Зохиогч: Д.Урианхай
(Ачит аав Еөншөөбүү Улаан Ямаат Цэрэндашийн Дамдинсүрэнгийн гэгээн дурсгалд)
Би Чачиртын давааны бэлд буутлаа морио хөтлөн яваад тэртээ жилийн намар аавтайгаа цуг аяны майханд гал түлж хоносон төгөл хусны дэргэдээс мориндоо мордож, элир бүдэг замын голоор пөг пөг шогшууллаа. Хүн мал явалгүй удсанаас давааны арын хуучин морин жим бараг хулширч, өвс ногоо сахайн ургаж, морины хөл дороос хаанаас л бол хаанаас оготно, зурам год үсрэн жирийж, хаа нэг хэрэм, жирх өвс ногоон дундуур шир шир чавхдана. Уулс чимээ аниргүй дүнсийн сэтгэл өнчрөм эль хуль зүүрмэглэх агаад уулсын онь, хярын хад асганы оройгоор ганц нэг элээ эргэлдэн, хаа нэг ганихрангуй уртаар жимбүүрдэн унгалдах дуулдавч тэр чимээ нь эргэн тойрны эзгүй, аниргүй орчныг улам ч аниргүй, улам ч буйд зэлүүд болгох шиг санагдана. Намрын шар наран илчтэй хэвээр ээвч навч ногоо гандах шинж орж, давааны бэл, жалга судагын дэвсэгээр тогоруу хаа нэг цам харайн, эсвэл гар-ру-гур-ру дуугаран зөн сэргэг биеийнхээ мухарт ямархан нэгэн гунигт, хагацангуйн нисэж буун дэвэлдэнэ. Морь пөг пөг шогшоон дундаа унтагнан явсан мэт тогоруун дуунаар толгойг өргөж чихээ үе үе сортолзуулах агаад хөлийг нь хөнгөлөх санаатай ташуур далайхад шогшоогоо нэмэхийн оронд дэмий л сүүлээ хий шарван, зуны халуунд ялаархах мэт толгойгоо хаялна. Нар баруунаа хэвийж эхлэхэд би жаахан яарсхийж, морио шавдуухан гуядав. Уг нь давааны ам уруудан ширүүхэн хатируулаад Эрээн ширэнгэний хөтлийг нарны “сөлтэй ”-д давчихвал, зорьсон газраа санаа амар хүрчих бөгөөд тэнд манай багийн хадланчид өвс хадаж яваа юм. Багийн дарга хазгар Дорж гуай уржигдар орой эрчүүдийг цуглуулаад,
- Таануус Чачиртын адаг руу хадланд гарна аа, нөхөдөө! Гар ширмээсээр хадна! Ухаандаа, тийш нь трактор явуулаад хадлан авахгүй, ухаандаа , трактораар өвс хадах нь байтугай өөрсдөө ч бид амар мэнд хүрч, амар мэнд эргэж ирэхэд хэцүү газар гэдгийг таануус өөрсдөө мэдэж байгаа! Ухаандаа, ийм байна! Гэтэл хаа юу мөлжих бололцоотойгоо хамж шимж авахгүй бол өвөл гэж нэг айхтар “дайсан” довтолдогийг хэн юу андах вэ! Чачиртын давааны ар тал руу залхуугүй гоочлоод байвал, ухаандаа, чамгүй хэдэн нуруу хийчихээр ургацтайг Дэндэв гуай үзээд ирж! Нөхөд хоол хүнс, аяганы хийцээ төхөөрөөд хоног хождолгүй мордоцгоох хэрэгтэй байна! Хадлан дээр их л сайндаа арваад хононо биз! Нэгдлээс хонь мал цохуулж авах нь авна биз, яахав. За гүйцээ! Ухаандаа ийм байна! Ойлгоцгоов уу? гээд илүү дутуу үгч үгүй, далбан хар “эрүү малгай”-гаа духдуулж, санчигныхаа хөлсийг арчаад, нэгдэлд шинээр худалдан авч буй сайн үүлдрийн бухуудыг үзэхээр нэгдлийн төв яваад өгсөн. Хадланд дайчлагдсан хүмүүс өглөө Дэндэв гуайнд цуглаад тус тусын ажил үүргээ хуваарилан авцгааж, эцэст нь зам зууртаа айл хунараар буух нэг нь буух, ан ав эргүүлэх нь эргүүлэх, тэгээд оройдоо Эрээн ширэнгэний тохойд отоглохоор тохиролцоод, “Хүний бага нь явдаг, шувууны бага нь жиргэдэг” гэж намайг багийн даргынхаас майхан авч ганзагалаад оч! гэж мордуулсан билээ. Миний хувьд, ааш зангий нь мэдэх мэдэхгүй нэлээн хэдэн хүмүүс хадланд томилогдсоны дотроос тэр Дэндэв гэдэг енхэгэр цээжтэй өндөр хөх өвгөнөөс дотроо жаахан жийрхэж явлаа. Учир гэвэл, тэр өвгөн манай голд өөр нутгаас нүүж ирсэн хүн бөгөөд тээр зун хаваржааны сургааг огтлохоор аавтай цуг ууланд гараад, юунаас болсныг бүү мэд, хоорондоо муудалцаж аавыг дэлсэхээр яртай гишүү шүүрэн ухасхийхэд нь би ой цуурайттал муухай чарлаагүйсэн бол аавын гавлыг лав бяц цохих байсан биз. Одоо би, “Ааваа!” гэж дуудах хүнгүй болсоор бүтэн жилийн нүүр үзжээ . . .
Би Чачиртын давааны шувтаргын үхэр чулуудыг өнгөрч зам цагааширмагц богц, майхнаа чангалан ганзаглаад, аавынхаа дуулах дуртай байсан “Хүрэнгийн жороо”-г амандаа аялж мориндоо ташуур өглөө. Сөөг сөөгөөрөө ургасан шарилж, хялганы толгой дөрөө зурж, морины туурайнаас царцаа, дэвхрэг чар-цар үсрэн ногоо хиагийн иш рүү сарвагасхийн бууна. Хээрийн эр сайр хөрс, агь шавагын анхилуун хурц үнэр хамрын угалз загатнатал анхилж, алсын уулс, хадан хошуу, голын хөндий туждаа зэрэглээтэн хөхрөөд, “Хүрэнгийн жороо”-гийн эр бярлаг, цээлхэн усан тэлмэн аялгууг амьхандаа ааваан дурсан дуулахуй сэтгэл яльгүй гэгэлзэн нүд чийгтэн алдана. Аавынхаа сэрүүн тунгалаг ахуйд энэ замаар унаа морьтой, хөсөг тэрэгтэй намар намарт л шахуу өвсөнд гэлдэрдэгсэн дээ хөөрхий! Аав морин тэргэнд майхан сав, хучлага, дэвсгэр, хоол хүнс, хадуур тармуураа ачаад тэргээ дэлбэгдэж, замын үзүүр яльгүй бодлогошронгуй ширтэн, “Хүрэн жороо”-гоо сэнгэнэтэл исгэрэн жолоо зална. Би бухал чирэх “зориулалт”-тай хашин хээрээ унан аавын баруун зүүнд хэрэн гэлдэрч, хаяа замын хажуугийн бут, дошинд хошгирох тарвагануудыг амаараа “буудан алж” явдагсан. Эрээн ширэнгэний тохойд майхнаа шаагаад, аав намайг түлшинд явуулж, би аргал, гишүү түүж хормойлон ирэхэд аав чулуун тулга зэхчихсэн, цайгаа чанаж уухаар аяны тогоогоо навч ногоогоор арчин зүлгэж суудагсан! Ай, хөөрхий, эргэж үл давтагдах үнэний эс мартагдах дурсамжаа гэж! Одоо аавынхаа хийдгийг би ганцаараа хийж, айл шиг айлын нэр нүүр, ажил үйлсийг хар толгойгоороо дааж явах болж дээ! ...
“Хадлангийнхаа майхныг аав шигээ босгож, хээрийн тулгандаа галаа бадрааж, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөж, хат сайт хар шимээснүүдээс нь шилдэгийг нь бариад нутгийн эдгээр эрчүүл, өвөгчүүл дунд аавынхаа зайд алхана даа! Аав шигээ л гарынхаа алгыг нэг сайн нулимж аваад шимээсээ далайгаад орчихно доо! Харин аав шигээ мундаг хадаж чадахгүй байх даа, яагаад гэвэл, би байтугай хэн ч аавыг минь гүйцэж хадаж чадахгүй! Аав тэвэр тэвэр өвс сагсайм өргөн мөр татна. Хадаж орсон мөрнийхөө захад төдөлгүй гараад шимээсээ хэд хайргадаж, тамхиа хэд сорж аваад босоход нь мухар захтай цуу ямбуу цамцны нь энгэрийг хөлс нэвтрэн бараагнаж харагддагсан! . . . Ай хөөрхий, эргэж үл ирэх жаргалт насны дурсамжаа гэж! Одоо би ааваа орлох л болж дээ! Өвлийн хүйтэнд өлөв-долов хийх хэдэн малдаа өөдтэйхэн, шимтэйхэн тэжээл хадаад авчих юмсан даа! Аавын минь амьдсэрүүнд ар гэр, амьдрал ахуй минь ямар янзтай байсан бэ, яг л тэр янзаараа өөдтэй өнгөтэй байг! Өвсний маань хашаанд идэш тэжээл дүүрэн, өвөлжөө хороонд маань мал сүрэг дүүрэн, уяа цэрэв маань унаа морьдоор дүүрэн байг! Аавынхаа юу сургасанаар аавынхаа алдар нэрийг залгаж явах юм шүү!”гэж бодоод, сая зуурын энэ бодолд автан мориныхоо амыг татасхийж сул зөнгөөр нь сажилж явснаа морио гуядаж, Эрээн ширэнгэний хөтөл хүртэл салам хатирууллаа. Эрээн ширэнгэний хөтөл давтал, голын тохойд, бургасны захад чөдөртэй морьд идээшлэн, холгүйхэн, хээрийн галын шингэн цэнхэр утаа суунаглан үзэгдэхэд, мориныхоо амьсгааг дарж хөлсийг нь сэврээхээр бэлийн замаар товор-товор алхууллаа. Хадланчдын отогт хүрэхэд нар шингэж, голын тохойд сүүдрийн үзүүр хүүшилж эхэллээ. Хадланчдаас хэн нэг нь,
- За чи сайн явж ирэв үү?Яасан удаа вэ? гэвэл Дэндэв гуай намайг хариулах зуур,
- Баахан хэсээ биз, асуух юу байхав? Тэгээд оройтчихоосоо айгаад муу мориныхоо хар хөлсийг цувтал давхиа биз! Майхнаа ч олигтойхон ганзагалчихдаггүй байна шүү! Салбага салбага хийсгээд л! Догшиндуу морь байсансан бол өдийд булгиж шидчихээд хээр ганцааранг нь явгалаад хаячих байж дээ, хөөрхий! гэв. Би дотроо “Юун ч илүү үгтэй хөгшин билээ дээ!” гэж бодсон ч дуугай өнгөрч, морио идүүлэхээр чөдөрлөтөл Дэндэв гуай,
- Эмээлийг нь битгий хуулаарай! Эмээлтэйгээ идэг, цаашаа! гэж, тэртэй тэргүй хэнд ч мэдээжийн юм хэлэхээр нь яагаад ч юм жаахан гэдэн хөдөлж,
- Яахав ээ, сүйдтэй их хөлрөөгүй ээ! Сайн сэвээд эмээлийг нь хуулчихая! гээд зориуд зөрөн олмоо тайлбал, өвгөн:
- Хүний хэл мэддэггүй хаашаа хүн бэ, чи? Эмээлийг нь битгий ав! гэхийг дуулав уу? гэж дуугаа ширүүлэв. “Ёстой хэдрэг шиг өвгөн байх нь ээ, энэ чинь” гэсэн бодол толгойд зурсхийв. Би “Зөрснөөрөө зөрж том толгой гаргадаг юм бил үү, эсвэл үгэнд нь ордог юм билүү?” гэж дотроо эрэгцүүлснээ, эхний удаа юм байна, үгэнд нь орохоор шийдэн морио эмээлтэй нь чөдөрлөөд орхичихлоо. Хадланчдаас нэг нь надад цай аягалж өгөв. Төмөр саахуунд аягалсан цай уруул хайрам халуун тул газар тавьж, өөрөө ногоон дээр тэрийгээд цайгаа үлээн оочилж, Дэндэв өвгөнийг духан доогуураа сэм духайн ажиж хэвтлээ. Дэндэв өвгөн онгож гандсан хүрэн даалимбан тэрлэгтэй, далбагар хүрээтэй, дээл шигээ хуучирсан налчгар бүрхтэй, өрөөсөн гуя нь хугархай аралтай харааны шил зүүсэн туранхай хөх өвгөн байлаа.Хэдийвээр, ясархаг урт гарын нь хуруунууд мойнийж, гарын ар, бугуй, хурууны үеүүд нь сайртсан ч тамир тэнхээ тийхнээрээ, шөрмөслөг, ажилд гүжирмэг нь нүдэнд илт тусан, ширүүн харцтай онигор хүрэн нүд нь хөнхөр духныхаа сүүдэр дор гялтас эргэлдэж, хэн нэгэнтэй үг солихдоо шөвгөр эрүүгээ өргөн бодлогоширч оочны сахлаа байн байн имрэн түдэх аж.Нутгийн хүмүүс Дэндэв гуайг “наанаа хатуу үгтэй ч цаанаа сэтгэл зөөлөн, хүнд тусархаг” гэж хэлцдэгийг би дуулсан ч тээр зун аавтай хэрэлдэж гишүү далайснаас нь болоод дотроо нэг л зэвүү хүрэн, хөндий хүйтэн харьцсаар оройг авлаа. Хадланчид үдэш мах чанаж, шөлөнд нь гурил үрж хурган бантан хийж идээд унтахаар хэвтэцгээв.
Өглөө нар уулын толгойд шаргалтахад, би босч цайны ус авчрахаар гол руу гүйлээ. Усаа авчраад тогоо руу юүлж зогстол, Дэндэв гуай өндийж шүдгүй амаа том гэгч ангайн эвшээж, нулимс гүймэглэсэн нойрмог нүдээ алгаараа нухангаа хүзүү, цээжээ нужигнуулан шилгээж,
- Морьд ойр харагдана уу, хүүхээ? гэж асуув.
- Тохойн дээдтэй хоножээ! гэвэл
- За ашгүй дээ,бараатай хонодог нь яамайдаа! Чөдөр тушаа нь бүтэн хоносон байдаг байгаа даа? Яваад майхандаа дөхүүлээд ирвэл зүгээр дээ! гэлээ. Морьд шөнөжин намаг, зүлэг туучиж хоносон тул чөдөр тушаа нь усан гүзээ болоод хоножээ. Шөнийн шүүдэр чийг унасан голын тохойн сахлаг өвсөнд гутал, өмд, дээлийн хормой хүртэлшал норсонд мориндоо зайдан мордож бусдыг нь холбож хөтөлсөөр майхны гадаа авчирч эзэн эзэнд нь өгөв. Хадланчид өглөөний цайгаа уугаад, шимээсээ ишлэх нь ишилж, давтах нь давтаж, нийлэх нь нийлж аваад өвсөндөө гарахаар зэхлээ. Аавын барьдаг хуучин орос хар шимээсийг ээж таараар янгинатал ороож, нарийн сураар чанга боожээ. Бодвол, зам зууртаа гар хөлөө шимээсний ирэнд эсгүүжин гэж тийнхүү нямбайлсан бололтой. Харин шимээс маань аавын гар хүрэлгүй, өвөлжөөний пүнзэнд удаан хэвтсэнээс зэв идэж орхижээ. Дэндэв гуай шимээсийг маань хараад,
- Х-н! гэж хамар дороо дуугарав. Тэрбээр “Та нар ч дээ, ийм л юм эдлэнэ дээ! ”гэж дотроо голонгуй харж суух шиг надад санагдлаа. Дэндэв гуай над руу харж харж,
- Сайн л давтахгүй бол наад шимээсээр чинь мах иддэг нь л юу юм гэхээс малд өвс тасдах нь ч гонж бололтой юм байна даа, хүү минь! гэв. Би:
- Та хадахгүй, би хадна аа! гэж хэгжүүхнээр хэдэрлэвэл өвгөн муухай харснаа юу ч
эс дуугарав. Нар хөөрч өвсний чийг эгшиж эхлэхэд бид хадландаа гарлаа. Бид хоёр хоёроороо хуваагдаж, газраа тасалж хадахаар тохиролцоход, би Дэндэв гуайтай “тунаж”, нэг урт цалгай жалгын эхэнд үлдлээ. Дэндэв гуай,
- За хүүхээ, аль захаас нь шудрах вэ? гээд намайг тохуурхангүй харж, дээл бүсээ тайлахад нь, би:
- Өөрөө л та мэд! Надад ялгаагүй! гээд өрөөсөн ханцуйгаа сугалдаргалж, өвгөний араас мөр дарж хадахаар дагалаа. “Муу хөгшин төгцөгт хэн болохоо, хэний хүү болохоо үзүүлээд өгөе дээ, гайгүй! Өмнөө оруулаад, өсгийг нь сэт сэнжилтэл элдээд өгнө дөө, чамайг!” гэж шүд зуун бодлоо. Нар элчтэйеэ аагих цалгай жалгын хөх ногоон хиаганд шимээс далайн ширвэхүй, шимээсний ир ногооны ёзоорт шир-ширд хийж, хуурай хиаг шимээс дэрлэн ус мэт урсан гулсаж, хярс хиаглах мэт бүгшинги чихрангуй дуу садраад агь, хиаг, ерхөг, мягмансанжийн далбагар ногоон навчис тэвэр тэврээрээ газар налан ханарна. Шимээсний ир наранд гялс гялс хийн, өвс рүү мухар сөөм хэртэй идүүлэн урагшлахуй мөрний эхэнд бурхины хөеө шиг саглагар ногоон “шан” үелэн гөвийж, хаа нэг, шимээсний үзүүрээс дэвхрэг чар-чүр
үсрэн бутрана. Гурван үүдэн хоймрын газар хадтал, Дэндэв гуай амсхийн зогсож, толгойноосоо ховордуухан салгадаг бүрхээ хуулахуй армаг тармагхан бүрзгэр үстэй халзан зулайд нь хөлс бурзайж хөлсөө арчихаар суулаа. Миний шимээсний давталт, ирлэлт нэг л биш, гаршаагүйгээс ч юм уу, ир нь ханаагүйгээс юмуу, даах нь муу оргиод хамаг хүч бараад байхаар нь дөш рүүгээ очиж шимээсээ дахин давтаж, улаан гуранзаар сайн гэгч нийлж аваад ирэв. Дэндэв гуай:
- Чи шимээсээ давтаж чадаж байгаа юм уу, хүүхээ? гэж санаа тавьж буйг ч бүү мэд, ам басаж буйг ч бүү мэд асуухад нь би:
- Чаднаа! гэж товчхон, дурамжхан хариулаад ямар ч хэрэггүй байтал дэмий үг нэмж, ааваасаа сурсан юм! гэчихлээ. Дэндэв гуай:
- А-а! гээд гараа сарвайж, алив наад шимээсээ! гэв. Би шимээсээ өгвөл, өвгөн шимээсний ирийг эрхий хурууныхаа өндгөөр хэдэндээ имрэн үзсэнээ,
- Сайн даах шимээс байна даа! Давтаж, ирлэж л чадвал төмөр бөхтэй, ир сайтай, ёстой л “хуучин бууны хугархай” гэгч нь байна даа! гэж магтлаа. Би:
- Манай аав муу юм ер эдэлдэггүй байсан юмаа! гээд шимээсийг маань магтсанд дотроо баярлангуй босоод өвсөө хадан орлоо. “Энэ алгын чинээ жалгыг зүгээр нүд ирмэхийн зуур өвчөөд хаячихая, гайгүй! Ажилд муу, арчгүй амьтан байна гэж энэ өвгөнд үхсэн ч бодуулахгүй юм хуна! Эцгээсээ юу сурч вэ, лав л өвс хадахыг сурах шиг сурчээ! гэж хэлүүлэхээр хиаруулах юм шүү! гэж” бодоод амьхандаа зэгсэн хичээж, үдийн нар шатахаас өрсөж нэлээд газраа хороохоор дотроо товлон шаргууханаар хадан давшлаа. Бүтэн хоёр мөр шувталчихаад мөрийн эх рүү эргэн ирвэл, Дэндэв гуай тамхиа баагиулан суусаар л буй харагдав. Би өвгөнийг харах ч үгүй, ярих ч үгүй хажуугаар нь өнгөрөн, дараачийн мөрийг ханаруулж шимээсээ шир-шир хийтэл дэлж эхэлвэл, өвгөн:
- Хөөе, хүүхээ, наашаа хүрээд ирээч! гэж дуудлаа.
- Яах юм? гэж цааргалангуй асуувал,
- Шимээсээ аваад наашаа хүрээд ир! Шимээсний чинь гар дээрдээд байгаа харагдана. Шимээсний гар дээрдэхээр хүч их тарамддаг юм! гэлээ. Би өвгөний үг яах аргагүй үнэн байгааг дотроо дорхноо гадарласан ч жаахан нэрэлхэн,
- За яах вэ, өвөө. Энэ мөрийг дуусгачихая! Тэгээд би өөрөө засчихая! гээд өвгөн рүү
очилгүй, мөрөө цааш үргэлжлүүлэн хадав. Нар хурцаар шарж, царцаа дэвхрэгийн царгиа дуун улам улам чангарч, хадсан ногоо цэцгийн хуурай, ааглуу үнэр ханх тавих нь улам ихэслээ. Дэндэв гуай үдийн халуунд илт ядарч,
- Аливаа, хүүхээ, усанд гүйгээд ирээч! Ам хатах нь гэж гуйв. Би өглөө бор цай хийж авчирсан бортогоо бариад гол руу харайлгалаа. Усаа аваад ирвэл, Дэндэв гуай
шимээсийг минь давтан ирний нь өө сэв, эмтэрхийг шалган, шимээсний үзүүрээс угыг нь хүртэл буу шагайх мэт өрөөсөн нүдээ жийхайн шагайж, ирний нь хортон бартанг тэгшилж суув. Би шимээсээ өөрөө түрүүн давтчихсан болохоор дотроо дургүйлхэн,
- Та яах нь вэ, би түрүүн давтчихсан шүү дээ! гэвэл, өвгөн:
- Харин тиймээ, сайхан давтчихаж! Тэхдээ, хүүхээ хойгуураа жаахан цүлхийчихэж!
Тэгш давтаж өгөхгүй бол өвс зулгааж золигтоод болдоггүй юм! гээд шимээсийг минь өвсний ёзоор руу шургуулж, авчирсан усыг минь гуд-гуд залгилав. Тэрбээр:
- Яасан сайхан хүйтэн рашаан бэ? Буянаа нэмээрэй! гээд ус савирах оочоо арчиж, Хүүхээ, чи чинь яггүй дориун хаддаг хүүхэд байна шүү дээ! Би огт зүүдэлсэнгүй! Гэж магтахад, би санасандаа хүрсэндээ өөрийн эрхгүй баярлахдаа золтой л эс уйлж, золтой л эс гуяа алгадан дэвхцсэнгүй тэсэв. “Аав минь өөрөө ажилд айхтар байсны л ач даа! Өөрөө ч ажил мэддэг, хийж ч чаддаг, тэгээд намайг шахаж шавдуулдаг байсны л гавъяа! Аав минь алхаг залхаг амьтан байсан бол юугаа сурах вэ?”гэж бодоод, аав намайг их зардаг байсан юмаа! гэж зориг муутайхан дуугарлаа. Аав минь надад “Ажилтай хүн л ам тостдог юм шүү дээ, Хүү минь! Ажилд дөргүй хүн чинь үхэхдээ ч хүн шиг үхэж чаддаггүй юм. Ажил хийж сураагүй л бол алтаар баадаг байгаад ч хүний толгой дээр гарахгүй!” гэж сургадаг байсан нь сэтгэлд сэрхийлээ. Дэндэв гуай :
- Зөв дөө, чухам! гэж хамар дороо дуугараад бодолхийлэн сууснаа,
- Хүний сурсныг хүн булаах биш дээ! Юу баттай вэ, сурсан эрдэм л баттай! Газар, тэр хоёрыг чөтгөр ч хөдөлгөж чадахгүй! гээд гаансаа түрийлж, шимээсээ тулан бослоо. Бид хоёр жалгын эхэнд буй хуучин өвөлжөөний бууц тойрон сагсайсан хэсэг өтгөн хиагтай хунхыг хадлаа. Yе үе салхи сэвэлзэн, далан түрүүний халуун нялуун үнэр, ааг гүйцсэн агь, царвангийн хурц исгэлэн үнэртэй сүлэлдэн самсааны салст загатнатал сэнгэнэнэ. Хаа нэг үүлэн сүүдэр дайран, салхи сэрхэрүү хөлс сэвхийлгэхүй, бие амрах ч шиг, тамир чадал сэргэх ч шиг болох авч төдөлгүй амны цангаа улам гааран, улам ядрах шиг санагдана. Хунхын захаас арваад мөр ширвээд бортоготой уснаас амаа жишилж суутал майхны үүдэнд галын утаа суунаглаж, хэн нэг нь үдийн цай чанаад биднийг “ Өвснөөсөө буу ”гэж цамцаараа даллах харагдав! Дэндэв гуай,
- Дуудаж байна, хүүхээ! Цайндаа явцгаая! гээд ихэд ядарсан янзтай тайргар хөлөө жийж, түр амсхийхээр өвс дэрлэн хажуулав. Муу мод толгойгоо түрийнээсээ сугалан хэвтээгээрээ тамхи баагиулж, дотроо юу бодсоныг бүү мэд,
- Хангай газрын хүний нүд, малын хошуу хоёр газрынхаа гарцанд цадчихаад барагтайг тоодоггүй нэг муухай муу зантай амьтад даа! Тэгэхэд таана, хөмүүл улаан гараараа зулгааж сорс, зоодой хийх гэж махаа идэж суудаг говийнхонд бол манай хангайн алга дарам газрын юухан хээхэн ч л эрдэнэ шүү дээ! Манай энэ муу хазгар дарга аюулын зөв юм хийж байна. Ажилд угаасаа нүдтэй хүн шиг байгаа юм, ашгүй! Тэгээд ч юм юм сүрхий сүүхээлээд, хаа-е, хүү-е! гээд байгаа юм. Өнөө цагт чинь хүнийг хүү-е, хаа-я! л гэж арай л зодох нь холгүй хөдөлгөхгүй бол хэвтрээсээ өндийдөг, суудлаасаа ховхордог хүн гэж байхгүй болчихсон цаг шүү дээ! гэж баахан “өмхийгөөр утаад”, тамхиа татаж дуусмагц майхан руугаа одохоор бослоо. Би хөгшнийг ганцааранг нь майхан руугаа явуулаад, өөрөө оройдоо бухал хийхэд амар гэж жалгад хадсан өвсөө эргүүлэхээр явлаа. Хадланчид үдийн цай уугаад, нарны халууныг буулгах гэж майхандаа түр хажуулцгаагаад өвсөндөө гарав. Хадлангийн анхны өдөр болоод шалмаг шаргуу хөдөлсөндөө хамаг бие чочирдон буларч, майхны сүүдэрт хэвтээд боссоны дараа хадлангийн талбай руу сажилахад гарын булчин өвдөн, нуруу бэлхүүсээр шархиравч тэвчээр заан бусдаас хүч дутахгүйг хичээлээ. Дэндэв гуай арын хаяа руу нэлээд сахлаг ургацтай тууш хадчихаж болох тэгшдүү хөрс гадаргатай нэг зурвас газрыг хадахаар сонгоход, би өвгөний биеийг өөрийнх шигээ буларч өвс хадах байтугай өөдөө уруу хөлөө зөөхөд нь ч хэцүү байгаа байх гэж өрөвдөөд,
- Ах аа! Та бухал хийхийг боддоо! Би түрүүн жалганд хадсанаа эргүүлчихсэн, одоо сайхан хатчихаа! Би, яахав, эндээ гоочилж байя! гэхэд өвгөн дуртай нь аргагүй толгой дохиж бухал хийхээр жалга руу бөгцөгнөлөө. Би арын хаяаны бэлийг хоёр таллаж тэг голоор нь нэг мөр халзлаад арай сунжуу хэмжээтэй дээд захыг нь талд нь ортол хадаж явтал, Дэндэв гуай надад бортоготой хүйтэн цайнаас залгилуулахаар ирээд, миний хадсан талбайг харж,
- За болж дээ, бүүр нэг санаснаар болж гэм! гээд баярласан царайтай оочоо имэрч, намайг цай залгилах зуур шимээсээр минь хоёр нэг ширвэж үзсэнээ,
- Хүүхээ шимээс чинь жаахан сөлгөр ишлэгдчихэж! Яльгүй духайлга! Тэгвэл мөрөө
нэвт цохиход чинь хүч барах нь бага болно! гэв. Би өвгөний үгээр шимээсээ засаж ишлэх зуураа ярианы далимд тээр жил юунаас болж аавтай муудалцсаныг нь өвгөнөөс асуун саваагүйтэх дур хөдөллөө. Дэндэв гуай духаа ирмэн бодолхийлж над руу нэг жийхайснаа,
- Сүйдтэй юм ч болоогүй юм чухдаа. Миний ааш муутайгаас л хөглөсөн хэрэг! гээд
хөлсөө арчин,
- Тэхэд би аавыг чинь сайн таньдаггүй байлаа. Манайх чинь Сэлэнгийн хойт биеэс нүүж ирсэн айл шүү дээ. Хүнийг гаднаас нь хараад сайн мууг нь ялгах нүд маньд ямар байх биш, яахав, усан нүдээрээ харахад аав чинь хорон үгтэй, шаггүй шартай, шазруун хүн шиг л санагддаг байсан!... Хээр жаахан цээж түрж, ёозгүйдүү аашлах гээд байхаар нь би зэвүү хүрээд! ... Хашааны шургааг огтлох ширэнгэний зай булаалдаад л тэр шүү дээ, Нохой долоо! Хангай мундсан юм шиг юундаа ч тэгж хүнээ алдсан зөнөгүүд билээ, харла гэж! ... гэж гэмшингүй гүнгэнээд тамхиа нэрж, гаансаа хүлхэснээ,
- Аав чинь ажилсаг, бэрх хүн байжээ, хөөрхий! Одоо чамайг харахад илт байна! Хүний эцэг эх, удам судрын цариг чинь үр хүүхдийн нь ажил төрлийг харахад л андашгүй байдаг юм шүү дээ! Аавыг чинь нутгийнхан нь “хайран хүн” гээд л гасалцгаадаг. Одоо цагт чинь барагын хүнийг гарзшаана гэж гонж шүү дээ! ... Өнөө цаг сайн хүний ганжин болсон цаг юм хойно хүний сайн нь диваажингийн оронд ч дутдаг юм байлгүй, хөөрхий, тэгээд л хүний сайн түрүүлдэг жамаар түрүүлээд явчих нь тэр шүү дээ, хүү минь! Гээд дуугай болж гаансаа түрийллээ. Би:
- Аав адгуу л хүн байсан юм даа, зайлуул! Гэм нь жаахан зоргоороо ... зөрүүд ... тэхдээ, юу юуны тухгүй дөргүй бух шиг зүтгээд байхгүй ээ! гээд, аавынхаа сэрүүн дүрийг цээжиндээ сэрээж үл мэдэг санаа алдаад, “Хүн гурил шиг байвал тос шиг, хутга шиг байвал жад шиг бай!” гэж захидаг байсныг саналаа. Дэндэв гуай,
- Yртэй хүн үгүйрдэггүй гэж энэ дээ, Хүү минь! Ийм сайхан байгаа юм. Эцгийн нэрийг хугалалгүй аваад явбал хойноос нь бүтээх дээд буян ганц тэр! гээд тэнгэр өөд сүүрсэнгүй харж, бодлогошронгуйгаар,
- Ум ма ни бад ми хум! гэж амандаа удаан шивнэн залбираад, өвсөө бухалдахаар яваад өглөө.
Хэд хоног хургүй өнжиж, тэнгэр цэлмэгхэнээр дуниартлаа. Бид тууш хадаж болох газруудыг бүгдийг хадаж, арын цоорхой, жалга судаг, бургас сөөг тойрсон дов сондуулын өвсийг хүртэл хамж шимж “мөлжөөд” даваа өгсөж отог сэлгэлээ. Давааны ам сүүдэр, хүүш ихтэй хавцал газар болоод шөнөдөө шүүдэр унах нь усархаг болж, өглөөд өвсний шүүдэр хатах нь хожуусаж, нөгөөтэйгүүр, хадах газар ч төвөгтэй, мод чулуу нь ч шимээсний ир шамлачих гээд халгаатай тул зэгсэн хүч, зэгсэн цаг барж байж энд тэнд хэд гурван бухал шовойлгов. Нэг өдөр манай саахалтын хархүү намайг дагуулж голын шугуйн бургас, моносны оор цоорыг хадахыг хүсвэл, Дэндэв гуай гэнэтхэн уурлаж,
- Чи ганцаараа хадвал яасан хүн бэ? Хөгшин би наадахаар чинь хөл, гар хийж явааг
харахгүй байна уу, чи? гэж загнаад эс халгаасанд, өнөө хархүү ч дургүйлхэнгүй,
- Тэгвэл би давааны энгэр өөд хадна аа! Ямар гахай биш, ганцаараа шугуй малтаж чадахгүй! гээд мориндоо зайдан мордоод давааны энгэр өөд яваад өгөв. Голын шугуйн цоорхой хадах гэж дурлах хүн эс олдсонд Дэндэв гуай,
- За, яахав ээ, “олны олон таван цэн” гэж бандийн ааган дээр миний хашрыг Нэмэхэд эрхээ биш ганц нэг бухал овоолчих юм гогодчих байлгүй! Би бандиа дагуулаад мэрэхийг бодоё! гээд намайг дагуулж, голын бургас моносны завсар зайлхайгаар хадаж атга тэвэр өвс бөөгнүүлэхээр хоцорлоо. Өвгөн шимээсээ мөрөн дээрээ тохож голын шугуй руу надтай зэрэгцэн гэлдрэхдээ,
- Залхуу эмгэн завагтаа хүрэхгүй гэгчээр, монгол хүн залхуугаасаа болоод л өлсчих
гэж золигтоод болохгүй юм даа! Өвөл, хаварт өчнөөн ч мал үхлээ, төчнөөн ч төл хорогдлоо гээд л өдий төдий толгой малын тоо сонинд бичих юм. Гэтэл хар даа, хичнээн хишиг хаа сайгүй хаягдаад үлдэж байнав дээ, аан? Намрын энэ тавгын сөлтэйгээ өвс гэдэг чинь атга нь л гэхэд, малаар бол толгой мал, махаар бол тагш шөлний хөшиглөө гэсэн үг шүү дээ! Юүн бургас бутны завсраар байтугай дов довны орой сэрмээд байхад л, арга ядаж гэхэд, арван хуруугаар тоолж барахгүй нуруу өвс дүнхийгээд ирнэ шүү дээ! Тэр өвс өнөө үхэж үрэгдэж байгаа өчнөө төчнөө малын чинь талыг нь ч болтугай онд мэнд оруулчихгүй хаа зайлах вэ дээ, аан? Мал юунаас болж хорогдож байна, ихэнхдээ, эзэн хүний элэггүйгээс ... залхуугаас л хорогдож байна! Намрын налгарт найр наадам гэж биеэ хөөлгөлгүй, хөгшид хүүхэдгүй шамдаад, чадах чадахаараа тэжээл базаагаад авчихвал хүйтэн нойтоны цаг хяргачих гээд ирэхэд хүн малгүй тошгор суухгүй юу, чухам! Хүнд юу л хэрэгтэй байна, бүгдийг нь л энэ муусайн хэдэн малаасаа авч байна. Тэгэхээр, хүний нэртэй л юм бол, хэн хүнгүй эн хэдээ л онд оруулах гэж зүтгэхээс өөр яах гэж зүтгэх вэ та минь! гэж үглэн бөгтөс бөгтөс алхана. Би амаа цангахаар залгилах гэж үйсэн бортгонд дүүргэсэн цайгаа бариад, өвгөний яриаг чагнахын завсар нүүр нүд, нүцгэн цээж рүү минь ааг амьсгаагүй довтлох ялаа, шумуулыг цамцаараа үргээж явав. Бид хоёрын хадах шугуй үнэхээр тамтай газар таарчээ. Хэд ширвээд л дов сондуул шимээсний үзүүрт уургалагдаж, өндөр ургаснаас биеэ даалгүй налчихсан өлөн, үхэр гоньдны навч ороолдож чаргууцалдаад гар дорхноо цуцаах буюу, эсвэл хонхор төхөм газар руу намисан өвс ногоон дээгүүр шимээс хий илж гүйгээд довны ёзоор руу шаачих тул сугарч өгөхгүй үйл барна. Дэндэв гуай ч байн байн амарч амнаасаа ховор салгадаг мод толгойгоо үлгэхээр сууж, намаг зүлгийн дэлэнч, ялаа, хөхтөрүүний дайраанд хараал тавьж,
- Энэ хуухай гамингийн сүнснүүдийг! Бүгдийг нь очир тамын ёроол руу цөлчихсөн! гэж зүхэх дуулдана. Yдээс хойш давааны амнаас салхи үе үе хүүгэж, тэнгэр үүлшиж эхлэхэд, Дэндэв гуай:
- Оройдоо борооших нь дээ хүү минь! Хавар, зунд нь усаа харамлаж, улаан шороо уушиглуулж уушиглуулж орхиод, намар, яг сайхан атга чимх өвс хамах болохоор л хяслантай юм шиг асгаад унадаг гачлантай ч хайрхан шүү дээ, хөөрхий! гэж тэнгэр хангайдаа жаахан гомхронгуй гүнгэнээд,
- За, шалавхан шиг хөдөлж үзье! Тэнгэрийн хуурай дээр тэвэр шагшуурга ч болохноо унагаад авъя! гэж шавдуулав. Yдэш үнэхээр бороо цутгаж, аянгын гялбаа уулсын оройг ороон цацарч, тэнгэр зах сэжүүрээрээ хүү-хүү урагдах мэт нүржигнэн нүргэлж, салхи муу майхныг маань хамхуул мэт хийсгэн алдав. Шөнөжин хүйтэн, усархаг бороо шаагиж, салхи зогсолтгүй нүдсээр хонолоо. Би шөнөдөө салхины чимээ, борооны шаагианд тух алдан байн байн сэрсээр үүрийн жингээр нам унтаад, өглөө өндийвөл, салхи намдаж, майхан хөвхөлзөхөө зогссон ч бороо зөөлнөөр зүсрэн шивэрч, уул хөндий битүү мананд хучигджээ. Майханд дусаал гоожиж, хучлага дэвсгэр нойт оргин хөрсийж, хадланчид босох нь босч, хэвтэртээ шургах нь шурган хугжийж хэвтнэ. Дэндэв гуай майхныхаа бааданг сөхөн, үүд тушаа гишүү овоолон гал өрдөөд нойтон гутлаа галын дөлөнд эврээж сууна. Би борооны сиймхийд түлшээ базааж авахаар гадаа арын хаяа руу орлоо. Ойд ус чийг шүүрэгнэн, мододын оройгоор манан хөөрөн, ямар нэг аварга том үнсэн саарал шувууны өд сөд нэлмийн зүүцэлдэх мэт нарс, шинэсний мөчир шилмүүс зүүрмэглүүлэн хөглөрөөд, нойтон холтос, хөрмөг, өмх дарихнаас хөгц хөвдийн үнэр ханхална. Морьд ар дотор идээшлэн хоножээ. Миний морь чөдрийнхөө өрөөсөн хааг тасдаад нохой өрөөлтэй явж харагдана. Би мориныхоо чөдрийг авч бүсэндээ хавчуулаад, оронд нь гишүү баглаж үүрэхээр сугавчилж явсан сураараа тушиж, морьдын цаахна талд, салхинд булгарч унасан хөгшин хар модны гишүүнээс хэдийг хугалж тэврээд майхан руугаа буцав. Дэндэв гуай хумс нь шөвийтлөө ургасан чөргөр хөлийнхөө сайртай өсгийг галд ээмэглэн,
- Ээ ашгүй, гишүү түүгээд ирэв үү, чи? Болж дээ! ... Морь чинь яачихаа? Чөдрөө
тасдчихаа юу? гэлээ. Би:
- Чөдрийн хаа тасарчихжээ. Чагт нь мултраад хаягдчихаж! гээд галын захад сууж, чөдрийн чагт зорох гишүүний хугархай эрвэл, Дэндэв гуай,
- Чөдрийн чагтыг гишүүгээр хийгээд ч дэмий дээ, хүүхээ! Уг нь хусаар торгоовол сайн байдаг юм, чухдаа! Хар модны гишүү зорход хатуу, тэгээд ч амархан хугарчихдаг юм. Адууны хөл гэдэг трактораас хол дутахааргүй тэнхээтэй эд шүү дээ! гэв. Би дотроо, “Нээрээн, аав чөдөр, боодойны чагтыг дандаа хусны өөдсөөр зордог байсан шүү дээ, би таг мартчихаж, хар маанаг чинь! Санадаггүй байна шүү!” гэж бодтол, гэнэт аав чөдөр тушаа, ногт хазаар гаргуун сайн зангиддаг, тиймдээ ч тэрүү, чөдөр ногт ганзаглаанаасаа хаях, хулгайд алдах тохиолдолд жигтэй гасалж үглэдэг атлаа морь, шар үхэх, чоно нохойд ноцуулж том гарлага гарахад сүйдтэй гарзшаадаггүй байсан нь санаанд сэрхийж Дэндэв гуайд :
- Хөөрхий дөө, муу аав минь чөдөр, ногт хаячихаар аашилж загнаад, орон гэрээсээ хөөх нь холгүй юм л болдогсон! Тэгэх мөртөө морь мал алдчихад юу ч дуугарахгүй
өнгөрчихдөгсөн! ... гэж ааваан дурсвал, өвгөн:
- Дотроо бодолтой л хүний зан даа! гээд галын дөл, уулын манан ширтэн бодолхийлснээ,
- Аавыг чинь би айхтар буянтай хүн байжээ гэж бодож суунаа, хүү минь! Хөрөнгө хогшил яахав, үрэгдээд дуусна, сайн үр хүүхэд өсгөж үлдээх чинь л хүмүүст жинхэнэ буян юм шүү дээ, чухамдаа! Чиний янзыг хараад, ажил төрөлд сумширсныг чинь мэдээд аавд чинь атаархах шахуу л сууна. Ийм хүүтэй хүн ёстой чухам санаа амар амьсгаа хурааж, ясаа арилтал амар хэвтэж болно доо! Жинхэнэ жаргалтай хүн гэж олонд оодрохоор үр удам яргаасан хүнийг л хэлж байгаа юм чухдаа, хүү минь! гээд юу бодсон ч юм хөөрхий, бүү мэд, уруул ам нь эв хавгүйхэн үрчиг хорчиго хөдөлж, хоолой руугаа нэг их хүчир, хатуу юм гүд хийлгэн залгиад, намайг тэврэн авч аавын минь үнсдэгээс өөрцгүй элбэрэнгүй дотноор духыг минь үнсэв. Би дотроо тэсгэлгүй их баярлалаа. Аавтай минь хялайлцаж явсан хүнд магтуулсандаа, үнсүүлсэндээ, аавыгаа ойлгуулж алдар хүндлэлтэйгээр дурсуулсандаа дотроо бах ханаж, яльгүй онгирох сэтгэл ч цээжин гүнд халуу оргив.
“Аав минь өнөө ч ардаа хоцрогсдод ач буянаа дурсуулж, хүүгээ ерөөлгөж явна даа!
Нас нь элэгдсэн ч нартад үлдээсэн нэр нь элэгдээгүй, хүүтэйгээ цуг хүмүүсийн дунд амьд сэрүүн л явна даа!” гэж бодоод өрцөн цаагуур нар төөнөх шиг боллоо. Бороо арилсны дараа хэдэн өдөр дараалан хурц нар шарж, өвс хадлангийн хөл шувтран шувтартал тэнгэр хангай саад хийсэнгүй. Бидний хэдэн хадланчид ч өвсөө хурааж хумиж дуусаад гэрийн зүг хөдлөв.
Уул, хөндийн өнгө илт мэдэг гандаж, навчис ганц нэгээр хийсэн морьдын хөлд
унана. Дэндэв гуай шодон сүүлтэй намхан бор морио хаа нэг гуядаж дув дуугай шогшуулахад хөлс, шороонд халтартсан налчгар бүрхний нь хүрээ салхинд дэлбэгэс-дэлбэгэс хөдөлнө. Давааны бэл, арын хаяа, голын тохойгоор хэдэн өдрийн маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн мөр-гэрийн чинээ дүнхгэр ногоон бухлууд намрын налгар шар нараа анир чимээгүйхнээр бөмбийн араас даллах мэт үлдэх нь аав минь амьдсэрүүн, мэнд тунгалаг байгаа мэт, тэр эмийн шимт өвс тэжээлийг бидэнтэй цуг хадалцаад бидэнтэй цуг харьж яваа мэт, ямар нэг баяр бах дүүрэн далд хэл, далд хүчээр дуудан даллах шиг санагдана.
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment