2010/11/12

Т. Галсан: Хэдий чинээ нэгэндээ зай тавьж өгнө, төдий чинээ л хөдөлгөөний урсгал цоргыг нь нээсэн ус шиг л шулуухан урсана

Авто сонин
Бичсэн Сүрэнжав
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг, 18:44


“Авто сонин”-ы хойморт Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайг урилаа. Бэлгэ ерөөл төгс сайхан үгсийг нь уншигч олондоо хүргэхийн ялдамд уран бүтээлийнх нь сонин сайхнаас ч хуучлаад амжсан юм.

-Таныг толгой өндийх завгүй байгаа. Уран бүтээлийн хоёр ч шинэ ном өлгийдсөн хэмээн дуулсан. Олз омог арвин бол уншигч олонтой минь хуваалцахгүй юу?

-Энэ насны даваан дээрээс ертөнцийг харахад хүн арддаа хэрэгтэй үгийг хэлэх хэрэгтэй юм байна. Тэр хэрээр барин тавин хэрэглээтэй ном олныг алган дээр нь тавих хэрэгтэй юм гэж бодоод “Амь, сүнс хоёр” гэдэг хоёр мөртийн боть гаргалаа.

Өнөө Галсан чинь “Жирмийн сүлжээ” гэдэг дөрвөн мөрт бичдэг байсан одоо байтлаа чадахаа байж хоёр мөрт гаргаж байна шүү дээ гэж баярлах хүн ч байгаа гэсэн. Би бол ийм үгэнд цочоотой. Дээр үед дөрвөн мөртөө уншаад “Болор цом” авах үедээ яруу найргаас язгуур гаргана гээд хэлчихсэн юм. Чонын бэлтрэг мөн бол зуусандаа хүрдэг байх, хүний хүү мөн бол хэлсэндээ хүрдэг байх учиртай.

-Тэгээд яагаад заавал хүн баярлуулж хоёр мөртийн боть гаргаа вэ?

-Аливаа сум бол их бууны сум шиг зөвхөн чихний хэнгэргийг хагалж хий буудаж сүрдүүлдэг биш. Буудах, буудах буудахдаа ялаа онох. Онох онохдоо нүдийг нь онох гэдэгтэй адилхан тийм л үгийг эрхэмлэдэг учраас хоёр мөртийн ботийг гаргалаа. Урьд нь манайд хоёр мөрт байсан.

Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай гэдэг Чингисийн агуу их омог бардам тунхаг бол хоёр мөртийн гайхалтай жишээ.

Бямбын Ринчен багшийн

Мундашгүй эрдмийн сурахад нас юутай богинохон

Мунхгуудын дунд суухад нас юутай урт

гэж бичсэн нь муухан роман уншсанаас илүүтэй цаг завын үнэ цэнийн тухай гайхамшигтай цэцлэл юм. Гэхдээ Монголд хоёр мөртийн бүтэн боть гарсан нь үгүй юм. Тиймээс 550 хуудастай “Амь, сүнс хоёр” гэдэг хоёр мөрт боть гаргасан. Нэг мөр нь амь, нөгөө мөр нь сүнс гэсэн үг. Жишээ нь

Хадаг хэтэрхий олширвоос өмдний тэлээ

Хайрт хэтэрхий олширвоос өвчний өртөө гээд тооны хувьслаас чанарын хувьсалд хүрнэ гэж ярьж байна шүү дээ.

-“Бэлгэ үг” номыг тань үргэлжилнэ гэж байсан?

-Тийм ээ, нэгдүгээр боть нь уншигчдын гарт хүрсэн. Энэ ондоо багтаан хоёр, гуравдугаар ботийг нь гаргахаар төлөвлөж байна. Хүний амнаас гарч байгаа үг болгон эрчистэй байдаг.

-Эрчис гэж та юуг хэлж байгаа вэ?

-Эрчис гэдэг нь энергийг хэлж байгаа юм. Мянган нарнаас наашаа ирж буй тэр гэрэл дулаан хоёрыг эрч гэдэг. Олон тоон дээр эрчис болно. Үг болгон эрчистэй. Жишээ нь хулгайчаа гэж хэлдэг хүн нэг бол юмаа хулгайд алдсан, эсвэл бусдын юм хулгайлчихаад эд агуурсын төлөөсөнд эрх чөлөөгөө хураалгаад шоронд хэвтэж байдаг.

Ална даа гэдэг хүн нэг бол өвддөг адилхан биетэй, үхдэг адилхан амьтай атлаа бусдыг цааш нь харуулчихсан байдаг. Нэг бол өөрөө тун ялихгүй зүйлд гол нь тасарсан байдаг л даа. Миний ард болвоос түмэн хар эрчистэй, муу үгийг цээрлэж, цагаан эрчистэй сайн үгийг амнаасаа асгаж явдаг учраас буян заяатай.

Би нэгэнтээ оройтоод 02 цагийн үед гэртээ очлоо. Гудамжнаас нэг тахь уналаа.

-Такси юу?

-Таксиг Монголоор тахь гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй. Хурдан уу гэвэл дэндүү хурдан, бас алаг бөөртэй. Харь үг хэрэглэж байхаар нэг ч гэсэн гадаад үгийг дуудлага ойролцоо үгээр орлуулаад авчихвал соёлтой ард түмэн юм.

Би тэгээд гэрийнхээ гадаа очлоо. Гэтэл өнөө жолооч чинь 2000 гэж байна. Намайг урьсан буянтны өгсөн дугтуйтай мөнгөнөөс сугалаадахсан 20.000 төгрөг байж. Гэтэл нөгөө жолооч “Чи ямар баян юм, битгий бөөрөлхөөд байгаарай” гэнэ. Надад өөр задгай алга гэлээ. Гэтэл яасан баян гуйлгачин вэ гээд л хөмсөг нь хоншоор дээрээ зангираад л явчихлаа. Тэгэхээр нь бидний цөөхөн монголчууд бие бие рүүгээ хялалзаад яахав нөгөө мөнгөө тэр чигээр нь өгчихье гэж бодоод “Зэ, алтан шар нь өлзийтэй байх болтугай” гэсэн хөмсөгний зангираа нь тавигдаж байна. “Автын цагдаа холуур болтугай” гэсэн муухан жуумийж байна. “Айхтар оройтоод очиход авгай чинь уурлалгүй, тос гартал тас тэврэх болтугай” гэсэн инээж байна. “Арын чинь суудал дээр гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай” гэсэн чинь ха ха гээд л тас тас инээгээд машинаасаа гараад хаалгаа онгойлгоод би таныг гэрт чинь оруулж өгье гэж байна.

“Миний хүү мөнгөө ав” гэсэн чинь “Үгүй ээ, би авахгүй. Энэ тахийн буянаар овоо хэдэн төгрөг олсон. Гэвч ийм сайхан бэлгэтэй үг хэлсэн хүн тааралдаагүй юм. Би таныг гэрт чинь оруулж өгье” гэж байна. Эндээс үзэн ядахын хэмжээнд байсан хүн хайрлан хүндэтгэхийн жишээнд хүрч байна гэдэг нь бэлгэ үг хүнд хэрхэн хүрдгийг харуулж байгаа юм.

Миний “Бэлгэ үг” энэ номонд УИХ-ын гишүүн болж байгаа хүнд юу гэж хэлэх, эрдэм номын сургуулиа төгсөж байгаа хүнд юу хэлэх, эхнэр авч байгаа хүнд юу өгөх, арилжаа наймаа хийхээр явж байгаа хүнд юу өгөх вэ, алтны орд руу явж байгаа хүнд юу хэлэх зэрэг бэлгэ үгнүүд байгаа. Тэр байтугай хагацал үзчихсэн айлд ороод юу гэж хэлэх үг ч байгаа.

-Хагацал үзчихсэн хэцүү байхад нь ороод хэлэх үг олдохгүй үнэхээр л хэцүү байдаг даа?

-Манайхан нөгөө хүнийг нь егүүтгэчихсэн юм шиг муухай царайлаад бөөрөнхий махтай хоол шажгинатал нь идээд байхын оронд

Зээ

Мөчир нь бүтэн мод байдаггүй хорвоо

Элэг нь бүтэн хүн байдаггүй хорвоо

Буянтай сайхан буурал бурхны орныг зорьжээ

Эрдэнэт хүмүүний сайн төрлөө

Эргэж түргэн олох болтугай гэхэд хар үүл бут цохигдож харанхуй тэнгэр цайсан мэт болно. Энэ мэт гурван боть ном хоёрыг нь хэвлүүлчихээд байж байна даа.

-Монгол Жангарын гурван боть ном хэвлүүлэх тухай дуулдаад л байсан. Хэвлүүлж амжсан уу?

-Чадаагүй л байна даа. Манай монголчууд “Нууц товчоо”-гоо хоймортоо залчихаад “Гэсэр”, “Жангар”-аа орхичихсон. Үндсэн эх нь ч байхгүй. Хятад, Орос хоёр манайх гээд оюуны өмчийн хувьд булаацалдаж байна шүү дээ. Гэтэл тэд нар чинь бидний үсэрсэн цус, тасарсан мах гал голомтыг минь сахисан зүйл шүү дээ

-Уран бүтээлийн хувьд тийм байж. Та одоо өөрөө жолоо мушгиж байна уу. Таныг хувьдаа дөрвөн машинтай гэж сонссон юм байна?

-Буруу дуулсан байна. Би долоон машинтай. Өглөө босоод барьдаг сахлын машин нэг, үргэлжлүүлээд барьдаг бичгийн машин хоёр, өлссөн үедээ барьдаг махны машин гурав, тэгээд тавин жил Тангадын Галсанд цайг нь чанаж өгсөн эхнэртээ бас гурван машин аваад өгчихсөн. Үдэш орой халамцуу явж байгаад урсныг умайлгадаг оёдлын машин нэг, үнс нурмаа цэвэрлэг хөөрхий гэж бодоод тоос сорогч машин хоёр, өлөн хирэнд нь зууралдуулаад яахав дээ гээд угаалгын машин гурвыг аваад өгчихсөн.

Тэгсэн манай хотын дарга хотын амин зуулга болсон айл болгон нэгээс гурван машинтай гээд байхаар нь Америкийн Ерөнхийлөгч онгоцноос буухдаа нэг урт хар машинд суусан даа. Ачдаа тэр машиныг аваад өгсөн чинь гурван өрөөнийхөө хооронд утсаар оосорлочихсон дийд, дийд гээд явж байдаг аюул осолгүй амар юм байна лээ. Манайх ерөнхийдөө ийм л долоон машинтай айл.

-Жолооч нарын тухай та өөрийн бодлоо бидэнтэй хуваалцана уу?

-Олон жолоочтой таарч явлаа. Гараад гар өргөсөн, өргөөгүй хамаагүй Галсан гуай таныг хүргээд өгье гэдэг. Заримдаа Галсан гуай гэхгүй ээ, Бавуугийн Лхагвасүрэн гуай гэдэг шүү. Адсага зуусан банхар шиг болохоор адилхан харагддаг юм байна л даа. Зарим нь Бадарч гуай ч гэнэ. Тэр чинь шал дэлдэн. Би чинь монхор байхад л андуураад байдаг. Энэ нь ард түмэн яруу найрагчаа хүндэтгэдгийн илрэл, нөгөө талаар настныг хүндэтгэдэг уламжлалтай нь холбоотой юм даа.

Тэгээд суулгаад явна. Зарим нь мөнгө авахгүй гэдэг. Шатахуунаа үрсэн сайхан сэтгэл гаргасан учраас мөнгө авах ёстой шүү дээ. Их л буян боддог юм байна. Энэ алтан шарын эздийн буянаар эх орноо баттай гурав тойрсон доо. Очоогүй аймаг, сум, баг байхгүй. Монгол жолоочийн нэг гайхамшиг юу гэхээр алтан шард явж байхдаа жолооч, бүр онгоцны нисгэгч шиг сайн жолооч байдаг. Бага сага эвдрэл гарвал бүгдээрээ засварчин гэж байгаа. Бүр эвдэрвэл оношлодог инженер байдаг. Энэ бол манай жолооч нарын гайхамшиг. Ийм учраас би алтан шар замын эздийг хүндэлдэг. Миний үзэг нэгт нөхөд бүгд л алтан шар замын эздэд сайхан уран бүтээлээ зориулсан байдаг. Захын жишээ гэхэд Дэндэвийн Пүрэвдоржийн “Алтан шар зам” гэдэг дуу байна.

-Та ч гэсэн уран бүтээлдээ жолооч нарын тухай магтан дуулсан л байлгүй?

-Би жолоочийн дүр уран бүтээлдээ тусгаж байсан нь зөндөө. Ер нь манай зохиолчид замын хөдлөгөөнийг их эрхэмлэдэг улс. Нэг удаа “Өглөө”, “Түмний нэг” киноны зохиолыг бичсэн, кино, дэлгэцийн уран бүтээлийн аварга Ламжавын Ванган залуу зохиолчдод зөвлөгөө өгч байна. “Та нар ерөнхий яриад байх юм. Тодорхой ярьж бай. Ерөнхий зүйл бол хүн амины хэрэгт ч холбож болох юм. Тодорхой зөвлөгөө хүний амийг аварна шүү” гэж ярьж байна.

Гэтэл манайхны нэг нь “Та ч гэсэн их ерөнхий яриад байна шүү дээ” гэсэн чинь “За би тодорхой яръя. Жишээ нь, замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх гэдэг нь дэндүү ерөнхий юм. Энэ бол зүрхэнд хүрэхээс сэтгэл ухаанд хүрэхгүй. Гэтэл явган зорчигчийг замын голд ортлоо баруун гар талаа харж яв. Замын голоос цаашаа зөвхөн зүүн гар талаа харж яв гэвэл аюулгүй дайруулахгүй явна.

Замын хөдөлгөөний осол чинь алтан шарын эздээс гадна, явган зорчигчдоос болж байна. Гэтэл саяын зөвлөгөө бол шууд аврах зөвлөгөө байгаа юм. Би үр хүүхэддээ “Миний хүү, ногоон гэрэл астал хоёрхон минут хүлээж сур. Хоёрхон минут хүлээгээгүйн улмаас хоёр сар эмнэлэгт хэвтэх юм уу, хорвоогоос үүрд явдаг юм” гэж зөвлөдөг. Алтан шарын эздээс гадна явган зорчигчид бас анхаардаг байх хэрэгтэй.

-Манай жолооч нар явган зорчигчоо хэр хүндэлдэг гэж та боддог вэ?

-Гадны орнуудад явган зорчигч явж байхад ямар ч гэрэл ассан байх нь хамаагүй зам тавьж өгдөг. Хүнийг “энэ бол улаан гэрэл байна” гэж зогсдог. Манайх бол ямар ч гэрэл ассан явах гээд дайраад байдаг. Нөгөө талаар түрж орсон болгоныг түрэмгий түрүүлнэ гэж боддог. Энэ нь мунхаг бодол.

Хэдий чинээ нэгэндээ зай тавьж өгнө, төдий чинээ л хөдөлгөөний урсгал цоргыг нь нээсэн ус шиг л шулуухан урсана гэж боддог.

Жолооч хүн хэзээ ч уурлаж болохгүй. Уур хилэнгээс болж хар муу юм болдог. Тун болохгүй бол дээшээ тэнгэр харж байгаарай. Тэнгэр чиний тархинд орж ирсэн учраас чи сая уурлахаа болино. Ухаандаа уур бухимдалгүй, аюул осолгүй явна гэсэн үг.

-Ярианыхаа төгсгөлд та манай уншигчдад хандан бэлгэ ерөөлийн үг хэлж өгөх үү?

-Яанаа гэхийн гачигдал зовлонгүй

Ёо гэхийн өвчин шуухнаагүй

Дэлийг нь засаад наадамд сайн хурдантай бас жолоотой

Дээл эсгээд цагаан сараар гоёх үйтэн хуар, булгатай

Дээлийн чинь хормойг дандаа норгож байх

Таваас найман бор хүүхэдтэй

Дэлхийд алдар нь дуурссан амжилт бүтээлтэй

Дэвжин дээшилж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Тэр ерөөл бат оршиг. Таны уран бүтээлд их амжилт хүсье.

No comments:

Post a Comment