“АдуунЧулуун” ХК –ийн ажилчин Ж.Энх-Ундрал
2010.01.07 №01 (273) “ДОРНОД” сонин
Аав маань “Ажилгүй,залхуу хүн хүйтэн харагддаг юм. Чи өдийнөөс л ажил хийж бие махбодио эвсэлд оруулахгүй бол ажил хийнэ гэхээс сэтгэл чинь дутахаас гадна бие махбодь чинь эвсэлгүй болж амьдрах чадваргүй арчаагүй нэгэн болно. Чи зориглоод ажлын амтыг нэг ч болов үз. Ингэсэн цагт дараа нь ажил хийхгүй л бол байж сууж чадахаа болино. Манайхан үүр шөнөөр шахуу эрт ажилдаа явж байгаа тул ихэнх нь цайгаа ууж амжилгүй очоод аавынх нь аваачсан жаахан юмыг дуусгачих юм.
Хоол, цай хийгээд очих санаа олон хүнд бий. Ганцхан эрт учраас чадахгүй байгаа. Бас нүүрс авах гээд эрт очсон хүмүүс ч бий. Энэ цаг хугацааны алтан боломжийг ашиглахаас гадна тэр хүмүүст тусалж буянтай үйл хий. Ядахдаа эрт босч сур” гэж сургаал айлдсаны дагуу би “ажил хийе” гэж бодлоо.
Өглөө эрт босох хэцүү байсан ч аавынхаа шаардлагаар 5-6 цагт босч хоол, цай хийгээд ажилчдын автобусанд сууж очиж аавынхаа ажлын байранд хэдэн бууз зарна ч гэж дээ зээлээр өгнө. Анх танихгүй олон хүнтэй харьцахад яггүй байсан. Сүүлдээ ч өр ширээ нэхээд үзэлцдэг болсон. Боломжтой мөртлөө өрөө өгөхгүй хүн байхад хамаг мөнгөө тараагаад дуусч байгаа мөртлөө идсэн хоолныхоо мөнгийг яаж ийж байгаад зохицуулж үлдээгээд тооцоо хийж байгаа ах нарт би хичнээн баярладаг гэж санана. Анхны мөнгөө тоолж өөрийн эрхгүй баярлахад аав минь юундаа баярлаа вэ гэснээ нойр хоолоо хасч хөлсөө гоожуулж өөрийн хүчээр олсон мөнгөө анх удаа гартаа атгаж байгаа, аргагүй ч юмуу даа гэж билээ. Бууз зараад гурван сар хэртэй болж байтал “Чи гал тогооны энэ эгч нартаа тусла, хамжилц. Тэгээд хоол хийх аргаас нь сур” гэж аав минь хэлэв. Би дөрвөн сар ямар ч хөлс мөнгө гэлгүй тэдэнд туслалаа. Гэтэл тэд “Чи яг бидний зарц шиг дөрвөн сар зүтгэлээ. Ааш сайтай, бас ажилд нямбай, цэвэрч хөнгөн шуурхай хүүхэд байна. Яг энэ зангаараа байж чадвал бид чамайг цалинтай ажиллуулъя” гээд туслах ажилтнаар ажилд авлаа. Ингэж би энэ хамт олны нэгэн эс болов. Тэр үед ажилд орох гэсэн олон хүн байх шиг байсан. Ганцхан миний уйгагүй зүтгэлийг үнэлэсэн биз.
Оюунаа, Буянаа гэж энэ хоёр сайхан эгч нар ингэж тус болсон. Оюунаа эгч над шиг хоёр охинтой, Буянаа эгч олон охин дүүтэй болоод ч тэрүү надад яг охин шигээ, дүү шигээ хандана. Тэдний хийсэн хоолны амт чанарыг хүн бүхэн магтана. Эгч нарыгаа би Чойбалсан хотдоо урдаа барьдаг тогооч нар гэж хэлэхгүй ч миний хоол авч идэж байсан газруудын хоолноос хавьгүй илүү гэж хэлнэ. Уурхайчид гэдэг чинь тийм номхон хүлцэнгүй хүмүүс биш. Дургүй нь хүрвэл хэлэхээ ч хэлж, хийхээ ч хийнэ. Тэгээд ч хүнд хүчир ажил хийж, хүч чадлаа хоолоор нөхдөг болохоор хамгийн амтлаг, хамгийн чанарлаг хоол шаардана. Үдийн хоолны цагаас 1-2 минут өнгөрөхөд л үүд хаалга балбаад сүйд болно. Тэгэхээр нь би “Ямар сүртэй юм бэ? Хэдхэн минут тэсч чадахгүй” гэж үглэхэд эгч нар маань “Чи эдний оронд байсан бол яах байсан бэ? Тэр их тоос, нүүрсэн дунд хөлсөө гоожуулж сунаж унатлаа ажиллаад ирж байгаа аргагүй шүү дээ” гээд миний амыг таглана. Хаалга онгойлгоход нүд, шүд нь гялалзсан, хөлс нь гоожсон халтар царайтай хүмүүс дайраад орж ирнэ дээ. Тэд хооллох үедээ бие биеэ энэ тэр гэж дуудан нөгөө ядарсан сульдсанаа хэдүйн умартан хөгжилдөнө.
Хүн нэг нэртэй байдаг бол манайхан хоёр, зарим нь түүнээс ч олон нэртэй. Аав ээжээс заяасан нэрнээс гадна, олноос хайрласан бас нэг нэртэй. Анх ажилд орж байх үедээ би хөглөсөн. Хэдэн хүн хооллоод гарсны дараа нэг дарга орж ирээд “Тэр хооллов уу” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь хажуунаас тогооч эгч “хооллоод сая гарлаа” гэхээр нь “эгчээ тэр чинь аль нь вэ?” гэхэд хоёр дахь нэрийг нь хэлэхэд би сая л мэдэж “За энэ чинь болохгүй нь. Би дандаа болохгүй нэрээр нь таньдаг болж балрах нь” гээд амаа барьж билээ. Жижиг Алтансүх, Даваа, Амаржаргал ах нар бас “буу халалтын” аваргууд. Үдийн амралтаас бусад цагт манайхан ямар ч завгүй. Токарьчин Жамъяндорж ах суурь машинаа хүнгэнүүлэн, гагнуурчин Сүрэнхүү, Алхаа ах гал оч маналзуулаад кранчин Доржпалам ах хар утаа баагиулан хүнд хүнд юм өргөөд, хайлах шахам халуунд шороо ачсан машинуудын мотор улайсах шахаж кабинд сууж яваа жолооч нар усан хулгана болтлоо хөлрөн ёстой л шүд зуун зүтгэнэ. Шороо тоосноос хамгаалах маск хүртэл амьсгалахад нь саад болно. Гэхдээ энэ нь нөгөө айхтар целокозоос бага ч болов хамгаалах тул зүүхээс аргагүй. Ам цангана гэж тоймгүй. Хажуудах ундааны том савтай ус л аминд орно. Белазууд мөлхөж ядан явахад хажуугаар нь Камазууд жоом шиг гүйлдэнэ.
Манайд аварга үлэг гүрвэлүүд шиг мундаг мундаг эксковаторууд бүдүүн шанагаараа нүүрс шороог онги татан өм цөм аван ийш тийш цацах юмуу машинд ачна. Том эксковаторын дэргэд шар бульдозор мөлхөж явааг харахад яг зурган дээр байдаг том жижиг үлэг гүрвэлүүд шиг. Эндээс ургуулан бодоход олон сая жилийн тэртээ асар их ширэнгэн ойн хажууд, бороо шаагиж аянга цахилгаан нижигнэсэн өдөр жинхэнэ амьд жижиг том үлэг гүрвэл хэрэн явж байсан бол өнөөдөр ширэнгэн ой нь нүүрс болж амьд байсан амьтад төмөр биетэй болоод аахилж уухилж байгаа мэт. “Манай гурван яст мэлхий явж байна” гэхнээ гурван бульдозор аахилж уухичин ажлын талбар руугаа явна ч гэж ёстой мөлхөж өгнө. Манай ажлын дүр зургийн зах нь л энэ.
Манайд ийм янз янзын техник бий. Аварга Белазын кабинд шкаф шиг биетэй аймгийн заан Алтансүх ах суухад хүүхэд шиг жижигхэн харагдана.
Нүүрсний замын дагуу хар халтар царайтай жаалууд ширхэг нүүрсний төлөө машинд дайруулахаас ч буцахгүй амь тавин тэмцэлдэнэ. Жолооч нарт тээртэй боловч хар багаасаа, наснаасаа давсан хатуу хүтүүг үзэн ажлын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч өсч байгаа эдний дундаас эхний “босс” –ууд төрөн гарч компани байгуулсан гэж дуулдсан. Энэ бол луйвар, хулгай биш жинхэнэ ариун цагаан хөдөлмөрийн нь үр дүн. Магадгүй зовлонг ойлгох мяндсан мэдрэмжтэй жинхэнэ сайн босс төрж байгаа ч юм билүү. Гэр хорооллын хомсхон амьдралтай энэ айлын хүүхдүүд өөрийгөө гэхээс ардаа байгаа хэдэн халтар дүү нарынхаа бор ходоодыг тэжээх гэж ядарч сульдсан аав ээждээ тус болох л гэж ингэж явахад таван давхрын тансаг амьдралтай айлын хүүхдүүд крантнаасаа усаа авч, халуун плиткэнд хоолоо болгож, хийх ажилгүй шахуу гэр цэвэрлэх, гурил элдэхэд чи би дээ тулан байгааг бодохоос гэрэл гэгээ, түнэр харанхуй хоёр нүдэнд ээлжилнэ.
Манайхан өдөр л хэн гэж танигдахгүй “халтар царайтнууд” байдаг болохоос орой ажил тарах үед жинхэнэ джентелменүүд болж хувирна. Уул уурхайн хүнд хүчир хортой нөхцөлд ажилладаг жинхэнэ зоригтнууд. Тэсвэр тэвчээргүй, залхуу хойрго, сул дорой үлбэгэр хүмүүс бол ийшээ зүглэхийн ч хэрэггүй. Асар өндөр уул шиг болсон отвоолын торгон ирмэг дээрээс тэвшнээсээ давтал овоолсон тэр их шороог арагш буулгахыг анх хараад унах нь гэж би их айдаг байсансан. Уулын карерын замууд гэдэг чинь жолоогоо нэг л эвгүй мушгивал нисэхээр яг л өндөр уулын цавчим хавцал гэсэн үг. Эвгүй ухарвал бас л ниснэ. Нисэх тохиолдол дээхэн үед нэг гарч жолооч нь азаар амьд үлдэж одоо ч ажиллаж байна. Нэг удаа нэг залуу жолооч ахмад жолоочийн дагалдан хийж өндөр цас мөс дагтаршсан гулсуу замаар өгсөж явтал машин нь өөрийн эрхгүй арагш гулсан “одоо сүйрлээ” гээд чичигнэж байтал нөгөө жолооч тэр чигээр нь ухруулж хана тийш мушгин мөргүүлж зогсоосноо “пиздуу” гэж хэлээд араагаа солиод дахин зүтгүүлээд даваад гарахыг хараад биширсэн гэдэг.
Уурхайчдыг бүдүүн тоймын улс гэж бүү бодоорой. Тэд маш ухаалаг соёлтой хүмүүс. Зо.Сүхбаатар ахын жолоодсон ажилчдын автобусанд суух үед ахмад хүмүүс, эмэгтэйчүүд, удирдах ажилтнууддаа маш эелдгээр суудал тавьж өгнө.
Ер нь ажил л хүнийг бурханлиг болгодог юмуу даа. Хорвоогийн хамгийн сайхан хүмүүс хэн бэ гэвэл ажлын хувцсаа өмсөөд хөлсөө дуслуулан чөлөө завгүй хөдөлмөрлөж байгаа ажилчин хүнийг хэлнэ. Яагаад гэвэл тэд ямар ч алдар цуутнаас илүү хүн төрөлхтнийг нуруундаа үүрч яваа аугаа хүмүүс. Тэд атаа жөтөө, шунал хорсол, эрх мэдэл, албан тушаал, жаргал цэнгэл хөөцөлдөн, хэрүүл зодоон хийх, хов жив ярих ер нь муу юм бүхнээс ангид хол байж харин нөхрийн хүчинд би, миний хүчинд нөхөр гэдгийг ойлгон бие биедээ харамгүй туслан хэн нэгнийхээ зовлон жаргалыг хамтдаа хуваалцахыг эрхэмлэдэг хүмүүс. Ажил л хүнийг бусадтай зөв боловсон харьцах, үнэнч шударга, бусдын итгэлийг алдахгүй байх, цаг ягштал баримтлах зэрэг олон зөв зүйлд сурган ямар ч хууль дүрэм, ном сургаалийн үйлчлэлгүйгээр хүнийг хүн шиг хүн болгож хатуужуулдаг юмуу даа.
Хүмүүний амьдралд байдаг “гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр” манайханд ч бас тохиолдоно. Өглөө ажилдаа гундуухан ирсэн хүн ажилчдынхаа дунд ороод ирэхээр дорхноо сэтгэлийнх нь тэнгэр цэлмэж инээж баясаад ирнэ. Ажлаас янз бүрийн шалтгаанаар халагдаад гарч байгаа хүмүүсийн баргар царайг хараад “Энэ ахыг гэртээ очход хүрэн мөндөл шиг хэдэн хүүхэд нь уйлалдаад, хөхүүл тарвага шиг эхнэр нь чарлаад” угтах байхдаа гэж бодоод өөрийн эрхгүй өрөвддөг. Хүн өөрийгөө ямар ховор завшаанаар хорвоо дээр хүн болж төрснөө тэр бүр ухаардаггүй учраас үнэ цэнэтэй хамаг мөчөө дэмий үрдэг гэлцдэг.
Дандаа ажил ундраад хүмүүс нь шаламгайлан хөдөлмөрлөөд байдаг гэвэл тийм биш. Гал усны гашуун зовлонг энд ажиллах хэдхэн сарын хугацаанд би биеэр үзэж байгааг бодохоор энэ хүмүүс ажиллахаас гадна гамшигтай байнга тэмцдэг эгэлгүй хүмүүс шүү. “Гал” гэж дуугарахад Гантөмөр ахаас эхлээд бүх хүн дарга цэрэггүй ухасхийнэ.
Хавар нэг шөнө “Хананд гал гарлаа” гэсэн дуу бүхнийг цочоосон юм. “Юун их сүйд болох юм бэ?” гэж бодоод очтол уурхайн үелсэн ханануудын дээд талын хана тэр чигээрэ улаан гал. Энд тэнд цооногоос огло огло үсрэн их гал сүртэйеэ дүрэлзэж улаан очис салхинд хийсч бусад хана руугаа орчих гээд бөөн аюул. Шатаж байгаа том том нүүрс бөөн бөөн улаан гал болон доош унаж харагдана. Уурхайн нүүрс шатаж байгаа тухай нэг кино байдаг. Биетээр харахаар тэр үү кинон дээрхээс хэд дахин илүү аймшигтай.
Энэ үед аймгийн Гал командынхан жинхэнэ “баатрууд” болохоо харуулсан бол уурхайчид ч тэднээс дутуугүй болохоо үзүүлсэн. Тэр улаан галын урдаас бүх хувцас нь норсон гал сөнөөгчид, уурхайчид дайран орж сүрлэг их галын өөдөөс өндөр даралттай ус шүршихэд усанд хөөрсөн гал улам их сүрийг үзүүлсэнээ дорхиноо намдаж ёстой л хүн гал хоёр хүч үзэж байгаа мэт.
Тоос шороонд дарагдан зэвэрч гандаж байсан тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийг Монголд анх удаа монгол хүн ажилд орууллаа гэж шуугиулж байсан Чимэдцэрэн гуай манайд ажилладаггүй мөртлөө нэг гартаа штангенциркуль, нөгөө гартаа эвхдэг жижиг сандлаа барьчихсан уурхайн насоснуудаас эхлээд Камаз машины коробка хүртэл засварлаж өөрийн ур чадвар мэдлэг мэргэжлээрээ тусалж одоо гэхэд л Бямбаа жолоочид нэг юм ачаад хөдөлж байгаа харагдана.
Гараашийн дээвэр, хаалга, манаачийн шовгор, зоорь, малын тарилга туулга гээд хүн болгон амсхийх ч завгүй ингэж л хөдөлмөрлөнө.
Энэ дүр зургийг харахад бүх ажил шатрын хөлөг дээрх нүүдэл шиг. Тэгвэл энэ бүхэн Шатар даргын тооцоогоор явж байгаа юм. Жирийн ажилчнаас ажлын гараагаа эхэлж үйлдвэрийн сайн муу бүхнийг доороос харж дээд сургуульд үзсэнээ онолоор баталгаажуулсан энэ хүн үйлдвэрт ажиллахад төвөггүй байсан нь мэдээж. Тэрээр хаа ажилласан газраа унасан ажлыг өөд татан олон жилийг өнгөрөөж ёстой л удирдах ажлын “морь” болжээ. Тэр хашаан доторх ширхэг хадаасыг хүртэл гярхай ажиглахаас эхлээд хар алтны үйлдвэрийнхээ хаа холын ирээдүйн төрхийг төсөөлөхөөс гадна их гал, усны үед залуучуудаас тэр ч байтугай заримдаа илүү гарч “энэ хүний бие нь яаж тэсдэг байнаа” гэхээр ажиллахыг харлаа. Залуу ажилчдаа “хүү минь, охин минь” гэсэн энэ буурлыг би хүндэлдэг. Гамшгийн үед ч ердийн үед ч ажилчдынхаа дунд нь, ажлын гүнд нь байж шөнө орой болтол контоорлон суух нь энгийн үзэгдэл. Гучин таваас дээш насны эмэгтэйг 40 -өөс дээш насны эрэгтэйг өвгөн хөгшин ажил хийж чадахгүй гээд үзэж чадахгүй хялайдаг болсон ороо бусгаа энэ цагт ид хийж бүтээх насандаа яваа сайхан сайхан нас ахисан хүмүүсийг намын харьяаллаар халж ажилгүй болгон “амьдаар нь алах” –аас ялгаагүй мэт болж зарим нь зэвэрч гандан зарим нь сэтгэл санааны цочролоос бурхны оронд очиж байгаа нь нууц биш. Гэтэл 60 гарсан хүн юу сэтгэж, юу бүтээснээ харж сэтгэл, оюуны жаргал эдлэн алжаал нь тайлагдаж улам ихийг хийж бүтээхийн урам орж нас уртасч байх шиг. Хүний нас хөгширнө үү гэхээс оюун нь мохдоггүй, тэр ч байтугай нас нь бага, хийж бүтээх сэтгэл оюун нь хөгширсөн залуусаас илүүрхэж байгаагийн нэг тод жишээ энэ буюу.
Манайхан байгалийн буян хишгээр амьдарч байгаа тул байгаль эхээ бурхан мэт дээдлэн отвоол /овоолсон шороо/ дээрээ мод суулган “энэ хэд маань ургадаг байгаа даа” хэмээн өвгөн дарга маань санаа нь зовнино. Адуунчулуун овоо, Хан-Уул хоёроо үргэлж шүтэн биширч байдаг нь бас л нэг онцлог. Сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна. Бурхныг шүтэж үл чадвал зорилгыг дагаж үл чадна. Тэр хоёр үгүй бол авах гээхийн аль нь ч үгүй буруутна гэсэн сургаалийг ухаант хүн даган байгаа нь энэ буюу.
Хан-Уул, Хатан Хэрлэн, Адуунчулуун овоо нь түшээд ийм сайхан эзэн дарга нарыг манай хамт олонд заяагаа юмуу даа. Үйлдвэр маань алдар цуутнууд олонтой. Түүнээс Долгоржав, Бадрах гээд хоёр сайхан гавьяат бий. Долгоржав нь техникээ ч, хүмүүсээ ч сайн мэддэг, хашир туршлагаараа “зөвлөх” –ийн хэмжээнд шахуу ажиллан гараашийн механик хийж байгаа бол Бадрах гавьяат Өмнөговиос энэ намар ирж хамт олноо хүндэтгэн өөрөө ч хүндлүүлэн байж хэд хоноод буцсан. Хэдийгээр хол нутгийн хүн ч гэсэн эндээс л алдар цолоо авснаа хэзээ ч марталгүйгээр эргэж ирсэн нь хүн шиг хүний шинж. Хөдөлмөрийн баатар 90 настай Минжүүр гуай Бунхан толгой дээр гарч цэрэг насаа дурсан “Би эндээс л бичиг сурсан цэрэг насаа дурсан санаж байна. Энэ нутаг өөр аймгийнханд өгөөжтэй шүү” гээд Хан-Уулд маань хадаг тавиад хэдэн жилийн өмнө буцсан бол өнөөдөр энэ гавьяат энэ нутгийг эргэж тойрч байгаа нь ухаалаг хүний шинж болов уу.
Үйлдвэрийн амьд түүх болсон настан буурлууд жил бүр үйлдвэр дээрээ цугладаг юм. Энэ хүмүүс хамаг сайхан эрч хүчээ уулын хүнд хүчир ажилд зориулж атигар, намхан, эцэнхий туранхай болтлоо элэгдэн эмтрэн зүтгэсний хүчинд үйлдвэр маань өдий зэрэгт хүрсэн юм шүү дээ гэж бодохоос тэднийг улам хүндлэн дээдэлнэм.
“Адуунчулуун” хэмээх ажлын бурхны ивээлээр 100 гаруй айлын 600 гаруй хүн амьдралаа залгуулан уул овоондоо бурхан тэнгэртээ залбирч явна. Өглөөдөө нартай уралдан ажил дээр автобус маань ирж зогсоход урдаас манаачийн шар гөлөг эрхлэн тосч угтана. Орой ажил тараад нар жаргах үеэр Чойбалсан хотын зүг хөдлөхөд бидэнтэй баруун урд сахиулын хөгшин цагаан банхар хоолны хаягдалд цадсан бололтой маадгар нь аргагүй сүүлээ агсан биднийг үдэж байгаа маягтай урд маань шогшино. Ажилдаа маш хариуцлагатай боловч “цоож” гэх мэтийн нэлээд хэдэн нэр устай Бямбаа ах хаалга онгойлгохоор хурдан хурдан алхална. Хорвоогийн нэгэн ажлын өдрийг Адуунчулууныхан бид үдэж байгаа нь энэ.
Бугуйл хаям ойроос нар нь манддаг нутаг, бууж үдлэм холоос айл нь харагддаг газар Дорнод Монголын их талын дундуур угалзран урссан Хэрлэн мөрний хөвөөнд дээд тэнгэрээс “Адуунчулуун” хэмээх галын бурхныг илгээжээ. Тэр галын бурхан талын хот Чойбалсангийн төвөөс зүүн хойно зургаахан км –т сувд мэт гялалзаж, хаяандаа галтай ганцхан азтай хот гэж хаа сайгүй гайхагдаж байна.
“Адуунчулуун” хэмээх галын, ажлын бурхнаа шүтэн дээдлэмой.
2010/11/09
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment