2010/10/22

Зам


Зохиогч: Д.Пүрэвдорж

Орчлонгийн бүхэл цогцсыг
Оосор бүч шиг ороосон
Зам бүхнээр хүмүүс
Зарим нь зовлон руу
Зарим нь жаргал руу
Зайгүй цуварна
Зам олон янз
Зарим нь урт
Зарим нь богино
Заяа тавилан шиг
Зам олон янз
Хол ойрын олон зам нийлж
Хот суурины хээлэнд
Гол мөрөн шиг цутгана
Зам олон янз
Зарим нь нийлж
Зарим нь салж
Заяа тавилан шиг
Зам олон янз ...

Зайсан толгой

Улаанбаатар хотын урд талд Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдэгийг хэн хүнгүй мэднэ. Анх энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх дов довцог болж улам томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нүүсээр байв. Богд шадар сайдаа цуглуулан энэ тухай ярьхад нэг цэцэн түшмэл нь:
-Төвдөөс Монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол өгвөл эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн “Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн рүү хошууран нүүхээ зогсчээ.

Газар хөдөлдгийн учир

Манзушири мэлхий болж хувилаад дэлхий ертөнцийг дээрээ тээж, гараа элгэндээ эвхээд хэвлийгээрээ хэвтэж гэнэ. Тэр мэлхийн нуруу нааш цааш болоход л энэ дэлхийд газар хөдөлдөг нь тэр гэнэ.

Уул ус бий болсон тухай

Эрт цагт нэг эмэгтэй бурхан, хүү нь нас бараад уйлж унжиж суухад нулимс нь гол мөрөн болоод урсаж байжээ. Өөр нэг бурхан энэ ертөнцийг эргэж тойрч явах гэтэл тэр урссан нулимс гол мөрөн болоод саад хийгээд байхаар нь тэр эмэгтэй бурханыг суугаа чигээр нь уул болгоод хувиргачихаж гэнэ. Уулнаас ургасан ургамал мод нь бурханы үс, ус мөрөн нь бурханы нулимс ажээ.

Дэлхий анх тогтсон нь

Манай дэлхий анх одоогийнх шиг хөрс шороо гэж байхгүй усаар бүрхмэл байсан гэнэ. Тэгээд Хурмаст тэнгэр ,,Галбингаа,, гэдэг шувууг манай дэлхий рүү явуулжээ.
Тэр шувуу гурван түмэн жилийн настай юм байна. Нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гэнэ. Тэгээд үүрээ засах хуурай газар олдохгүй усан бөмбөлөг дээгүүр нисэж, нисэж эцэс сүүлд нь өдөө зулгааж усан дээгүүр үүр засаад өндөглөжээ.
Тэр зассан үүрэн дээр нь хумхийн тоос суусаар байгаад газрын хөрс үүссэн гэнэ. Гурав дахь түмэн жилд дээр гарсан өндөгнөөс янз бүрийн амьтан үүсэж, сүүлд хүн бий болжээ. Ингэж хөрс дэлхий тогтсон юм байна.