Зууны мэдээ сонин
Ч.Vл-Олдох
Дугаар 227/2987/
2008-09-22 14:23:06
Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, тєрийн шагналт зохиолч Д.Цоодолтой ярилцлаа.
-Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлын 80 жилийн ойн босгон дээр утга зохиолын “томчууд”-ын нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Их ой ойртож айсуй мєчид бvтээж туурвихын зэрэгцээ та юу бодож тунгааж байгаагаа манай уншигчидтай хуваалцана уу?
-Монголын том байгууллагын ой болох нь. Утга зохиол гэдэг нийгмийн оюун санааг бvрдvvлдэг салбар юм. Би хуучны хvн болохоор утга зохиолд юу ч байж болно гэж vздэг хvмvvстэй санал нийлдэггvй. Утга зохиол єєрийн чиг, ариун сайхан зорилготой. Мишигийн Цэдэндоржийн нэг шvлэгт “Ерєєл буянт яруу найрагчид минь ээ. Ертєнцийг аврах нэгэн мєр шvлэг хэлээч” гэсэн нь бий. Тэгэхээр энэ чинь ертєнцийг аврах тухай ярьж байна. Явж, явж энэ бол сэтгэлийн урлаг. Ертєнцийг зэвсгээр аварна гэж боддог хvн харамсалтай нь байдаг хорвоо юм. Гэтэл яруу найрагчид аварна гэж утга зохиолын хvрээнийхэн хэлдэг. Ертєнцийг гоо сайхан аварна гэж нэг хэсэг нь vздэг. Би бодохдоо ертєнцийг гоо сайхан авардаг бол бид бараг хэтэртлээ гоёлоо. Энэ ертєнц дээр хувцас муутай хvн, царай муутай хот байдаг ч гэсэн гоо сайхан аварна гэж их дээр vеэс ярьжээ. Бvvр Сократын vеэс ярьж. Луначарский хэлсэн гэж ярьдаг юм, большевик засгаас ємнєх оросын соёлын том зvтгэлтэн л дээ. Гэтэл энэ бол биш, бvvр тэр Сократын vеэс ярьж эхэлсэн байна. Тэгээд авардаг юм бол ертєнцийг аврахаар хугацаа єнгєрсєн. Аварсан юм байхгvй л байна. Ертєнц улам хvнээ алдаж, дампуурч байна. Хуучин зєвлєлтийн нэрт зохиолч Юрий Бондарев “Согтуу жолоочтой машин хязгааргvй их хурдаар газрын уруу явж байгаа юм шиг санагдаж байна аа, єнєєдрийн орчлон” гэж хэлсэн юм. Vvнтэй би санал нэг байдаг. Хэдийгээр тэр газар холын, тэгээд их том зохиолч боловч энэ бол бичгийн их хvн гээд бодохоор Монголын жаахан яруу найрагчид бас хамаатай.
Энэ мэтээр яриад байх юм бол утга зохиолын vvрэг их. Тиймээс МЗЭ-ийн 80 жилийн ой гэдэг том vйл явдал. Зохиолчид бэлтгэж байгаа байх. Энд тэнд зориулсан ажлууд хийж байна. Хэд хэдэн аймагт МЗЭ-ийн ойг угтаад зохиолч, уншигчдын уулзалт хийж байгаа юм билээ. Єнгєрсєн хавар би тэр ажлын нэгэнд Сэлэнгэ аймагт очиж оролцсон. Тэр vеэр уншигчид утга зохиолоо санасан хэвээр, улам их юм уншихсан гэж бодсон хэвээр байгаа нь мэдрэгдсэн. Яагаад энд санадаг, боддог тухай ярьж байна гэхээр, телевиз гэж айхтар юм уншигч, зохиолчдын хоорондуур, ном, уншигчдын дундуур орох явдал ихэдсэн юм болов уу. Ном унших нь багассан бололтой. Унших юм их хэрэгтэй байна гэж яриад байгаа юм. Тэгэхээр ном орон нутагт тэр бvр очдоггvй. Хотод номонд дарагдаж, хєдєє бол цангаж байгаа юм байна даа. Миний хувьд ой угтаад уран бvтээл хийж байгаа. Шvлгийн тайлан чанартай нэг ном хэвлvvлэх санаатай. Нэг их удахгvй хэвлэлтээс гарах байх. Саяхан том, бага хоёр ном минь нэг єдєр хэвлэлтээс гарлаа. Эсээ, тэмдэглэл, дурсамжийн “Хонины боол” ном “Жиком пресс”-ээс, нєгєєхийг нь би буян бодож ч гэх юм уу, хуучин Зєвлєлтийн бvрэлдэхvvнд байсан 15 улсын хvvхдийн зохиолоос, нэг улсаас нэг л юм аваад “Ярьдаг тэмээ буюу хойт айлын vлгэрvvд” нэртэй vлгэр, єгvvллэгийн ном хэвлvvллээ. Хуучин зєвлєлтийн Армян, Азарбайжан, Эстонийн vлгэрvvдийг манай хvvхдvvд уншдаг, мэддэг байлаа. Залуус бие биеэ мэддэг байсан. Нийгмийн єєр байгуулалд шилжээд одоо мэдэхээ байсан байх. Энэ нэг бодлын надад хамаагvй юм. Хvн юугаа уншнав, уншиж ч байна уу, vгvй юу. Гэхдээ хамаатай юм шиг санагдах нь насны явдал юм уу даа. Заримдаа тэр орны хvvхдvvд одоо бол Монголын хvvхэд, залуусыг хуучин шигээ мэдэхгvй л болчихсон л доо, хєєрхий. Тэр нь єрєвдмєєр ч юм шиг. Ингээд нэг ном “Сэлэнгэ пресс”-ээс хэвлvvлж гаргалаа. Vvнийгээ л ой угтсан ажил гэж бодоод байгаа юм шvv дээ.
-Зєвхєн юу бvтээснээ цэгнэхийн хажуугаар анх эхэлсэн зам мєрєє эргэж харвал сонин тvvх, дурсамж хєврєх байх?
-Утга зохиолд анх яаж яваад ороод ирчихэв гэж vv. Онцгой содон юм байхгvй ээ. 1950-иад оны сvvлээр бага дунд сургууль тєгсч, 60-аад оны дунд vеэс анхны шvлгvvдээ бичиж, 70-аад онд номоо гаргасан. Би чинь тэр 70-аад оныхон гэдэгт багтдаг юм шvv дээ. Тоомойн Очирхvv, Бямбажавын Хvрэлбаатар, Санжжавын Оюун, Зундуйн Дорж, “Хайрхан уулын бараа” гээд сайхан дуу бичсэн Довчингийн Отгонсvрэн бид нэг vеийнхэн. Шvлэгч байхаар шvvмжлэгч нь бас тэр vедээ хамт тєрдєг шиг байгаа юм. Хорлоогийн Сампилдэндэв гэж академич, том доктор байлаа, миний найз. Одоо байхгvй. Ийм хэсэг хvн далаад онд номоо гаргаж, Д.Пvрэвдоржийн яруу найргийн нэгдэл гэж байсанд орж, шvлгээ уншиж явсан. Би Явуухулангийн шавь. Миний анхны номыг Явуу уншиж, “Нутгийн зургаан єнгє” хэмээн редакторлан, гаргаж байлаа. Миний анхны номыг гаргаж байснаасаа олон жилийн дараа 1982 онд багш минь єєд болсон. Тэгэхэд хамгийн сvvлд редакторласан ном нь бас миний ном байсан юм. Тэгэхээр би багшдаа их єртэй. Багшийнхаа санаанд хvртэл сайн шvлэг бичиж чадсангvй. Чадахгvй гэж би бодсонгvй. Болж єгсєнгvй. Надад ийм л санагддаг. Одоо болтол Явуу шиг том, тийм яруу тунгалаг гvнзгий яруу найрагч тєрєєгvй байна. Яаран сандран тєрєх ч юу л бол. Зарим нь яруу найрагч биш энэ тэр гэж хэлсэн шvv дээ, базарваань. Манай энэ сонгодгуудаас. Би бурж байна даа л гэж санадаг. Одоо яах вэ, тоглоомноос гарч байгаа, хєгшин шvлэгч. Хvний тєлєє байтугай, єєрийнхєє тєлєє заргалдаад явах биш. Тийм боломж гарвал санаж бодсоноо хэлдэг. Нэг тиймэрхvv л юм даа, хvvхээ.
-Сvvлийн vед ямар бvтээл туурвиж байна?
-Яруу найраг гэдэг залуугийн л хєдєлмєр. Тэр жамын хаагуур явах вэ. Vргэлжилсэн тал руу vзэг цаас нийлvvлж байгаа юм бий. “Шар тэмээний нутаг” гэж тэмдэглэл, эсээ, бодролын ном гаргасан. Дээр єгvvлсэн “Хонины боол” гэж. Нэг ийм ном гаргах гэж байна гээд сонинуудад єгтєл єнєєхийг маань дандаа єгvvллэг гээд тавьчихсан байх юм. Хэрэв тийм бол сайн л байна. Ямар ч байсан єгvvллэг биш. Би тэр єгvvллэгийг элэг барьж болохгvй хvн. Хамгийн гол нь тэмдэглэл, зурвас элдэв шидийн юмаа “єє, энэ єгvvллэг” гээд харуулаад байж болохгvй ээ. Энэ жанрыг хvндэтгэх учиртай. Зарим нэг нь єгvvллэгэрхvv болсон юм болов уу. Одоо юу хийж байна гэхээр би сvvлийн хэдэн жил орчуулга оролдлоо. Санааны мухарт яваад байдаг. Хот орон явж буй жинчингээр бол хэдэн ямаагаа борлуулаад юу авч харих вэ гэж боддог шиг би орчуулгын юм оролдож байна. Насаараа л орос хэлнээс юм ойлгох гэж оролдлоо. Хойно утга зохиолын дээд сургуульд би яруу найргийн семинарт хоёр жил байлаа. Єдєр болгон шvлэг ярьдаг их гоё сургуульд би нэг явсан юм. Нєгєє талд би хоёр нvvртэй юм шиг єдєржин шvлэг сонсчихоод хариад єрєєндєє Чеховын намтар, зохиол, бvтээл, захидал, зурвас гээд элдэв хууч дурсамжтай ноцолдож єнгєрєєсєн хvн. Єнєєхийгєє хvмvvст хvргэх гэж хоёр ч бэсрэг дэвтэр гаргалаа. Одоо Ерєнхийлєгчийн ивээл дор дэлхийн шилдэг 50 боть зохиол гарна гээд байна. Тэр дотор миний Чеховын юм гарна гээд сонин дээр бичсэн байна лээ. Гарвал их сайн байна.
-Их ойн ємнє Монголын зохиолчдын эвлэлийн хоёр байгууллга нэгдэнэ гэсэн яриа эртнээс сонсогдсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хvмvvс хvлээдэг юм аа. Би ч хvлээдэг. Бага байхад аав, ээжийн нэг нь, эсвэл хоёулаа ч юм уу сумын тєв орчиход тэр єдєржин л хонины захаас, бvр оройтвол гэрийнхээ гаднаас харж, хvлээдэг л дээ. Энэ шиг зохиолчдын хоёр байгууллага нэгдээсэй гэж боддог, хvлээдэг. Юугаа хvлээгээд ингэж удаад байгааг нь би мэдэхгvй. Манай хоёрт булаалдсан хєрєнгє байхгvй. Таардаггvй хоёр єєр онол, чойр байхгvй. Би гайхдаг юм. Vхэх хvн ханьсаг гэж vг байдаг даа. Тэр болж байгаа юм уу, яагаад байгаа юм мэдэхгvй. Би сэтгvvлчдийг єєрсдєєсєє доор тvвшнийх гэж санахгvй. Гэхдээ зохиолчдыг бол зохиолч л гэж бодно. Манайд сэтгvvлчид ч нэгдсэн. Олон нийтийн бусад байгуул¬лагууд ч хоёр толгойтой болчихоод байгаа юм vгvй. Мишигийн Цэдэндоржийн шvлэгт “Хоёр гар минь хоорондоо зодолдоно гэж vv. Хонгор чи бидэн холдон сална гэж vv” гэсэн байдаг. Энэ бол янаг амрагийн шvлэг байна л даа. Бараг энэ л санагдмаар. Манай хоёр байгууллага нэг их дайсагналцаад явсан юм байхгvй. Гэхдээ цочир, цочмог зантай хэдэн хvн л хоорондоо учраа ололцоогvй байх. Явсан хэд бараг очсоныхоо маргаашаас л vлдсэнийгээ санасан болов уу гэж би боддог юм. Надад бол аль алинд нь л миний найз нар байдаг шvv дээ. Миний номыг адилхан хэдэн монгол нь л уншдаг. Чинагийн Галсан шиг германчуудад уншуулж байгаа юм бараг байхгvй. Хэдэн монгол минь, энэ хэдэн дээлтэй хvн л уншдаг юм. Муу ёрлож байна гэж миний хvv битгий бодоорой. Бидний vеийнхэн бол нэг л газар очно шvv дээ. Хоёр айлын хvн гээд бидний нэг хэсэг нь тэнгэрт очиж хэвтэхгvй. Нєгєє хэд нь газар шургахгvй. Тэгэхээр би нэгдээсэй л гэж боддог.
-Зохиолчдын байгууллага эгнээгээ тэлсээр байна. Хоёр сая гаруй хvний хэд нь зохиолч юм бэ гэж асуух хvн ч бий?
-Зохиолчдын байгууллагад элсэх битгий хэл,зохиолчдын эгнээнд орж ирж байгаа хvний тухай мэдэх юм алга. Зохиолчдын эвлэлд хvн элсэж л байдаг. Чєлєєт зохиолчдын холбоонд ч элсэж л байдаг байх. Хvн амтайгаа харьцуулсан тоогоор бол мянган хvн тутамд ногдох зохиолчийн хувьд манай улс олон байх гэж би санадаг юм. Дээр vед дээ, 1980-аад оны дундуур Хятадын зохиолч ирээд “Манай улс арван мянган зохиолчтой” гэж ярьж байсан. Манайх эвлэл, холбоо нийлээд мянга давсан байх. Сайн ч юм байгаа, муу ч юм бий л байх. Зохиолч гэдэг бол зохиолчийг л хэлдэг. Зохиолчдын эвлэлд элсэж оронгуут юм уу, бэхэнд vзэг дvрэнгvvт хэн нэгэн хvний онгод орж, уран сайхан санаа тєрж, олноо уяраасан, зоригжуулсан ийм сайхан зохиол бичээд эхэлдэг гэж би боддоггvй. Хуучин ч тийм л байсан. Одоо ч тийм л байгаа байх.
-Таны шавь нараас ч олон залуус бичиж байгаа. Сvvлийн vеийнхний бичлэгийн чиглэл, шинэлэг хандлага нь юу вэ?
-Их чєлєєтэй болжээ. Энэ их сайн. Залуучуудаас аятайхан бичдэг хvмvvс байна. Зураач, яруу найрагч М.Амархvv их аятайхан бичиж байна, сvvлийн vед. Б.Мягмаржав сайн бичдэг дээ. Залуучууд бол мэр сэр байна аа. Тэдний ємнєх vеийнх¬нийг бол та нар мэднэ шvv дээ. Монголын яруу найраг эзэн¬гvйдэх тохиолдол байхгvй. Монголчууд оюунлаг ард тvмэн. Дээр нь утга зохиолын єв ихтэй. Дэлхийн хэмжээнд яригддаг Оросын “Юрийн цэрэглэсэн хорооны тууж”, Францын “Роландын дуулал” Армяны туульсын том зохиолууд гэж ярихад тэднээс ерєєсєє дутуугvй “Монголын нууц товчоо” бол хааш хаашаа илvv гарна. Би хэмжээг нь хэлж байгаа юм биш. Тэнд єгvvлсэн юмны хэмжээ, хэрэглэсэн уран сайхны арга нь илvv. “Гэсэр”, “Жангар” байна. Тэгэхээр уртга зохиолын єв гэдэг яндашгvй. Тийм юман дээр Монголын орчин vеийн утга зохиол ургаж гарсан. Vр шимээ єгч байгаа.
-Ингэхэд яруу найраг дэлхийг аварна гэлцдэг. Харин та улс орны хувь заяаны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би Д.Урианхай энэ тэр шиг философич биш юм аа. Гэхдээ єєрийн хэмжээнд бодоход манайд онолын зєндєє нєєц бий. Хуучин єв соёл, уламжлалаасаа сэргээх зорилго, ийм vг ил тод дуулдаж байсан. Харамсалтай нь энэ зорилт хэрэгжээгvйд сэтгэл гонсгор явдаг. Уг нь хуучныхаа юмыг мартъя гэсэн зорилт тавьж байсан бол одоо нэг их сайхан орой руу орж байх юм даа. Єнєєдєр манай соёл, зан заншилд сайнаасаа илvv саар нь их vзэгдэх болсон. 1990-ээд оны эхээр би олон сонинд бичиж байсан даа. Говь-Алтай аймгийн нутагт явж байтал Ц.Дамдинсvрэн гуайн “Зуун билэг”, Явуу багшийн хэдэн номыг хоёрдугаар тvvхий эд, цаас гээд боочихсон Хятад руу гаргах гэж байсан. Дуулчихаад авахаар очтол наадахыг чинь компани авчихсан юм аа гээд. Ингэж л эхнээсээ дампуурсан шvv дээ. Хийсэн юм бас байгаа. Vvнийг vгvйсгэж болохгvй. Єнєєдєр чинь манайх уртын дуу, морин хуур гээд гол гол юм руугаа эргэж орсон. Дэлхийн єв соёлын санд бvртгvvлсэн гээд хийсэн ажил бий. Амьдрал дээр бол ойлгомжтой юм зєндєє л байна шvv дээ. Оготно, зурам биш дээ, хэзээ байтлаа хvмvvс єглєє тарншейнаас уур савсуулаад гарч ирж байлаа. Гэтэл ийм муухай юм болсон. Vvнийг л бушуухан засч залмаар. Тэгэхгvй бол манай улсын нэр хvнд ч яамай хохирч байгаа хvн, хvмvvс хайран байна шvv дээ. Энэ тухай хvн болгон ярьдаг болохоор миний vг ч гэсэн хvнд нэг их vнэтэй сонсогдохгvй байх.Энэ дугаар хорооны нэг муу євгєн ярьж байна гэх маягтай байлгvй. Уг нь тэгж болохгvй юмсан. Гандангийн их хамба Д.Чойжамц гуай чинь манай нутгийн хvн юм. Тиймээс бид ойрхноос биш их ойроос уулзах явдал хааяа гардаг. “За яахав нийгэм шилжээд янз бvрийн л юм болж байна. Яваандаа засрах биз. Нэг юм л их тусгvй байна аа. Энэ газар дор хvн орчихдог л их муу” гэж байсан. Нээрээ ч тийм. Одоо хангалттай улстєржлєє. Бvр хэтэрхий улстєржлєє. Одоо амьдралаа бодох цаг. Єрхєє татахгvй хэрэлдээд байгаа юм шиг. Хэдхэн сая хvн харанхуй хєлчvv, согтуу юм шиг байж таарахгvй.
-”Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” бол яах аргагvй бидний оюуны их сан хємрєг. “Зуун билэг оршвой”, vгvй тэгээд Явуугийн яруу найраг соёлын vнэт єв. Гэтэл бид хадгалж, хамгаалж чадахгvй байна. Тєв номын сангаас “Алтанганжуур”-ын судар алга болчихсон гэх мэдээлэл гараад л байна. Та дуулсан л байлгvй?
-Энэ чинь улсын маань тусгаар тогтнолын нэг билэг тэмдэг юм шvv дээ. Соёлгvйгээр тусгаар тогтнол гэж байдаггvй. Хэдхэн нийтлэг юм байх хэрэгтэй л дээ. Нэг газар нутагтай, эдийн засагтай байх ёстой. Соёлтой байх ёстой. Соёл гээд байгаа нь тэр “Ганжуур”-тай байх хэрэгтэй л дээ. Дорнын эртний соёлтой ард тvмэн гээд байдаг. Ном алдагдана. Сvм хийдээс бурхад алдагдана. Тэгээд ном судлахын хорхойтой хэн нэгэн хvн авч уу гэтэл худлаа байдаг. Дандаа л алт, мєнгєн бурхан алдагдана шvv. Тєвд ч алдагдаж байлаа. Хєдєє ч алдагдаж л байсан. Зарим нь олддог. Зарим нь ч эс олдддог. Хархорин, Эрдэнэзууд алдагдаж байсан. Гандантэгчинлэн хийдээс алдагдсан удаа бий. Аймгуудын хийдээс алдагддаг. Тэгэхээр vvнд дасаж болохгvй. Єв соёлдоо эзэн байх учиртай. Тэр “Ганжуур”-таа эзэн байх ёстой. Зєвхєн єнєєдрийн тулд биш юм. Vр хvvхдийнхээ хожим унших юманд эзэн байх хэрэгтэй. Жаахан хатуу байх учиртай.
-Хєгжлийн тєлєє єєр юуг чухалчилж хэлэх бол?
-Хєгжил энэ тэрийг мэдэх юм алга. Нєгєє талаар би мунхаглан бодохдоо дэлхийн даяаршлын цаг vед аж тєрж байгаа. Vvнийг хэнбугай нь ч тойрохгvй, дайрах юм шvv дээ. Энд бодолтой хандмаар. Єєрєє єєрийгєє хадгалах чанар амьтанд, нийгэмд байх ёстой. Манайхан даяаршилд хэт шохоорхоод байж байтал аяндаа сайхан болох юм шиг. Ерєєсєє манайхан чинь их амгалан хачин улс юм байна шvv дээ. Шуурга тавилаа шvv, аюултай хэмжээнд хvрлээ шvv гээд хэд хоногийн ємнєєс хэлээд байхад нэг их сайн анзаарч єгєхгvй байж байгаад аюулд орж байна. Єнгєрсєн хавар тийм юм боллоо. Говийн аймгууд, Хэнтийд айхтар юм боллоо. Ганцхан талаас бас бодоод байж болохгvй л дээ. Бид цєєхєн хvн амтай. Тусгаар тогтнолын дархлаа, эдийн засгийн бат бэх байдлаас хамаарах юм их бий. Даяаршилд орохдоо дангааршина гэж нэг юм яриад байгаа.Энэ чинь шинэ зvйл биш. Хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зєвлєл гэж нэг юм байхад хорших, дагнах гэж нэг юм ярьдаг байсан. Тэр л єргєжєєд даяарших, дангаарших гээд яриад байна л даа. Аль алийг нь хэтрvvлбэл хохирно. Тэгэхээр зохистой хэмжээнд барих, дагах хэрэгжvvлэх, зохицож амьдрах хэрэгтэй болчихоод байна. Бороо хур орох нь сайхан. Гэвч хэмжээнээс хэтэрвэл амьд vлдсэн мал таргалах, хvмvvс идээ цагаа дэлгэрч айргаа уугаад сууж байх сайхан л байх. Гэтэл онцгой их vер болвол тэр чинь юу ч vлдээхгvй. Би муу санаалаад байгаа юм уу, хаашаа ч юм бэ. Єєрийнхєє юмыг авч vлдэх хэрэгтэй. Бусадтай бид техник, технологийн талаар хамтрахаас аргагvй байж магадгvй. Нанотехнологи энэ тэр гээд ярьвал бид наадахад нь хvрээгvй явахад дэлхийн улсууд цаадахад нь хvрчихэж. Эндээс бид авахаа авна. Соёлын тухайд жишээлбэл, уран зохиол, яруу найргийн тухайд бvгдийг нь хvнээс авна. Бид чадахгvй байна гэж би боддоггvй. Равжаа, анги Шагдар, аль эсвэл Инжнааш, Гунаажав нарын шvлгvvдийг vзэхээр бид хэнээс дутаж явсан юм. Равжаагийн шvлгийг уншаад vзэхэд зарим нь ойлгохгvй болоод сайн мууг нь мэдэхгvй байх. Тvvнээс бус жинхэнэ гэгээрсэн хvн чинь тэр л байж дээ.
Миний vеийнхэн бол бараа дvрийг нь харж, ойроос мэдэх Явуу байна. Мэдэхгvй нь уран бvтээлийг нь хєхєж єссєн нь байна. Д.Нацагдорж, Явууд юу дутсан юм. Хориод хэлтэй Б.Ринченд юу дутсан юм бэ. Монгол муу байна. Англи шиг бичье, Итали шиг бичье гэж байгаа бол энэ бvгдийг Ринчен гуай мэддэг байсан. Гэхдээ л “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт євєг дээдсийн..” гээд бичиж байгаа санаа нь ч, хэлбэр нь ч єнєє л Монгол орон минь шvv дээ. Монгол орноо хэдхэн мєрєнд багтааж, “Цагаан цасан малгайтай, ногоон модон хvрэмтэй, хєх усан хормойтой баян хангай уул минь маш дэлгэр хангай минь мал сvргээр дvvрэн малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дvvрэн” гэж бичсэнээс эхлээд зохиол бvтээл олон. Энэ шvлгийг бичсэн уран сайхны арга нь, энд єгvvлсэн єгvvлэгдэхvvн нь, энэ бадгийн эзэн нь vндэстний зан тєрх, аяг байдал тэр яруу найрагчийн ертєнцийг vзэх vзэл нь ямар их халуун дулаан байна вэ. Vvгээр юу хэлэх гээд байна гэвэл, бидэнд сайн сайхан юм бий шvv. Даяаршил даяаршил гэж байж юу ч vгvй vлдвэл яах билээ. Бvх юмаа даяаршлын тэргэн дээр тавьж єгєєд єєрснєє юу ч vгvй хоцорч болохгvй. Авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй. Дэлхийн уран vгсийн наадам гэж хэрвээ болдог бол бид єєрийн юмтай очих ёстой. Тэгэхгvй бол айлын найранд гаргаад єгєх гурван тєгрєггvй очиж байгаа адгийн амьтан шиг юм болно.
-Дэлхийн гэснээс таны бодлоор манай уран зохиол гадаад ертєнцєд хэрхэн vнэлэгддэг юм бэ. Нобелийн шагналтан бидний дундаас тєрєєгvй. Тиймээс манай уран зохиол, зохиолчдыг дэлхийн хэмжээнд vнэлэгдээгvй. Ийм боломж байхгvй гэж vзэх хvмvvс байдаг?
-Тэр хvмvvсийн ємнєєс харамсч байгаагаа илэрхийлье. Хамаг юмыг хаадаг нэг мохоо vг байна аа. Аливаа юманд цар хэмжээ хэрэгтэй байдаг. Тэр Нобелийг яваандаа авна. Бидний vед таарсангvй. Цаг хугацааны хувьд болсонгvй. Миний тоосонд нь багтаж явсан найрагчид уул нь авчихмаар хvмvvс. Тэр авчихсан улс нь хэн бэ гэдгийг би мэднэ. Нэг хэсэгт нь уран сайхны vнэ цэнэтэй зохиол бичлээ гэж єгнє. Нєгєє хэсэгт нь улс тєрийн дэмжлэг vзvvлж байгаа юм гэж єгнє. Тэр гол нь биш ээ. Нобелийн шагнал авья гэж ер нь анхлан зохиол бичдэггvй юм шvv дээ. Хамгийн гол нь ард тvмэндээ уран сайхныг туурвиж, уран vгсээр vйлчилье гэж vзгээ барьдаг байх. Энэ чинь ямар нэгэн бусдын таашаалд биш єєрийн эрхгvй vзгээ аваад бичиж байгаа хvмvvс. Нобел авах гэж Явууг ганц бадаг, за нэг мєр тавьсан гэж би итгэхгvй байна. Монголоо, vнэн амьдралаа яаж гаргах вэ гэж vзгээ авсан байх. Шагнал авсангvй энэ архи уулаа гэдэг хvмvvст их харамсч байна. Харамсч байна гэж дээгvvр хэлдэг юм. Бие биедээ vг хэлж чадахаа больсон хvмvvсийн vг л дээ. Харилцааны эелдэг хэлбэрийн хувьд байх л юм. Єнєєдєр шальгvй жижигхэн банди нар орой дээр гарч суучихаад бие биедээ харамсч байна гэдэг инээдтэй. Хvрээ талж, хvн алж байсан ч хэн хэндээ vг хэлж чадахаа байчихсан шvv дээ энэ улс. Тэд нар их харамсалтай байдаг. Харамсал нь жинхэнэ байдаг ч юм уу, vгvй юм уу мэдэхгvй. Харин жинхэнэ харамсалтай юмыг нь ард тvмэн л эдэлж байдаг шvv дээ. За тэгээд мундаг шагнал авах энэ тэр бол ердєє хоёрдугаар зvйл. Авбал тэр л биз, эс авбал тэр л биз. Явууг , Равжааг, Бавуугийн Лхагвасvрэнг, Дэндэвийн Пvрэвдоржийг байхад “Монголын уран зохиол муу. Олон улсын нэр хvндтэй шагнал авчирч чадахгvй” гэдэг бол учир мэдэхгvй хvний болгоомжгvй хэлсэн vг байх. Нэг бол єєрийнхєє соёлыг vнэлж мэддэггvй. Ийм хєєрхий эвэр хошуутай амьтны л vг байна. Хоёдугаарт, цаг vе гэж нэг юм байдаг. Монгол хаана нутагладгийг мэдэхгvй хvн vгvй. “Хоёр чонын дунд таарсан талын гєрєєс мэт Хонхойсон vvрээ харамлах чогчиго шувуу мэт Хорвоод Монгол заяаг тийм амарханд боддог уу чи” гэж би нэг шvлэг бичсэн юм. Орос гэж айхтар том орон. Хятад байна. Энэ хоёр ямар бодлого явуулж ирсэн билээ. Мэднэ шvv дээ, монголчууд. Энэ хоёр одны хооронд олон vе зуунаар галаа дальдраалгvй явж ирсэн энэ хоёр сая хэдэн зуун хvн бол бvгд баатрууд. Найрамдал, найрамдал л гэсэн. Яаж найрамддагийг би бас мэднэ, євгєн хvний хувьд. Надаас дээш vе ч мэднэ. Нэг их мундаг энэ дэлхий дээр vлдэж чадсан англи хэл бол том хэл. Бvх л харилцааны хэрэглvvр. Монголын зохиолчдын зохиол бvтээл гадагшаа гарах тэр зам нь англи хэл. Тvvгээр гvvрийг нь тавих ёстой байсан. Одоо л манайд орж ирээд байна. Бидний хойч vе энэ англи хэлээр дамжаад vзэхэд монгол зохиол гэж ийм юм байжээ гэдгийг хорвоо, хот аяндаа мэднэ.
No comments:
Post a Comment