө барьж байна

д) Монголыг ЗХУ-д хураамжлан нэгтгэх эсэх асуудлыг Орос цэгнэн үзэж байгаа энэ үед БНМАУ-ын НYБ-ын гишүүн болох асуудал орост муугаар нөлөөлж болох юм. Хэрэв НYБ-д орвол ядаж цөөн тооны монгол төмөр хөшигнөөс гаран дэлхийг үзэж түүний амьдралыг мэдэх юм. Хэрэв НYБ-д орвол ядаж цөөн ч гэсэн өрнөдийнхөн албан ёсоор чөлөөтэй явж БНМАУ-ын тухай бүрэн гүйцэд баримт мэдээ олж болох юм.


НYБ-д гишүүнээр элсэхийн саар талууд:

а) БНМАУ НYБ-д орсон ч, ороогүй ч өөрөө биеэ даасан бодлого явуулж чадахгүй, одоогоор болон ойрын ирээдүйд Ерөнхий Ассамблей дээр ЗХУ-тай дуу нийлүүлж байх болно

б) Тус улсын засгийн газарт чөлөөтэйгөөр шилж сонгогдсон хүмүүс биш гагцхүү улс төрдөө дурамжхан бөгөөд хүлцэнгүй ард иргэдийг удирдан суугаа цөөн тооны сонгомол (элит) бүлэг этгээдүүд ордог

в) Yндэсний Хятад (формоза) нь БНМАУ-ыг НYБ-д орохыг яриангүй эсэргүүцнэ

г) АНУ нь Монголыг НYБ-д оруулахыг дэмжвэл бодлоо өөрчилсөн болж коммунистууд үүнийг "бууж өгсөн" гэж тайлбарлах болно гэжээ.


Монголын ойрын ирээдүйг 1958 оны 4,7,10 дугаар саруудад Их Британий Вангийн
нэрэмжит Төв Азийн сэтгүүлд хэвлүүлсэн "Монголын үндсэрхэг үзэл" бүтээлдээ Роберт Рупен ингэж бичсэнийг бага зэрэг товчилсон чөлөөт орчуулгаар дээр иш татлаа. Энэ бүхэн тэр л маягаараа өнөөг хүртэл үргэлжилсэн бол Рупений тооцоо онох ч байсан байж болно. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд 1961 онд НYБ-д элссэн юм. Улмаар 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгон авсан билээ. Гэвч эрдэмтэн Рупений санамжаас нэлээд зүйл түүний хэлснээр буюу түүнээс ч долоон дор байдлаар давтагдсаар байгааг анзаарахгүй юм бол түүний таамаглалын хугацааны бараг тал хувь нь өнгөрчихөөд байгаа ажээ. Yлдсэн хагас зуун жилд монголчууд биеэ шинжиж, төрөө засах тун их ажил үлдээд байгаа юм биш үү! Болгоогтун!

ГУРВАН ЗУУН ЖИЛИЙН ДАРАА

"Монголчууд 50 жилийн дараа мөхмой" гэж энэ зууны эхээр монголоор аялан явсан өрнөдийн жуулчид зөгнөн бичсэн. Тэд ядуу дорой, өвчин эмгэгт баригдсан цөөхөн хэдэн монголчуудыг нүдээр хараад тэгж хэлцгээсэн. Тэр цагтаа яах аргагүй үнэн үг байлаа. Гэвч монголчууд үр үндсийг нь таслах гэж байсан нийгмийн өвчнөөс эрс шийдэмгий салж чадсаны хүчинд тавин жилийн нас өгсөн муу зөнг тасалсан юм.

"Монголчууд зуун жилийн дараа мөхмой" гэж энэ зууны дундуур өрнөдийн эрдэмтэд хэлж байсан. Тэр бол улс төрийн шинжтэй дүгнэлт байсан. Юу гэвэл улс орныхоо тусгаар тогтнол, улс төрийн бие даасан байдлыг хангаж чадахгүй бол хоёр талынхаа аль нэг том хөршид нэгдэн нийлж, живж үгүй болох аюул илэрхий харагдаж байжээ. Тагна Тува ард улс ч юм уу, түвд улсын хувь заяа ч үүнийг давхар нотлон байсан хэрэг. Гэвч монголчууднэгдсэн үндэсний байгууллагад бүүр дөчөөд оны сүүлчээс эхлэн арав гаруй жил элдэв бэрхшээлийг даван туулсаар гишүүнээр элсэн орж чадсан юм. Дэлхийн зуугаад оронтой "алтан аргамжаар" холбогдож чадсан билээ. Тийнхүү улс төрийн баримжаагаар зуун жилийн нас өгсөн тэр зөнг худал болгох болзлыг хангажээ.

"Монголчуудаас 300 жилийн дараа юу ч үлдэхгүй" гэж бас нэг хүн хэлжээ. Энэ тухай дор өгүүлье.

"Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй" гэж Ван Дайк урьдчилан хэлж байна хэмээн 1929 онд Москва, Ленинградад хэвлэгдсэн "Ханьжоугаас Москва хүртэл" номын 134 дүгээр хуудсанд дурайтал биччихсэн байгаа. Гурван зууны тэртээхийг бүр 1927 онд олоод харчихдаг ямар гээч "мэргэн" эр байгаа вэ? Арай Нострадамус биш биз? гэж бодогдож болох юмаа. Нээрээ, тэр ямар гээчийн хүн байгаа вэ.

Леон Ван Дайк гэдэг тэр хүн нь Бельгийн католик шашны хар лам байжээ. Тэр ламыг "язгууртны асар өргөн боловсролтой олон хэлний ном бүхий номын сантай, гэрэл зураг маш сайн авдаг хятад, монголын амьдрал ахуйг харуулсан хэдэн мянган гэрэл зурагтай хүн" гэж уул номонд Америкийн сэтгүүлч авгай Анна Стронг бичжээ. Yнэхээр тэр үедээ язгууртны өргөн боловсрол мэдлэгтэй ба католик шашны хар ламын хувьд шашны дээгүүр зиндааны мэдлэгтэй энэхүү бельги иргэн монголын хувь заяаны талаар оновчтой үг хэлж чадах оюуны чадавхитай гэж цаг үедээ итгэгдэхээр нэгэн байжээ. Тэрээр хятадын Нэнси хотод монголоос нэг их холгүй аж төрж байжээ. "Нээрээ монголчууд ямар нэгэн ач холбогдол, үнэ цэнэтэй гэж үү? Тэднээс ямар нэгэн бүтэлтэй юм гарна гэж үү?" хэмээн Анна Стронг мөн номынхоо 134 дүгээр талд асуулт тавьж бичжээ. Чингэж асуусан асуултандаа зари хариу авснаа ч тэр дурджээ.

"Энэ асуултанд би арай хожимхон хойт зүг аялахдаа өргөө(урга) гэж урьд нь нэрлэгдэж байгаад одоо гадаад монголын нийслэл Улаанбаатар хот гэж ахин загалмайлагдсан хотоос зарим хариуг нь олоо" гэж бичжээ.(мөн номын 134 дүгээр талд) Хориод оны дундуур монголоор дайрч явсан тэрхүү сэтгүүлч эхнэр бол Анна Лүиза Стронг гэгч бөгөөд хятадад залуу зандан насандаа очиж хувьсгалчидтай танилцан дараа нь хэд хэдэн ном бичсэн хүн юм. Сүүлд нь Мао-гийн тухай ч ном бичиж түүний ивээлээр Хятад улсад насны бөгсөнд орогнох болжээ.

"Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй" гэж айлдсан хар лам Ван Дайкийн үгэнд Улаанбаатар хотоос хариу авсан гэж Америкийн сэтгүүлч авгай
бичсэнийг олон жилийн дараах хэрэг явдлын мөн чанартай холбож үзэх юм бол эргэцүүлж бодохоор зүйл басчиг цөөнгүй. Нүүдэлчдийн соёл иргэншлийг мөхөөх гол хүчин зүйл бол суурьшлын соёл иргэншил юм. Yүнийг дэлхий дахины байдал аяндаа ил тодоор ойлгомжтой хэлээд өгч байгаа билээ. Дэлхий бүхэлдээ нүүдэлчид, бядан явагчдын өлгий байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр 10 саяас илүү хүн амтай аймшигт хар “Мегаполис” гэгдсэн том хотууд тив болгонд хэд хэдээрээ буй болж нүүдэлчин гэж нэрлэчихмээр хүмүүс гэвэл ердөө л монгол, цыган(оорцог) хоёр үлдсэн ажээ.

Монголчууд ч гэсэн өнөөдөр жинхэнэ нүүдэлчид мөн үү? Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү нь хот суурин газарт аж төрдөг болжээ.Дээр дурдсан Өргөө хот энэ зууны эхээр гуч гаруйхан мянган хүнтэй тосгон байсан. Гэтэл тавиад жилийн дараа зуун хорин мянгат хот болж улмаар сүүлийн гучхан жилийн дотор хагас саяас 700 мянган хүн амтай нүсэр хот болон хувираад байна. Саяхан хот байтугай шавар тагз байгаагүй Бурхантын хөндийд Дархан хот, Эрдэнэтийн овоонд Эрдэнэт хот, аймаг болгоны төвд хорь гучаас доошгүй мянган хүн төвлөрсөн бэсрэг хотууд бий болжээ. Бас сумдын төв гэж нэг жижиг мөртлөө суурин гацаанууд бий болсныг хамруулан тооцвол 360 гаруй суурин газарт монголын гурван хүн тутмын хоёр нь суурьшсан амьдралын эзэд болон хувирчээ. .... Хот руу тэмүүлэх тасралтгүй "урсгал" нэгэнт буй болжээ. Тэр урсгалын хурд улам бүр нэмэгдэж байна.

1982 онд Улаанбаатарт жилдээ 2000 хүн ирж суурьшиж байсан бол арван жилийн дараа 1992 онд 6848 хүн ирсэн байна. Түүнээс хойших жилүүдэд нийслэл чиглэсэн “хүний урсгал” улам өтгөрч 1994 онд 8080, 1995 онд 11 мянган хүн Улаанбаатарт суухаар ирэгсэд хүн бүлийг нь эрс нэмж хүнс хоол, үйлчилгээ шаардах болов. Дээр нь бас гадаадынхны хөл дарж зөвхөн 1993 он гэхэд л 7819 гадаадын иргэд суух болсны 5078 нь хятадууд байв. Ийнхүү монгол улс хүн амынхаа гучаад хувийг нийслэлдээ бөөгнөрүүлсэн "хачин улс" болон хувирав. Ийм "хачин улс" дэлхийд хоёрхон байгаа бөгөөд Чили 38.3, Уругвай 42.6 түүний дараа гурав дахь нь Монгол болов. Бахархах юм мөн үү гэвэл хараахан тийм бус ажээ. 1995 онд нийслэлд шилжин ирсэн арван нэгэн мянган хүний ард нь дор хаяад л нэг хүнд хорин таван толгойгоор бодоход 275 мянган мал хариулах эзэнгүйдэж нутагтаа үлдсэн малчдад нэмэгдэл ачаа болж байгаа биш үү? Мөн тэр хэмжээгээр(тухайлбал 1996 онд шилжин ирсэн гурван мянга гаруй өрх айл) өвөлжөө, хаваржаа эзгүйрч байж болно. Бүр өргөн хүрээгээр бодож үзвэл нүүдэлчдийн соёл иргэншлийг тээгчдийн эгнээ шингэрч байна гэсэн үг. Хүнгүй соёл иргэншил гэдэг амьгүй болтлоо борцлогдсон соёл иргэншлийн идэвхгүй өв маягаар үлддэг.

Монголчууд малаа орхин худаг ус, өвөлжөө хаваржаагаа огоорон хот суурин руу тэмүүлэх болсон нь ердөө л тавиад оноос хойш буюу саяхан эхэлсэн үзэгдэл. Дөчөөд оноос арван найман аймагтай болж аймгийн төвийн шавыг тавьж байх тэр цагт Ховд, Улиастай, Цэцэрлэг, Алтанбулаг, Баянтүмэнгээс өөр суурьшсан газар бараг байгаагүй. Говь-Алтай аймгийн төвийг одоогийн Алтай хот гээд байгаа тэр газарт байгуулахаар шийдвэрлэсэн тухай хурлын баримт бичигт “Чөдрийн морины өвстэйг бодож” Есөнбулагт байгуулахаар болсон байдаг нь хот байгуулах цагаан толгойг мэдэхгүй зөвхөн хот айлын түр буух бууц товлох хэмжүүртэй хүмүүс байсныг гэрчлэн үлджээ. Энэчлэнгээр улсын нийслэл Улаанбаатар хотыг ч хот байгуулалтын нарийн тооцоогүйгээр дээр дээр нь нэмэн барьж байгуулсаар өнөөдөр хүн амын гуравны нэгийг бөөгнөрүүлсэн нүсэр бөгөөд ундуй сундуй суурин, тэгээд ч идэш хоол, сууц үйлчилгээг нь дийлэхээргүй "хөлд дарагдсан" хөөрхийлөлтэй мөртлөө олон ам бүлтэй, омголон зантай, хэрэг зөрчил, хулгай дээрэм, муу муухай юм үүрлэсэн шоргоолжны үүр шиг орон газар болон хувирав.

Нийслэлд амьдрал хөнгөн биш боловч сонирхол татах юм цөөнгүй байгаагийн гол нь орчин үеийн тохилог орон сууц, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ, эд бараа, хөгжил хөдөлгөөнөөр хөдөөгөөс хавьгүй давуу юм. Тэр бүхэнд татагдсан хөдөөгийн залуус хот руу дэнгийн эрвээхэй шиг тэмүүлнэ. Хүүхдийнхээ аяыг дагадаг өвгөд хөгшид мөн л тэднийгээ бараадна. Тийнхүү өнөөх дэлхийд содон харагдаж гайхуулах гээд байгаа "нүүдэлчний соёл иргэншил" гэгч маань "суурин соёлын" нялуун цээжинд тас тэврүүллээ. Агь таанын үнэр нь сүрчиг бүрчигнийхээр солигдоно. Гол горхины хоржигноон нь машин тэрэгний хархираагаар солигдоно.Айраг цагааны сэнгэнэсэн амт нь архи пивоны нясуугаар солигдоно. Дөрвөн хананд хашигдаж уур уцаар нэмэгдэж алсын бараа харахгүйд нүдний хараа муудна. Уурын халаагуурт дасан хүүршээд жавар даахаа больж, суугаа амьдралын эрхээр судас шөрмөс суларч монгол зүснээс өөр монгол гэмээр юмгүй болно.
"Монголоо алдмар" гэдэг хараал жинхэнэ ёсоороо хүрч морьтон ардынхаа заншил
соёлоос хагацна. Нүүдэлчдийн соёл иргэншлийг аврах хадгалах тухай хичнээн мэргэн цэцэн гоё үгээр яривч суурьшлын соёл иргэншилд өөрийн эрхгүй гулсан орж уусан ууссаар "монголчуудаас юу ч үлдэхгүй" гэж хэлсэн Ван Дайкын ёрлол нь дурдсан хугацаанаасаа өмнө ёсоороо болохыг няцаах баталгаа долоо хоногт 150 хүнээр ам бүл нь төрөлтөөр биш түрэлтээр нэмэгдэж байгаа Улаанбаатар нийслэлд л өнөөдөр лав алга. Монголын асуудал гэдэг бол одоо хотын асуудал болоод байна. Нэгэнт бөөгнөрлийн гол төв болчихсон хотуудыг тараах, үгүй хийх арга байхгүй, тэгэх ч ёсгүй. Төрчихсөн хүүхдийг хэвлийд нь буцаах аргагүйн адил нэгэнт төрчихсөн хот суурингууд хоног хоногоор томорч л таарна. Суурин соёл иргэншлээс зайлж зугатсан ард зон өнөөгийн дэлхийд алга. Суурин соёл бүхнийг залгина. Өнгөрсөн зууны жар далаад оноос Оросын тариачид хот суурингуудад тэмүүлж хөдөө нутаг нь эзгүйрсэн шиг энэ зууны жараад оноос монголын малчид хот сууринд татагдаж малын бэлчээр зэлүүдширч байгаа нь нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэвшил мөдхөн төрөл арилжихын цондон болж байгааг зөвхөн бельгийн хар лам ВанДайк ч биш өрнө зүгийн ажигч гярхай хүмүүс томруулагч дурангүйгээр харж, ажиглаж, хэлж бичиж байгаа нь ойлгомжтой. Илүү давуу талуудаараа суурин осёл иргэншил ноёрхох арга зам ганцхан бий. Тэр нь хоёр соёл иргэншлийг зүй зохистой хослуулсан нөхцөл байдлыг бүрдүүлэх төрийн үзэл баримтлал бий болгож урт удаан хугацаанд цогцолбор хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл хоймсон соёл иргэншлийн(бицивилизация) бодлогыг монгол хүн бүрийн дотор ухаанд бойжуулж буйлуулах хэрэгтэй юм. Тэгсэн цагт бид соёл иргэншлийн хувьд гурван зуу байтугай гучин мянган жилд ч урт настай удаан жаргалтай аж төрж чадна.

1996 он.

ХЭЛ – СЭТГЭХYЙ

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

Манайхан хэл, сэтгэхүй хоёрыг хооронд нь ялгаж, салгаж ойлгоод байх шиг. Ялгаатай юу гэвэл ялгаатай, нэг нь хэл, нөгөөх нь сэтгэхүй,гэхдээ маш гүнзгий холбоотой төдийгүй бараг нэг юмын хоёр тал гэж хэлж болно. Хэлээр дамжиж сэтгэнэ. Хэл бол сэтгэхүйн эрхтэн. Эрдэмтэд олон гадаад хэл эзэмшихийг нэг цоожинд таарах олон түлхүүртэй адилтгадаг. Гадаад хэл, тэр тусмаа англи хэл эдүгээ гойд чухалд тооцогдож байна. Гэхдээ үүнийг туйлшруулж, хэтрүүлж болохгүй. Учир нь та цоожоо нэг л түлхүүрээр нээнэ, өөрөөр хэлбэл нэг л хэл дээр сэтгэнэ гэсэн үг. Хүний тархи хоёр хэл дээр зэрэг сэтгэнэ гэж байхгүй, хэрэв тэгж чадаж байвал тэр хоёрын аль нэг нь заавал оновчтой байна. Яагаад гэвэл тэр хүн аль нэг хэлийг нь илүү эзэмшсэн байдаг. Эндээс эх хэлний тухай яриа өрнөнө. Эх хэл гэдэг нь тухайн хүний хувьд эхэлж сурсан, анхлан сэтгэж эхэлсэн тэр хэл юм. Монголчууд бидний хувьд монгол хэл нь эх хэл болой. Хүн эх хэл дээрээ л голдуу сэтгэдэг, арга ч үгүй биз, эхэлж сурсан хэл гэдэг тухайн тархины хувьд түрүүлж сэтгэж сурсан үүд хаалга юм. Гүн сэтгэдэг хүмүүс эх хэлэндээ л гарамгай сайн байдаг, тэр ч бүү хэл ийм хүмүүс өөр гадаад хэлэнд төдий л сайн байгаагүй жишээ элбэг бий. Бодвол тэд бусад хэлийг сэтгэх хэрэгсэл бус, мэдээлэл олж авах утгаар л ашиглаж байсан биз. Энэ нь ч зөв юм.

Карл Марксын эх хэл нь герман. Тэрээр Лондонд 40-өөд жил амьдарсан. Герман гэхээсээ илүүтэй англи болсон нэгэн, гэтэл сэтгэхдээ, бас бичихдээ эх хэлээ л өмнөө барьдаг байв. Тэр "Капитал" зохиолоо герман хэлээр бичсэн. Ф.Энгельс Марксыг бодвол илүү олон гадаад хэл мэддэг байсан. Гэхдээ Маркст хүрч гүн сэтгэж байгаагүй. Буало Никола "Тод сэтгэсэн хүн тод өгүүлдэг" гэсэн бол Л.Толстой "Тодорхой биш үг бол тодорхой бус бодол сэтгэлийн тод шинж мөн" хэмээжээ.

Хэл үгүй бол сэтгэлгээ үгүй. Сэтгэлгээ үгүй бол хүн биш болно.Хүн эх хэлээ ямар төвшинд эзэмшинэ, яг тийм төвшинд сэтгэнэ. Эндээс эх хэлээ эзэмшихийн тулгуур ач холбогдол тодорно.Соёлгүй, бүдүүлэг харьцаатай хүн байдаг шиг соёлгүй сэтгэдэг, болхи сэтгэлгээтэй хүн таардаг.
Энэтхэгт хэлд ороогүй хоёр хүүхдийг өлөгчин чоно үүрэндээ аваачиж өсгөснийг хожим нь хүмүүс олж Амала, Камала нэр өгч, хэл зааж, хүн болгох гэж оролдоод дийлээгүй гэдэг. Энэ хоёр хүүхэд гаднаасаа хүн дүрстэй боловч мөн чанараараа хүн биш юм. Тэдний эх хэлээ эзэмших цаг нь өнгөрсөн учраас хэл сураагүй бөгөөд ингэхлээр сэтгэх чадвараа алдаж IQ =0 болжээ. Уншигч та Амала, Камала хоёр бидэнд ямар хамаатай юм гэж бодуузай. Тун их хамаатай, яагаад гэвэл тэдний хойт дүр бидний дунд өсөж торниж байна. Эх хэл дээрээ дөнгөн данган эхэлж сэтгэж сурч байтал нь хоёр гурван гадаад хэл хажуунаас нь зэрэг орчихоор тэр хүүхдийн сэтгэлгээ саатчихна. Учир юу вэ гэвэл хүүхдийн тархи нэг төвшинд хэсэг үг тогтоох, нэг үгийг олон хэлээр цээжлэх үйл ажиллагаанд хамаг эрчмээ зарцуулахад хүрнэ. Ийм үед сэтгэлгээ нь гүнзгийрэхгүй, оновчтой сэтгэж сурахгүй, харин ч олон хэлний үгс холилдож манан будан болж, барьц алдана. Барьц алдсан бөх унадаг нь жам байдаг шиг барьц алдсан сэтгэлгээ мөлийж, мохно. Өөрөөр хэлбэл сэтгэлгээ нь хомсдлын өвчинд автана. Ингэж багаасаа хатангиршиж хомсдолд автсан оюун ухааныг дахин сэргээх боломж бараг үгүй.

Гадаад хэл чармайн сурч, улмаар судалж, багагүй амжилтанд хүрсэн хэл судлаач эрдэмтэд манайд цөөн бус. Тэд эцэстээ нэг л овоон дээр очдог байх юм. Овооны нэр нь монгол хэл. Энэ юуных вэ? Хэлэнд ир гэж бий, ир ирэндээ торгон ир. Мохоо мөлгөр, гөлгөр ир хаа ч байх. Энэхүү торгон ир нь оргил сэтгэлгээний тусгал, илрэл болдогт хамаг учир буй. Зохиолчид торгон мэдрэмж, торгон сэтгэмж гэж ярьдаг даа. Сэтгэлгээгээ торгон үгээр илэрхийлнэ гэдэг ухаан. "Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана" гэж Д.Нацагдорж бичсэн. Нүднээ харагдтал бичнэ гэдэг бол авъяас. Д.Нацагдоржийн энэхүү авъяас нь герман, орос хэлээр бус чухамхүү эх монгол хэлээр илэрчээ. Хүн гадаад хэлийг хэдий чинээ сайн сурна, тэр хэмжээгээр эх хэлнийхээ яруу баялгийг мэдэрч, хамгаалж хөгжүүлэхийг эрмэлздэг аж. Энэ бол тэр хүний тархи эрүүл байгаагийн шинж.

Буурай үндэстэнг буурьтай ухаан л аварна!

Түүхээ үзэхүй

Нийтлэлч: Ч.Эрдэнэ

Болсон үнэн, бодит үнэнийг түүх гэнэ. Түүхээ бага мэдэх хийгээд мэдэхээс хойш сууснаар өнгөрсөнд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ирээдүй бүдгэрч, буурь сууриа алдана. Ирээдүй маань өнгөрсний дагавар үргэлжлэл. Өөр нэгэн мөрөөдлийн гайхамшигт үзэгдэл бус. Yндэсний баялаг түүх буйн маргашгүй нотолгоо нь та бид өөрсдөө. Бид өнөөдөр оршин буй л болохоор өвөг буурал удам угсаатай нь зайлбаргүй бөгөөд тэд та бидний нэгэн адил, магадгүй илүү ихийг үйлдэн ухаарч явжээ. Хэрэв тэгээгүйсэн бол удам угсаа маань нэгэн цагт хорвоогийн адармаан дунд үгүйрэн тасарч өнөө биднийг ертөнцийн тоосноос ч олохгүй байхсан.

"Миний дотор хүн" маань түүхэн орчны нөлөө тусгалаар сүүлийн 300 жил бүрэлдэн бэхжсэн бурангуй гэхэд багадмаар үзэгдэл. Улс төр, соёл иргэншлийн олон арван үеийн дарамт шахалт монгол түмэнд хүнд туссан юм. Манай түүх, соёлыг үгүйсгэн эс тоох, устгах, нялзаан саармагжуулах оролдлого, хандлага өнөө ч үргэлжилсээр. Энэ ч талаар болсонгүй. Манай дотор хүний үндсэн бүрдэл бичил хэсгүүд сарниж, сүнс нь төөрөлдөв. Хаанахын хэнбугайн ч нүдэнд үл харагдах, гарт эс баригдах сүнс нь гагцхүү үндэсний үзэл. Хэзээ ч ийм байсан, цаашид ч улам хүчтэй байх болно. Улам хүчтэй байх болно гэдгийн учир нь үндэстэн ястны тус тусын онцгой ондоошил үгүйгээр дэлхийн нийгэм, соёл оршин тогтнох, тэр тусмаа хөгжих өөр язгуур хүчин зүйл байхгүй юм.

Нийгмийн үзэгдэлд хамгийн нийтлэг бөгөөд арилшгүй нь үндэсний үзэл хэдий ч, хэрэв эвгүй сонсогдох бол үндэсний бахархал гэе. Өнөөгөөрөө бахархдаг хүн ба үндэстэн нэгээхэн бээр ч байхгүй. Өнөөдөө сэтгэл дундуур явдаг нь гэм биш зан. Хэрэв бахархдаг бол сэтгэхүйн согогоос цаашгүй юм. Yндэсний бахархлын цөмийг нэгэнт байгуулчихсан түүх, уламжилж ирсэн соёл бүрдүүлдэг учиртай. Эдгээр нь хэн нэгний айж бэргээд буй үндэсний үзлийг гэхээсээ илүү зүгээр хувь хүний дотор хүнийг сүнс сүлджүүлж байдгаараа үлэмжийн хур чийг ба шим тэжээл юм. Хүний соёл иргэншилд хэн ямар хувь нэмэр урьд хожид оруулснаар түүх, соёлын бодит хэмжүүр гарч ирнэ. Монгол хүн хийгээд монгол түмэнд жингийн туухай хаашаа дарах бол гэж эмээх хэрэг огтоос байхгүй. Их бага бусад үндэстнээс илүүгүй гэхэд дутуу яавч дарахгүй.

Түүхийг мөрөөдөгчид бүтээдэг

Нийтлэгч: Ким Y Жин

Сургуулийн он жилүүдээ би тарчиг ядуухан үдсэн. Би ганцаараа ядуу байсангүй. Бараг л хүн бүхэн ядуу байсан юм. Манайхан Сөүлийн Чангчунг-донг дүүрэгт суудаг болохоор би арав гаруй километр зайтай сургуульдаа хүрэхийн тулд хоёр цаг гаруй явган явдаг байж билээ. Би Ёонсейгийн Их сургуульд суралцаж байсан юм. Халаасандаа сохор улаан зоос ч үгүй хэрнээ сэтгэлдээ дэврүүн сайхан мөрөөдөл тээж явдагсан. Yдэш орой болсон хойно номын сангийн үүдийг зөөлхөн хааж гарах яг тэр мөчид минь аль эсвэл гэрийн зүг тэнгэр ширтэн алхах холын аянд минь балчирхан цээжинд минь төрдөг байсан дурсамжит сайхан сэтгэгдлээ би одоо ч гэсэн мартаагүй. Хамаг дэлхий бүхлээрээ минийх л болохоор хоёр гардаж би түүнийг дээш өргөнө. Боломжгүй юм гэж надад байсангүй. Залуу нас минь цог золбоо зүрх сэтгэлийг минь дэврүүн мөрөөдлөөр бялхааж байлаа.

Залуу насны эрхэм нандин бүхний дотроос мөрөөдөл гэдэг хамгийн чухаг эрдэнэ билээ. Сэтгэлдээ сайхан мөрөөдөл тээн явагч хүн, хоосон ядуу амьдрал гэж юу байдгийг эс мэднэ. Чухамдаа хүн гэдэг мөрөөдөл шигээ баян тансаг байдаг юм. Өөрийн гэх юмгүй ч, хэрэв танд мөрөөдөл бий бол залуу нас гэдэг жинхэнэ амьдрал. Сэтгэлдээ мөрөөдөл тээн явагч тэр л хүмүүс түүхийг бүтээдэг. Мөрөөдөл гэдэг хорвоо дэлхийг хувирган өөрчлөх хүч юм. Өнөөгийн хорвоо дэлхийн нүүр царайг хувирган өөрчилж байгаа хүмүүс балчир залуу насандаа агуу их мөрөөдлөөр жигүүрлэн явсан гэж мөрий тавихад ч би бэлхэн. Мөрөөдөл хүнийг төлөвшүүлдэг. Мөрөөдөл нь эзнээ ч, ажил үйлсийг нь ч, бүр хувь заяаг нь ч хянадаг. Мөрөөдөл гэдэг хөвөн явагч хөлөг онгоцны залуур лугаа адил юм. Залуур нь нүдэнд тусахааргүй жижигхэн байсан ч хөлөг онгоцны хөдөлгөөн бүхнийг хянана. Тэгэхээр мөрөөдөлгүй амьдрал гэдэг залуургүй онгоцноос юуны ялгал билээ. Ганхан хөвөх залуургүй онгоц адил мөрөөдөлгүй хүн зүг чигээ алдаж замаг шороонд тээгэлтэлээ хаашаа ч юм урсан хөвөх тавилантай.

Мөрөөдөлгүй залуу нас гэвэл залуу нас биш юм. Идэр залуу насанд мөрөөдөл гэдэг
эрхэм чухаг. Чухамдаа залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл билээ. Тэгээд ч түүхийг мөрөөдөгчид бүтээдэг.

Сэтгэлээр унагаах зэвсэг бүү үзэгд

Нийтлэгч: Л.Түдэв

Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үеэс хойш халуун зэвсэг хуримтлуулсаар байгаад хорин нэгдүгээр зууны босгон дээр тулж ирэхдээ зэр зэвсгэндээ тээглэж унахаар болоод байна. Мод шийдэм, хутга шөвөг, сүх жад, нум сум, сэлэм буу мэт аль дивангарын цагт хоцрогдож оронд нь цөмийн, устөрөгчийн, нейтроны бөмбөгнүүд тэрчлэн хорт утаа, биологийн хөнөөлт бодис, үр үндэс таслах аюулт жатга гараад зогсоогүй сүүлийн үед сэтгэлээр алах(психотроника) зэвсэг буй болж түүнийг шамдан боловсруулаад зогсохгүй үе үе туршсаар байна. Шамбалын дайнд түүнийг хэрэглэх домог буй.

Одоо үед хамгийн хөнөөлтэй аймшигтай зэвсэг гэвэл халуун цөмийн бөмбөг мөн боловч тэрнээс хэдэн хувь илүү хорлонтой мөртлөө нүдэнд үл үзэгдэх егүүтгэлийн хэрэгсэл нэгэнт бий болжээ. Хөрөнгөжсөн томоохон гүрнүүдэд ийм зэвсэг хийж, туршиж, боловсронгуй болгосоор байгаа нь одоо нэгэнт нуух аргагүй болчихжээ.

Бүүр тавь шахам жилийн тэртээ Америкийн "Майами Ньюс" сонинд "Тархи угаах арга" гэсэн нэртэй өгүүлэл гарсан нь үнэн хэрэгтээ "хөх шувуу" хэмээх маш нууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн нууц цухалзсан хэрэг байжээ. Тэрнээс хоёр жилийн дараагаар мөнөөхөн чиглэлийг "психотроника" (сэтгэл дэнсэлгээ) гэсэн албан ёсны нэр томъёотой болжээ. Аливаа нээлт хоёр "а"(алах, аврах) ухагдахуунтай байдгийн адилаар сэтгэл дэнсэлгээ(психотроника) судлал нь хүнийг сэтгэлээр засах эсвэл сэтгэлээр алах хоёр талтай байлаа. Халуун цөмийн урвалыг нээсэн аугаа их ололт ямархуу богино хугацаанд хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэг болон хувираад зогсоогүй юунд ч хэнд ч хор хүргэлгүй дорно зүгт амгалан оршиж байсан нэрд гараагүй хоёр хот дээр тэсэрч хичнээн олон хүний аминд хүрч ямар их сүйтгэл учруулсан тухайг өнөөдөр дэлхийд мэдэхгүй хүн бараг байхгүй. Бараг хагас зуун жилийн туршилт судалгааны байнгын идэвхтэй эргүүлэг дунд төгөлдөржсөөр ирсэн "психотроника" судалгаа одоо үед шууд зэвсэг хэлбэрт шилжин хувирахад төлөөгүй болжээ. Өөрөөр хэлбэл "сэтгэлээр алах" зэвсэг нэгэнт бий болжээ гэсэн үг. Тийм зэвсэг шинэ юм шиг санагдавч үнэндээ хуучны хуучин зэвсэг ахин өндөр дээд түвшинд давтагдан гарч ирж байгаа гэж болно. Хүй нэгдлээс ч өмнө хүн тийм зэвсэгтэй байжээ. Түүнийг "хараал" гэдэг байсан ажээ. "Хараал" бол хүн хүндээ муу санаж сэтгэлээр түүнийг үхүүлэх оролдлого хийдэг балар эртний хүмүүсийн анхдагч зэвсэг юм. Эхлээд биеэ хамгаалах хэрэглүүр байсан нь маргаангүй. Дараа нь бусдын эсрэг чиглэсэн ажээ. Өнөөгийн "психотроника" (сэтгэл дэнсэлгээ) бол эцсийн дүнд балар эртний хараалын одоо цагийн боловсронгуй хэлбэр мөн.

Дэлхийн анхдугаар дайны дараахан Берлин, Мюнхен хотуудад "ногоон хүмүүс" гэж нэрлэгдсэн хачин хэсэг бүлэг хүн маш битүүлэг, нууц байдалтай амьдрах болсон юм гэдэг. Тэд нарыг анхандаа монгол хүмүүс гэж андуурч байсан боловч үнэндээ Энэтхэг, Түвд гаралтай зөнч тарнич, гүртэн, зодоч, хараалч нар байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед “Аненербе” гэдэг нууцлагдсан хэлтэст ажиллаж Гиммлерт шууд захирагддаг нууцаа Гитлерт л хэлдэг тусгай алба байжээ. Ялангуяа "Агарти" дамжааны түвд лам нарын зөвлөмжийг Гитлер онцгой анхаардаг байсан гэдэг. Тэд хүнийг сэтгэлээр болон бусад аргаар егүүтгэхэд чиглэсэн "зай" боловсруулахад хүчин зүтгэж явжээ. Хэдийгээр тэдэнд их найдлага тавьж тэд ч "ид шидийг" үзүүлэхээр завдаж байсан ч дэлхийн хоёрдугаар дайн санаснаар нь болоогүй ажээ. "Шамбалын дайны" зөгнөл буруу даваагаар орж сүйрэх үед дайны сүүл рүү тэрхүү мянга орчим "ногоон хүмүүс" өөрсдөө амиа хорлож эцэс болжээ. Өнөөг хүртэл нууцлагдсаар буй тэрхүү бүлэг хүмүүсийн явдал нь бусдыг хөнөөх "зай" бүтээх болон сэтгэлээр үхүүлэх зэвсэг буй болгоход чиглэж байсан нь харин нууц биш болжээ.

Сэтгэл гансруулах арга ширэг бол маш эртний үзэгдэл боловч өнөө үед ахин сэргэж
XXI зуунд хүчээ авч маш их хөнөөл тарьж мэдэх нэгэн аюул мөн. Аль дээр цагт мартагдсанаар барахгүй хөсөр хаягдсан хуучин тэрхүү шийдмийг зах зээлийн харилцааны давалгаанд хөл алдаж сандрахдаа зарим монгол хүн шүүрэн авч ашиг хонжоо хайж байгаа сураг бас гарах боллоо. Нэгэн тийм хүн өөрийгөө "хараалч" хэмээн мэдээлснээс болж долоон буудалд суудаг тэдний хашаанд хэдэн зуун хүн багширч сүүл сүүлдээ тэрээр үл мэдэгдэх зүгт зугтан зайлахаас аргагүй болсон тухай "Улаанбаатар" сонин мэдээлсэн байлаа. Бусдад муу санаж, сэтгэлээр үхүүлэхийг санаархдаг хүн тийм олноороо бидний дунд байна гэдэгт нэг л итгэмээргүй боловч бодит баримт хөдлөшгүй гэрчлэх ажээ. Сайтар мартагдсан хуучин зэвсгийг сэлбэн засаж боловсронгуй болгон хүн нь хүнийхээ эсрэг хандуулахыг санаархдаг тэр хачин үзэгдэл “хүмүүнлэг ардчилсан” нийгэм байгуулж буй гэгдэх улс орнууд, түүний дотор Монголд сүүтгэнэн харагдах болсон нь гайхмаараар зогсохгүй сэрдхийн цочирдмоор юмны нэгэн яах аргагүй мөн ажгуу.

"Психотроника" (сэтгэл дэнсэлгээ) судалгааг хийж буй улс орнууд сэтгэл заслын талыг нь голчлон барьж хөгжүүлбэл хүн төрөлхтөнд буянтай үйлс бүтээх бөгөөд сэтгэлээр алах тал руу халтирвал нүгэлт хэргийн эзэн болох нь зайлшгүй юм. Том гүрнүүдэд сэтгэл үелзүүлэх давтамж бүхий үүсгүүр, биолокацын төхөөрөмж зэргийг аль хэдийнээ зохион бүтээгээд хэрэглээнд оруулчихсан ажээ. Түүний тусламжаар хүний ухамсарт түлхүүр бүхий дохио өгч түүнийгээ программчилж улмаар тодорхой хэмнэлээр ажиллуулдаг бөгөөд тэр дохио нь ямар нэгэн дуу авиа ч юмуу эсвэл дуу юмуу харилцуур утасны хонхны чимээ байж болно. Шөнийн 12-оос нэг цагийн хооронд шүлэг нойрын эхэнд утасддаг нь нэлээн түгээмэл болсон бөгөөд тийм үед хүн нөгөөх хөтөлбөрчилсөн дохиогоор өөрийн мэдэлгүй шууд ажиллаж эхлэх онцлогтой байх ажээ. Yүнийг ашиглан сэтгэл гансруулах хүчирхэг төхөөрөмжийн тусламжтайгаар хувь хүнд нөлөөлөх тэр ч байтугай барууны хэвлэл
мэдээллийг эзэгнээд байсан Роберт Максвелийг иймэрхүү аргаар "программчилсан үхэлд" хүргэсэн гэх мэт мэдээлэл хэвлэлд гарсан нь нэгийг бодогдуулахгүй байж яахан чадна? Тэр мэтээр Эдвард Кеннедийн сэтгэлийг тэргээ барьж явах үед нь гансруулж замын огцом эргэлтэн дээр эргэхгүйгээр шууд хурдаа нэмж гүн хавцал руу нисэж үхэхээр “программчилах” төсөл хүртэл гарч байсан тухай цагтаа барууны хэвлэлд нийтлэгдсэн юм.
Ганц нэг хувь хүнээр зогсохгүй бүхэл бүтэн хот тосгон, олон мянган хүнд нөлөөлсөн сэтгэлийг нь гансруулах маш хүчтэй үүсгүүр ч бүтээсэн гэдэг. Персийн буланд дайн болох үед Иракийн эрэг хавийн усанд АНУ-ын "Белкнап" гэдэг нэртэй Крейсер онгоц ойртон ирж Садам Хусейн болон түүний тойрон хүрээлэгчдэд сэтгэл зүйн нөлөө үзүүлэх ажиллагаа зохион байгуулснаас болж Хусейны торгон цэргийн дотор сандран мэгдэх, айж балмагдах байдал үүсээд зогсоогүй Садамын үеэл дүү нь ховсдуулж гансрахдаа минижүүлсэн талбайныхаа схемийг Америкчуудад өгчихсөн юм гэж Оросын хэвлэлд хожим нь мэдээлсэн билээ. Бас тэрхүү "Белкнап" хэмээх Крейсер онгоц 1991 онд Москвад болсон наймдугаар сарын үйл явдлын үеэр Хар далайн Варна орчим хүрэлцэн ирсэн байсан ч гэх шиг ...

... "Лептонын зэвсэг манайд бий" гэж Оросын Думын депутат болж байх үедээ Жириновский нэгэнтээ ам алдсан удаа бий... Тэр нь алсын зайнаас бичил лептонын урсгалыг тодорхой хөтөлбөрөөр чиглүүлэн биологийн обьект руу илгээн нөлөөлөх нууц зэвсгийг хэлж байсан бөгөөд тийм аргаар аливаа хүн, амьтанд холын зайнаас удирдамж өгч оюун ухааныг нь залуурдах боломжтой ажээ. Краснодарын(Оросын) хязгаартай тэнцэх тийм том хэмжээний газар нутаг дээр оршин сууж буй хүн амд сансрын тойрог зам дээрх дагуулаас нөлөөлөн зан төрхийг нь өөрчилж чадах төхөөрөмжийг бүр 1989 онд бүтээж болох тухай 1986 онд нууц тогтоол гарч байсныг Оросын "АИФ" (Аргументы и факты 1994, ¹ 48) сонин мэдээлсэн нь үндэсгүй зүйл биш бизээ. Гэхдээ тэр захиалгыг хэрэгжүүлэлгүй орхисон юм гэж мөн сонин тэмдэглэсэн байлаа. Харин хэрэгжүүлж туршсан нэгэн төрлийн ийм зэвсэг бүр түүнээс нэлээн өмнө туршиж үзсэн тухай мэдээлэл байдаг. Юу гэвэл "радио-сон" (радио-нойр) нэртэй туршилтаар хоёр зуу гаруй километрийн хол зайнаас хороо цэргийг гүн нойроор нэгэн зэрэг унтуулж чадсан ажээ.

Сэтгэл гансруулах сэтгэлээр үхүүлэх зэвсэг гээч юм байгаа нь илэрхий болсон төдийгүй хаа нэгтээ хэрэглэгдсээр буйг мэдээллийн хэлээр нэг бус удаа ярьж, бичсээр ажээ. Гагцхүү юм боддоггүй хүмүүсийн нүд, чихний хажуугаар өнгөрч мэдэх ийм үзэгдлийг бага буурай улс үндэстэн ихээхэн сонор сэрэмжтэй ажиглаад зогсохгүй болгоомжлох учиртай баймаар ... Яагаад гэвэл ийм зэвсгийг цэнхэр дэлгэц гэж бидний өхөөрдөн нэрлээд байгаа дөрвөлжин хайрцгаар дамжуулан хэрэглээд эхэлчихсэн нь нууц биш. Зурагтаар дамжуулан ховсдох эмч Кашпировскийгээс эхлээд өдий төдий болжээ. Тэгж телевизээр алсаас ховсдон эмчлэхдээ дуугаргадаг хөгжмийн аялгуу нь хүмүүст заавал сонсогддог юмны нэг. Гэхдээ ховсчийн хөдөлгөөнд нь голдуу хууртагддаг ажээ. Харин хөг аялгууг төдийлөн анзаардаг болов уу гэж эргэлзэх учиртай. Ховсчийн хамгийн гол юм нь өөрийн хөдөлгөөнийг дагалдуулан дуугаргаж буй хөгжмийн аялгуу нь юм. Тэр аялгууг хүмүүс ухамсаргүй буюу аяндаа санаандгүй байдлаар сонсдог боловч яг л тэрхүү авианы ховсдол нь хүний тархи мэдрэлд онцгой нөлөөтэй гол юмны нь нэг байдаг ажээ. Хоёр удаа давтагдах огцом эгшиглэн араас нь нэг удаагийн удаавтар үргэлжилсэн аялгуунаас бүрддэг тэрхүү хөгжим нь үнэн хэрэгтээ хүний сэтгэл санааг ховсдоход "хөгжмийн лантуу" болдог байна. Тэрхүү аялгуут лантууны цохилтыг телевиз 25-30 мянга дахин хүч нэмэгдүүлэх боломжтой байдаг. Тийнхүү орчин үеийн ховсчийн аялгуут лантуу нь эрт цагийн бөөгийн хэнгэрэгний дууг орлодог гэсэн үг юм. Сайн бөөгийн хэнгэрэгийн цохилт нь сонсож буй хүний уураг тархины цочроотой хэм хэмнэлээрээ таарах юм уу ойролцоо очдог учир ихээхэн оновчтой болдог байжээ. Хүний оюун ухаан, мэдрэхүй бишрэхүйн болон бодол бясалгахуйн хариуцлага хүлээсэн зүүн тархины ажиллагааг номхруулж, сэтгэл хөдлөх хөөрөхийн голомт болох баруун тархийг идэвхжүүлэхэд бие махбодийн илүүдэл хангамж нэмэгдэж серотин хэмээх бодис хуримтлагдаж тэр нь зарим нэгэн өвчнийг түргэн илааруулахад нөлөөлдөг байна. Тухайлбал шарх сорви, үү зэрэг архаг нь ховсдуулснаас хойш 5-6 цагийн дараагаар аних, арилах тохиолдол цөөнгүй гардаг. Ер нь сайн ховсдуулсны дараа өвчин илааршихад нөлөөлөх био эрчим хүчийг уул хүний бие махбодь нь заримдаа 5-7 жил хүртэл хадгалж чаддаг байна. Тэр хугацаа өнгөрмөгц өвчин ахин сэргэж гаардаг нь ажиглалтаас тодорхой болжээ. Эртний хүмүүс ховсдохын арга ухааныг одооныхоос илүү чадварлаг, нарийн эзэмшсэн байжээ. Тэгэхдээ "мэргэжлийнхээ нууцыг" маш чандлан нуудаг байсны учир гэвэл хүний уураг тархины хүчтэй болон сул талыг хүн болгон мэдэхэд хүрвэл хүн хүндээ гай болно гэдгээс ихээхэн болгоомжилсоор иржээ. Өнөө үед тэрхүү болгоомжлол буюу "хорио цээр" ихээхэн задгайрч байгаа нь цөвийн цагийн нэгэн ёозгүй шинж гэж зөвхөн шашны зүтгэлтэнүүдээр барахгүй эрдэмтэн мэргэд ч санал нэгтэй буруушааж байгаа билээ. Тэр бүхнийг харгалзахгүйгээр "сэтгэлээр гансруулах"(психотроника) бусармаг үйл ажиллагаа ялангуяа өрнөдөд ихээхэн газар авсаар одоо бүр хүнийг үй олноор сэтгэлээр унагаах, егүүтгэх зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд хүрээд байна.

Психотроникийн сэдвээр олон улсын судлаачдын холбоо байгуулагдан 1970 онд анхны уулзалтаа хийснээс хойш бараг гучин жил өнгөрөх хугацаанд хүний сэтгэл санааг өөрийнх нь сайн сайхны төлөө уужуу тавиун, баяр баясгалантай, сайны ерөөлтэй байлгахын чухлыг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан боловсруулахад ихээхэн ахиц гарлаа. Гэхдээ "чоно борооноор" хэмээхийн адилаар сайн үйлсийг дагалдан саар хэргийн сүүдэр бараантан сунасаар байна.

Зомбийчлох оролдлого өрнөдийн нийгмийн нэгэн ноцтой үзэгдэл болж байна. "Зомби" гэдэг кино гарсны дараа ийм нэр томъёо дэлгэрсэн бөгөөд хүнийг эрхшээлдээ оруулан үг дуугүй дагсан баясагчаа болгон хувиргахын тулд сэтгэл зүйн онцлогт нь тулгуурлан ховсдох аргаар дуулгавартай гүйцэтгэгчийн шинж бүрдүүлэх ийм мэх шинэ мэт боловч огт шинэ биш. Эртний монголчуудын "ширлэх" аргын орчин үеийн хувилбар юм. Ширлэх аргаар мангуучуудыг бий болгодог тэр эртний нэгэн явдлыг "манкурт" гэж Айтматов анх уран зохиолд сэргээн оруулж ирсэн билээ. Манкурт боолын хэрэгцээ өнөө үед байхгүй мэт боловч хүнийг үй олноор нь "манкуртчлах", "зомбийчлох" зэвсэг бүтээхийг мөрөөдөгчид түүнийг их үнэ хаян захиалагчид байхаар барахгүй их л олширчээ. Хүний уураг тархи арван герц орчим давтамжтай үелзэх эрчим хүч гаргадаг нь нэгэнт мэдэгдсэн зүйл болохоор түүнийг бага зэрэг нэмэгдүүлэхэд л уур уцаар нь хөдлөж сэтгэл нь тавгүй болно. Давтамжийг гучин герцээс илүү гаргаваас хүмүүс муурч унах, сэтгэлийн хийтэй болохоос эхлээд маш эвгүй байдалд орох ажээ. Сэтгэл гансруулах (психотроника) зэвсгийн хор хөнөөл нь хүнийг юуны урьд ёс суртахууны уналтад оруулж, ерийн сэтгэлгээний нь хэм хэмжээг хямруулж, бодох сэтгэх ялангуяа зөгнөн бодох, зөв шийдвэр гаргах чадварыг нь алдагдуулдгаараа мөн хүний ой ухаанаас мэдээллийн хадгаламжийг нь арчиж чадах аюулаараа ёстой "цусгүй алсантай" адил үзэшгүй муухай зүйл юм. Хүмүүсийн зан авир сүүлийн үед эвдэрч хямарсны улмаас гэмт хэрэг хэв журмын зөрчил нэмэгдэж байгаа нь зөвхөн дан ганц эдийн засаг, улс төрийн учир шалтгаантай байна уу эсвэл экологийн(экологийн цоорхой, хүлэмжийн балаг) барцадтай байна уу үгүй бол бүүр өөр ад зэтгэр, гай түйтгэрийн нөлөө байна уу гэдгийг эргэцүүлэн бодоход илүүдэхгүй буйзаа ...

Ямар ч байсан "сэтгэлээр унахгүй" явахсан. Өвдөг сөхөрвөл босч болно. Ухаан сөхөрвөл босч чадахгүй гэдгийг л бат санацгаая.

1997 он.

Нэр

Нийтлэгч: Л.Түдэв

Нэр гэж нэг их юмтай бид. Нэргүй гэж дуудсан ч нэр маань тэр билээ. "Нэр хугарахаар яс хугар" гэдэг шившлэгтэй билээ бид. Нэрний минь өмнө эцгийн маань нэр байдаг. Нэг настай нялх үстэйгээс минь эхлээд нэр гэдэг тэр их юм биднийг насан туршид дагалдана. Нэгэн нас маань тийнхүү дуусч эх орныхоо хэвлийд эргэж далд ороход нэр маань толгойн тушаа босгох чулуун дээр үлдэж шарилыг маань үүрд манаж сахисаар хоцордог. Нэг ч хүн мэдэхгүй танихгүй болтол он цаг улирсан хойно ч нэр мину биднийг төлөөлөн дуудагдаж, нэр мину түүх шаштир, данс бүртгэлд үлдэж оноос он, зуунаас зуунд гэрчийн этгээд итгэмжлэгдсэн томъёо маань болдог. Сайнаар алдаршлаа гээд нэр маань алтдаггүй, саар хэрэг тарилаа гээд нэрийг маань өөрчилдөггүй. Нохойхүү нэртэй байлаа ч хаан болж болно. Бааст нэртэй байлаа ч баатар болж болно. Алтангэрэл нэртэй байлаа ч алуурчин нэрээ сольдоггүй. Хүн биш нэртэй байлаа ч гэсэн хувилгааны нэрийг сольдоггүй. Эцэг нь сайд явлаа ч хүү нь хулгайч болбол сайн эцгийн нэр юм даа хэмээн өөрчилдөггүй тэрний тэр гээд л ялын төлөвлөгөөг уншина. Зандалчны хүү гавъяатан болоход муу эцгийн нь нэрийг сольдоггүй. Нэр гэж нэг их юмтай бид. Нэр тэгэхээр хусавч арилашгүй, үхэвч үгүйрэшгүй тэмдэгт минь билээ. Нэрээ дээдлэх монгол ёс, монгол хууль нэн эрхэм билээ. Тэр хуульд заасан нь:

- Нэр хугарахаар яс хугар!
- Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа!
- Хүн нэрээ, тогос өдөө!
- Нэрээ бодож яв! Бяраа мэдэж өргө!
- Нэрийг залуугаасаа, ажлыг багаасаа!
- Нэр нэгтийн чих нь нэг Нүгэл ихтийн там нь нэг!
- Нэрийн төлөө нэхэж Yрийн төлөө үхнэ!
- Нэрийн хор, нүүрийн хир!
- Нэрлэхээд нэрээ идэхгүй!
- Нэрээ эвдэхээр гараа эвд!
- Нэр нь над дээр, нэдэр нь чам дээр!
- Нэр байна, хор байна!

гэхчилэн монгол ардын мэргэн үгээр нэр төрөө хамгаалах аман хуулийг ард түмэн тогтоож үе улируулан сахиж мөрдөн иржээ. Тэр хуулиас дөнгөж 12 заалтыг дээр иш татлаа. Заалт бүр нь гүнзгий утга учиртай, ёс жаягтай юм. "Нэрэндээ зохицсон сайн хүү" гэж ярьдаг. Тэр нь Баатар нэртэн баатар байхыг хэлнэ. "Нэрээ гутаасан өөдгүй хүн" гэж ярьдаг. Тэр нь Зоригт нэртэн хульчгар байхыг хэлнэ. Нэр, үйлс хоёр зөрөөтэй байх нь тэрхүү нэрийг зүүгчээс голчлон шалтгаалах боловч бас өөр хүчин зүйл нөлөөлдөгийг шинжлэх ухаан ч, зурхайн ухаан ч нарийвчлан шинждэг билээ.

Эрт балрын цагт хүн гэдэг бие биенээсээ юугаараа ч ялгахуйяа бэрх, хоёр хөлтэй, хохимой толгойтой, босоо явдаг тэр нэгэн бээр нэгийгээ нөгөөгөөс ялгахын тулд амьдралын шаардлагаар ямар нэгэн нэртэй болцгоожээ. Тэр цагт хүний нэр үнэндээ одоогийнхоор бол хоч маягтай байсан гэхэд үнэмшилтэй. Бие биенийхээ аль нэгэн арай содон тэмдгээр нь хочилж нэрлэх болсон ч байж мэднэ. Хожим нь хоч биш жинхэнэ нэрийг бодож олжээ. Гэхдээ тэр нь бишрэл, сүжиглэлийн шинжтэй басхүү онгон шүтээний холбогдолтойгоор үүсэн улам улмаар төгөлдөржсөөр овог, аймаг, дараа нь үндэстэн, улс орон, соёл иргэншлийн хэмжээнд хүртэл байнга өөрчлөгдөн хувирсаар хүн хүндээ нэр өгөх ёс зүй, зан үйлийн болон гүн ухаан, соёлын бие даасан жаяг журам болон хувирчээ.

Хүний нэрийн хамгийн боловсронгуй болсон хувилбар нь гурван бүрэлдэхүүнт томъёо юм. Тэр нь уул хүний гарвал буюу овог, мөн түүний эцэг, улмаар нэр авагч этгээд гэсэн гурвалаас бүрддэг. Тийнхүү Боржигон овгоос гаралтай Дашдорж гэдэг хүний хүү Нацагдорж ажээ гэж мэдэж авах жишээтэй. Харин орос хүн бол хэдийгээр бидний адил гурван бүрэлдэхүүнт нэртэй байдаг боловч яг ямар овог аймгийн хүн бэ гэдгийг нэрнээс нь мэдэхэд учир дутагдалтай мэт байдаг. Александр Сергеевич Пушкин гэхэд бидэнд Александр нэртэй Сергей гэдэг эцэгтэй Пушкиныхны удам юм байнаа л гэж ойлгогдохоос чухам тэр Пушкин нь ямар овогтон бэ гэдгийг мэдэхэд бэрх. Гэхдээ Пушкин буюу "их бууныхан" гэж нэг хэсэг бүлэг хүн байсны удам угсаа гэдэг нь ойлгогдох билээ.

Манайхны овог нэр нь сүүлийн хоёр зуу гаруй жилийн дотор ихээхэн будлиантаж замбараагүйтээд аль ч талаас нь таних аргагүй болоход хүрсэн нэгэн гунигт алдас буй. Ахуй төр маань суларч бусдын хавсрага болж эхэлсний гайгаар монгол хүний нэрнээс анхандаа овог нь буюу гарвалын нэр аажмаар хаягдаж байв. Харин түүний орыг язгууртнууд бол тайж, тавнан, гүн, гүен, үйзэн, түшээ гэх мэт манж зүгийн цол хэргэмийн нэрээр сольж, эгэл борчууд бол хөх, шар, тахир, солгой, дойдон, салга гэх мэтийн хоч, дайрлагын үгээр тодотгосон нэрс ярайж байдаг. Тийнхүү эгэл жирийн монголчууд овгоо аажмаар мартах болж энэ зуунтай золгохдоо бараг л ганц өөрийн оноосон нэртэй үлдээд байлаа. Нэр нь ч бас ядуурч нэг гол усанд хэд хэдэн Лувсан буй болж өөр хооронд нь ялгахын тулд хоч зүүж Хөх Лувсан, Орилоо Лувсан гэхчилэн ялган дуудахаас аргагүй болсноор барахгүй эцгээрээ нэрших заншлаа ч эгэл хүмүүс гээж эхэлсэн нь харагддаг. Тийнхүү 1925 онд ардын засгийн газраас тусгай тогтоол гаргаж хүнийг хоёр нэртэй буюу эцэг, өөрийнх нь нэрийг хослуулан дуудаж, бичиж, бүртгэж байхаар тогтоосон ажээ. Тэр нь хэдийгээр дэвшилттэй чухал зүйл байсан боловч дутуудуулан будилаантуулсан осол цалгар шийдвэр байлаа. Юу гэвэл өнөөгөөс эхлээд ард иргэд дан ганц өөрийн нэрээр бус эцгийн нэртэй хамт нэрлэн бичиж байвал зохино гэдгийг тогтоохдоо "овог нэр" гэсэн дутмаг заалт өгснөөр эцгийн нэр нь "овог" болон хувирч орчин үеийн монгол хүний нэр уламжлалыг гурван бүрэлдэхүүнээрээ биш зөвхөн эцэг хүүгийнхээр хязгаарлагдаж хоёрхон хослол болон хувирсан юм. Тэр нь үндэсний уламжлалыг огоороход хүргэсэн том алдас болсноор барахгүй "овог" гэдэг ойлголтыг эцгийн нэртэй андуурахад ташуур болж өгчээ. Тэрнээс хойш ард иргэдийн аливаа бүртгэлд хоёр бүрэлдэхүүнт нэр шаардсан асуулт нэвтрэн бүүр хэвшил болж орхисон юм. "Овог, нэр" гэсэн асуултад "Доржийн Лувсан" гэж хариулсаар байгаад ужгирч гүйцжээ. Зүй нь овог, эцэг гэдэг огт өөр өөр хоёр ойлголт билээ. Сүүлийн үед энэхүү алдсыг залруулахыг ухаарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ олон үе дамжаад овгоо мартчихсан бас "ядрахад ясан бөө" гэгчээр угийн бичгээ хөтлөхөө больж удам судраа гээчихсэн тул хэр баргийн хүн ямар овогтон болохоо хэлж мэдэхгүй ажээ. Угийн бичиг хөтлөх талаар төр, засгаас зохих шийдвэр гаргасан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнээр иргэдээ зэвсэглэх талаар бодитой юм хийхгүй бол мөн л "монголын хууль гурав хоног" гэгчийн үлгэр болно. Угийн бичиг хөтлөх ухаан буюу генеалогия гэдэг бол монголчуудын элэнц хуланцынхаа үеэс бий болгосон уламжлалтай эрдэм ухаан юм. Түүнийг ухвар мөчид хойч үе нь салан задгай, шалдир булдираасаа болоод их хол гээчихсэн билээ. Одоо түүнийг эргэн эрэн сурвалжлан олоход хэцүү боловч эрвэл олдоно, сурвал сураг гарна.

Хүний нэр зөвхөн өөрийг нь төлөөлөөд зогсохгүй хувь хүний хэмжүүрээс хальж нийгмийн төрхийг заадаг сонин үзэгдэл мөн. Бөөгийн мөргөлтэй байх үеийн монголчууд нэг нэртэй, бурхны шажин дэлгэрсэн үеийнх нь өөр нэртэй, барууны номлолд орсон цагийнх нь бүр өөр нэртэй болсныг анзаарахад түвэгтэй биш. Өгөөдэй, Цагаадай гэхчилэн нэрээрээ эгэл бөгөөд ойлгомжтой байсан язгуурын монголчууд Молом, Дорж, Жамц болоод ирэхээрээ бурхны шашинтны шинжийг харуулан гол төлөв түвд нэрийн эзэд явлаа. Дөчөөд оноос хойш монгол хүний нэр их л өөрчлөгдөж нэг хэсэг охид Нина, Роза, Лена гэсэн орос охидын нэр авч нэг хэсэг хөвгүүд Алёша, Володя, Серёжа хэмээгдэх болов. Багадаа ч тэдний нэр зохиж л байв. Тэгтэл цаг хугацааг зогсоодоггүй юм болохоор тэд хөгширч зарим нь эмээ өвөө болоод ирэхэд Роза эмээ, Алёша өвөө гэгдэх нь нэг л биш санагдаж зарим нь нэрээ солих гэж бөөн чирэгдэл, зарим сүйхээтэй нь нэрэндээ өнгө засал хийж Серёжа байснаа Сэржээ, Володя байснаа Бэхтөр болон хувирав. Бас нэг хэсэг нь яаж ч хувиргаад аргалашгүй нэртэй болсон байлаа. Юу гэвэл их удирдагч хувьсгалчдын нэрний толгойг хэсэглэн авч Мэлс(Маркс, Энгельс, Ленин, Сталин) гээд зогсохгүй бүр Мэлсчо(нөгөө дөрөв дээр нэмээд Чойбалсанг нэмээд) хэмээн өргөмжлөгдөхөөр барахгүй тэр цагийн том гүрэн, олон улсын байгууллагын бүтэн болоод товчилсон нэрийг хүүхэддээ өгөхөөр шийдэж Сэсээр, Ким, Аким хэмээгчдийг бий болгов. Тэрхүү байгууллага нь байтугай дэлхийд ганцаараа хүчирхэг гэгдсэн СССР улс хүртэл үгүй болчих юм гэдгийг бөглүү зэлүүд тал нутгийн нүүдэлчид яахан мэдэх билээ. Тэгж бодох ч нүгэл алдас гэхээр цаг байлаа. Бас нэг хэсэг нь эх эцэг, хүүхэддээ Октябрь, Ленинмаа гэхчилэн өргөмжлөхөөр барахгүй тийм явдлыг том гэгдсэн зарим зохиолч роман, туужид хүртэл бахдан дүрсэлж байлаа. Одоо энэ бүхнийг эргээд бодоход хүмүүст хөгийн юм их л санагдах буйзаа. Нэр хайрлах уламжлалт монгол ёсыг ийнхүү халж үзэл сурталжсан нэр өгөх "хувьсгал" монголд болж жараад он дуустал давалгаалж байтал сансар эзэмших эрин эхэлж бас нэлээн хэдэн монгол Гагарин, Титов, Жанибеков төрснөөр "хойт зүгийн шувууд хэл зөөхөө болих" хандлагад орж билээ. Зөвлөлтөд л ийм "моод" анхлан гараад салхин дор нь байсан монголчуудад халдварласан нь гарцаагүй. Тэр үед зөвлөлтийн хүүхдийн нэрт зохиолч С.Маршак хүртэл түүнд хилэгнэж шүлэг хүртэл бичсэн бөгөөд түүнд:

Дэггүй цагаан охиноо
Дэглэх санаатай нэг ээж
Дэгжин нэр олоод
"Диктатура" гээд нэрлэжээ
Сонин овоо уншдаг нэгэн
Содон тул эр хүүдээн
Хиймэл дагуул(спутник) нэр өгчихөөд
Пуужин(ракета) гэж охиноо нэрлэжээ
Энэ хочийг зүүсэн лайтай хүүхдүүд нь
Эринг тэрэнтэйгээ элээнэ гэдгийг
Эцэг эх хоёр мэдүүштэйсэн дээ
гэж халаглан дурссан байдаг.

Хүнд нэр хайрлахад хөнгөн хийсвэр хандаж яахин болох билээ? Монголын хуучин ёсонд нэр хайрлахын ухааныг маш нарийн тодорхойлж одон зурхайн зарчмыг хатуу баримтлаж ирсэн билээ.Yр хүүхэддээ хааш яаш нэр өгөх нь битгий хэл мягмар, бямба, ням гаригуудад нэр хайрлахыг цээрлэдэг байлаа. Хүн бол өөр хоорондоо маш нарийн зохицолдон холбогдсон гариг, эрхис, хорвоо дэлхийн эргүүлэг, лугшилт, таталт, түлхэлт, гүйдэл, үелзлэлийн онцгой тогтолцооны бүрэн эрхшээлд биеийг олж төрөөд насыг наслаж төгсдөг их орчлонгийн амьд нэгэн эд эс учраас тэр л орчилдоо оршин ахуй зохилдолгоот хөтөлбөртэй байдаг тул тэр л жамаасаа гадуур байх ямар ч аргагүй түмэн бодисын бодгаль махбодь юм. Тэр тооцоог төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар баримжаалж зурхайн аргаар тооцоолон гаргаад нэрийг оноож, наслах нас, төөрөх төөрөг, учирах учирлыг урьдчилан таамнаж, зураглан бичээд сахиус болгон хүзүүнд нь зүүж өгдөг эсвэл хүзүүн дээрээ дээлийн ухлаадас дотор оёж өгдөг байсан тэр уламжлал аль дээр үед тасарч "сахиус" гэдэг үг ч мартагдах тийшээ ханджээ. Уурга алдуулан хульжсан морь шиг болсон хүмүүс тийнхүү үр хүүхэддээ нэр хайрлах дээдсийн ёсыг өөрсдийн ухваргүй араншингаасаа болж таягдан хаясны алдас нүгэл нь тооцоолох боломжгүй болсон бололтой.

Далаад оноос хойш хүмүүс хүүхэддээ яруу найргийн гоё нэр өгөхийг хичээх болсон нь зүйн хэрэг мэт хэдий ч бас л нөгөө хязгаарлуугаа ханарвал дайны дараах жилүүдэд бараг л толгой дараалан "Энхээ" нэртэй жаалууд гарч нэлээд нь нэрэндээ зохицолдохгүй танхай хулигаанууд болцгоосонтой адил юм дахин үзэгдэхгүй гэх баталгаагүй билээ. Ямар нэртэй болсон нь хүүхдийн хувьд падгүй хэрэг. Харин эцэг эхийн л оюуны чадавхи, зан араншин, төлөв төрх, нуултгүй ил гардаг нэг гол юм нь хүүхэддээ ямар нэр өгснөөр тодордог. Эцэг эх нь хэт хувьсгалч, хэтэрхий бүдүүлэг эсвэл даанч ухамсаргүй хандсаны илрэлийг хүүхдий нь нэрнээс нуултгүй харж болно. Yр хүүхдээ нэрлэнэ гэдэг нь эцэг эхэд оногдсон хамгийн эрхэм нандин бас тэгээд нухацтай хариуцлагатай эрх юм. Түүнийг зөв бөгөөд ухаалаг эдлэх хэрэгтэй юм. Хөнгөмсөг хандах шиг зовмоор юм байхгүй гэдгийг дээр үеийн нэгэн франц хүний нэрээр жишээлээд үзье. Тэр хүнд "Жуэн Миль Сэткатрвэнтрэз" гэж нэр өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл "Мянга долоон зуун ерөн гурван оны зургаан сар" гэсэн нэр ажээ. Тэрхүү он сарыг заасан урт нэрээрээ аж төрсөөр байгаад нас элж нэгэн өдөр мөнөөх эр өөд болжээ. Тийнхүү сонинд эмгэнэл зарлах болж "Мянга долоон зуун ерэн гурван оны зургадугаар сар гуай мянга найман зуун далан гурван оны тавдугаар сарын хорин долоонд өөд болов" гэж бичээд сонинд гаргасан чинь хүмүүс гашуудахын оронд инээлдээд байсан юм гэдэг.

Нэр гэдэг нандин зүйл. Түүнийг цэнэж, тунгааж, бодож бясалгаж байж өгөх ёстой. Тэгж үнэнхүү санаа гаргаж хайрласан нэрийг авсан хүн нь дээдлэж эрхэмлэж явах учиртай. Нэрээ эрхэмлэнэ гэдэг нь биеэ хичээж сайн үйлс бүтээж явахын нэр. "Сайн нэрийг хүсэвч олдошгүй, муу нэрийг хусавч арилашгүй" гэж олон түмэн ярьдаг байв. Сайн нэрийг сайн явдлаар олж авна. Муу нэрийг ч одоо үед сайн үйлсээр цагаатгах боломжтой юм. "Нэр хүнддэнэ" гэж урьд ярьдаг байв. Хэтэрхий эрхэмжит нэр тийнхүү хүнддэж түүнийг сольдог байлаа. "Нэр нь дарж байна" гэж бас ярьдаг. Тийнхүү арай дөгөөтэй нэр өгөх ч ёс буй. Тэр бол зурхайн ёс.

"Нэрт хүн бол нэрээ хэл!" гэж Чингис хааны үеийн биеийн байцаал билээ. Нэрт хүн нэрээ дээдлэх учиртай.

1997 он.

Өв уламжлалаа эргэж үзэх эрин

Нийтлэгч: Ю.В.Яковец

Бид дэлхийн улс орнуудын нийгмийн хөгжлийн чиг шугам эрс өөрчлөгдөж, улс орон, хүн бүрийн амьдралын өөрчлөлтийн хурдац улам түргэсч байгаа энэ үед амьдарч байгаагаараа азтай, бас ч азгүй хүмүүс мэт. Түүхийн хүрд улам урагшлан дүүлж галзуурсан мэт хурдаар урагшлахдаа зүг чигээ гэнэт гэнэт өөрчлөн өөрсдийнхөө хойноос аялагчдыг дагуулан тэмүүлнэ. Энэ нь бүх нийтийг хамарсан сүйрлийн ирмэг рүү, гүн ангалд унах аюул руу ч аваачиж болох юм. Хүмүүс өдөр тутмын хэвшмэл байдлаасаа сэрж аврал хайн бужигналдаж эхэллээ. Гэвч үхлийн ангал руу унахыг зогсоож, түүнээс аврагдахын тулд ямар зөв зам сонгох вэ? Yүнд түүх л чигийг заагч болно.

Түүхийн мэдлэгийн өчүүхэн хэсэг нь хүртэл асар их үнээр бүтсэн түүхэн туршлагыг ойлгож, ухамсарлах, нэгтгэн дүгнэхэд тус дөхөм болдог. Түүхэн сургамжийг сайтар тунгааж, өөрийн мэдлэг туршлагад тулгуурлан олсон мэдлэгээр байнга баяжуулж байх хэрэгтэй. Энэ утгаараа бид бүхэн түүхийн сурагчид бөгөөд харин хичээнгүй юу, хөнгөмсөг үү гэдгээрээ ялгаатай. Түүхийг ерөнхийд нь дэлхий дахины хийгээд аливаа улс орны өнгөрсөн түүхэн дэх ирээдүй үедээ сургамж болохуйц хамгийн гайхамшигт үйл явдлуудыг тэмдэглэх гэсэн үг хэмээн ойлгож болох юм. Түүнийг нийгмийн хөгжлийн үе үедээ дамжих үйл явц, энэхүү бодит үйл явцын хүмүүсийн болоод нийгмийн ухамсарт буусан тусгал буюу түүхийн шинжлэх ухаан гэж ялган авч үздэг. Түүхийн эх сурвалж хүн төрөлхтний эхлэлээс ундрагатай. Хүний оюун ухаан бүрэлдэж, HOMO SAPIENS үүссэн тэр үеэс дараа дараагийн үедээ амьдралын сургамж болгон дамжуулахын тулд гол үйл явдлуудыг тогтоох нь зайлшгүй болсон нь нийгмийн өв уламжлал үүсэж хөгжихөд түлхэц болжээ.

Түүхийг танин мэдэхүй ба судалгааны хэрэгсэл гэдэг талаас авч үзээсэй гэж би хүснэ. "Орчин үе оршин байхын төлөө шаргуу зүтгэж буй нь өнгөрсөн үеэс ихээхэн хамааралтай байгаа бус уу. Зүй тогтолоороо ижил төстэй болон ялгаатай талаараа түүх нь орчин үеийг даацтай ухаж мэдрэх зайлшгүй түлхүүр нь болж байдаг юм биш үү" гэсэн XX зууны нэрт түүхч Фернан Броделийн дүгнэлттэй санал нийлэхгүй байж болохгүй.

Ингэхээр энэ түлхүүрийг ашиглацгаая!

Суралцахын учир

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

Хүүхдүүд ээ! Та нар юуны төлөө суралцаж байгаа вэ? Yүнд сурагч бүр өөр өөрийнхөөрөө хариулж чадна. Гэхдээ тэр олон хариултын дотор үндэслэлтэй сайн хариулт лавтайяа нэг байгаа. Энэ хариултыг олохыг хичээсэн нь энэ буюу. ХYН ба амьтдын хооронд ямар ялгаа байдаг вэ? Тухайлбал хүний биеийн хүч зааныхаас их биш, хүний үсний өнгө тогосын өнгөнд хүрэхгүй, хүн тэмээн хяруултай уралдвал яав ч түрүүлж чадахгүй, хүнд ямаа шиг үнэхүрдэг дулаан ноолуур байхгүй, хүн арслан хоёр ноцолдвол лавтайяа арслан дийлэх биз, хүн харанхуй шөнө төөрдөг, гэтэл шөнө ангуучилж хоолоо олдог олон амьтан бий, хүний чих буга согооных шиг соргог биш, хүний хамар нохойных шиг үнэрч биш. Ингэхлээр ХYН нь амьтдаас биеийн хүч, хурд, харах, сонсох, үнэрлэх эрхтний чадвараар дутуу ажээ. Эндээс ХYН бол дунд зэргийн чадвартай жирийн нэг амьтан юм байна гэсэн дүгнэлт хийх бүрэн үндэстэй. Ер нь ХYН бол нэгэн төрлийн амьтан юм гэсэн номлол байдаг. Гэхдээ бодох зүйл бас байна.

ХYН ба бусад амьтдын хооронд байдаг хамгийн том ялгаа бол оюун ухаан юм. ХYН сэтгэх чадварын хувьд бусад амьтдыгаа бодвол хол тасран түрүүлжээ. Yүнийхээ ачаар ХYН нь энэ дэлхийн аливаа бүхний ноён оргил нь болсон билээ. ХYН - хамгийн үнэтэй. ХYН болж төрнө гэдэг маш ховор аз завшаан мөн. Та нарт энэ аз завшааныг бэлэглэсэн болохоор хүүхэд бүр ээж ааваа хамгаас илүү хүндэлдэг байна. ХYН болж төрөх, ХYН шиг амьдрах хоёр ялгаатай. Аав ээжийн хүү охин болж төрнө гэдэг сайн хэрэг. Харин энэ бол ХYН шиг ХYН болчихлоо гэсэн үг биш. Эндээс ХYН шиг ХYН болох өөрөөр хэлбэл сайн ХYН болох, сайхан амьдрах нь хүний эрхэм чухал зорилго гэдэг нь харагдаж байна.ХYН шиг ХYН болох амаргүй. Гэтэл амьтан шиг хүн болох амархан байдаг гэнэ.Энд би ХYН гэдэг үгийг өргөмжлөн хайрладаг болохоороо ингэж хэлж байгаа юм. Амьдралыг, ахуй тойрноо ажиглажээ байхад хүнээс дор амьдардаг, заримдаа бүр араатнаас дор хүн таарах юм.
Хүний хамгийн их юм сурдаг үе нь хүүхэд нас. Тодруулбал сурагч та нар яг энэ сурагч байгаа үедээ аль болох их юм сурч мэдэж авах ёстой. ХYН яагаад суралцах ёстой юм бэ? Энэ асуултанд мэргэд дараах хариултыг өгдөг байна.

"ХYН нь ХYН учраас л суралцах шаардлагатай"

Хэрвээ ХYН суралцахгүй юм бол тэрээр ХYН биш болно гэсэн санаа үүний ард байгаа юм. Суралцах хүсэлгүй буюу өөрийгөө дайчилдаггүй хүүхэд багачууд бий. Тэд бол өөрөө өөрийгөө ХYН болгох ажлаас залхуурч байгаа хэрэг. Залхуураад байвал алсдаа тэр хүүхэд жирийн амьтан, сайндаа л сармагчин мэт болно биз. Хэрвээ ХYН нь жинхэнэ ёсоор суралцахгүй юм бол, цаг ямагт өөрийгөө дайчлахгүй юм бол ухаан санаа нь хоцрогдон хаягдана. Ийм хүн зугуухнаар, яг л бөхөж буй лаа шиг унтарна. Тэнэг мулгуу хүмүүс ийм болсон байдаг. Мулгуу тэнэг байх нь хүний шинж биш, амьтны шинж. Хүний бие давжаа жижиг, царайлаг бус эсвэл гадаад эрхтний гажиг согогтой байж болно. Ингэлээ гээд тэр хүнийг муу ХYН, муухай ХYН, мал шиг амьтан гэхгүй, тийм хүн бол жирийн л ХYН юм. Харин тэнэг мулгуу хүнийг бид үзэн ядаж, эргүү тэнэгээр нь хочлон шоглодог. Эндээс хүмүүс хоорондын зааг ялгаа харагдаж байгаа юм. Хүмүүс юугаараа өөр хоорондоо ялгагдаг вэ гэвэл биеийн өндөр намаар биш, ухааны их багаар ялгаран тодордог ажээ. Хүнийг гаднаас нь хараад ухааных нь цар хэмжээг мэдэхэд төвөгтэй.Ядаж л хэд гурван үг солих хэрэгтэй. Ингэвэл тэр ХYН эрхбиш танигдана. Юм мэддэг хүн, юм мэддэггүй хүний хооронд асар их зөрүү бий. Танхил өссөн хүүхэд тавхан үгэнд л танигдана. Эрдэмд шамддаггүй хүүхэд эхний үгээр л мэдэгдэнэ. ХYН болж төрөх, ХYН болж төлөвших хоёр ялгаатай. Энэ цаг үе бол та нарын хувьд ХYН болж төлөвших алтан үе чинь мөн.ХYН болж төлөвшихийн эх үндэс нь суралцахад оршино. Тодруулбал ХYН нь ХYН болж төлөвшихийн тулд л суралцдаг ажээ. Суралцахаас татгалзана гэдэг бол ХYН болохоосоо татгалзана гэсэн үг.

Мэдээллийн тухай

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

ХХI зууныг Мэдээллийн эрин гэж нэрлэж байна. Энэ эринд мэдээллийн үнэ цэнэ эрс өсөж, хүний хөгжлийг чиглүүлэгч гол хүчин зүйл нь мэдээлэл болох юм. Мэдээлэл нь олон янз байх бөгөөд жишээ болгож хэдэн мэдээллийг сонирхьё.

1. Сайхан юм хэзээ ч утгагүй байдаггүй. << Л.Н.Толстойн >>
2. Аав нь 30, хүү нь Х настай. Тэгвэл хэдэн жилийн дараа аав нь хүүгээсээ 2 дахин их настай болох вэ? << Математикийн номноос >>

3. Селин Дион хоёр ихэр хүүхэд гаргаж магадгүй
4. Би тийм урт наслахыг боддоггүй. << Сониноос >>

Одоо энэхүү 4 мэдээллийг задлан шинжилье.
1. Аливаа юманд утга учир гэж бий. Yг гэхэд л утга учиртай. Yүнээс гадна хоол, хувцас, кино, ном, ер юу эс байхав. Гоё сайхан бичдэг сурагчийн дэвтрийг засахад багшид их амар байдаг, багш нь баярладаг.Цэвэр сайхан хувцаслах нь хүний соёлыг харуулна. Тийм хүнтэй ярилцахад сайхан сэтгэгдэл төрдөг. Өөрөөр хэлбэл сайхан юмны цаана дандаа сайхан утга агуулга байдаг. Л.Толстой үүнийг мэддэг төдийгүй хойч үеийнхэндээ сайхан юм хэзээ ч утгагүй байдаггүй юм шүү, та нар анхаарч мэдэж ав гэж бичиж үлдээжээ. Энэ мэдээлэл хүүхдүүд та нарыг ямагт сайн сайхан руу тэмүүл гэсэн утга санааг агуулж байна. Иймд нэг дэх мэдээллийг дээд эрэмбийн мэдээлэл гэнэ.
2. Энэ бодлогыг цэвэр математик утгаар ойлгох бөгөөд 14 шийдтэй юм. Энэ бодлогыг бодох үед хүүхдийн уураг тархи ажиллаж дасгал хийнэ, ингэсэн тархи хөгжинө, сэтгэлгээ нь цэгцэрнэ, ухаалаг яриатай болно. Ийм хүүхэд хаана ч, хэзээ ч энэ төрлийн шийдвэрлэх асуудал тулгарахаар шууд л бодчихно. Иймээс хоёр дахь мэдээлэл нь оюун ухааныг хөгжүүлэх мэдээлэл юм.
3. Селин Дионы хэвлийд хэдэн хүүхэд байгаа нь хэнд хэрэгтэй вэ? Надад л лав хэрэггүй, сурагч хүн энэ дэлхийн бүх хүүхнүүдийн хэвлийд буй хүүхдийн тоог цээжилсэн байх ёстой юм уу, та нар үүнийг мэдлээ гээд яах юм, алсдаа энэ мэдээллийг юунд ашиглаж, ямар ашиг орлого олох юм, тэгээд ч энэ өгүүлбэрийг лавшруулан ухвал Селин Дион хүүхэдтэй болсон эсэх, тэр нь ихэр эсэх нь тун тодорхойгүй, зүгээр л "магадгүй" гэж байх юм. Харин үүний оронд Селин Дионы сайхан дуулдаг арга ухаанаас бичсэн бол өөр байхсан. Иймээс энэ гурав дахь мэдээлэл нь хүнд хэрэггүй, хогон мэдээлэл юм. Хүүхдүүд ээ! Та нар огтоос хэрэггүй мэдээллээр бүү хөөцөлд, хайран цаг, хайран тархи. Хогон мэдээллээс хол яв, ойр явбал өөрсдөө хог болно.
4. Урт наслах хүсэлгүй хүн байдаг юм уу? Yгүй гэж бодно. "Би урт наслахыг боддоггүй" гэсэн энэхүү мэдээлэл нь цаанаа маш их хортой үр дагавартай, аюулыг сурталчилсан, түүнийг хэвийн үзэгдэл мэтээр тайлбарлажээ. Ийм хачин аюултай мэдээллийг "хар тамхи" гэдэг. Мэдээллийн хар тамхи маш аюултай. Уураг тархийг гэмтээнэ, ухаан санааг сохолно. Сурагч та нартаа мэдээллийн хар тамхинд автахгүй байхыг зөвлөе.

Сократын арга

Зохиогч: Д. Карнеги

"Хэн нэгэнтэй ярилцахдаа санал зөрж байгаа асуудлаас бүү эхлэгтүн.Харин үүний оронд санал нийлж байгаа асуудлаасаа эхлэн үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй.Эхнээс нь тийм, тийм гэж хэлүүлж авахыг бод. Дэс дараалан тийм, тийм гэсэн хариулт авах замаар тухайн хүнээр өөрийн хүссэн хариултыг хэлүүлж болно"

Энэ бол их сэтгэгч Сократ хүмүүстэй ярилцах үедээ хэрэглэдэг байсан арга юм. Яриаг чадварлаг залж чаддаг хүн бүр эхнээсээ зөвшөөрсөн хариу авдаг. Yгүй гэсэн хариулт бол бусадтай ярилцах үед хамгийн хэцүү саад байдаг. Хэрэв хүн нэгэнтээ үгүй гээд хэлчихсэн бол түүний бардам зан нь эцсээ хүртэл тууштай байхыг шаарддаг. Хүн ер нь ямар нэгэн юм хэлсэн л бол түүнийгээ баримтлах ёстой болдог. Иймээс та яриагаа ярилцагч хүнээрээ үгүй гэж хэлүүлэхгүй байхаар залах нь чухал юм. Сократын аргыг амьдралд хэрэглэсэн нэгэн жишээг одоо сонирхъё:

... Манай пүүс бүтээгдэхүүнээ нэгэн пүүст худалдах сонирхолтой байв. Миний өмнөх хүмүүс арваад жил оролдсон боловч энэ пүүст юу ч худалдаж чадаагүй байлаа. Харин би нэлээд хөөцөлдсөний эцэст гурван жилийн дараа тэр пүүст хэдэн цахилгаан хөдөлгүүр худалдах болов. Хэрэв эдгээр хөдөлгүүрүүдийн чанар сайн гэж үнэлэгдвэл дахиад хэдэн зуун хөдөлгүүрийн захиалга өгөх байх гэж бид найдлага тавьж байсан юм. Хөдөлгүүрүүд маань чанартай гэдэгт би итгэлтэй байлаа. Иймээс гурван долоон хоногийн дараа түнш дээрээ очихдоо амжилтандаа итгэл төгс байв. Гэвч санаснаас маань өөр нөхцөл байдал намайг угтав. "Танаас үлдсэн хөдөлгүүрүүдийг худалдаж авахгүй" гэсээр ерөнхий инженер нь надтай уулзлаа. Яагаад гэж намайг гайхан асуухад "Яагаад гэвэл танай хөдөлгүүр хэтэрхий халж байна, гар хүргэхийн аргагүй юм" хэмээн хариулав. Маргалдаж эхэлбэл ер сайн юм болохгүй гэдгийг би мэдэж байлаа. Иймээс сократын аргыг хэрэглэхээр шийдлээ.
"Ноёнтон, та сонсооч! Хэрэв хөдөлгүүр халж байгаа бол би таны хэлснийг бүрэн зөвшөөрч байна. Та цахилгааны аж үйлдвэрийн үндэсний нийгэмлэгийн зааварт тогтоосон стандартын шаардлагад нийцэж байгаа хөдөлгүүр худалдаж авах ёстой. Тийм үү? гэж намайг асуухад тэрээр зөвшөөрч, би анхныхаатийм гэсэн хариултыг сонслоо. Зааварт хөдөлгүүр орчны агаарын хэмээс 720Е -гээр илүү халж болно гэж бий. Тийм үү? Тэрээр тиймээ хэмээн хүлээн зөвшөөрч, энэ үнэн гэвч танай хөдөлгүүрийн халалт зөвшөөрснөөс илүү байна гэв. Би түүнтэй маргасангүй. Харин үйлдвэрийн байрны дулааны хэм ямар байгааг асуув. 750 орчим гэж тэр хариулав. Тэгвэл ойлгомжтой. Хэрэв орчны дулаан 750 байгаа бол дээр нь 720 хэмийг нэмбэл 1470 болно. 147 хэмийн халуун усанд гараа дүрвэл шалзрана биз дээ. Тэр дахиад л тийм гэж хэлэх ёстой болов. Yүний дараа бид жаахан ярьж сууцгаалаа. Дараа нь нарийн бичгийн даргаа дуудаж, надад 35 мянган долларын захиалга өгсөн юм даа"


Хэрвээ та хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүнд буруутайг нь, эсвэл андуурч байгааг нь хэлмээр санагдвал Сократын санаж байх хэрэгтэй юм. "Аяар явбал алс очно" гэсэн хятадын зүйр үг бий. Хэрвээ та санаа бодлоо бусдаар зөвшөөрүүлэхийг хүсвэл "ярианы бүр эхнээс л зөвшөөрсөн хариу авахыг хичээ" гэсэн зарчмыг хэрэглэж байгаарай!

Нохой сууж чаддаг уу?

Нэгэн эмэгтэй нохойгоо дагуулан автобусанд оржээ. Түүний нохой нь том бөгөөд аймаар сүрдмээр харагдах ажээ. Тэгтэл нөгөө эмэгтэй:
- Тасалбар олгогчид хандан, Би нохойдоо зориулж мөнгө төлье. Тэгэхлээр нохой минь хүн шиг суугаад явж болно биз дээ? гэхэд,
- Болноо, болно. Нохой чинь хүн шиг суудал эзлээд явж бололгүй яахав. Гэхдээ нохой чинь хүн шиг л хөлөө газар тавьж сууна шүү гэжээ.

Сайхан хүн

Нэг хүн өөрөө өөртэйгөө ярих их дуртай байжээ. Нэг өдөр найз нь түүнээс:
- Чи яагаад өөрөө өөртэйгөө яриад байдаг юм бэ? гэж асуухад,
- Ингэх сайхан байдаг юм. Сайхан хүнтэй хүн ярих дуртай байдаг шүү дээ гэжээ.

Өнөөдөр шалгалт авахгүй

- Ямар сайхан юм бэ? Өнөөдөр шалгалт авахгүй юм байна?
- Чи яагаад тэгж бодов? Багш, маргааш бороо орсон, ороогүй шалгалт авна гэсэн ш дээ.
- Чи цонхоор хараач, гадаа цас орж байна ш дээ!

Түлхүүрээ хайсан нь

- Чи энд юу хайгаад байгаа юм бэ?
- Би түлхүүрээ хайж байна.
- Чи түлхүүрээ энд хаячихсан юм уу?
- Yгүй, унтлагныхаа өрөөнд хаясан юм.
- Тэгээд унтлагныхаа өрөөнд хайхгүй яасан юм бэ?
- Өө үгүй. Миний унтлагын өрөөнд гэрэлгүй байгаа. Тэнд юу ч хайгаад олох боломжгүй. Харин энд гэрэл сайтай байгаа учир юу ч хайсан олдохоор байна.

2010/01/05

Хүн гэж хэн бэ?: Хүний бие шинж

Хүн нийгэм, соёлын орчин дотор төрж, тэр соёлоос сурч, эзэмшиж байж хүн болдог. Бид хүний нийгэмд төрж, амьдарч байгаа болохоор энэ нийгэмд амьдрахад хэрэгтэй болгоныг сурах, мэдэх, эзэмших хэрэгтэй болно. Хүн төрөлхтөний үе үеийнхний хуримтлуулсан мэдлэг, туршлага, хууль дүрэм зэрэг нь хүмүүст юуг яаж хийх, амьдралаа хэрхэн авч явахыг зааж өгөх бэлэн жор болдог.

Хүн гэж хэн бэ?: Хүний бие шинж

Хүнийг амьд байгалийн нэгэн төрөл зүйл гэж болно. Хүн хорвоогийн хувьслын жамаар мич хэмээх адгууснаас төрсөн удам нь билээ. Хүн мичнээс ялгаран салж, оюун ухаант амьтан болох үйл явц тасралтгүй хувьсал байлаа. З сая жилийн өмнө хүний тархи 700 см3 багтаамжтай байсан бол түүнээс 1 сая жилийн дараа 900 см3, харин одоогоос 600 мянган жилийн өмнө 1200 см3 багтаамжтай болсон бол орчин үеийн ухаант хүн 1400 см3 багтаамж бүхий тархитай. Yүнээс гадна хүний бие махбодид өөрчлөлт гарч бие нь эгцэрч, үсэн бүрхэвч багасан, эрүү шүд нь боловсруулсан хоолонд дасч өөрчлөгдсөн гэх мэт олон шинжээр мичнээс ялгагдах болов. Хүн чухамдаа байгалийн нэг хэсэг нь учир түүнийг байгалиас нь саланги авч үзэх учиргүй. Наслалтын ерөнхий хязгаар, амьсгалах агаар, уух ус, цаг уурын байдлын хувьд хүн байгалиасаа шууд хамаарч эрхшээлд нь байсаар өнөөг хүрлээ. Байгалийн + 400 дээш халуун, - 600 доош хүйтнийг, 3-5 минутын хүчилтөрөгчгүй орчныг, 5-7 хоногийн ус чийггүй, хүнс тэжээлгүй нөхцлийг, 40-50 м/с -ийн хурд хүчтэй салхины аяыг хүн даахгүй. Хүний наслах дээд хязгаар 120-150. Хүний биеийн ерөнхий чадавхи нь : Биеийн дулаан 360-370 , өндөр намын дундаж 150-170 см, 100 м-ийн зайд дундаж хурд 12-13 м/с, наслалтын дундаж 64-65 жил, холын харааны таних төвшин 8-12 км, сонсголын ердийн даац 16-20 мянган Гц, уушгины хэвийн агааржилт 3000-5000 см3, өргөх зөөх дундаж бяр чадал 65-75 кг, зүрх судасны цохилт 70-75 удаа (минутанд) Хүн 200 гаруй яс, 600 -гаад булчингийн холбоосоор хэлбэржин биежсэн байдаг. Хүний бие нь аливаа амьд биеийн нэгэн адил эс, эд, эрхтэн, эрхтэн тогтолцоо гэсэн үндсэн нэгжүүдээс бүрдэнэ. Хүний бие махбодийг бүрдүүлэгч үндсэн нэгж нь эс бөгөөд хүнд олон зуун миллиард эс байдгийн дотор 14-15 миллиард нь мэдрэлийн эс юм. Эс ба эс хоорондын бодис нийлээд эдийг бүтээх бөгөөд хүний биед хучуур, холбогч, булчингийн, мэдрэлийн гэсэн дөрвөн төрлийн маш олон тооны эд бий. Биеийн эрхтэн эдүүдээс бүтэх бөгөөд хүнд нарийн бүтэц, тусгай үүрэг бүхий зүрх, мөгөөрсөн хоолой, уушги, ходоод, элэг, бөөр давсаг зэрэг олон тооны эрхтэн байна. Бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж буй эрхтнүүд нийлээд эрхтэн тогтолцоо болно. Хүний биед тулгуур хөдөлгөөний, цусны эргэлтийн, амьсгалын, хоол боловсруулах, ялгах, мэдрэлийн, дотоод шүүрлийн, үржлийн эрхтний тогтолцоо байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо нэлээд ялгаатай. Эмэгтэй хүн эрэгтэйг бодвол дуу хоолой шингэн, уян налархай, зөөлөн нинжин, сэтгэлийн хөдөлгөөн өрнүүн, юманд хандахдаа эв дүй сайтай, хүч тамир дутмаг, гоо зүйн үнэлэмж сайтай юм. Харин эрэгтэй хүн ихэвчлэн биерхүү, бяр чадал давуу, дуу хоолой бүдүүвтэр, хөдөлгөөн удаавтар, хүнд хүчир ажлаас бэрхшээдэггүй, зан араншингийн хувьд бие даасан байдлыг эрхэмлэдэг, тунгаан бясалгах сэтгэлгээг голлодог, нарийн ширийн зүйлд анхаарал, мэдрэмж муутай байдаг.

/Ц.Балхаажав "Хүн та хэн бэ?", Д.Бямбасүрэн "Орчлонгийн хүрд"/

Хүн гэж хэн бэ?: Хүний оюун ухаан

Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан. В.Г.Белинский

Хүний бусад адгуусан амьтдаас ялгаран гарах нэг шинж нь хүн ухаант амьтан гэдэгт оршино. Уураг тархи бол амьд байгалийн хамгийн дээд хөгжил, хамгийн нарийн зохион байгуулалт, хамгийн хөдөлмөрч бөгөөд үр өгөөжит, гагцхүү хүнд л сэтгэх чадвар болон хувирсан эрхтэн юм. Хүний уураг тархи, түүний бор гадарга нь оюун ухааныг хуримтлуулан агуулж, түүгээрээ хүний амьдралыг жолоодох төв болжээ. Орчлон ертөнцийг мэдрэхүйн эрхтэнээр хуулбарлан ой ухаандаа хадгалж, үзэгдэл дүрс хэлбэр хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын холбоо, хууль дүрмийг танин мэдэх чадварыг оюун ухаан гэнэ. Хүн оюун ухаанаараа хорвоо ертөнцтэй, хүн хүнтэйгээ харьцаж, ухамсартай үйл ажиллагаа явуулж чаддаг. Хүн одоогоор дэлхий дээрх цорын ганц оюун ухаант амьтан гэж тооцогдож байгаа бөгөөд өөр гариг ертөнцөөс өөр ухаант амьтныг эрж, өөртэйгөө ижил ухаант техник зохион бүтээх гэж мэрийсээр байна.Хүн оюун ухааныхаа ачаар л хүн шиг хүн байж, хүссэнээрээ амьдарч, зорилго тэмүүлэлдээ хүрч, амжилт гаргадаг. Хүний оюун ухаан таван язгуур үндэстэй гэж үзэх нь бий. Тэдгээр нь таньж мэдэхүйн ухаан, бүтээж туурвихуйн ухаан, харьцахуйн ухаан,хайрлаж дурлахуйн ухаан, урлахуйн ухаан юм.

1. Таньж мэдэхүйн ухаан Энэ нь хүний эрэгцүүлэн бодох, ухаж ойлгох чадвартай холбоотой бөгөөд хүн сурч мэдэх тэмүүлэл, хичээл зүтгэлийнхээ хүчээр хорвоо ертөнцийн хууль жамыг ухаарч, дасан зохицох, өөрчлөн хувиргах арга ухаан, мэдлэгийг хуримтлуулдаг. Энэ ухааны ачаар бид хүний амьдралын туршлагаар хуримтлагдан бий болсон ардын ухаан, ажиглалт сорилт туршилтаар бий болсон шинжлэх ухааны мэдлэгтэй болсон.

2. Бүтээж туурвихуйн ухаан Энэ бол таньж мэдэхүйн ухаан, хүний амьдралын туршлагаар хуримтлагдан бий болсон мэдлэгийг хөдөлмөрөөр дамжуулан оюуны болон биет баялаг болгох чадвар юм. Мөн бүтээж туурвихуйн ухааны үндэс нь хүний бүтээлч сэтгэлгээ байдаг.

3. Харьцахуйн ухаан Энэ бол хүн өөрийгөө болон нийгмээ таньж, улмаар өрөөл бусдыг ойлгож хамт оршин амьдрахын ухаан юм. Нэг хүнтэй, бүлэг хүмүүстэй, олон зуун хүмүүсийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусадтай харьцахад энэ ухаан хэрэг болно.

4. Хайрлаж дурлахуйн ухаан Энэ нь бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна гэдэг ухаантай салшгүй холбоотой. Хайр дурлал өөрийн учрал тохиол бүртээ хүний мөс чанар, санаа бодол, хүсэл тэмүүллийн цэвэр ариуны шалгуур болж, амьдралын нэгэн эгшинд хүний хувь заяаг шийдэх тул асар их ухаан, тэвчээр шаардана. Энэ ухаан нь үр хүүхдийнхээ эсвэл аав ээжийнхээ өмнө хариуцлага хүлээх, хүний сайн талыг олж харах, сэтгэлээ ариусгах, итгэл хүлээх, бусдад аз жаргал бэлэглэх ухаан байдаг.

5. Урлаг, гоо зүйн ухаан Энэ нь хорвоогийн дүрс хэлбэр, өнгө, хөдөлгөөнийн зохицолдоо, гоо сайхныг ухааран,түүнийг уран бүтээлээр илэрхийлэн гаргах чадвар юм. Орчноосоо гоо сайхны таашаалыг авах энэ ухаан нь гагцхүү ухаант хүнд л заяажээ.Энэ ухаан өнгө, дуу чимээ, дүрс хэлбэр, хөдөлгөөн, овор хэмжээ харьцааны утга төгс, далд чанарыг нээн илрүүлдэг байна.

/Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”/

Хүн гэж хэн бэ?: Хүн байхын утга учир

Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь ухаан. А.Гамильтон

Хүний хувьд ухаалаг амьдрах, хүнлэг хүн байх нь хүн гэж дуудуулж явахынх нь гол утга учир байдаг. Амьдралаа зорилго тэмүүлэлтэйгээр, зөв замаар авч явах, ухаан зарж амьдрах нь ухаалаг амьдралын үндэс юм. Харин хүнлэг хүн байх нь хүний мөс чанар, бусдад хандах хандлага, биеэ авч явах соёл, аав ээж, ах дүүгээ хайрлан халамжлах сэтгэл зэргээс хамаарна. Хөдөлмөр хүнийг сармагчнаас тусгаарлан хүн болгосон тул хүний шүтээн нь хөдөлмөр байдаг. Хүн хөдөлмөр хийгээгүй цагт түүнд арга дадал суухгүй, бүтээл гарахгүй, үүнээс улбаалаад амьдралынх нь утга учир алдагдаж хохирно. Хөдөлмөрлөөгүй , амьдарч чадаагүй хоёр адилхандаа гэж хэлэх нь бий. Иймээс хөдөлмөрч, ажилд хичээнгүй байхад хүн байхын утга учир оршино. Хүний нэг онцлог нь тэрээр өөдлөн дэвжсэн хөгжлийн хуулиар амьдардаг. Хүн бол хөгжил дэвшлийг аван явагч. Иймээс хүн цаг ямагт сайн сайхан луу тэмүүлж, хөгжиж дэгжиж амьдардах ёстой. Энэ нь хүн байхын бас нэгэн утга учир мөн. /Ц.Балхаажав "Хүн та хэн бэ?"/

Хүний соёл

Хүн үүссэн цагаасаа хойш амьтдын сүрэглэн амьдрах бүтцийг оюун ухааныхаа хүчээр гүнзгийрүүлэн баяжуулж, овог аймгаар, үндэс угсаатнаар зохион байгуулагдаж амьдрах арга хэлбэрийг сонгож улмаар нийгэм гэсэн зохион байгуулалтад хүрчээ. Нийгэм гэсэн хүмүүсийн энэ хамтын амьдралын хэлбэр нь хүн төрөлхтөний эрхэм үнэт ололт юм. Нийгэм нь хүний аюулгүйн баталгаа, хүчээ нэгтгэх боломж, оюун санааны, харилцааны нэгдмэл орчинг бүрдүүлж өгдөг. Нийгэмд хүн ардын оюун ухааны хүчээр соёл бүрэлдэн бий болдог. Хүн нийгэм, соёлын орчин дотор төрж, тэр соёлоос сурч, эзэмшиж байж хүн болдог. Бид хүний нийгэмд төрж, амьдарч байгаа болохоор энэ нийгэмд амьдрахад хэрэгтэй болгоныг сурах, мэдэх, эзэмших хэрэгтэй болно. Хүн төрөлхтөний үе үеийнхний хуримтлуулсан мэдлэг, туршлага, хууль дүрэм зэрэг нь хүмүүст юуг яаж хийх, амьдралаа хэрхэн авч явахыг зааж өгөх бэлэн жор болдог. Соёл бол хүнийг хүн болгодог, хүний сурдаг бүх зүйл юм. Хэл, мэдлэг, итгэл үнэмшил, шашин шүтлэг, хууль, ёс суртахуун, урлаг, утга зохиол нь соёлыг бүрдүүлэгч үндсэн нэгжүүд билээ.

/Агаронян А.С "Биеэ авч явах соёл"/

2010/01/04

Хэл ярианы соёл

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл.
Д.Нацагдорж


Хэл ярианы соёл нь чин сэтгэлийн ухаалаг, итгэлтэй үгэнд, сэтгэлийн сайханд, ойлголтын гүнд байдаг. Монгол хэл маань олон сайхан яруу эгшиг, сонсголонт гийгүүлэгчтэй учир энгүүн сайхан ярьж болох уран тод хэл билээ.

Б. Ринчен

Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалан, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм! …


Yгийг онож хэрэглэх соёл хүн бүхэнд байх ёстой. Оновчтой хэлц үг, хэл ярианы зөв сайхан дуудлага зэрэг нь хүний ухааны цар хүрээг үзүүлэгч мөн. Монгол хэлэнд уян зөөлөн, чин үнэн, эрс шулуун, хатуу хахир, уран цэцэн, ончтой мэргэн, учирласан, ухааруулсан, уурлуулж бухимдуулсан, хөхүүлэн дэмжсэн, хөгжөөн баясгасан гэх мэт мөн ч олон янзын үг бий. Бидний хэл яриа үг хэлцийн сонголтоос гадна нүдний харц, дуу хоолойн өнгөнөөс бас хамаарна. Нүдний маань харц энхрий зөөлөн, инээмсэглэсэн ялдам, урин дулаахан, хүйтэн, догшин, ширвэсэн, гөлөлзөж бултсан, хорсож зэвүүцсэн,үзэн ядсан талимаарсан, илбэж таалсан, аальгүйтэж өдсөн, ирмэж дохисон, нэвт шувт ширтсэн байж болно. Харин дуу хоолойны хувьд өндөр нам, нарийн бүдүүн, сөөнгө цээл, эмээж сүрдсэн, эрхлэж тунирхсан, нялуурч наадсан, зандарч дээрэлхсэн, ая тал зассан, аврал эрсэн, халаглаж харамссан байх нь бий. Хүн хэлж, ярихын өмнө хэлэх зүйлээ урьдчилан бэлдсэн, бодож тунгаасан, хэлэх үгэндээ сонголт хийсэн байх учиртай. Ажил үйлсийг дэмжсэн, ашигтай санаа өгсөн үгс нь хүний санаа сэтгэлийг өргөж, өсөн дэвжихэд нь тус дэм болдог бол бодлогогүй хэлсэн болчимгүй үгс сайн нөхрийн урамыг хугалж, ухаан бодлыг нь самуурхад хүргэдэг. Иймээс ч өвөг дээдэс маань эрт үеэс "Yгээр цохихоор сүхээр цохь" гэж сургаж ирсэн билээ.

/С.Дэмбэрэл "Бие хүний соёл"/

Д.Цоодол

Yг гэдэг амьдыг сөнөөх хүчтэй Yрэгдэж талийсан нөгөөгий ч амилуулж чадах шидтэй Yүгээрээ тэр цөмийн зэвсгээс ч аймшигтай Yүдийг нь сайн мана, харвахыг бүү яар!

Бусадтай ярилцах үедээ дараах зүйлсийг анхаарвал зохистой:
• Олон нийтийн дотор нууцгайлж ярих нь тун зохимжгүй, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг • Чи гэдэг үгийг хэрэглэх газрыг нь зөв олж хэлэхгүй бол тун осолтой. Өөрөөс дүү хүнийг чи гэж хэлж болох боловч тухайн хүнийг хүндэтгэж та гэж дуудаж болно. Өөрөөс ахмад хүнийг чи гэж дуудвал хүний эгдүүг хүргэж, уурлуулж болзошгүй. Харин насыг нь мэдэхгүй хүнийг бол та гэж дуудвал зохистой
• Бусдыг ярьж дуусаагүй байхад тасалж, зэрэгцэн ярьж болохгүй. Харин тэвдүү, яаралтай хэрэг гарсан бол уучлал гуйгаад, дараа нь учраа хэлж болох юм
• Хүнтэй ярихдаа дайрч доромжилсон, басамжилсан өнгө аясаар яриж болохгүй
• Нэг хүнтэй ярьж дуусаагүй байж өөр хүнтэй яриа үүсгэж болохгүй
• Бусдын ярианд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Yнэхээр шаардлагатай гэж үзвэл уучлал гуйгаад зөвшөөрөл хүсэж болох юм
• Олны дунд, гадаа гудамжинд, айлд очоод чанга ярьж хавь орчныхоо хүмүүсийн анхаарлыг татаж болохгүй
• Ямар ч хараалын үг хэлж болохгүй. Энэ нь бүдүүлэг зан байдлын илрэл байдаг
• Бусдын үзэл бодол, хариу эсэргүүцсэн санааг уужуу тайван, тэвчээртэй сонсож чаддаг байх хэрэгтэй.
• Маргаан ширүүсэх хандлагатай болвол аятайхан шалтаг олж зогсоох нь дээр
• Хүний ард явж байгаад тачигнатал инээж, хөхрөлдөн ярилцах нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг учир ингэхийг цээрлэх хэрэгтэй
• Ярихдаа яаралгүй, хэлж ярьж буй зүйлийнхээ утга санааг бодож, үг бүрийг тод хэлэх ёстой.

/М.Шатар “Түмний дунд түвшин явахын учир”/

Ёс суртахуун

Ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам юм. Ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: 1. Бусдыг үл хорлон буяныг үйлдэх 2. Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх 3. Yл бузарлан сэтгэлийг ариусгах 4. Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэнэ. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинж рүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар иржээ.

/Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”/

Харилцааны соёл

Орчин тойрныхоо хүмүүстэй буруу харьцах нь өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулна. Харилцааны соёлтой хүн өөрийгөө болон өөрийн хамт олныг эвгүй байдалд оруулахгүй байхыг эрмэлзэж, бусдад таашаагдахгүй зүйлийг хувийн амьдрал болон биеэ авч явах байдалдаа гаргадаггүй. Бусдаас эвсэг байдлыг шаардахаасаа өмнө өөрөө эвсэг байх шаардлагатай. Эелдэг хүн бусдын бодол санаа, дур сонирхол, зуршил зэрэгт анхааралтай ханддаг, хүмүүстэй харилцах үедээ дуугаа өндөр болгодоггүй, бусдын нэр хүндийг гутаан доромжилдоггүй, хүнд байдалд орсон хүмүүст тусалдаг юм. Эелдэг зан, харилцааны соёл нь уриалгахан, тэвчээртэй байдлаар голлон илэрдэг. Иймээс сурагч та тэвчээртэй, түргэн уурлахгүй, бусдыг доромжлохгүй, яльгүй зүйлээр хүнийг өөчилдөггүй байх ёстой. Харилцааны соёл нь мэндлэх, танилцуулах ёсоос эхэлнэ. Хүмүүсийн харилцааны уламжлалт хэлбэрүүдийн нэг нь мэндлэх ёс юм. Найз нөхөд, танил, ойр дотны хүмүүстэй болон хамт сурдаг нөхөдтэйгөө, хөрш, гэр орныхонтойгоо уулзахдаа хүмүүс бие биенийгээ хүндэтгэж байгаагаа илэрхийлж мэндлэлцдэг.Мэндлэх ёс нь хүн төрөлхтний эрт дээр үеэс уламжилж ирсэн заншил бөгөөд өдөр тутам хүмүүсийн хоорондын яриа хөөрөө, харьцааг эхлүүлдэг зайлшгүй нэг зүйл юм. Мэндлэхээр гараа сунгаж байгаа нь хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл юм. Yнэн санаанаасаа, халуун дотноор гар барих нь хүний сэтгэлийг хөдөлгөж, тэнэгэр сайхан болгодог. Мэндэлж байгаа хүмүүс бие биенийхээ нүд рүү эгц харж, биеэ биеэ сайн танихгүй бол төлөв даруу байдлаар мэндлэх ёстой. Бусадтай харьцахад даруу төлөв байвал зохистой. Даруу хүнийг хүмүүс тойрон хүрээлж, хүндэтгэн харьцах бөгөөд даруу хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг эрмэлздэггүй. Даруу зантай хүн бусдыг хүндэтгэж, хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв үнэлж чаддаг. Олны дунд ичдэг, биеэ барьдаг, сандарч мэгдэн ярьж чаддаггүй бол ичимхий, "нүүр хагараагүй" хүүхэд байна гэдэг. Бусадтай харьцах үедээ иймэрхүү байдалд ордог бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй: • Ердийн байдгаараа энгийн байхыг бод • Яриандаа бусдад эвгүй сэдвийг сонгон оруулах хэрэггүй • Эвгүй байдалд орвол товчхон уучлалт гуйгаад яриагаа цааш үргэлжлүүл. Эсвэл сэдвээ өөрчил • Юм ярихдаа бусдыг хүндэтгэж, тэдний сонирхол, цаг завыг бодолцож үзэх хэрэгтэй • Өөрийн амжилтын тухай, өөрийнхөө тухай ярихыг хичээх хэрэггүй. Хүний хувийн амьдралтай холбоотой асуудлыг асууж, шалгаах нь зохисгүй. Байхгүй байгаа нөхрөө муулсан зүйл хэзээ ч битгий ярьж бай

/А.С.Агаронян "Биеэ авч явах соёл", М.Шатар "Түмний дунд түвшин явахын учир"/

Амьдралын ухааны талаар

Ажиллаж, бүтээх гэж хүн амьдардаг. Ажиллаагүй, амьдраагүй хоёр ижилдээ ижил.
Ф.Вольтер


"Сургуульд сайн муу сурах, цалин их бага байх нь хүний амьдралд чухал бус, харин
хүн амьдарч сурах нь л чухал гэдгийг 12 настайдаа л би ухаарсан" гэж нэгэн саятан
нэгэнтээ өгүүлсэн байдаг. Амьдарч сурах гэдэг нь амьдралын ухаантай холбоотой. Хүн шиг амьдархад хэрэгтэй арга ухаан, ухаантан мэргэдийн сургаал номлолоос энэ бүлэг сэдэвт орууллаа. Эдгээр нь таны оюун бодлыг шинэ эрч хүчээр сэлбэх болтугай!

Эрүүл аж төрөх ухаан

Толгойг сэрүүхэн, ходоодыг өлөн, хөлийг дулаахан авч яв.
Өвчний эх пологтох, эмчлэхийн эх буцалгасан ус
Ардын сургаал


Хүн ерөөс гурван төрлийн үнэт эрдэнэсийг агуулж, түүнтэй өдөр тутам харьцаж байдаг. Энэ нь эд баялаг, эргэх цаг хугацаа, эрүүл мэнд юм. Эд хөрөнгөө алдаж, гал усны үерт үрэгдүүлж болно, энэ бол бага хэрэг. Цагийн үр ашиггүй дэмий хоосон өнгөрөөдөг бол бид нилээдийг алдаж байгаа хэрэг. Харин эрүүл мэндээ алдчихвал ерөөс нэг мөсөн бүгдийг алдаж байгаа хэрэг.Эрүүл аж төрөх ухааны тулгын гурван чулуу нь:

1. Зөв хооллох
2. Хөдөлгөөнтэй байх
3. Биеэ чийрэгжүүлэх явдал байдаг.


Өөрийн бие, эрүүл мэндийг та өөрөө л хайрлахгүй юм бол таныг хэн ч хайрлахгүй. Өөрийгөө хайрлахын нөгөө тал нь эрүүл мэндийнхээ төлөө өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялан дийлэх,өөрийгөө амьдралын зөв дэглэмд хэвшүүлэх, өөрийгөө шинээр нээн олох тэмцэл юм. Харин залхуурал, буруу хэвшил, хайхрамжгүй байдал хүний эрүүл мэндийг хорлох гол дайсан байдаг.

Зөв хооллох

Yдийн хоолондоо өчүүхэн багыг, оройн хоолондоо бүр багыг идэгтүн.
Оройн хоолгүй орондоо орвол бүр ч сайн
Бенжамин Франклин

Өлссөн цагтаа л ид, идэхдээ аль болох бага ид. Энэ нь зөв хооллолтын үндсэн зарчим юм. Хоногийн хоолны илч бие махбодын энерги зарцуулалтыг хангах ёстой. Хоногт уураг 60-75 гр, өөх тос 80-100 гр, нүүрс ус 350-450 гр байвал зохино. Нийт хоолны 30 хувийг өглөө, 45 хувийг өдөр, 25 хувийг орой идвэл зохистой.

Зүй зохистой хөдөлгөөн
Ямар ч насны хүн биеэ чийрэгжүүлэх, хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх, эд эрхтэнээ хөдөлгөөнд оруулах дасгалууд хийж байх ёстой бөгөөд харин түүнийг огцом бус аажмаар хийж сурах хэрэгтэй байдаг. 1973 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хөгшрөлтийн гол шалтгаан нь эс хоорондын зайд аажмаар тунаж үлдсэн шаар болохыг тогтоожээ. Өглөө бүр биеийн тамирын дасгалыг тогтмол хийхээс залхууран олон мянган хүн өөрийнхөө бие махбодыг элдэв хорт “шаараар” дүүргэж, мэдрэлийн үйл ажиллагаа нь суларсанаас болж залуугаараа нас эцэслэх нь олонтаа.

Муу зуршил
Муу зуршлаас хүч сулрал, өвчин шаналан эхэлдэг. Муу зуршил энергийг хорогдуулж, организмыг доройтгодог. Өвчин аж төрөх ёсноос л үүдэлтэй. Эмх замбараагүй амьдрал танд заяагдсан насны талыг богиносгож дөнгөнө. Энэ хуулийг зөрчсөн хүнд анагаах ухаан өмгөөлөгч болно гэхэд хүчин мөхөсдөнө. Архи , тамхи, элсэн чихэр, давс ихээр хэрэглэх нь муу зуршил юм.

Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"

Хайрын нууц

Бидний амьдралыг утга учиртай, төгс төгөлдөр болгодог баялгийг найман төрөл болгон хувааж болох юм. Yүнд:

1. Материаллаг баялаг
2. Мэдлэг
3. Амжилт бүтээл
4. Эрүүл мэнд
5. Хайр
6. Нөхөрлөл
7. Гэр бүл
8. Өөрийгөө үнэлэх баялаг


Хүний аз жаргалтай , сайн сайхан амьдралын нууцыг эдгээр найман баялагаас эрж хайх учиртай. Эдгээрээс хамгийн гол баялаг нь “хайр” юм. Бид бүгд хайрын сэтгэл, хайраар дүүрэн харьцааг хорвоо дээрх юунаас ч илүү хүсч, түүнд л тэмүүлцгээдэг билээ. Хайр л амьдралд утга учир өгдөг.

Хайрын алтан дүрэм:
Хайрлуулахыг хүсч байвал чи өөрөө хайрла. Бид амьдралд юуг өгнө, түүнийгээ л буцааж авдаг. Би өөрөө бусдыг хайрлаагүй байж бусдаар өөрийгөө хайрлуулна гэвэл ёстой том эндүүрэл. Хэн бусдыг хайрлаж чадаж байна, тэр хүн хамгаас илүү олонд хүндлэгдэж, олон хүний хайрыг булаадаг.

/Адам Жексон "Хайрын 10 нууц"/

Эрдэм ном

Ном бол бидний багш
Номын утга гэж далай далай
Ухаан муутын гэрт ном сударгүй
Унхиа муутын хотонд өвс хужиргүй
Бурхан дээр ном тавьж болно
Ном дээр бурхан ч тавьж болохгүй


Номыг дагавал харанхуй өрөөнд бамбар асааж орсон хүнтэй адил буюу. Түнэр харанхуй сарнин замхарч эргэн тойрон гэрэл гэгээ түгнэ.
<<Бурхан багшийн сургаал>>

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш байдаг юм.

Номын утга нь тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт.
Ц.Дамдинсүрэн


Аль ч газрын чинээлэг, сайн сайхан ажиллаж, амьдарч яваа хүмүүс өөрийн номын сантай байдгийг сурагч та ер нь анзаарсан уу. Тэр хүмүүс баян учраас тийм олон ном худалдан авсан байх уу? Эсвэл урьд нь ийм олон ном уншсан учраас баян болсон юм болов уу? Хүн гэдэг амьтан өөрийн уншсан номын хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд бид ном уншиж байна гэдэг тухайн номыг зохиогчийн толгойгоор сэтгэж байна гэсэн үг. Хүн төрөлхтөний үе үеийн суут сэтгэгч, гэгээнтэнүүд өөрийн оюун ухааны ололт, туршлагыг номоор дамжуулан хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээсээр иржээ. Тэдний оюуны зохиол бүтээлтэй номоор дамжуулан танилцсан хүн тэднээс илүү ихийг мэдэж авч үлддэг. Бидний аав, ээжийн үед ямар нэг гэрчилгээ, диплом олж авч чадсан л бол амьдрал баталгаажив гэдэг байлаа. Энэ дүрэм өдгөө өөрчлөгджээ. Одоо үед насан туршдаа ажиллах, суралцахыг хослуулахыг шаардах болж. Бид байнга л хэн нэгэн багшаар, аль нэгэн сургуульд сурч, мэдэх ёстой бүх зүйлээ заалгана гэж байхгүй. Харин багшгүйгээр, хүссэн газраа, хүссэн цагтаа, дуртай зүйлдээ суралцахад бидэнд ном тус болох юм. Гэхдээ ном уншиж, мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа нь тэр гээд тааралдсан номоо барьж уншаад байвал бид юуг ч мэдэж авч чадахгүй. Унших цагаа хэмнэх нэг арга бол сурагч та хэн нэгэн сонирхолтой хүнтэй танилцвал ямар нэгэн "бяцхан яриагаар" цаг нөгцөөхийн оронд түүний уншсан хамгийн сайн 3 номны тухай асуу. Дараа нь дахин нэг алхам хийж, яагаад хамгийн сайн ном гэж үзэж байгааг нь асуу. Тэгээд тэр номыг нь эрж хайж олоод уншиж үзэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна уншиж судалсан номынхоо өөрт таалагдсан зүйлийг тэмдэглэж байх нь сүүлд ямар нэг зүйлд ашиглахад хэрэгтэй байдаг. Тэмдэглэлийн дэвтэр бол хараахан хэвлэгдээгүй байгаа ном юм. Хүн бүр өөрийн олж мэдсэн, ажигласан зүйлийнхээ талаар тэмдэглэлийг өдөр бүр бичиж хэвшиж сурах нь чухал.

/Бодо Шефер "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам", Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

Мөнгийг зохистой зарцуулах ухаан

Сэтгэл татам Вавилон хотын хэрмийг боолчууд барьсан ба хэрмийн хүнд чулууг зөөх боолчууд дээр нар өрөвдөх сэтгэлгүй шарж, тасралтгүй ороолгох ташуурын дор тэд дунджаар 3 жилээс илүү тэсдэггүй байлаа. Сонирхолтой нь гэвэл эдгээр боолчуудын 3 хүний 2 нь дайны олзлогсод бус өрийн төлөөс болж эрх чөлөөгөө алдсан Вавилоны оршин суугчид байлаа. Учир нь гэвэл тавьсан өрнийхөө төлөөсөнд эртний Вавилончууд өөрсдөө алхны дор" дуудлага худалдаанд орж боол болдог байжээ. Тийнхүү ажиллаж байгаа боолчууд нь Вавилоны оршин суугч бүрт тохиолдож болох бодит дүр зураг байлаа. Ийм эрсдэл хүлээхээр байтал хүмүүс яаж тийм тэнэг байдаг юм бэ? Yүний хариулт тодорхой, тийм хүмүүс тухайн мөчийг л хэрхэн аз жаргалтай өнгөрүүлэх вэ? гэж бодохоос ирээдүй хойчийн үр дагаварын талаар боддоггүй юм. Өнөө цагт ч гэсэн энэ байдлыг бид өөрсдийн болон эргэн тойрны хүмүүсийн амьдралаас харж чадна. Вавилончууд өөрсдөө "алхны дор" дуудлага худалдаанд ордог байсан бол өнөөдөр хүмүүс байшин, эд зүйлсээ алханы дор өгч байна.

Насанжаргал хүүг 10 нас хүрэхэд аав нь халаасны мөнгө өгч байхаар болжээ. Аав нь нэг өдрийн чөлөөг ажлаасаа авч хүүгээ дагуулан хотын захын гэр хороолол руу дагуулан очсон байна. Тэгээд аав нь хүүдээ “Чи ийм газар, ингэж аж төрөхийг хүсэж байна уу? Чи дахиад 10-15 жил аав, ээжтэйгээ хамт амьдрах болно. Дараа нь өөрөө тусдаа амьдрах ёстой болно. Тэр үед чи дорвитой мөнгө хуримтлуулж, мөнгө зарцуулах ухаанд суралцаагүй байвал иймэрхүү замаар л амьдарна” гэж хэлсэн гэдэг. Аав нь хүүдээ өдөрт 1000 төгрөгийг халаасны мөнгө болгон өгч байхаар болсон бөгөөд хэмнэсэн төгрөг тутамд нь 10 төгрөгийг түүний нэр дээр хадгалж байхаар тохиролцжээ. Ингэхэд хүү нь 15 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох мөнгө хуримтлуулж чадсан гэдэг.

АНУ-н 100-тын долларын дэвсгэрт дээр Бенжамин Франклин хэмээх хүний хөрөг зураг бий. Энэ хүн бага насандаа тохиолдсон нэгэн явдлын талаар ийнхүү дурссан байдаг:

"Намайг бага байхад найз нөхөд, гэрийнхэн маань нэгэн баяраар надад нилээд их мөнгө бэлэглэв. Би дэлгүүр гарч юм авахаар явж байснаа замд тааралдсан нэг жаалын гартаа барьсан шүглийг шохоорхож бүх мөнгөө нэг шүгэлнээс өгч орхилоо. Гэртээ ирэхэд ах, эгч нар маань намайг ямар наймаа хийснийг сонсоод, уг шүглийг би дөрөв дахин их үнээр авсныг хэлж, илүү гарзадсан мөнгөөрөө юу юу авч болох байсныг тайлбарлалаа. Тэд миний тэнэгийг шоолж инээлдэхэд би өөртөө гутарч уйлж билээ. Yүнээс хойш би насан туршдаа ямар нэг зүйл худалдан авахдаа өөрөөсөө энэ нөгөө шүгэл биш биз гэж асуудаг болсон"

/Бодо Шефер "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам", Г.Аюурзана "Суут 60 сэтгэгч"
Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/