Нийтлэгч: Ким Y Жин
Сургуулийн он жилүүдээ би тарчиг ядуухан үдсэн. Би ганцаараа ядуу байсангүй. Бараг л хүн бүхэн ядуу байсан юм. Манайхан Сөүлийн Чангчунг-донг дүүрэгт суудаг болохоор би арав гаруй километр зайтай сургуульдаа хүрэхийн тулд хоёр цаг гаруй явган явдаг байж билээ. Би Ёонсейгийн Их сургуульд суралцаж байсан юм. Халаасандаа сохор улаан зоос ч үгүй хэрнээ сэтгэлдээ дэврүүн сайхан мөрөөдөл тээж явдагсан. Yдэш орой болсон хойно номын сангийн үүдийг зөөлхөн хааж гарах яг тэр мөчид минь аль эсвэл гэрийн зүг тэнгэр ширтэн алхах холын аянд минь балчирхан цээжинд минь төрдөг байсан дурсамжит сайхан сэтгэгдлээ би одоо ч гэсэн мартаагүй. Хамаг дэлхий бүхлээрээ минийх л болохоор хоёр гардаж би түүнийг дээш өргөнө. Боломжгүй юм гэж надад байсангүй. Залуу нас минь цог золбоо зүрх сэтгэлийг минь дэврүүн мөрөөдлөөр бялхааж байлаа.
Залуу насны эрхэм нандин бүхний дотроос мөрөөдөл гэдэг хамгийн чухаг эрдэнэ билээ. Сэтгэлдээ сайхан мөрөөдөл тээн явагч хүн, хоосон ядуу амьдрал гэж юу байдгийг эс мэднэ. Чухамдаа хүн гэдэг мөрөөдөл шигээ баян тансаг байдаг юм. Өөрийн гэх юмгүй ч, хэрэв танд мөрөөдөл бий бол залуу нас гэдэг жинхэнэ амьдрал. Сэтгэлдээ мөрөөдөл тээн явагч тэр л хүмүүс түүхийг бүтээдэг. Мөрөөдөл гэдэг хорвоо дэлхийг хувирган өөрчлөх хүч юм. Өнөөгийн хорвоо дэлхийн нүүр царайг хувирган өөрчилж байгаа хүмүүс балчир залуу насандаа агуу их мөрөөдлөөр жигүүрлэн явсан гэж мөрий тавихад ч би бэлхэн. Мөрөөдөл хүнийг төлөвшүүлдэг. Мөрөөдөл нь эзнээ ч, ажил үйлсийг нь ч, бүр хувь заяаг нь ч хянадаг. Мөрөөдөл гэдэг хөвөн явагч хөлөг онгоцны залуур лугаа адил юм. Залуур нь нүдэнд тусахааргүй жижигхэн байсан ч хөлөг онгоцны хөдөлгөөн бүхнийг хянана. Тэгэхээр мөрөөдөлгүй амьдрал гэдэг залуургүй онгоцноос юуны ялгал билээ. Ганхан хөвөх залуургүй онгоц адил мөрөөдөлгүй хүн зүг чигээ алдаж замаг шороонд тээгэлтэлээ хаашаа ч юм урсан хөвөх тавилантай.
Мөрөөдөлгүй залуу нас гэвэл залуу нас биш юм. Идэр залуу насанд мөрөөдөл гэдэг
эрхэм чухаг. Чухамдаа залуу нас гэдэг өөрөө мөрөөдөл билээ. Тэгээд ч түүхийг мөрөөдөгчид бүтээдэг.
2010/01/11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment