2010/01/11

ХЭЛ – СЭТГЭХYЙ

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

Манайхан хэл, сэтгэхүй хоёрыг хооронд нь ялгаж, салгаж ойлгоод байх шиг. Ялгаатай юу гэвэл ялгаатай, нэг нь хэл, нөгөөх нь сэтгэхүй,гэхдээ маш гүнзгий холбоотой төдийгүй бараг нэг юмын хоёр тал гэж хэлж болно. Хэлээр дамжиж сэтгэнэ. Хэл бол сэтгэхүйн эрхтэн. Эрдэмтэд олон гадаад хэл эзэмшихийг нэг цоожинд таарах олон түлхүүртэй адилтгадаг. Гадаад хэл, тэр тусмаа англи хэл эдүгээ гойд чухалд тооцогдож байна. Гэхдээ үүнийг туйлшруулж, хэтрүүлж болохгүй. Учир нь та цоожоо нэг л түлхүүрээр нээнэ, өөрөөр хэлбэл нэг л хэл дээр сэтгэнэ гэсэн үг. Хүний тархи хоёр хэл дээр зэрэг сэтгэнэ гэж байхгүй, хэрэв тэгж чадаж байвал тэр хоёрын аль нэг нь заавал оновчтой байна. Яагаад гэвэл тэр хүн аль нэг хэлийг нь илүү эзэмшсэн байдаг. Эндээс эх хэлний тухай яриа өрнөнө. Эх хэл гэдэг нь тухайн хүний хувьд эхэлж сурсан, анхлан сэтгэж эхэлсэн тэр хэл юм. Монголчууд бидний хувьд монгол хэл нь эх хэл болой. Хүн эх хэл дээрээ л голдуу сэтгэдэг, арга ч үгүй биз, эхэлж сурсан хэл гэдэг тухайн тархины хувьд түрүүлж сэтгэж сурсан үүд хаалга юм. Гүн сэтгэдэг хүмүүс эх хэлэндээ л гарамгай сайн байдаг, тэр ч бүү хэл ийм хүмүүс өөр гадаад хэлэнд төдий л сайн байгаагүй жишээ элбэг бий. Бодвол тэд бусад хэлийг сэтгэх хэрэгсэл бус, мэдээлэл олж авах утгаар л ашиглаж байсан биз. Энэ нь ч зөв юм.

Карл Марксын эх хэл нь герман. Тэрээр Лондонд 40-өөд жил амьдарсан. Герман гэхээсээ илүүтэй англи болсон нэгэн, гэтэл сэтгэхдээ, бас бичихдээ эх хэлээ л өмнөө барьдаг байв. Тэр "Капитал" зохиолоо герман хэлээр бичсэн. Ф.Энгельс Марксыг бодвол илүү олон гадаад хэл мэддэг байсан. Гэхдээ Маркст хүрч гүн сэтгэж байгаагүй. Буало Никола "Тод сэтгэсэн хүн тод өгүүлдэг" гэсэн бол Л.Толстой "Тодорхой биш үг бол тодорхой бус бодол сэтгэлийн тод шинж мөн" хэмээжээ.

Хэл үгүй бол сэтгэлгээ үгүй. Сэтгэлгээ үгүй бол хүн биш болно.Хүн эх хэлээ ямар төвшинд эзэмшинэ, яг тийм төвшинд сэтгэнэ. Эндээс эх хэлээ эзэмшихийн тулгуур ач холбогдол тодорно.Соёлгүй, бүдүүлэг харьцаатай хүн байдаг шиг соёлгүй сэтгэдэг, болхи сэтгэлгээтэй хүн таардаг.
Энэтхэгт хэлд ороогүй хоёр хүүхдийг өлөгчин чоно үүрэндээ аваачиж өсгөснийг хожим нь хүмүүс олж Амала, Камала нэр өгч, хэл зааж, хүн болгох гэж оролдоод дийлээгүй гэдэг. Энэ хоёр хүүхэд гаднаасаа хүн дүрстэй боловч мөн чанараараа хүн биш юм. Тэдний эх хэлээ эзэмших цаг нь өнгөрсөн учраас хэл сураагүй бөгөөд ингэхлээр сэтгэх чадвараа алдаж IQ =0 болжээ. Уншигч та Амала, Камала хоёр бидэнд ямар хамаатай юм гэж бодуузай. Тун их хамаатай, яагаад гэвэл тэдний хойт дүр бидний дунд өсөж торниж байна. Эх хэл дээрээ дөнгөн данган эхэлж сэтгэж сурч байтал нь хоёр гурван гадаад хэл хажуунаас нь зэрэг орчихоор тэр хүүхдийн сэтгэлгээ саатчихна. Учир юу вэ гэвэл хүүхдийн тархи нэг төвшинд хэсэг үг тогтоох, нэг үгийг олон хэлээр цээжлэх үйл ажиллагаанд хамаг эрчмээ зарцуулахад хүрнэ. Ийм үед сэтгэлгээ нь гүнзгийрэхгүй, оновчтой сэтгэж сурахгүй, харин ч олон хэлний үгс холилдож манан будан болж, барьц алдана. Барьц алдсан бөх унадаг нь жам байдаг шиг барьц алдсан сэтгэлгээ мөлийж, мохно. Өөрөөр хэлбэл сэтгэлгээ нь хомсдлын өвчинд автана. Ингэж багаасаа хатангиршиж хомсдолд автсан оюун ухааныг дахин сэргээх боломж бараг үгүй.

Гадаад хэл чармайн сурч, улмаар судалж, багагүй амжилтанд хүрсэн хэл судлаач эрдэмтэд манайд цөөн бус. Тэд эцэстээ нэг л овоон дээр очдог байх юм. Овооны нэр нь монгол хэл. Энэ юуных вэ? Хэлэнд ир гэж бий, ир ирэндээ торгон ир. Мохоо мөлгөр, гөлгөр ир хаа ч байх. Энэхүү торгон ир нь оргил сэтгэлгээний тусгал, илрэл болдогт хамаг учир буй. Зохиолчид торгон мэдрэмж, торгон сэтгэмж гэж ярьдаг даа. Сэтгэлгээгээ торгон үгээр илэрхийлнэ гэдэг ухаан. "Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана" гэж Д.Нацагдорж бичсэн. Нүднээ харагдтал бичнэ гэдэг бол авъяас. Д.Нацагдоржийн энэхүү авъяас нь герман, орос хэлээр бус чухамхүү эх монгол хэлээр илэрчээ. Хүн гадаад хэлийг хэдий чинээ сайн сурна, тэр хэмжээгээр эх хэлнийхээ яруу баялгийг мэдэрч, хамгаалж хөгжүүлэхийг эрмэлздэг аж. Энэ бол тэр хүний тархи эрүүл байгаагийн шинж.

Буурай үндэстэнг буурьтай ухаан л аварна!

No comments:

Post a Comment