Ардчилал сонин
2009-06-10 10:32:14 , Мэдээний дугаар: #1155090
Модернист яруу найрагч Б.Галсансvхтэй ярилцлаа. Тэрээр ажил vйлс, vзэл бодол, єєрийг нь шvvмжилдэг хvмvvст ийм хариулт єгч байна.
-Ойрд танаар сонин сайхан юу байна. Шинэ уран бvтээлийн сураг дуулгах уу?
-Одоо л шинэ уран бvтээл гаргана даа. Нэг хэсэг намын ажил гээд жаахан гvйчихлээ. Хувьсгалт намын хэвлэл мэдээллийн албанд ажилладаг хvн шvv дээ, би чинь.
-Тэгээд нам ялагдаад, сэтгэл санаа жаахан гундуу явна уу, гайгvй юv?
-Ялах, ялагдах гэдэг нэгэн цагийн асуудал. Ялж л байдаг, ялагдаж л байдаг. Сая бол маш арчаагvй ялагдлаа. МАХН-ын пиарчдаас болж ялагдсан гэж хувьдаа vзэж байна. Гэхдээ vvнд МАХН-ын хэвлэл мэдээллийн албаныхныг хамруулаагvй юм шvv.
-Та одоо ямар албан тушаал хашиж байна вэ?
-МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас гадна “Эх орон FM 102.1”-ийн захирал, бас сонин гээд л. Ийм л ажил хийж байна даа.
-Урлагийнхан, тэр дундаа яруу найрагчдыг улс тєртэй хутгалдахад хvмvvс дургvй. Зvгээр сайхан уран бvтээлээ туурвихгvй яагаад нам тєр яриад явах болов?
-Улс тєртэй хутгалдана гэдэг их сонин яриа. Єнєєдєр зохиолч бvр улс тєрєєр бизнес хийж байна шvv дээ. Охин нь Элбэгдоржийг, аав нь Энхбаярыг дэмжээд, аль нэг нь ялж л таараа, “мєн vv”. Компанийн биз-несмэнvvд хоёр нэр дэвшигчид хоёуланд нь хандив єргєєд, ялснаас нь ашиг хардагтай яг адилхан биз. Тэд нэр дэвшигчдийн сурталчилгаанд шvлэг уншаад, солиороод л явдаг. Би бол намын сурталчилгаанд нэг ч удаа шvлэг уншиж vзээгvй. Унших ч vгvй. Намд 1996 онд ялагдчихсан байхад нь сонирхлоороо элссэн. Би vхэн vхтлээ vзэл бодолдоо vнэнч байна.
-Улс тєрийг ингээд орхиё. Таныг єнгєрснєє vгvйсгэдэг, Их зохиолчдыг зохиолч биш гэж vздэг гээд л шvvмжлэх юм. Та яагаад ноён хутагт Данзанравжаа, Дорнын их найрагч Б.Явуухулан нарыг vгvйсгэсэн юм бэ. Vндэслэл нь юу байв?
-Намайг 19 жилийн турш гvтгэлээ. Надад зохиолчдыг зохиолч биш гэж хэлсэн удаа байхгvй. Харин энэ зохиолчийн тэр бvтээл нь муу гэсэн нь бий. Шvvмжилж болно шvv дээ. Тvvнээс биш єнєєдєр утга зохиолын хэмжvvрт тохирохгvй юм биччихээд энэ бол зохиол гээд цээжээ дэлдээд, яруу найраг, уран зохиолоор бизнес хийгээд явдаг хvмvvсийг хувьдаа хvлээн зєвшєєрдєггvй. Тийм ч учраас vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлдэг. Надад харамсах юм байхгvй. Зєвхєн намайг ч биш, Аюурзаныг ч бас есєн шидээр нь хэлдэг, доромжилдог шvv дээ.
-Тэгвэл яагаад єєрийгєє ємгєєлдєггvй юм бэ. Таныг чимээгvй байхаар vнэхээр тэгээд хэлчихэж л гэж бодно шvv дээ?
-Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг. Би vvнийг тоохгvй ээ.
-Та нэг реалити шоу шvvгээд байна даа. Тvvн дээрээ “Чи Тєрбатын шавь юм уу. Тєрбат, Цоодолын Хулан шиг ямар хоцрогдсон шvлэг уншдаг юм. Чинийх шиг ийм шvлэг “Улаанбаатар таймс” сонин дээр л гардаг байх” гэх мэтээр зохиолчид руу дайрч, тэднийг муугийн жишээ болгодог. Энэ чинь арай ёс зvйгvй юм биш vv?
-Vнэн шvv дээ. Ирэх он жилvvд Тєрбат, Хулан нарыг ямар шvлэг бичиж байсныг шvvх биз. Тэд бол vнэхээр яруу найргийн vнэлэмжгvй шvлэг бичдэг. Энэ хоёр хvний шvлгийг яруу найраг биш гэж ойлгодог.
-Тэгвэл та хэний яруу найргийг шимтэн уншдаг юм. Хэн таны хувьд яруу найрагч юм бэ?
-Олон бий. Гулраанс, Сэр-Од, Нацагдорж, Мишигийн Цэдэндорж, миний багш Нямбуугийн Нямдоржид хайртай. Бэгзийн Явуухуланг vнэлдэг. Бавуугийн Лхагвасvрэн, Данзангийн Нямсvрэн, Дамдинсvрэнгийн Урианхай, Очирбатын Дашбалбар гээд дурдвал олон зохиолчийн бvтээлийг шимтэн уншдаг.
-Д.Урианхай гуайг бол та уншихаас аргагvй биз?
-Тийм ээ. 1980-аад оноос Урианхай гуай чєлєєт сэтгэлгээг Монголд задалж єгсєн. Тvvнийг нь манай vеийнхэн улам дэлгэрvvлж задалсан. Ер нь, чєлєєт сэтгэлгээгvйгээр яруу найраг хол явахгvй ээ. Хэдий болтол ерєєл магтаал бичих вэ дээ. Ардын аман зохиол гэж ярьдаг даа. Яруу найраг, ардын аман зохиол хоёр чинь хоорондоо ялгаатай шvv.
-Ер нь, яруу найрагчид яагаад ингэж он оноороо талцаад байдаг юм бэ. Уг нь, ходоод хагарсан ч тогоон дотроо, тохой мултарсан ч ханцуй дотроо гэдэг шvv дээ?
-Бvх цаг vед ийм л байсан. Дэлхийн яруу найргийн тvvхэнд хvртэл vе vеэрээ л байдаг. Энэ бол нэг их эмзэглэх юм биш.
-Тэгвэл єнєєдєр таны єрсєлдєгч хэн бэ?
-Нобелын шагналт, Орос Америкийн яруу найрагч Иосиф Бродский хэлж байсан юм. Яруу найргийг уралдаан гэж vзвэл би єрсєлдєж явна. Эхлээд Евгений Рейн, Глеб Гарбовский гээд vеийнхэнтэйгээ єрсєлддєг байсан. Vеийнхнээсээ илvv гарчихлаа гэдгээ єєрєє мэдэрсэн учраас би Пастранак, Манделштейн, Ахматоватай єрсєлдсєн гэж. Тvvн шиг би vеийнхэнтэйгээ єрсєлдєж байна. Гэхдээ бас хэзээ нэгэн цагт Нацаг-доржтой єрсєлдєнє гэсэн том санаа агуулж явдаг.
-Та энэ жилийн “Болор цом” дээр “Надад vхэх долоон шалтгаан байна, амьд явах долоон шалтгаан байна” гээд л шvлэг уншсан. Тайзнаас буухад тань ардын уран зохиолч П.Бадарч гуай танаас “Галсансvх ээ, чи тэгээд байгаа юм уу, байхгvй юv” гэж асууж билээ. Vvнд одоо хариулбал ямар вэ?
-Тэр шvлэг бол 700 жилийн дараа би байна уу, байхгvй юу гэдэг тухай ярьсан. Єнєєдєр би байх, vгvйг яриагvй. Энэ тухай задалвал сонингийн талбай багадна, нэг єдєр хvрэлцэхгvй.
-Шог зохиолч Ц.Доржготов гуай “Яруу найраг бол тансаг. Тvvний хажууд шог зохиол бол бvдvvлэг” гэж билээ. Гэтэл та тэр тансаг орчинд “Бурханд хэлэх зєвлєгєє” шvлгээрээ бvдvvлэг vг хэллэг оруулчихав уу даа гэж бодогддог юм. “Чамд хэлэх нэг зєвлєгєє байна, Чи битгий хуц” гэдэг дээ?
-Яруу найраг бол чєлєєт сэтгэлгээний урлаг. Хэт бvдvvлэг vг хэллэг оруулж ирээгvй ээ.
-”Нисванис”-ын “Эмийн сан руу алхсан нь” гэдэг ч бас…?
-Энэ дуун дээр би бэлгийн замын халдварт євчин туссан байлаа гэж дуулаагvй. Тэр надад найзаа vлдээгээд явсан байлаа гэж яруу найргаар дуулсан байгаа биз дээ.
-Монголын рокын ард та байдаг. Жишээлбэл, “Нисванис”-ийн Л.Энх-Амгаланг “Нирвана” гэж огт сонсоогvй, сонгодог хєгжмийн дохиур бариад зогсч байхад нь та очиж уулзаад рокт урвуулсан юм билээ. Та рок гэдэг сонин ертєнцийн тєлєє яагаад ингэж гvйсэн юм бэ?
-Модернист vргэлжилсэн vгийн авангард зохиолч Анударь, Мєнхбаяр бид гурав рок хєгжим их сонсдог байлаа. 1990-ээд онд барууны хамтлагуудыг шимтэн сонсч байгаад ер нь Монголд яагаад ийм хамтлаг байж болохгvй гэж хэмээн ярилцсан юм. Анударь маань одоо тэнгэрийн оронд бий л дээ. Бид гурвын л санаа. Тvvнээс биш “Харанга”, “Хурд”-ыг рок хамтлаг гэж vздэггvй. Жинхэнэ vзэл бодолтой, єнгє тєрхтэй рок хамтлаг бол Монголд “Нисванис”, “Аясын салхи” л байна.
-Хvнд металл урсгалаар тоглох гэхээр монголчууд хvлээж авах болоогvй гэж vзээд хойш нь тавьдаг тухайгаа Л.Энх-Амгалан ярьсан. Харин таны бодол?
-Хvмvvс хvлээж авдаг болохыг хvлээвэл тэдний нас гvйцэхгvй. Єнєєдєр би хvмvvс хvлээж авахгvй гээд л модернист шvлэг бичихгvй бол утгагvй. Зvгээр бичмээр санагдаад л бичдэг байхгvй юv.
-Vнэндээ модернист яруу найргийг ойлгодог хvн Монголд ховор. Тэгээд ч уншигч, зохиолч хоёр бие биеэ тvшдэг гэдэг. Ийм цєєхєн уншигчийн хvрээнд шvлэг бичих сонирхолгvй санагддаггvй юv?
-Бичих гэдэг зvгээр л хоол идэх, хувцас ємсєх, усанд орохтой адил vйлдэл. Тvvнээс биш би хvмvvст зориулж шvлэг бичдэггvй. Жинхэнэ шvлгийг єєртєє зориулж, єєрєє кайф авах гэж бичдэг. Би ингээд биччихвэл “Болор цом”-д тvрvvлчихнэ гэж хэзээ ч шvлэг оролдоогvй.
-Саяхан Зохиолчдын эвлэлийн удирдах зєвлєлийн дарга Х.Чилаажав “Болор цом” бол зvгээр шоу гэсэн байна билээ. Та тэгэхээр зvгээр л шоунд тvрvvлсэн юм байна, тийм vv?
-Шvлэг бичдэг хvмvvс уралдаад байхаар нь би ч бас уншмаар л санагдсан. Шvлсээ хаядаг уралдаан байхад шvлэг бичиж уралдаж яагаад болдоггvй юм гэж vг байдаг шvv дээ. Хvн л юм чинь хор шар байна биз дээ. Тэгээд л орчихсон, тvрvvлсэн. Гэхдээ “Болор цом” бол зvгээр л шvлэг, яруу найргаа олон тvмэнд хvргэх шоу шvv дээ. “Болор цом”-д тvрvvлсэн хvн сайн яруу найрагч биш, тvрvvлээгvй болохоороо муу биш.
-Хvмvvс ном уншихаа больчихлоо. Тэгсэн зохиолчид цомог маягаар номоо гаргах болж. Ер нь, номны хувь заяа нэг л бvрхэг болоод байгаа юм шиг санагддаг уу?
-Зєв єє. Техник, технологи хєгжєєд интернэт, цомог, ном гээд янз бvрээр гарч болно шvv дээ. Гэхдээ би номыг илvvд vздэг. Дэлхий сєнєдєггvй л юм бол ном байж л байна.
-Ингэхэд, vсээ хусуулаад, хас тэмдэгтэй хувцсаа ємсчихсєн. Зохиолчдын хурал дээр содон харагдаж байна билээ шvv?
-Зун болохоор л vсээ хусуулчихдаг юм. Бас хас тэмдэгтэй хувцсаа ємсєх дуртай. “Даяар монгол”, “Хєх монгол” хєдєлгєєнийг дэмждэг. Бараг гишvvн нь гэж болно.
-Зохиолчдыг их ядуу гэдэг. Харин та гайгvй машин унадаг, бас байртай биз. Мєнгєний араас хэр гvйж байна?
-Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу амьдарч байгаа юм бэ гэдэг асуултыг зохиолчдод тавимаар санагддаг юм. Зохиолчид бол хамгийн баян байж болох хvмvvс. Гэтэл яруу найрагч гэхээрээ л заавал архи уугаад, агсам тавиад, гудамжинд хоноод явах ёстой юм шиг хуучирсан ойлголттой. Тийм хуучирсан vзэл бодлыг эсэргvvцдэг. Би чинь хувьдаа бизнестэй. Зєвхєн шvлэг бичээд явах биш ямар нэгэн байдлаар эхнэр хvvхдээ тэжээх хэрэгтэй биз дээ. Єнєєдєр Монголд мєнгєний араас гvйдэггvй хvн байхгvй ээ. Мєнгє чухал.
-Таныг их ажил хэрэгч гэж тєсєєлдєг байлаа. Гэтэл хvvхэд харах ажилтай гээд товлосон цагаа хэдэн єдєр хойшлуулахад чинь vнэхээр гайхсан. Ажил, ахуй хоёроо жаахан хутгачихаад байдаг хvн юм уу даа?
-Манай гэр бvлийн хvн гадуур ажил хєєцєлдєхєд аав нь хvvхдээ харах vvрэгтэй. Эцэг хvнийхээ vvргийг умартах ёсгvй. Хvvхэд харах, хоол хийх, хувцас угаах чинь ганцхан эхнэр хvний ажил биш шvv дээ.
-Таны мєрєєдєл юу вэ. Сайхан амьдрах уу, сайн бvтээл туурвих уу?
-Хэзээ нэгэн цагт єєрийгєє галзуу шvлэг бичнэ гэж боддог. Одоо бол санаанд хvрэх, сэтгэл ханах шvлэг надад vнэхээр алга.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment