2010/01/03

Эхийн захиас

Зохиогч: Д.Цоодол

Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэжирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүү!

Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүү!

Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ
Миний хүү!

Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүү!

Өвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бий, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тасдаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа!
Миний хүү!

Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ?
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ?
Миний хүү!

Хүүдээ өгөх алт Дөнгөтийнд алга
Хүүдий дүүрэн сувд Дэнсмаад алга
Алт төдийхөнд шунах хүү манайд алга
Ажаагийнд нь тэгэхлээр дутуу юм алга
Миний хүү!

Үүлэнд тороогүй бүргэд байг
Үүрэндээ багтана
Дэлхийд дуурссан суутан байг
Дээлэндээ багтана
Миний хүү!

Газраасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог
Гаригаасаа хөлбөрсөн чулуу замдаа шатдаг
Галаасаа үсэрсэн оч дорхоноо бөхдөг
Газар, гариг, гал чинь чамдаа хөх тал чинь шүү
Миний хүү!

No comments:

Post a Comment