Энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөө үед ирсэн билээ. Эзэн өөрөө хичээж, өөртөө туслах нь өсөн дэвжихийн тулгын чулуу мөн. Их эрдэмтэн И. Ньютоныг багад нь тэнэгт тооцож, суралцаж чадахгүй болохоор нь сургуулиас нь гаргаж байжээ. Тэрээр дунд сургуулийн физик, математикийн хичээлд үнэнхүү зүдэрдэг байв. Шведийн алдарт байгаль судлаач К. Линнейг эцэг нь гутал оёхоос өөр ямар ч чадваргүйд тооцон гэрт нь хорьж байжээ. Оросын алдарт дуучин Федор Иванович Шаляпинг дуу дуулах ямар ч чадваргүй хэмээн тодорхойлж байв. Их эрдэмтэн А. Эйнштейний бага насны тухай бид сайн мэднэ. Манай эриний өмнөх 384-322 онд амьдарч байсан эртний Грекийн гайхамшигт уран илтгэгч Демосфен багадаа хэлгий, бие султай, ичимтгий, уран илтгэгчийн тодорхой чадваргүйгээр үл барам туйлын дорой хүүхэд байжээ. Энэ мэт бодит баримтыг олноор өгүүлж болно. Гэтэл эдгээр “авьяас чадваргүй” хүүхдүүд хожим нь авьяас билэгтэй, нэрт эрдэмтэд болж тодорсон шүү дээ. Багадаа хамгийн хялбар ойлголтыг олон дахин тайлбарлуулж, дахин дахин давтаж, багагүй хөдөлмөрлөж байж ойлгодог байсан хүүхдүүд авьяас билэгтэн болж тодордгийн “нууц” юунд байна вэ? Энэ нь тэдний зөв зохион байгуулагдсан махруу хөдөлмөрт оршино. Хүн хөдөлмөрийн явцад зориг хатуужил, уйгагүй оролдлого, хөдөлмөрч чанарыг өөртөө бий болгохын зэрэгцээ, тухайн ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах “арга ухааныг нээж”, өөрийн гэсэн “барилтай”болж, тэгснээрээ авьяас чадвараа жолоодон хөгжүүлдэг байна.
Жишээ нь:
Демосфен уран илтгэгч болохоор хатуу шийдэж, зориг тэвчээртэй, махруу хөдөлмөрлөж, тэр үеийн агуу их уран илтгэгчээс цуцалтгүй суралцсан байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр олны өмнө илтгэл тавьсан боловч сонсогчид түүнийг дурамжхан угтсанаар үл барам тоглоом тохуу, инээдэм наадам хийжээ. Дараагийн илтгэл нь мөн л амжилтгүй болов. Гэвч тэрээр санаагаар унаж, зориг мохож, зорилгоосоо ухарсангүй, харин ч уран илтгэгчийн урлагийг эзэмших, авьяас чадвараа, хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилыг боловсруулж, түүнийхээ дагуу хөдөлмөрлөсөн байна. Тэрээр өөртөө газар доор хичээллэх өрөө барьж, түүндээ өдөр бүр өглөөнөөс орой болтол, тэр ч бүү хэл цөөн бус удаа хаашаа ч гаралгүйгээр 2—3 сараар тэндээ ажилладаг байжээ. Демосфен аливаа уулзалт, ярилцлага, ярианаас зугтааж, толгойныхоо үсний тэн хагасыг нь мулзайтал хусдаг байв. Ингээд хичнээн ч хүссэн гэсэн хүнээс ичээд гадагш гарч чадахгүй болохоор газар доорхи өрөөндөө ганцаараа сууж, урьд өмнө сонссон уран илтгэгчийн хэлсэн үг, хийсэн дүгнэлт, үндэслэл, баталгааг дурсан санаж, цээжээр хэлж, түүнийг дахин давтахдаа зохих засвар, нэмэлт өөрчлөлт хийж, улмаар уг санааг өөр үгээр илэрхийлэх урлагт суралцаж байжээ. Тэрээр дультраа байдлаа засахын тулд амандаа чулуу үмхэж байгаад цээжээрээ шүлэг уншдаг байсан ба хоолойгоо амархан сөөдөггүй, чанга дуутай болгохын тулд удаан гүйсний дараа амьсгаагаа даралгүйгээр хэд хэдэн шүлэг тасралтгүй уншдаг байжээ. Ингэж Демосфен өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэх чин хүсэл, тэмүүлэлд хөтлөгдөн өөрийгөө захирч, уйгагүй хөдөлмөрлөсний үрээр зориг хатуужилтай, өөрийн гэсэн арга барилтай болж, бие бялдрын сул талаа засаж, гайхамшигт уран илтгэгч болсон байна. «Эзэн хичээвэл, заяа хичээнэ» гэгч энэ ажээ.
/Ц.Нацагдорж "Авъяас"/
2010/01/04
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment