2012/01/17

Д.Сүхбаатар: Үүнээс илүү баярт үйл явдал тохиож байсангүй

Ш.Пүрэвсүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин №170 2011-07-18

Монгол Улсын аварга Мөнхбатын аав Д.Сүхбаатар, ээж Л.Эрдэнэхүү нартай ярилцлаа.

-За баяр наадам ч энэ жил мөн сайхан боллоо доо?

Д.Сүхбаатар: Хэлээд юу гэх вэ. Үүнээс илүү сайхан баяртай үйл явдал хөгшин бид хоёрын амьдралд тохиож байсангүй гэхэд хилсдэхгүй байх. Миний бор хүүг арав давахад нь цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэж суусан бүх хүн уухайлан баяр хүргэж байгааг хараад өөрийн эрхгүй л хоёр нүдийг минь нулимс бүрхсэн дээ. Дараа нь нутгийн олон түмэн энд тэндээс тэр шөнөжин утасдаж баяр хүргээд л. Үнэхээр сайхан наадам боллоо. Монголчууд бөхдөө ямар их хайртай ард түмэн болохыг нь бие сэтгэлээрээ бүрэн мэдэрсэн шүү.

Л.Эрдэнэхүү: Би ч яахав насаараа л Долоон бурхан одондоо залбирч үр хүүхдийнхээ хувь заяаг даатгаж яваа хүн. Тэр шөнийн тэнгэр цэлмэг тунгалаг байсныг яана. Бор хүүгээ тэр олон том, том бөхчүүдэд уначих вий гэж айгаад зурагтаа ч харж чаддаггүй. Гадаа гараад л Долоон бурхандаа сүүгээ өргөөд залбираад зогсоод байлаа. Долоо давлаа гэхийг нь сонсоод дотор жаахан уужирлаа. Тэгсэн чинь найм, ес, арав юу болсон гэж санана. Нэг харсан чинь энэ хавийн гудамжныхан таньдаг таньдаггүй бүгд манайд цуглачихсан баяр хүргээд байсан. Сая наадмын өмнөхөн, долдугаар сарын 8-нд хүү маань бэлтгэлээсээ бууж ирээд манайд ирж хоёр хоног өдөржин шөнөжин унтлаа. Хоолоо ч иддэггүй, гадаа аавынх нь зоож бэлдэж өгсөн турникэн дээр ч ганц удаа суниадаггүй, гарч бие засчихаад л унтаад байхаар нь гайхсан шүү. Хүүгийнхээ төлөө миний чадах юм бол шөнө орой болгон Долоон бурхандаа залбирч сүүгээ өргөнө. Мөнхбат нэг удаа “Ээж, та юу хүсч залбираад байна даа” гэхээр нь “Хүүгээ улсын заан болгож өгөөрэй гэж Долоон бурхнаасаа гуйж байна” гэсэн чинь “Та нэг мөсөн аварга болгож өгөөч гэж гуйвал яасийм” гэдэг байгаа даа. Би сандарч “Үгүй ээ, хүү минь тэгж ч даварч болохгүй шүү” гэсэн гээд л бодчих.

-Увс аймаг олон ястны нутаг. Баруунтуруун сум бол сүүлд атар эзэмших их аяны үед байгуулагдаж газар газрын хүмүүс цугласан гэх юм билээ. Өөрөө яг аль сумын хүн бэ?

Д.С-Эхнэр бид хоёр Ханхөхийн хошууны л хүмүүс. Манай аав, ээж төрийн их тахилгат хайрхан Ханхөхий уулын баруун талд, эхнэр Эрдэнэхүүгийн маань аав энэ сүрлэг уулын зүүн сугаар нутаглаж байсан хүмүүс. Товчхон хэлэхэд биднийг Увс аймагтаа цөөнх гэгддэг элжигэн халх хүмүүс гэж ойлгож болно. 1959 оныг хүртэл одоогийн Увс аймгийн Цагаанхайрхан сум Баруунтуруун САА-н нутгийг Туруун сум гэж нэрлэж байж. Манай аав ээж чинь энэ олимпийн аварга Бадар-Ууганы ээжийн өвөг дээдэстэй яг нэг дорын улс байгаа юм. Хожим нь 1959 оноос Баруунтуруун САА байгуулагдан Цагаанхайрхан сумаас өрх тусгаарлаж атрын анхдугаар аянаар газар газраас хүмүүс цуглаж энэ сум олон ястан үндэстний өлгий нутаг болсон гэдэг юм билээ. Эхнэр бид хоёр ч, аварга Мөнхбатын эгч дүү нар нь ч бүгд Ганбат арслан, дэлхийн аварга Цагаанбаатар нарын адил энэ суманд төрсөн учраас бид бахархалтайгаар Баруунтуруунаараа овоглодог юм шүү дээ. САА-н 60 жилээр 2003 онд таны бичсэн тэр “Турууны хүүхдүүд”, мөн сүүлд гаргасан “Турууныхан” номнууд манай сумынхны бараг ширээний ном болсон доо. Түүнд ороогүйдээ жаахан сэтгэл дундуур байдаг юм. Анзааргагүй явж байгаад материалаа цагт нь өгч чадаагүй хоцроочихсон юм.

-Зүгээр ээ, дараагийн номонд аварга хүүтэйгээ хамт орохоор цаанаас нь нэг юм хүлээлгэсэн хэрэг байх. Хүү чинь бага байхдаа ямар хүүхэд байв. Ер нь бөх болох шинж тэмдэг нь хэдийгээс анзаарагдах болов. Танайхан ер нь бөхийн удамтай юу?

Д.С. Та мэдэх байх. Манай суманд аймгийн арслан Юнрэн гэж их мундаг бөх хүн байсан даа. Нэг л удаа улсын наадамд ирж барилдаад дөрөв даваад тавын даваанд хөлөндөө гэмтэл авснаас хойш улсад явж барилдаагүй, аймагтаа ганц хоёр удаа түрүүлснийг нь эс тооцвол Баруунтуруун сумнаасаа ер нь гарч явдаггүй, сумандаа 12 удаа түрүүлэн дархлагдсан хүн байлаа. Тэр хүн манай хүүг бүр багаас нь ажаад “энэ хүү алсдаа юм дуулгаж мэдэх хүүхэд байна” гэж үнэлэн дунд сургуульд сурч байхад нь багш шавийн барилдлагаатай болсон гэлцдэг юм. Миний нагац аймгийн заан Дашцэрэн гэж их бяртай хүн байлаа. Ер нь Ханхөхийн хошуунд дээр үед Вандан аварга, Ламзав заан гэж долоон хошуу даншиг наадамд түрүүлж шөвгөрч байсан мундаг хүмүүс байсан гэлцдэг юм. Мөнхбат маань ер нь багаасаа их махруу, нэг юмны төлөө зоривол заавал ард нь гардаг зантай хүүхэд. 10 төгсдөг жилээ сумандаа түрүүлж сумын заан болсон. 2005 онд Сүхбаатар аймагт барилдаж аймгийн заан, мөн ондоо Баянмөнх аваргын нэрэмжит тойргийн барилдаанд Увс аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон доо.

-Та чинь өөрөө бас сайн барилддаг байсан даа. Сумандаа нэлээд хэдэн удаа түрүүлсэн байх.

Д.С.Би их сонин юм ярья. Танай аав Шарав гуай цэргийн арслан цолтой хүн байсан санагдана.

-Тийм, аав маань 1939 оны дайны өмнөхөн Дорнод аймагт болсон цэргийн их баяр наадамд барилдан түрүүлж цэргийн арслан болж байсан хүн шүү. Түвдэндорж гэж шинэ цэрэг улсад, би цэргийн их наадамд нь дайнтай жил Дорнодод түрүүлж байсан гээд л их ярьдаг байж билээ.

Д.С. Аавыг тань манай Турууныхан Шийлаа гэж авгайлна. Намайг анх барилдаж эхэлж байх тэр үед 60 нилээд хол гарчихсан Шийлаа маань сумын наадамдаа зодоглон гурвын даваанд намайг авч барилдан өвдөглөнгөө надаар зодог тайлж байсан юм. Үүнийг би нэлээд учиртай юм болов уу гэж одоо хүртэл боддог юм. Тэр жилээ би сумынхаа наадамд Туруун сумандаа дархлагдсан Юнрэн зааныг өвдөг шороодуулан түрүүлж сумын заан цол авч нэлээдгүй хөөрч байж билээ.

-Таныг Баруунтуруун САА-д сайн комбайнчин байсныг би мэдэх юм?

Д.С. Баруунтуруун САА чинь 44 мянган га эргэлтийн талбайтай манай улсын хамгийн том САА гэгддэг байлаа. Би чинь гайхуулж байгаа ч юм биш улсын аварга комбайнчны болзлыг зургаан удаа хангаж байсан хүн. Ганбат арслангийн аав Батжаргал гуай, жүдо бөхийн дэлхийн аварга Цагаанбаатарын маань аав Хашбаатар бид бүгдээрээ л хар багаасаа Харцагаан усны бригадад трактор комбайнтай ноцолдож явлаа. Одоо ч гэсэн би нутаг руугаа явж жаахан тариа тарьдаг, түүгээрээ л хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, хоол ундыг нь базаадаг хүн. Ганбат арслан, Мөнхбат хоёр маань ч ялгаагүй аав ээжийгээ даган Харцагаан ус, Бортолгой, Өлөнгийн их тариан талбайн шороотой хутгалдаж, Баруунтуруун, Зүүнтурууны голын усаар ундаалж, угаагдаж өссөн хүүхдүүд.

-Мөнхбат аварга одоо хэдэн настай юм бэ. Анх улсын наадамд хэдэн онд гарсан билээ?

Д.С.1984 оны хулгана жилтэй хүүхэд. Ер нь багаасаа барилдах хорхойтой, ямар сайндаа арваа төгсөхдөө ШУТИС авчихаад түүнийгээ удалгүй орхиод “Шонхор” дээд сургуульд орчихсон явсныг нь бид хоёрт нэлээд хожуу сонсгож байж билээ. 2006 оны улсын наадамд анх барилдаад шууд дөрөв давчихдаг юм байна. Би ч цочирдоод бараг шооконд орчихсон байлаа. Тэгтэл тавын даваанд нутгийн ах Ганбат заан авчихаар нь би тань руу Туруунаас утасдаж Ганбаад гомдож, нэг их уйлаагүй юу. Та санаж байна уу?

-Саналгүй яахав. Тийм юм болох нь болсон. Заан маань нутгийн дүүгээ сэтгэл зүйн хувьд нэлээд хатуухан сорилд оруулахаар шийдсэн юм байлгүй дээ гэж боддог. Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ гээд мундаг мундаг дархан аваргуудыг залгамжлан гарч ирж, шинэ зууны шинэ үеийн бахчүүдээ манлайлан барилдах боломжтой болсонд нь баярлаж, би нутгийн дүүдээ энэ аваргуудын зиндаанд хүрнэ гэдэгт итгэн маш их билэгшээж явна. Мөнхбат маань ер нь их зоримог, хурц дайчин барилдаантай, угсраа мэхтэй, хийсэн мэх нь даацтай харагддаг.

Д.С. Би Мөнхбатынхаа хэд хэдэн чанарыг эцэг хүний хувьд үнэлдэг юм. Мөнхбат маань сүүлийн гурван жил дараалан улсын наадамд авсан цолоо ахиулан барилдаж, бидний тааварлаж байгаагүй өндөр амжилтанд хүрч аварга боллоо. Баруунтуруун сумын маань хоёр хүүхэд улсын наадамд жил дараалан түрүүллээ. Саяын наадмын өмнө “Харзтай” амралтнаас наадмын өмнө ар гэрийнхээ аар саар ажлаа амжуулахаар гэнэт хүрээд ирдэг юм байна. Буцаад очсон чинь Балжаа аварга бэлтгэлээ хаяад явсанд нь маш их уурлаж, ганцааранг нь машинаараа элдэн хөөж, 15 км-ийн кросс хийлгэсэн гэнэ лээ. Мөнхбат ч гүрийгээд яг яс гүйгээд ирэхэд нь Балжаа аварга, Жанчивдорж начин нар түүний тэвчээрийг нь үнэхээр үнэлсэн гэж ярьж байсан. “Шонхор” дээд сургуулийн нэгдүгээр курсыг төгсөөд нутагтаа ирдэг намар нь бид Мөнхбатыгаа бас л амаргүй сорилтонд оруулсан юм. Бидний тариа тарьсан талбайд тэр жил маш их царван ургачихдаг юм байна. Царвантай тарианы гурил гашуун амттай болдогоос тарьсан тариа маань борлогдохгүйд хүрэх учир манай Мөнхбатад нилээдгүй том үүрэг ногдлоо. Тэрээр тариа хурааж байгаа комбайны өмнө нь гүйж царванг нь нэг бүрчлэн зулгаана. Эцэж цуцна гэж ер байхгүй. Өдөрт хэдэн км гүйж хичнээн их царван түүж хаясныг тооцох аргагүй. Тэр намаржингаа тариан талбай дунд тогоруу аятай тонголзон гүйсэн дээ, миний бор хүү. Тэр их тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөрийнх нь шан юм байлгүй, тэр намар гар хөлнийх нь булчин учиргүй томорчихсон, зодог шуудагнаас нэг л атгах юм бол тавьдаггүй гарын сарвуу нь бахь шиг болчихсон байсан гэж дэвжээнийх нь залуучууд сүүлд нь ярьж байж билээ. Хойтон жил улсад барилдаад дөрөв давчихсан юм ш дээ. Баянаа аварга уржнан жил начиных нь цайллаган дээр баяр хүргэж үг хэлэхдээ “Мөнхбат маань биеэр их томгүй боловч, хурц дайчин барилдаантай, хэнийг ч хаяж, ямар ч цолонд хүрч мэдэх хүүхэд” гэж ярьж байсан нь өнөөдөр биелэлээ оллоо шүү дээ.

-Ээжээс нь би нэг юм асууя гэж бодож байна. Мөнхбат аварга чинь аав ээжээсээ олуулаа юу. Аваргыг дагаад барилдчих хүүхэд танайд бий юу?

Л.Э. Манайх чинь дөрвөн банди, нэг охинтой хөдөөний л нэг борогдуу айл. Мөнхбат маань дээрээ Ариунаа гэж нэг эгчтэй. Бусад нь Ганзориг, Дагвасүрэн, Баттулга гээд эрэгтэй дүү нар нь. Баруунтуруунаас таван жилийн өмнө нүүж ирээд Баянхошууны зүүн салаанд бид нэг дороо амьдардаг байсан юм. Бэлтгэл сургууль гээд гэр орондоо нэг их үзэгддэггүй хүн юм чинь эрэгтэй дүү нар нь голдуу гэр орныхоо ажлыг амжуулна. Дүү нараа барилдана гэхээр манай Мөнхбат зөвшөөрдөггүй юм. “Бөхийн спортоор хичээллэнэ гэдэг чинь хэн дуртай нь хийх ажил биш. Ах нь нэгэнт шийдсэнээрээ ингээд зовлогоо зулгаагаад явдгаараа явъя. Харин та нар толгой тархиа л сайн хөгжүүл” гэж захина. Хүү маань өвлийн хүйтэнд шөнө дөлөөр бэлтгэлээ тараад сүүлийн автобусаар голдуу Баянхошуунд ирдэг байлаа. Үүргэвчиндээ хам хум чихчихсэн бэлтгэлийнх нь хувцас замдаа тас хөлдөөд дарайчихсан л гэртээ орж ирнэ. Даарчихсан өлсчихсөн амьтан хоол хайж, тогоо шанага хангинуулаад эгч нь нөгөө хөлстэй нойтон хөлдүү хувцсыг цүнхнээс нь салгаж гаргах гэж бөөн юм болно доо. Дараа нь тогоо дүүрэн ус халааж нөгөөдүүлийг нь угаана, маргааш нь дахиад өмсөх учраас хатаах гэж нойтноор нь индүүдэн уур манаргаж, шөнөжингөө л хүүхдүүд маань унтуулахгүй бужигнацгаадаг байлаа.

-Мөнхбат үе тэнгийнхнээсээ биеэр нилээд жижиг харагдах юм. Одоо жин хэдтэй байна аа?

Д.С. Дархан аварга Мөнхбат цагтаа үндэс болоод чөлөөт бөхөөр ид барилдаж байхдаа 90кг, Баянаа аварга хасах 100-д барилдаж байсан гэдэг юм билээ. Манай Мөнхбат чинь байнгын бэлтгэлийнхээ үед 120 орчим кг жинтэй байдаг хүн. Тэгээд бодохоор биеэр тийм ч их жижиг хүн биш гэж би боддог. Өсөхөө аварга, Ганбат арслан, Ганбаатар гарьдын хажууд л хүмүүсд жижигхэн юм шиг харагдаад байгаа хэрэг.

-Аваргын гэр бүлийг таилцуулахгүй юу, одоо хаана амьдарч байна?

Д:С.Манай хүн чинь 2009 онд начин болсныхоо дараа Увс аймгийн нутгийн зөвлөл хоёр өрөө байраар шагнах хүртэл Баянхошуунд бид хэдтэйгээ энэ жижигхэн байшиндаа чихэлдэн амьдарч байлаа. Одоо хүү маань нутгийн олны буянаар байртай болж бэлтгэл сургуульдаа явахад нь их дөхөмтэй болсон шүү. Сая нутгийн зөвлөлийнхөн нь бас л их үнэтэй машинаар шагнасан байна лээ. Манай бэр Сараа маань бас л Баруунтуруун суманд төрж өссөн хүүхэд. САА-н даргаар нь олон жил ажилласан Болд гэдэг хүний охин. Одоо энэ жил гурван нас хүрч байгаа өвөө эмээгийнхээ гар дээр төрсөн дураараа шар охин бий.