2010/11/12

Ш.Сvрэнжав: Цэцэн цэлмэг оюуны сувдны эрэлд хатаж явна

Өнөөдрийн монгол сонин

Б.Баатар
Дугаар 055/981/ 2009-04-14 12:08:21

Ардын уран зохиолч, тєрийн шагналт, Шаравын Сvрэнжав гуайтай ярилцлаа. Тvvнийг тэнгэрээс заяатай найрагч хэмээвээс vнэнээс нэг их хол зєрєхгvй л болов уу.


Тэрбээр Энэтхэгийн илчит наран дор зогсож, Ганга усны мєрєнд хєлєє дvрж, Жамна мєрний ариун урсгалыг ширтэж байсан нь аргагvй vнэн юм. Цаст Гималайн бэлд Далай ламд бараалхаж, мутраас нь адис хvртэж, удтал ярилцан, зураг хєргєє татуулсан, Далай багш тvvнд алд цагаан хадаг, Бурхан багшийн том хєрєг хайрласан нь ч vнэн юм. Хvссэн бvхэн ингэж амьдарна гэж vv. Тэрбээр Казахстаны уудам талаар аялж, Узбекстаны аксакалуудтай хууч хєєрч, Армяны Севан нуурын атираат мандлыг ширтэн Аветик Исаакян, Егиш Чаренц, Ованес Туманяны гунигт шvлгvvдийн учрыг эргэцvvлж явсан. Тэрбээр Евтушенко найрагчтай нєхєрлєж, Расул Гамзатовтой дарс хувааж ууж, С.Эрдэнэ, Б.Явуухулан нартай ойр дєт байсан хувьтай нэгэн. Шаравын Сvрэнжав гуай дэндvv хээгvй, хэнтэй ч єєриймсєг сэтгэлээ нээж чаддаг авьяас билэг халгисан хvн. Жараад оны яруу найрагт од болж явсан. Тэр vеийн сэхээтний сэтгэлийн утсыг Ш.Сvрэнжав найрагч хєвєлзvvлэн татаж байсан гэдэг. Ингээд эрхэм зохиолчын эгэл яриаг уншигч танаа толилуулъя.

-Бие тэнхээ данги уу, сайхан хаваржиж байна уу. Тантай уулзахад амаргvй байлаа шvv.
-Бурханы авралаар хоёр мэс засалд ороод бие овоо илааршиж байна. Одоо "Домогт бєхчvvдийн омогт барилдаан" ном бичиж байгаа. Даян аварга А.Сvхбат барилдахаа больсноос хойш барилдааны урлаг тєдийлєн сайнгvй байна. Барилдана гэдэг авьяас юм. Авьяасгvй бол барилдаж чадахгvй щvv дээ. "Мэргэдийн санаа мянган жилийн настай" гэж хэдийд ч билээ би нэг шvлгэндээ энэ мєрийг биччихсэн байж билээ. Одоо нас ахих тусам энэ vгнийхээ утгыг улам ухаарах юм. Тэр цагт сэрэл мэдрэмж, онгодын хvчээр дээрх vгийг хэлсэн байдаг. Би урд vеийн ихэс дээдэс мэргэдийн сургаалийн эрдэм чадалд биширдэг. Далайн ёроолоос сувд тана шvvрдэхийн адил, тэдний цэцэн цэлмэг оюуны сувдны эрэлд хатаж явна.

-Монголын багш нарын баярт зориулсан таны тоглолт vзэгчдийн сэтгэлд их хvрсэн байна лээ?
-Тийм ээ. Vнэхээр баярламаар сайхан тоглолт болсон. Тоглолт дуусчихсан байхад vзэгчид маань босохгvй байхад сэтгэл их хєдєлсєн. Би тоглолтынхоо маргааш нь л цєсний хагалдаанд ороод бие жаахан чилээрхсэн дээ. Гэхдээ би тvмнийхээ хайранд єлгийдvvлж явдаг болохоор євдєх эрх алга гэж бодох юм.

-Танд олон сайхан зохиолчдын сэтгэлийн vгээ бичсэн ховор эрдэнэ байна. Хvн асар нандин зvйлээ цоожилдог. Та тэднийхээ гарын vсгийг тэмдэглэлийн дэвтэрээ цоожилжээ?
-Тийм шvv. Энэ дэвтрийг манай хvvхэд гадаадаас єгч явуулсан юм. Би тийм сvрхий нямбай хvн биш. Номон дээр бичсэн тэр цєєн мєрєнд зориулж бичсэн хvнээ хэр зэрэг хvндэлдэг, vнэлж цэгнэдэг, тэр хvний тухай бодож явдгаа илэрхийлсэн байдаг. Энэ бvхэн ахин давтагдахгvй мєнхийн дурсгал болж vлддэг. Энэ нь хvн хvндээ єргєсєн сvvн цацал, бурмаар бус урмаар тэжээсэн сэтгэл юм. Яваандаа монголын утга зохиолын сэжим ч болж юуны магад. Би ард тvмнийхээ хайранд жаргасан хvн. Газар усаар ханадаг даа. Тvvн шиг тєр тvмнийхээ хайрыг хангалттай хvртлээ. Нєхдийнхєє єгсєн урмын vгийг хайрлаж, єргємжилж явдаг. Энэ бол том хvндлэл юм. Олон сайхан зохйолч, эрдэмтэд маань надад зориулж сэтгэлийн vгээ vлдээсэн. Тухайлбал, Тєрийн шагналт, зохиолч Д.Гармаа:
"Яруу найргийн их наадамд гарьд магнай
Ялгуусан найраглалын дээд хуриманд тод магнай
Дурьдатгал туужийн гэгээн уралдаанд цэц магнай" гэж бичсэн байдаг. Монголд наадам болж байгаа цагт энэ кино маань гарах байх аа.

-Уучлаарай зохиолчид бор дарснаас буцдаггvй гэдэг?
-Яахав дээ. Бид сэтгэлээрээ баян улс. Би хvнд vеийг туулсан. 1990-ээд оноос ємнє бор дарсыг хvртчихдэг байлаа. Харин 1990 оноос хойш татгалзах болсон. Энэ нь ч их зєв юм. Хvн жаргах зовохыг биеэрээ vзэж байж ойлгодог. Би архийг муулдаггvй сайлдаггvй. Байгаа байдлаар нь хэлсэн байдаг.
Жаахан л ахих юм бол архи чамайг цааш нь чангаана
Жаргалтай юм шиг хэрнээ зовлон болж хувирна
Очигдєрхєн цээжинд сэрж байсан арслан
Єглєє нь хулгана болж зvрхэнд орж vхнэ. Тийм учраас л Далай багш "Архиа бага уу, айрагаа тааваараа уу" гэж хэлсэн байдаг. Ц.Хулан яруу найрагч учраас л тийм vг хэлvvлж чадсан шvv дээ.

-Залуу зохиолчдын талаар юу хэлэх вэ?
-Яруу найрагч "Болор цом"-ын эзэн Ц.Хулан "Дундаа ямар ч гочлол дуучингvй манай vеийнхэн ямар єрєвдмєєр юм бэ," гэсэн байдаг. Би тэдэнд юу хэлэх вэ дээ. Бидний vгийг сонсохгvй. Єєрсдийгєє л сонсдог юм билээ

-Сvvлийн vед хvний мєс чанар, зан ааш муудчихсан юм санагдаад байх боллоо?
-Хvн сэтгэлээ уудалж яриад тайвширч амрах нь чухал байдаг. Нэг талаасаа бол "Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нєхєдгvй хvн зvрхээ урж иддэг" гэсэн Беконы vг vнэтэй юм. Сvvлийн vеийн залуучууд маань эд мєнгийг илvvд vзээд байгаад сэтгэл эмзэглэдэг. "Сайн хvн нэрээ, сайхан шувуу єдєє гэдэг" шvv дээ. Монгол ёс зvйгээ сэргээж байж ард тvмнийхээ оюун санааг засна. Ингэхийн тулд хvvхдээ багаас нь хvмvvжvvлэх хэрэгтэй. Бидний vед хvvхэддээ мал муулахыг харуулдаггvй байлаа. Гэтэл одоо хvн алахыг харуулдаг болжээ. Энэ бол гашуун эмгэнэл юм. "Хvний зан ааш гэдэг цэцгээр бол vнэр л гэсэн vг" гэж Чарльз Швабийн vгийг би хэлэх дуртай. Єєрийн таньдаг нєхдєєсєє ургуулан бодож vзэхэд заримаас нь анхилуун, заримаас нь нясуун, хэцvv vнэр аяндаа vнэртэнэ. "Тиймээс зан ааш сайн байх нь насан туршийн баялаг" гэсэн Уильям Гаэлийтийн vгийг залуучууд маань мєрдєєсэй гэж боддог. "Амьдрал хайр дээр тогтдог" гээд хаан найргийн хатан Ш.Дулмаа хэлээд улс даяар дуулж байна шvv дээ.

-Таныг Хадаа аваргатай их ойр байсан гэж сонссон?
-Харьшгvй хvчтэй Хадаа аварга минь биднээс холдоод олон жилийг vдлээ. Бурхадын найранд уригдсан юм болов уу. Учир нь тvvн шиг гэнэн цайлган хvн тэнд олон байхгvй биз дээ гэж боддог юм. Би сvнсийг нь ямагт ариухнаар тєсєєлж явдаг. 1976 онд Д.Хадбаатар маань тэнгэртэй сайхан барилдаж, тvрvvллээ. Унаж явахдаа ч мэх хийдэг, сvvлийн хэдэн жил дандаа дээгvvр vлдэж ид vедээ байгаа Дагвасvрэн арсланг хєлий нь газар хvргэх завдал гаргалгvй сэнсэртэж дvvгvvрдэж хаяад тvрvvлсэн Д.Хадбаатар аварга маань миний зовлон гунигийг ч цуг сэгсэрчихлээ. Тэгээд л би vзгээ шvvрч аваад Д.Хадбаатартаа зориулж шvлэг бичиж байсан.

-Хvн хамгийн дотно хvндээ сайн муу vгийг харамгvй хэлдэг. Та Хадаа аваргад алганы амт vзvvлж байсан уу?
-Алганы амтыг Мєєеэ аварга vзvvлсэн. Би vгийн амтыг vзvvлсэн. Хамгийн сvvлд долдугаар сарын 14-ний єдєр нас барахынхаа ємнє тавын даваанд хvчтэй унаад их ярвайж боссон. Элэг нь их муу байсан байх. Тэрний ємнє би Баярсайханд мэнд хvргэх гээд явсан чинь "Сvрэнжав ахаа би шарласан шvv" гэж хашгирч байсан. Надад хэлсэн сvvлийн vг л тэр. Муулж явсан vед нь ємєєрч явсан минь их урам єгсєн болов уу гэж бодож явдаг/ Хоолой нь зангирав/.

-Ингэхэд танд ямар дутагдал байна?
-Хоёр дутагдал байна. Цаг баримталдаг, ном уншдаг/инээв/.

-Би дунд сургуульд байхдаа таны "Ерэн баатрын дууль" найраглалыг уншиж байгаад сэтгэл хєдлєєд уйлж билээ?
-Тийм vv. /инээв/. Би энэ найраглалаа 25 настайдаа бичсэн. Тэр жил халхын голд очиж, ерэн баатарын хєшєєнд очив. Дайн болсон газар анх очсон нь тэр. Сэтгэл гэгэлзээд явчихав. Vvл нvvгээд л, ус урсаад л, ой шуугиад л нэг л сайхан. Би дєрвєн нэр бичээд авчихав. Тэндээс машинаар явж халхын голын сумд ирсэн. Машинаас буугаад их л аажуухан буудалд орсон. Тэгээд л буудлын орон дээр сууж, євдгєн дээрээ цаасаа тавьж суугаад Ерэн баатрын дуулиа бичсэн. Тэр vед гар ганцдаж байсан. 30 минутад бичсэн дээ. Тэгээд нєхєддєє уншиж єглєє. С.Удвал гуай "Сайхан шvлэг болжээ. Миний нулимс гарч байна" гэсэн. Орой нь тэр суманд vдэшлэг дээр уншиж, дахиулаад л. Сэтгэл хєглєгдєж онгод ирэхэд хэдэн гартай болоосой гэмээр байдаг юм.

-Аз жаргалын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нас ахисан хойно vр хvvхэд маань сайн сайхан явбал хамгийн том аз жаргал юм. "Хvн аливаа шуналаас єєрийгєє чєлєєлж авсан цагт л аз жаргалыг мэдэрнэ" гэж Далай багш их сайхан онож хэлсэн байдаг юм.

-Хань тань их амгалан хvн юм аа?
-Ардын дуунд л их vнэн хэлсэн байдаг
Уулнаас єндєр улиас байдаггvй Учирснаас илvv амраг
байдаггvй Хаднаас єндєр хайлиас байдаггvй
Ханилснаас илvv амраг байдаггvй" Энэ нь энгийн алтаа их vнэн юм. Хоёр биедээ аажимдаа уусдаг. Хань гэдэг бурханаас єгсєн хишиг юм. Ханиа зєв олоод хорвоог туулахад сэтгэл санаа, vзэл бодол гээд сvvлдээ зvс царай нь хvртэл тєстэй болчихдог. Хослон амьдарна гэдэг амьтны зєн билэгтэй холбоотой. Би ханиараа бахархдаг. Бvсгvй хvний нулимс гэдэг энэ дэлхий дээрх хамгийн vнэтэй ус гэж Ж.Марли хэлсэн байдаг. Их нандин яруу найраг шиг хэлсэн байгаа биз. Хамгийн хvнд мєчдєє хvн ээж ээ гэж аврал эрэн хашгирдаг шvv дээ. Эх хvн vрээ зєн совингоороо мэдэрдэг гэдэг. Ингээд бодохоор эх хvн тарни юм. Яруу найрагчийн гэргий байна гэдэг амаргvй. Миний Ардын жvжигчин Л.Цогзолмаад бичсэн "Манлай явсныг чинь мартахгvй" дууны маань анхны сонсогч нь хань минь байсан. Тэгээд тийм байна, ийм байна гэж шvvмжилнэ. Тvvнээс биш уурлах юм байхгvй.

-Таны ээжийг их цэцэн цэлмэг хvн байсан гэж сонссон?
-Тийм ээ. Миний ээж цэцэн цэлмэг vгтэйгээс гадна их сайхан дуулж хуурддаг байсан. Би ээжийнхээ тухай их олон юм ярьдаггvй ч зvрхнийхээ гvнд vргэлж нандигнаж хадгалж залбирч явдаг.

-Ингэхэд монголчууд тав дахь удаагаа тєрийн тэргvvнээ сонгох гэж байна. Та нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж байна?
-Н.Энхбаярыг оюутан ахуй цагаас нь мэднэ. Энэ хvний оюуны царыг нь vнэлдэг. Намайг Горькийн дээд курст байхад Н.Энхбаяр оюутан байсан. Тэр vед Монголын зохиолчдын хороонд гадаад харилцааны хэлтсийн орчуулагч байсан. Дараа нь дарга болсон. Утга зохиолд илvv ойр, болохоор нь хvндэтгэдэг.

-Таны хувьд Ерєнхийлєгч гэдэг хариуцлагатай, хvндтэй vvргийг хvлээсэн хvн ямар байх ёстой вэ?
-Улс тєр бохирдсон байна. Энэ бохирдлыг ариусгах ёстой. Монголын ард тvмэн, эв нэгдэл, амар тайван амьдралыг хvсч байна. Эв нэгдлийг бэхжvvлж чадах хvн л ерєнхийлєгч байх хэрэгтэй. Дахин долдугаар сарын 1 шиг vйл явдал битгий л болоосой гэж залбирах юм даа.

-Таны тавьсан дээрх шалгуурыг дэмжигч тань хангаж чадаж байна уу?
-Чадах байх гэж найдаж байна.

-Тєрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсан таны "Нутгийн цэнхэр уулс", "Хєх тэнгэрийн хур" шvлгийн тvvврийг тань монголын яруу найргийн цэцэрлэгт хvрээлэнд шинэ сортын хоёр цэцэг юм хэмээн бичсэн байдаг?
-"Урмын vг гэдэг зvрхний хатингаршлаас сэргийлэх сэтгэлийн витамин юм". Би О.Дашбалбарынхаа хэлсэн vг бvхнээс асар их урам авдаг.Чин сэтгэлээсээ хэлдэг болохоор миний сэтгэлд хvрдэг юм. Хvмvvс бие биетэйгээ сайхан мэндчилж урмын vг хэлж сурмаар байна. О.Дашбалбар маань:
Цагдуулж хордуулсан Чойномыг шоронгоос гарч ирэхэд
Цагаан сvv амсуулж, цэцэг барьж угтсан хvн ганцхан
Тэр бол. Шаравын Сvрэнжав, уншигч олон андахгvй
Тэртээх он жилvvдэд нєхрєє худалдаагvй ганцхан шvлэгч. Хэмээн надад зориулж 1990 оны арванхоёрдугаар сарын 5-нд бичиж єгсєн юм.

No comments:

Post a Comment