Ардын эрх сонин 63, 64 /595, 596/
Нийтэлсэн: 2007-03-30 12:25:25
Би хадмынхаа гурван єрєє байрны жижиг єрєєнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хvргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан.
"Энэ нэг донгио юм угаалгын єрєє эзлээд таг болчихлоо" гэж загнуулахгvйн тулд нvvрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
-Цаад нэг донгио юмны чинь "сезон" нь хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч нь авгайд хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. "Сезон" гэдэг уул нь гадаад vг л дээ. Наймаачид намар хvйтэрч булган малгай, нэхий дээл их зарагдаж эхлэхээр "булган малгайны сезон орлоо", "нэхийний сезон орлоо" гэж ярьдаг шvv дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч сезон орж чадахгvйдээ гутарна.
Энэ гэрт амьдарч буй хvмvvс надаас бусад нь бvгд сезон ордог. Одоо зун болж буй тул хадам ээжийн сезон орж байгаа. Тэр, боловсрол хариуцсан тvшмэлийн алба хашдаг учраас их дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтыг зохион байгуулдаг юм. Хадам ээж их оройтож шєнє дvл болсон хойно цvнх тороор дvvрэн зєєлєн чихрийн цуглуулгатай ирлээ. Цайгаа ч уухаа умартан арван мянгатын дэвсгэртvvдийг цvнхнээсээ гарган тоолж, сэтгэл хангалуун суух зуураа газрын албаны даргын хvvг МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцvvлж, хотын тєвд газар авах болсон, мянгат малчин Жамбалын эрх охиныг нэг муу хувийн дээд сургуульд оруулаад єгтєл євлийн идэш єгнє гэсэн, ха ха гэх зэргээр ярьж маадгар сууж байснаа царайгаа хувьсхийлгэн миний авгай руу ширэв татаад,
-Та нарын тєлєє хуруу хумсаа хугалан, амьтан хvнээр муу хэлvvлэн ингэж явахад чиний нєхєр гэж нэг донгио юм гэж уурлалаа.
Энэ явдлаас хэд хоногийн дараа хадам аав хилээс ирэв. Хадам аав гаалийн байцаагч тул Бургастайн хилийн боомт нээгдэхэд тvvний сезон орно. Боомт улирал бvр сарын хугацаатай нээгдэх учир сезон нь жилд дєрвєн удаа дєрвєн сарын хугацаатай ордог гэсэн vг. Хадам усанд орж дархан хилийнхээ шороо тоосноос салаад, єєхтэй мах огтлон зажлах зуураа,
-Энэ удаа Хятад руу тємєр их гараад, унац давгvй шvv. Ганцхан баян Балдангийн гаалийн бvрдvvлэлтээс л сая тєгрєг ороод ирлээ шvv дээ. Ирэх зунаас хєгшнийхєє олсон газар дээр хоёр давхар байшин бариулна аа. Тэгээд муу охиндоо энэ байраа єгнє гээд авгай руу маань энхрийлэн хартал хадам ээжийн малигар царай хувьсхийн,
- Хн, тэр нєхєр шvv юм нь єєрєє сезоноо оруулж байраа худалдаж аваг. Хvvдээ байраа єгнє шvv, ярихгvй гэж байна.
Авгай шvvхэд ажилладаг тул сезон vе vе орно. Баян хvн хэрэг хийвэл бvр пал хийтэл орно. Хєєрхий минь, миний хань шунал багатай дорой амьтан авахгvй гэж гvрийх боловч цаадуул нь хvчээр дарж байгаад атгуулчихдаг тул орж ирмэгцээ л хадам ээж рvv хэдэн хvрэн улаан цаас шидээд бушуухан гараа угаагаад над руу гэмшингvй харсаар єрєє рvvгээ орж ирдэг юм. Харин нэг удаа єрєєндєє орж ирж хаалгаа хаагаад, єврєєсєє хvрэн улаан дэвсгэртvvд гарган сарвайгаад,
- Май, энэ мєнгийг ээжид єгєєд, миний сезон орлоо гэж худлаа хэл, тэгэх vv? гэж над руу гуйсан харцаар харан шивнэлээ. Би тvvнийгээ тэврэн энхрийлээд,
-Нарийн боовны хувийн vйлдвэрийн борлуулалтын ажилтан надаас хэн юу гуйхав дээ. Харин би "манай боовыг аваач" гэж хvн хvнээс гуйж царай алдаж явдаг хvн шvv дээ. Ээж итгэхгvй гэж учирлалаа.
Аравдугаар сарын эхээр нэг явдал боллоо. Энэ зун цэргийн их сургууль тєгсєж ирсэн хvр дvv хонь хєтєлсєєр орж ирсэн юм. Нэг мал¬чин цэрэгт татагдаж буй хvvгээ Увсын Тэсийн хил рvv бус, Улаанбаатар руу хуваарилуулаад шагнасан нь энэ гэнэ. Хадам ээж маань:
-Цэргийн хэлтэст ажилд ороод cap ч болоогvй, хар нялхаараа дvvгийн чинь сезон орж байхад чиний донгиогийн сезон хоёр жил болоход нэг ч орсонгvй хэмээн авгайг маань бvтэн оройжин загналаа. Авгай доголон нулимстай єрєє рvvгээ орж ирээд,
-Дараа жилээс миний хєгшин мэргэжлийн ажлаа хий. Гадаад хэлний багшийн сезон уралдаант шалгалтын ємнє ордог шvv дээ гэлээ.
-Шохойны харшилтай болоод л нарийн боов борлуулагч хийж байгааг минь чи мэднэ шvv дээ гэвэл, авгай маань хэсэг бодолхийлээд,
-Хойд цэцэрлэгийн гал тогоонд сав угаагчийн орон тоо байгаа гэсэн. Намар болохоор хvмvvс "хvvхэд цэцэрлэгт оруулаад єг" гэж миний хєгшнєєс гуйна шvv дээ гэж байна. Энэ орой би vнэхээр сезон л ордог бол хамаагvй жорлон цэвэрлэгч хийхэд ч бэлэн болсон байлаа. Маргааш нь би захирлын єрєєнд халагдъя гэсээр явж орлоо. Тэгтэл захирал босч ирээд,
-Чи битгий халагд, цалинг чинь хорин хувь нэмье гэж байна. Би хэдийг нэмсэн ч ажиллах боломжгvй, бvр шийдчихсэн гэдгээ учирлалаа. Захирал ясны панз хvн учир намайг сэнхэртэл ятгаад, vйлдвэртээ vлдээж, харин цалинг минь дєрєв дахин нэмж хоёр зуун наян мянга болголоо. Миний гvйж харайж, амьтан болгоныг гуйж гувшидгийн ачаар энэ vйлдвэрийн борлуулалт тав дахин нэмэгдсэн ч би анх орохдоо л авч байсан далан мянган цаасаа авсаар явснаа сая ухаарлаа. Нээрээ л би хадам ээжийн хэлдэг шиг донгио амьтан юм гэж єєртєє дvгнэлт єгєв.
Энэ лут дvгнэлтийг хийсэн цагаас эхлэн єдєр бvр миний сезон ордог боллоо. Хадам аавынх шиг жилд дєрєвхєн удаа биш шvv. Би ажлаасаа ирэхдээ нарийн боовны борлуулалтаасаа унац гаргалаа гээд улаан хvрэн дэвсгэрт хадам ээждээ гардуулдаг болсон юм. Цалин дээрээ нэмэгдсэн хоёр зуун арван мянгаасаа би хадам ээжид сэжиг авахуулахгvйн тулд єдєрт тав, зургаа, долоо, арав гэх зэргээр харилцан адилгvй сугалж аваад ажилдаа явна. Орой ажлаас ирэхдээ:
-Єнєєдєр унац гайгvй, долоон мянга орчим юм уу даа гэх буюу шальсангvй, тавхан мянга гэсээр орж ирнэ. Хадам ээж хайлсан тугалга л гэсэн vг.
-Манай хvргэний сезон єдєр бvр ордог юм. Дор хаяж л таван мянга. Авхаалжтай хvv шvv хэмээн хєрш авгайчууддаа бардана. Харин эхнэр маань над руу нэг л биш харна. Тэр минь намайг муу хvн гэж бодох болсон тул би тvvнд нууцаа задаллаа. Миний нууцыг эхнэр сайн хадгалж, надаас "унац"-ыг минь баяртай гардан авч нэгд нэгэнгvй тоолон хямгадаж жvжиг тоглох боллоо.
Дараа жил нь хадам аавынх хоёр давхар шилтгээндээ ороход хадам ээж:
-Ийм авхаалжтай, сvйхээтэй хvргэндээ байраа єгєлгvй яахав гэж палхийтэл хэлэх нь тэр ээ. Эхнэр бид хоёр байрны тvлхvvр гардан авахдаа хоёр биеэсээ ичсэн гэж яав аа. Гэсэн ч авахгvй гэж хэлж чадсангvй.
2010/11/12
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment