2010/01/04

Эрдэм ном

Ном бол бидний багш
Номын утга гэж далай далай
Ухаан муутын гэрт ном сударгүй
Унхиа муутын хотонд өвс хужиргүй
Бурхан дээр ном тавьж болно
Ном дээр бурхан ч тавьж болохгүй


Номыг дагавал харанхуй өрөөнд бамбар асааж орсон хүнтэй адил буюу. Түнэр харанхуй сарнин замхарч эргэн тойрон гэрэл гэгээ түгнэ.
<<Бурхан багшийн сургаал>>

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш байдаг юм.

Номын утга нь тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт.
Ц.Дамдинсүрэн


Аль ч газрын чинээлэг, сайн сайхан ажиллаж, амьдарч яваа хүмүүс өөрийн номын сантай байдгийг сурагч та ер нь анзаарсан уу. Тэр хүмүүс баян учраас тийм олон ном худалдан авсан байх уу? Эсвэл урьд нь ийм олон ном уншсан учраас баян болсон юм болов уу? Хүн гэдэг амьтан өөрийн уншсан номын хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд бид ном уншиж байна гэдэг тухайн номыг зохиогчийн толгойгоор сэтгэж байна гэсэн үг. Хүн төрөлхтөний үе үеийн суут сэтгэгч, гэгээнтэнүүд өөрийн оюун ухааны ололт, туршлагыг номоор дамжуулан хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээсээр иржээ. Тэдний оюуны зохиол бүтээлтэй номоор дамжуулан танилцсан хүн тэднээс илүү ихийг мэдэж авч үлддэг. Бидний аав, ээжийн үед ямар нэг гэрчилгээ, диплом олж авч чадсан л бол амьдрал баталгаажив гэдэг байлаа. Энэ дүрэм өдгөө өөрчлөгджээ. Одоо үед насан туршдаа ажиллах, суралцахыг хослуулахыг шаардах болж. Бид байнга л хэн нэгэн багшаар, аль нэгэн сургуульд сурч, мэдэх ёстой бүх зүйлээ заалгана гэж байхгүй. Харин багшгүйгээр, хүссэн газраа, хүссэн цагтаа, дуртай зүйлдээ суралцахад бидэнд ном тус болох юм. Гэхдээ ном уншиж, мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа нь тэр гээд тааралдсан номоо барьж уншаад байвал бид юуг ч мэдэж авч чадахгүй. Унших цагаа хэмнэх нэг арга бол сурагч та хэн нэгэн сонирхолтой хүнтэй танилцвал ямар нэгэн "бяцхан яриагаар" цаг нөгцөөхийн оронд түүний уншсан хамгийн сайн 3 номны тухай асуу. Дараа нь дахин нэг алхам хийж, яагаад хамгийн сайн ном гэж үзэж байгааг нь асуу. Тэгээд тэр номыг нь эрж хайж олоод уншиж үзэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна уншиж судалсан номынхоо өөрт таалагдсан зүйлийг тэмдэглэж байх нь сүүлд ямар нэг зүйлд ашиглахад хэрэгтэй байдаг. Тэмдэглэлийн дэвтэр бол хараахан хэвлэгдээгүй байгаа ном юм. Хүн бүр өөрийн олж мэдсэн, ажигласан зүйлийнхээ талаар тэмдэглэлийг өдөр бүр бичиж хэвшиж сурах нь чухал.

/Бодо Шефер "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам", Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

No comments:

Post a Comment