2010/01/03

Авъяас чадвараа нээн илрүүлэх нь

Би хоёрдугаар ангид байхаасаа хүчтэн болохоор шийдэж сагсан бөмбөг, усанд сэлэлт, цана, тэшүүр, бөх . . . зэрэг олон зүйлийг сорьж үзэв. Нэг нь ч надад тохирдоггүй байлаа. Өдөр бүр нүцгэлчихээд толины өмнө хүүхдийн туранхай цээжээ байдаг чадлаараа түхийлгэж, тохойгоо нугалан дэрс шиг гараа чангалах боловч ямар ч өөрчлөлт орж харахгүй. Намайг гудамжинд бахь байдгаараа л зодож, би үе тэнгийнхнийхээ хатуу тоглоомын золиос болон үлдэнэ.
Би гэнэт 120 сантиметр харайв. Yнэхээр санаандгүй. Биеийн тамирын хичээл дээр. Олсон дээгүүр. Надаас хоёр гурав ах хүүхдүүдийн харайж чадахгүй өндөр дээгүүр тавдугаар ангийн үлбэгэр би төвөггүй гарчих нь тэр.
Бүх юм шууд л тодорхой болов. Өндрийн харайгч! Хагас жилийн дараа 150 сантиметр. Арван дөрөвтэйдөө 160 сантиметр харайв. Энэ нь хотын сургуулиудын дунд дээд амжилт байлаа. Энэ бол миний амьдралын эрс өөрчлөлтийн үе байлаа. Би мэдэгдэхүйц чийрэгжиж, хүүхдүүд надад дээрэлхэхээ болив. Миний тухай сонинд бичиж, би өөрийнхөө нэрд гарч байгааг мэдрэх нь их сайхан байлаа.

No comments:

Post a Comment