Showing posts with label Ухаарлын шүлгүүд. Show all posts
Showing posts with label Ухаарлын шүлгүүд. Show all posts

2010/10/22

Зам


Зохиогч: Д.Пүрэвдорж

Орчлонгийн бүхэл цогцсыг
Оосор бүч шиг ороосон
Зам бүхнээр хүмүүс
Зарим нь зовлон руу
Зарим нь жаргал руу
Зайгүй цуварна
Зам олон янз
Зарим нь урт
Зарим нь богино
Заяа тавилан шиг
Зам олон янз
Хол ойрын олон зам нийлж
Хот суурины хээлэнд
Гол мөрөн шиг цутгана
Зам олон янз
Зарим нь нийлж
Зарим нь салж
Заяа тавилан шиг
Зам олон янз ...

2010/01/03

Сөхрөл


Зохиогч: Л.Түдэв

Өвдөг сөхрөн унаваас
Өргөөд хэн нэг нь босгоно
Өөрөө ч бас өндийж чадна
Сэтгэлээр харин унаваас
Сэргээж хэн ч үл босгоно
Сэрж сэхэшгүй сөхрөл тэр!

Сэтгэл

Зохиогч: Л.Түдэв

Сэтгэлийн цагаан итгэл
Итгэлийн хатан зүтгэл
Зүтгэлийн нандин бүтээл
Бүтээлийн ганган биелэл!
Хойч үед намайгаа төлөөлнө
Хоёр дахь удаа амьдрал өгнө.

Эх орон

Т.Галсан

(шүлгийн хэсгээс)
Над шиг гэрэлтэй байгаач гэж
Нар сар нь мишээдэг
Тэнүүн цараатай сэтгээч! гэж
Тэнгэр нь дээр уужирдаг
Өөдөө ! Наран зүг өөдөө гэж
Үндэс нь доороос шивнэдэг
Цэнгэн бидэнтэй баясаач! гэж
Цэцгүүд нь ёохор хатирдаг
Эх орон минь, эх орон минь тандаа би
Ээжийнхээ нэр шиг, эцгийнхээ гэр шиг хайртай
Монгол цагаан өргөө
Цэцэгт дэнждээ тодхон
Морин хуурын эгшиг
Цэнгэлийн найрандаа уяхан
Эмжээр хошмогт дээл нь
Эзэндээ зохисон нь уран
Эрийн гурван наадам
Ертөнцийн нүднээ соньхон
Эх орон минь, эх орон минь тандаа би
Ээжийнхээ нэр шиг, эцгийнхээ гэр шиг хайртай

Хилчин

Зохиогч: Т.Галсан

Аав минь малчин, би ажилчин
Ах минь эрдэмтэн, дүү минь оюутан
Атаат дайсан халдвал харин
Ард түмэн минь бүгдээрээ хилчин!

Хоёрын тоо

Зохиогч: Б.Лхагвасүрэн

Гуравдугаар цагийн завсарлагаанаар
Багш намайг дуудлаа.
Гуниг баярын аль нэг нь
Багшаар намайг дуудууллаа.
Айдас, эргэлзэл, сүүдэр гурав
Ард минь хөтөлцөн дагалаа.
Багш нарын өрөөний
Түлхүүрийн нүхээр шагайхад
Багш минь ганцаараа
Дэвтэр засаж сууна.
Шуудхан яваад орохын зориг
Шулгахан насанд минь дутлаа.
Оодогносон, нарны халуунтай тугал
сүүлдээд
Ойчооно үгүй, бяцхан “бяр” минь
амтагдахад
Отроор аавыг явчихсан, аадар
шаагисан шөнүүдээр
Орон гэртээ “зориг” нь байсан минь
бодогдмогц
- Орох уу, багшаа! гэлээ би …
- Ор, Лхагвасүрэн! … гэлээ багш..
Хэсэг дуугүй байснаа
Багш намайг нэвт ширтэв.
Хийсэн гэм байж гэмээнэ
Бүгдий нь хэлчихмээр санагдав.
Үг цөөнтэй багш минь
Үг нүдээрээ хэлдэгсэн ..
Загийн гал шиг цоргих харц нь
Заавал нэг үг шивнэдэгсэн…
- Эдэлгээ муухантай дэвтрий минь дэлгэн
Энэ бодлогыг чи хүнээс будаалжээ!!!
Ядахдаа зөв хуулсан бол…
Ялихгүй гярхайг чинь үнэлж “дунд” тавихсан
Хүний халуун хөлсөөр
Өөрийнхөө дутууг нөхөж явах вий ? гэхдээ
Хоёр хасах тавилаа! гэлээ.
Элчилгүй цөлийн “наж” могой шиг хоёрын тоо
Дэвтэр дээр цогнолзон улаан солонго татав.
Эхний яргуйн зөнтэй хаврын салхийг мэгшүүлэн
Цүнх золбоо хоёроо нортол уйлж билээ би …
Сурагч ахуйн минь гэнэн тэр алдааг
Сураг төдий одсон он жилүүдийн өмнөөс
Өршөө! Намайг … багш минь!
Бусдын сэтгэл
цус шингэсэн яруу сайхан шүлгээс
Бадаг байтугай!
Шад шүлэг хуулаагүй яваа шүү! Би

Эхийн захиас

Зохиогч: Д.Цоодол

Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэжирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүү!

Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүү!

Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ
Миний хүү!

Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүү!

Өвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бий, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тасдаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа!
Миний хүү!

Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ?
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ?
Миний хүү!

Хүүдээ өгөх алт Дөнгөтийнд алга
Хүүдий дүүрэн сувд Дэнсмаад алга
Алт төдийхөнд шунах хүү манайд алга
Ажаагийнд нь тэгэхлээр дутуу юм алга
Миний хүү!

Үүлэнд тороогүй бүргэд байг
Үүрэндээ багтана
Дэлхийд дуурссан суутан байг
Дээлэндээ багтана
Миний хүү!

Газраасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог
Гаригаасаа хөлбөрсөн чулуу замдаа шатдаг
Галаасаа үсэрсэн оч дорхоноо бөхдөг
Газар, гариг, гал чинь чамдаа хөх тал чинь шүү
Миний хүү!

Чоно

Д.Цоодол

(Чоно шүлгийн хэсгээс)
Харанхуйд нүд минь цогноос улаан
Харахад би мөснөөс хүйтэн
Үзэн ядахын бай
Үнэндээ, бүхэнд гай!
Бид - чоно
Бие санаа цөм чоно оо!
Тэрийж дулаан хэвтэх
Хэвтэр бидэнд байхгүй
Тэнгэрийн дор биднийг
Өрөвдөх амьтан байхгүй
Өөрсдийгөө ч чоно өрөвдөхгүй
Өрөвдөнө гэдэг чононд хамаагүй
Галт суманд өртлөө гэхэд
Ганхийлгүй унана
Ганцхан хөлтэй үлдлээ гэхэд
Босод бид зугтаана
Хорвоо дэлхийн уудамд
Чонын амьдрал хатуу чиг
Чоно явахад үнэндээ
Хоног өнгөрөөх хэцүү чиг
Тогооны угаадас долоогоод
Амьдрана гэдэг худлаа
Гэрийн нохой шиг
Хүзүүнд минь уяа байхгүй
Гарын үзүүр харж
Сүүлээ бид шарвахгүй
Хорон санаа минь хар
Хоншоор шигээ хар
Бид чоно
Бие санаа, цөм чоно оо!
Чандага хярах хорвоод
Бурхан биднийг төрүүлсэн
Чавхдах зээрийн үнэрээр
Нүдээ бид нээсэн
Чадлаараа амьдар гэж
Биеийг минь төрүүлсэн
Чамтай л адил би
Амьд явъя гэсээн!

Дөрвөн мөрт

Зохиогч: Х. Сампилдэндэв

Монгол хэл мэдэхгүй хүн ч
Морин хуурын эгшигт уярна
Хүрэн зүрхийг уяраан чадах
Хөгжим дуунд орчуулга хэрэггүй

Алс ирээдүй асуулт юм
Алхам бүр минь хариулт юм
Алдаж онох минь дүн юм
Амьдрал гэдэг шалгалт юм

Сохрын барьсан таяг
Нүд болон хардаг гэнэм
Сайн нөхрийн харц
Таяг болон тулдаг гэнэм

Дөрвөн мөрт

Зохиогч: Б.Явуухулан

Үг бүхэн жигүүрлэж
Хүний сэтгэлд хүрэхгүй ч гэсэн
Үгэнд жигүүр ургуулж
Алсын од руу харвалаа би
Онгод найргийн ширээ бол
Үг харвах талбай юм
Олон түмний сэтгэл бол
Үлэмж алсын одод юм.

Багш

Зохиогч: Т.Галсан

Багш
Багш - хормой өвдгөөс нь адис авмаар хүмүн бурхан
Багш - хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаан
Багш - хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран
Багш - хойчийн төлөө ирээдүйгээс айлчилсан номун элчин


Yхрийн гулуузыг аав минь
Yнхэлцэг дотор нь багтаалаа
Түүнээс үлгэр аваад би
Дөрвөн мөртдөө хорвоог багтаалаа.

Аав

Зохиогч: Б.Лхагвасүрэн

Чөдөр хаяжээ би
Чимээгүйхэн аав ширтэнэ
Харц нь намайг ороолгоно.

Гурав, Дөрвөн мөрт шүлгүүд

Зохиогч: Д.Цоодол

Хүчит гар, мэргэн ухаантай
Хүн танаас илүү алт гэж үгүй
Алт байтлаа мөнгөнд шунаж яанам бэ?

Эх орноос сайхан нутаг хаанав
Эжийгээс ачтай хүн хаанав
Энэ хоёроос ондоон "бурхан" хаанав

Эхээсээ төөрсөн янзага шиг гэлцэнэ
Эргээсээ хальсан ус шиг гэлцэнэ
Эх орноосоо алс хэцүү гэлцэнэ

Yг гэдэг амьдыг сөнөөх хүчтэй
Үрэгдэж талийсан нөгөөгий ч амилуулж чадах шидтэй
Үүгээрээ тэр цөмийн зэвсгээс ч аймшигтай
Үүдийг нь сайн мана, харвахаа бүү яар.

Тамхины хор уршиг

Зохиогч: Д.Чойжалсүрэн

Утаа нь уушгинд
Хор нь ходоодонд
Тамхи татах гарз бага
Тав гурван төгрөг гайгүй гэнэ
Өдөр бүрийн хэдэн төгрөг
Өсөөд мянга зуу болдог
Татаад татаад ашиг юу
Харин гарз хохирол
Татаагүй гээд гарз юу
Харин ашиг тус
Тамхины хороор уушиг мууддаг
Тамхины хороор ходоод мууддаг
Тамхины хороор бие хорддог
Тамхины уршгаар ажил саатдаг
Гэрэлт цагаан шүдийг харлуулдаг
Амны эрхтнийг өмхийрүүлдэг
Аюул хорыг үүсгэдэг
Амны тамхийг бүү тат

Бид хэн бэ?

Зохиогч: Л.Түдэв

Эцгийн гараас үртэс ханхалдагсан
Ээжийн гараас ааруул үнэртдэг юм.
Эхнэрийн гараас бал ханхалдаг
Эгэл минийхээс бэх үнэртдэг биз.

Элдэв сургаал оршвой

Өндөр ууланд шат шүү, ном тань
Өргөн далайд сал шүү, ном тань
Харанхуй мунхагт зул шүү, ном тань
Харгуй замд газарч шүү, ном тань
Бөглүү замд хүнс шүү, ном тань
Бүгд газар хөтөч шүү, ном тань
Ядархын цагт үл орхих анд шүү, ном тань
Ямар ч үед хулгайд үл автах эрдэнэ шүү, ном тань

Дөрөвт

Зохиогч: Д.Цоодол

Буянт эхээ алдаж харангадсан янзага
Бутанд тээглэж унаад босч чадахаа байхад
Хэлийг нь норгох сүүгүйдээ болжмор тэвдэн нисэхүй
Хэрээ тэнд ирчихсэн хошуугаа билүүдэн гүйнэ

Нохойн араншин

Зохиогч: Д.Пүрэвдорж

Өрөөл бусдын аргадахад
Өчиггүй ярзагнах мөртөө
Өөрийн эзний зандрахад
Өөдөө харж тэлчилнэ.

Бурам даах шүдгүй
Буруу зөнөх цагт
Бузар шуналд зарагдан
Булуу хурааж тарчилна.

Хүртээлгүй хөрөнгөнд гинжлүүлж
Хүзүүгээ зулгалж долоолон
Хүйтэн шөлтэй идүүрээ
Хүнээс харамлаж архирна.
Саваагүй загнаж саасагнаж
Салхи залгин сагсуурч
Санааны гарзыг мэдэхгүй
Саранд хуцаж дүвчигнэнэ.

Зам, жим

Зохиогч: Т.Галсан

Би би гэж сайрхуут
Зам минь Жим болж нарийсав
Бид бид гэж бахархуут
Жим маань Дардан болж уужрав

Бид жаргалтай

Зохиогч: Д.Давааням

Гавартайгаа байхад
Yнэг жаргалтай
Ганьстайгаа байхад
Дорго жаргалтай
Хосоороо байхад
Хун жаргалтай
Хотлоороо байхад
Хүн жаргалтай
Надтайгаа байхад
Ээж, аав жаргалтай
Нартайгаа байхад
Эх дэлхий жаргалтай