2010/01/04

Ёс суртахуун

Ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам юм. Ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: 1. Бусдыг үл хорлон буяныг үйлдэх 2. Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх 3. Yл бузарлан сэтгэлийг ариусгах 4. Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэнэ. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинж рүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар иржээ.

/Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”/

No comments:

Post a Comment