2010/01/03

Нууц биш нууц

Зохиогч: Л.Түдэв
(өгүүллэгийн хэсгээс)

1955 онтой хорвоо дэлхий золгоод ганцхан сар болж байлаа. Өвлийн жавар холдох яагаа ч үгүй тул нүүдэл хийх нь битгий хэл хаяаныхаа манаасыг өчүүхэн төдий ч сэндчих хүсэлтэй айл байсангүй. Гэвч нэг айл алс холоос нүүдэл хийж Төгрөгийн голд хүрэлцэн ирлээ. Yүнд хүмүүс их гайхжээ. Идэр гурван есийн хүйтнээр нүүж явдаг ямар хачин улс вэ гэж Төгрөгийн голынхон сониуч зан нь хөдөлж мөнөөхөн шинэ ирсэн айлын байдлыг өөр өөрсдийн тохирсон арга барилаар танджээ.
- Гайхмаар юм алга. Юу ч мэдэхгүй хоёр жаахан хүүхэд байна. Саяхан айл болсон байрын юм. Дөрвөн ханатай дан бүрээстэй гэр, нэг муу модон ор, хоёр чемодантай тийм л нэг айл хөлдүү цэвдэг газар гэрээ барьж байна. Яаж айл болно доо, зайлуул гэж хамгийн анхны зарыг Жуурай эмгэн тараажээ. Эмгэний тэр ярианд хүмүүс янз бүрээр хариулжээ.
- Өө тэгж таарна. Амьдрал ахуй мэдэхгүй савсаг залуус л энэ хар өвлөөр нүүдэл хийж явж таарна гэж нэг нь ярихад
- Аймгийн төвөөс чийчаан тэргээр нүүж ирснийг бодвол бас ч цаанаа харж үзэх юмтай хүүхдүүд байлгүйдээ. Хүүхдийг басаж болохгүй гэж хоёр дахь нь сануулжээ.
- Ямар л өөд байв гэж! Аймгийн төвд багтахаа байгаад л өвлийн хүйтнээр хөдөөгийн мухар бараадаа биз гэж гурав дахь нь онош тавьжээ.

Нутгийн хүмүүсийн энэ яриаг нэг өдөр нэгдлийн дарга Халзанбаатар бүрмөсөн өөрчилж өглөө. Өвөл царигтай орсон ганц морио унаад нэгдлийн төв рүү Халзанбаатарыг шогшуулж явахад нь сумын зарлага өвгөн тааралдаад хэрэг зориг юу болохыг нь асуухад:
- Аа яахав. Намайг юм мэдэхгүй хоцрогдсон амьтан гэж голоод шилдэг залуу боловсон хүчнээр солих юм байхаа! Тэгээд алба ажлаа өгөхөөр явж байна гэж тэр дурамжхан хариулжээ. Тэгэхээр нь зарлага өвгөний сониуч зан оволзож:
- Юу? Тан шиг түшигтэй хүнийг орлох тийм хүн одоо манай нэгдэлд хаа байгаа юм
бэ? гэхэд
- Манай нэгдэлд байхгүй ээ. Гэхдээ аймгийн төвөөс тийм хүн олж явуулсан байна. Олох ч гэж дээ. Саналаа өгөөд л хөгшин хашруудыг түлхэхээр одоогийн залуус горилдог болжээ гэж Халзанбаатар хэлэхэд зарлага
- Уваа мөн бэрхээ! гэж дуу алдсанаа төвөөс ирсэн тэр хүн чинь хаа байгаа юм бэ? Арай уржий урждар нүүж ирдэг годгор залуу биш биз дээ? Лувсан гэв үү дээ? гэхэд
Халзанбаатар ярвайсхийж:
- Мөөн, мөн. Одоо чинь тийм хүүхдүүд л өрх толгойлох болж шүү дээ гэж хэлээд мориндоо ташуур өгөн хурдалжээ. Зарлага өвгөн түр зуур алмайран зогссоноо энэ сонин мэдээг нутаг усныхандаа тараахаар яаравчлан шавджээ.
... Тэр өглөө их хүйтэн байсан болохоор хөлдүү газар саяхан буусан дан бүрээстэй гэрт тэсэж суух аргагүй ажээ. Гэвч эртлэн босох ёстой. Шинэ ажил хүлээж авах учиртай.
- Тий, тий, хөлдөж үхлээ. Яаж босч гал ноцоох вэ ? Лувсан чиний л хийсэн ажил. Хөхөө өвлөөр хөдөө гарна гэж зүтгэсэн. Чи л босч галаа ноцоо! гэж эхнэр нь тэр өглөө хэлэхэд Лувсан <<Нээрээ л тийм дээ>> гэж бодоод босчээ. Гэр дотор бараг л гадаатай адил байв. Нойтон мод асахгүй шийхтнэж пас писхийн дуугарна. Нэрээ хичээж, ихээхэн аргадаж байж галаа асаагаад тогоогоо тавьж цай хийх гэтэл хувинтай ус нь амаараа түмбийн гартлаа голгүй хөлдсөн байлаа. Саяхан, урьд долоо хоногийн эхээр л аймгийн төв дээр хоршоодын холбооны орлогч дарга хийж тохилог сайхан амьдарч байснаа Лувсан эргэн санав. Хөдөө аж ахуйн нэгдлийг хөгжүүлэх ажилд гар бие оролцохоор намын уриалгыг хүлээн авч саналаа өгч хүсэлт тавьж байх тэр үед огт өөр юм бодож байснаа саналаа. Тэр үед намын илгээлтээр явуулахыг битгий л татгалзаасай билээ гэж сэтгэл түгшиж байсан болохоос яаж хөдөө ажиллана, яаж өвлийн хүйтнээр нүүнэ гэж санааширч байсангүй. Лувсан энэ бүхнийг түр эргэцүүлэн бодох зуур гэрийн жихүүн хүйтнийг мартжээ. Гал нь ч удалгүй дүрэлзэн асч мөс нь хайллаа. Цай нь сайхан амттай болжээ. Гэрийн дотор ч баясгалантай болов.
- За би өнөөдөр шинэ ажлаа авна. Гоёсхийж очъё гэж Лувсан эхнэртээ хэлээд аятайхан хувцсаа шилж өмсөв. Шинэ ажлаа авахаар Лувсанг гэрээсээ гарахад эхнэр нь мөн цуг гарч үүдэн дээрээс үдэж өглөө. Лувсан инээмсэглэж:
- Нэгдлийн төвд хүмүүс цуглаж байхыг харав уу? гэхэд эхнэр нь:
- Төв ч гэж дээ. Ганц муу гэрийг нэгдлийн төв гээд ч яах вэ гэв.
- Өөр юу ч үгүй юм чинь. Одоохондоо ганц гэртээ л нэгдлийнхэн цугларч хурлаа хийж, ажлаа ярилцдаг юм байгаа биз. Олон гэр байшинтай төв байгуулах ажил надад оногдох нь лавдаа гэж Лувсан хэлээд нэгдлийн төв гэгдсэн ганц хар гэрийн зүг явган явлаа. Нэгдлийн төв гэж өндөр нэр хүлээсэн ганц гэрийн гаднаа хүрч очоод Лувсан цочисхийн зогтусчээ. Гэрийн бүрээс зуун задгай, жаран хагархай учир төлийн нэмнээ, элгэвч, таар шуудайгаар нөхөөс тавьж, олс дээс, төмөр утас, цахилгаан дамжуулах утсаар торлосон тул чухам аль нь гэрийн даруулга, аль нь бүслүүр болохыг ялгах аргагүй ажээ.Лувсан гэрийг нар зөв тойрч тал талаас нь ажин хараад толгой сэгсэрч байтал гэр дотор хүмүүс инээлдэх нь сая сэхээ авч үүдийг татав. Ёолох байдал мэт чихран дуугарч хаалга нээгдэхэд гэр дотор таг чиг боллоо. Гэр дотор таван хүн сууж байлаа. Хойморт нь модон ширээ ганцаараа яйжийж харагдлаа. Шунх шиг юмаар дээр үед будсан бололтой. Гэвч одоо ямар өнгөтэйг хэлэх аргагүй байлаа. Хүхээг нь сорогдоод салж унах дөхсөн тул төмөр утсаар бөхөлсөн зэвтэй зуухны аманд нэг өвгөн бөгтийн сууж ганс тамхиа нэрж байлаа. Ширээн дээр хуучин орос сампингийн хүрээн дотор хэдэн салбархай бичиг цаас хашиж тавьсан харагдав. Ханын толгойд хиртэй цагаан цууянбуун ваадантай юм хэд хэд өлгөөтэй байв. Мөн тэрнээс дутахгүй шарласан цагаан даавуун халаад дөрвөлжлөн эвхэж барьсан нэг эмэгтэй, жайжиг сандал дээр сууж байснаа Лувсанг хармагц босч зогсов. Ширээний цаад өнцөгт цагаан соруултай гаансаа баруун жавжиндаа зууж дуу чимээгүй сорж суугаа хүн л ганцаараа Лувсангийн мэндийн хариуг өгөхөд түүнийг нэгдлийн дарга юм байх гэж тэр бодов. Тэгтэл тамхины уутны оосорт хэдэн түлхүүр зүүж түүнээ ташаан тушаагаа бүснээсээ хавчуулсан хижээлдүү хүн ухасхийн босч Лувсанд сандлаа тавьж өгөв.
- Ашгүй та хүрээд ирсэн байна. Одоо надаас ажлаа ав! авч цөхөөд байх юмгүй цомхон айлдаа манайх гэж нэгдлийн хуучин дарга бололтой хүн шууд л ярьж эхлэв. Лувсан бичиж авах санаатай өврөөсөө дэвтэр гаргасан чинь Халзанбаатар дарга:
- Бичилтгүй. Ер шалих юм байхгүй. Нэгдлийн кассанд 29 төгрөг бий. Тийм биз дээ. Гүржаав? гэхэд жөнгөнөсөн дуутай жаахан хүүхэд ам нээж
- Тиймээ, даргаа! гэв. << Хорин есхөн төгрөгөөр чинь бид хэд ганцхан үдийн хоол авч идэж хүрэхгүй юм байна даа >> гэж Лувсан бодоод:
- Ердөө гучаадхан төгрөгтэй айл уу? гэв.
- Гуч биш хорин ес юм. Гэхдээ банкны харилцах дансанд нэг мянга хавьцаа юм байх ёстойдог. Харин мал гэвэл 20-оод мянган юм бий. Гишүүдийн тоо 80 хүрээд байна. Энэ гэр бол нэгдлийн албан байр. Өөр нэг муу шавар тагз бий. Тэнд лий сүү юмаа хадгалдаг. За ингээд л цээжилж авбал болоо гэж хуучин дарга нь хэллээ. Лувсан үүнд цочих шиг болж
- Албан хаагчид тань юу билээ? гэв.
- Энэ гэрт бүгд байна. Энэ хүү бол ня-бо Гүржав, баримт сэлт нь тэр сампингийн хүрээн дотор байна. Малын баг эмч Дэнсмаа, аж ахуйн эрхлэгч Балжинням, галч Бат-Өлзий за ингэсгээд л болж байх шиг вэ. Эвлэлийн үүрийн дарга алга байна. Бичиг хэрэг нь зүүн ханын толгойд байгаа эхний вааданд бий. Албан хаагчид маань цөмөөрөө цуглаад ирэхээр нэг сандал дутчихаад байдаг юм. Гэхдээ бид ямар өвдөг шороодон сууж үзээгүй биш дээ. Болоод л байдаг гэж хуучин дарга тайлбарлав.
- Малын байдал ямар вэ дээ? гэж Лувсан бага зэрэг балмагдан асуув.
- Мал уу? Ихэнх малчинд өвөлжөө гэж тохитой юм байхгүй. Гэхдээ хэдэн арван жил хээрээр гэр хийгээд сурсан заншлаараа л тэд маань гайгүй шиг онд ордог. Харин заазалсан малын нэг суурь Жавзан өвгөний дээр байдаг. Таван зуун бог байсан юм. Гурван зуугаад нь онд орж барсангүй. Yлдсэн хэдэд нь ч ногоотой золгох юм цөөн болов уу? гэж Халзанбаатар ярив. Лувсан:
- Яагаад тэгж их үхээд байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байх вэ? Тэжээх өвс алга. Нэгдэл ер нь өвс авч сураагүй. Авах нутаг ч алга. Харин ч урьдын зуд турхантай үед цай сүлэх малгүй болдог айл аль олон гардгийг бодвол ч гайгүй байна л даа гэж Халзанбаатар амирлангуй тайлбарлахад Лувсангийн санаа маш их зовж:
- Түүнийг чинь яах хэрэг вэ? гэж асуухад хуучин дарга нь шилээ шөргөөж:
- Би л хувьдаа яах ч арга олоогүй. Харин надаас илүү ухаантай сайн дарга гэж тавигдсан болохоор одоо чи л мэдэх ёстой. Хамаг юм даргаасаа болж байдаг гэдэг бодолтой л улс байдаг шиг байна. Би бол эдний гурав дахь дарга. Харин энэ гэр бол ууган гишүүн Дамчаагийн бэлэглэсэн цагаас хойш солигдож шинэчлэгдсэнгүй тэсээд л одоо боллоо гэж ярив. Лувсан цааш нь юм ярихын ч хэрэггүй гэж бодов. Ингэж нэгдлийн шинэ дарга ажлаа хүлээн авч, хуучин дарга нь малчин болжээ.
<<Ийм айлыг чинь яаж өөд татах билээ?>> гэсэн ганцхан асуудал Лувсангийн бүх сэтгэлийг эзэмдэн авчээ. Тэр шөнөжингөө бодол боллоо. <<Юу ч болтугай гал голомтоо л өөд татахаас эхэлнэ байгаа>> гэж Лувсан шийджээ. <<Айл өрхийг өөд татъя гэвэл гал голомтоос нь эхэл>> гэж өвгөд ярьдгийг санаандаа бат хадгалж явдаг Лувсан энэ удаа ч түүнээс мэргэн шийд олсонгүй.
- Дарга аа, юу хийх вэ? гэж маргааш өглөө нь Лувсанг ажилдаа ирэхэд Гүржав, Дэнсмаа хоёр ам булаалдан асуулаа. Лувсан тэдэнд хандаж:
- Ня-бо хүн бол тайлан тооцоо, данс хараа янзалж, өр авлагаа барагдуулах ёстой гэтэл Гүржав:
- Хорин есхөн төгрөгийг тооцоолж ядаад яах билээ дээ? гэв. <<Нээрээ ч тийм дээ. Мөн ч жол айл юм даа>> гэж Лувсан бодоод
- За тэгвэл юуны урьд гал голомтоо өөд нь татъя. Конторынхоо хогийг цэвэрлэхээс эхэлье гэв.
- Туужуу байхгүй л дээ дарга минь гэж галч өвгөн хариу өчлөө.
- Шүүрийг энэ Баяа гуай туужуу гэдэг юм. За тэр туужуу нь байлаа ч гэсэн шалгүй гэрт юун хэрэг байхав дээ гэж аж ахуйн эрхлэгч хэллээ.
<<Нээрээ л шалгүй гэрт юугаа шүүрдэх вэ? Шороо бужигнахын нэмэр. Тэгэхлээр эхлээд контороо шалтай болгоё гэж>> Лувсан бодоод
- Аж ахуйд шалны юм бий юу? гэв.
- Ганц ширхэг банз ч байхгүй.
- Тэгвэл адууны юм уу, сарлагийн сүүл байна уу?
- Өвлийн идэшний үеэр нэг сарлагийн сүүл олж хадгалсан. Өөр юу ч байхгүй. Адууных бол санашгүй хэрэг.
- За тэгвэл та тэр сарлагийнхаа сүүлийг аваад ир. Шүүр хийнэ. Би сумын хоршоогоор ороод ирье гэж Лувсан хэлээд гадагш гарлаа. Сумын хоршооны гадаа үжирч хуучирсан цагаан хайрцаг овоолоостой байлаа. Лувсан хоршооны даргатай уулзаж:
- Энэ овоолготой цагаан авдар хайрцгаа бүхэлд нь манай нэгдэлд өгөөч гэж гуйлаа.
- Энэ хогоор юу хийх нь вэ?
- Контороо тохижуулна.
- За тэгвэл, авахаас даа, харин үний нь өгнө шүү!
- Yнэ нь хэдий хир болох бол?
- Хоёр гурван төгрөгт багтахгүй ээ. Дал наяад төгрөг болно биз?
- Тэгвэл манайх авч дөнгөхгүй юм байна. Зээлээр өгөөч дээ?
- Өө үхсэн хойноо албан газар бол. Далхан цаас алга уу, танайд?
- Хорин есхөн төгрөгтэй л дээ.
- Харлаж хоцор! За тэгвэл зээлээр авна биз. Харин сүүлд заавал үнийг нь өгөөрэй.
- Өгнө, өгнө. Заавал өгнө гэж Лувсан баярлан амлав.
Бага байхдаа элдэв ажилд зүтгэж юм юм оролдож явсан болохоор Лувсан гарын дүйтэй хүн байв. Хоршооноос авсан барааны хайрцгийг харуулдан эвлүүлж, зүйсээр гэрийн шал хийлээ.Дарга нь өөрөө хөрөө харуул бариад мод зорж эхэлсэнд нэгдлийн албан хаагчид гайхан балмагдаж түүний үлгэрээр ажиллахаар шийджээ. Yхрийн сүүлийг ашиглан шүүр хийлээ. Шинэ шалан дээр гэр барьсан нь товхийсэн сайхан айл болоод иржээ.
- За дарга, минь харсаар байтал таныгаа зарж суухад хэцүү байна. Бидэнд юу хийхийг маань хэлээд өгөөч гэж хүмүүс Лувсангаас гуйлаа. Лувсан:
- Танайхыг л өөд татах гэж ирсэн болохоор би хийлгүй яахав. Харин та бүгд надаас үүрэг авах гэж байгаад би их баярлаж байна. Та нарт би нэг үүрэг өгье. Нэгдлийн хариуцлагатан хүн бүр хоёр метрийн урт гурав гурван банз олж ирцгээ. Өөр үүрэг одоохондоо өгөхгүй гэв. Түүнийг сонсоод хүмүүсийн царай барайсхийхийг ажигласан Лувсан их л гайхлаа. Тэгтэл галч өвгөн тэссэнгүй.
- Дааж давшгүй юм оноолоо доо, хүү минь! гэв. Лувсан гайхаж
- Ядаж нэг нэг банз олоход гайгүй байлгүй гэв. Галч өвгөн:
- Гайгүй юм огт биш. Манай энд чинь модны бараа харагддаггүй газар л даа. Хангай оръё гэвэл мянгаад километр явж байж хүрнэ. Тэгэхлээр нэг ширхэг банз ол гэсэнд орвол агт морь, атан тэмээ олж ир гэвэл бид чинь өдөрт нь л хөтлөөд авчирна. Мөн ч бэрх үүрэг оногдлоо доо гэж гаслав. <<Нээрээ л тийм байх шүү. Одоо яах вэ? Нэгэнт өгчихсөн даалгавраас буцах хэцүү. Юу ч болтугай харж л байя>> гэж Лувсан бодоод дуугүй байлаа.
Хэд хоногийн дараа хүмүүс олон арван банз олж авчирлаа. Тэрний дотор хэд хэдэн их л хуучин бөгөөд орны банз бололтой юм байхыг Лувсан ажиглан хараад:
- Зарим нь яагаад ийм хуучин юм байна. Орны банз юм уу даа? гэвэл
- Тиймээ, дарга минь. Манай нэгдлийн гишүүн Мянгад, Ламзан,Дулдуу зэрэг сайн санаатай улсууд орныхоо илүү банзыг өгсөн юм. Авахгүй гэсэн чинь уурлахаар нь авчихсан юм гэж аж ахуйн эрхлэгч нь хэллээ. <<Орныхоо банзыг хүртэл илүүчилдгийг бодвол сайхан санаатай улс байна>> гэж Лувсан боджээ. Цугларсан банзыг харуулдан засч нэгдлийн конторт хэрэгтэй зүйл хийх гэж нэлээд хэд хоног өдөр шөнөгүй ажиллав. Аргалын дөрвөлж, архивын авдар, бичгийн ширээ, хэдэн сандал хийсэн нь бас ч хүний хэрэгцээ хангахаар юм болсонд Лувсан өөрөө ч, нэгдлийнхэн ч их л урамшлаа. Тэгтэл айлын орны хэдэн банз нь маш их үнэ эргүүлэн нэхэх зүйл байсныг удалгүй Лувсан ойлгожээ. <<Нэгдлийн шинэ ирсэн дарга, гишүүдийнхээ ор дэрийг хураан авч эхэлжээ. Дараа нь чухам юугий нь булаан авсан гэж сонсогдох болдоо!>> гэсэн цуурхал үг нэгдлээр тархжээ. Лувсан тэгэхлээр нь олны дунд, амьдралын гүнд орохоор шийдэж, малчдаар хэсүүчлэн явлаа. Хамгийн түрүүн зааз мал хариулж байгаа Жавзангийнд очив. Yхсэн малын сэгийг дээр дээр нь хөлдүүгээр нь овоолон дугуйруулж хураасны нөмөрт гойрсон хэдэн хонь ямаа байв.
- Танд одоо юу хэрэгтэй байна даа? гэж асуухад Жавзан өвгөн:
- Энэ хэдэн өлсгөлөн юмыг тэжээх атга чимх өвс л нэгдэл өгмөөр байна. Тэгвэл хэд гурван юм амьд үлдэж магад гэв.
- Нэгдэл өвс тэжээл, үр тариа бэлтгээгүй болохоор тийм юм санах ч аргагүй л юм байна даа гэж Лувсан ярихад Жавзан өвгөн
- Ядаж хэдэн шуудай намрын шар хомоол өгөх арга алга уу? гэв.
- Түлш бас байхгүй юу?
- Түлэх гэсэн юм биш. Адууны халтар хомоолыг няцлаад шөл тостой багсраад өгвөл идсэн мал хэд хоног өл даадаг юм. Хомоол нь байвал үхсэн малыг сэг чанаад ч билээ шөл гаргаж болмоор байна гэж Жавзан өвгөн хэлэхэд Лувсангийн дотор сэрхийж:
- Өвгөн гуай, тэгвэл энэ хавьд адууны хомоол ихтэй газар байна уу? гэв.
- Тээр урагшаа Талын хар гэдэг газар л адууны нутаг даа. Хомоолноос өөр юмгүй газар. Одоо цасан дор л байгаа биз дээ!
- За би танд хомоол түүж явуулна. Та үлдсэн хэдэн малаа онд оруулахыг бодоорой гэж Лувсан захилаа.
Лувсан тэр явдлаараа нэлээн олон малчныхаар орж үзвэл цөм л нэг яриатай байлаа. Хэд хоногийн дараа нэгдлийн албан контороо хааж бүх хүмүүсийг дайчлан Талын хар луу явуулж адууны хомоол түүлгэх болжээ.
- Хөхөө өвлийн хөр цасан дороос яаж адууны хомоол түүх юм бэ? Арай л хэтэрхий
нугалаа болж байгаа юм биш үү? гэж хүмүүсийн зарим нь унтууцжээ. Лувсан дуугарсангүй. Тэд мухардаж хомоолд явжээ. Хэд хоног цас ухаж ноцолдсоор долоон тонн хомоол цуглуулж нэгдлийн төвд өвгөд, хөгшид, хүүхдүүдээр няцлуулж эхлэв. Айлуудаас мах чанасан шөл бэлтгэх гэсэн боловч бүтсэнгүй. Нэгдлийн малаас арай царигтай ганц адуу нядлуулж чануулан хомоолтой багсармал хийх гэтэл шар будаа нэгдэлд байсангүй. Лувсан мөн л сумын хоршооны даргатай уулзаж:
- Хэдэн шуудай шар будаа авмаар байна гэж ярихад тэр нь
- Шар будаа дууссан. Ганцхан шуудай байна гэжээ.
- За тэгвэл тэрийг чинь авъя. Багсармал тэжээл хийнэ!
- Ав л даа. Харин энэ удаа зээлээр өгөхгүй шүү. Бэлэн бараа бэлэн мөнгөөр л солино.
Нэгдэл чинь банканд юмгүй гэж үү?
- Яахав, би өөрөөсөө үнийг нь төлчихье гэж тэр хоёрыг ярилцаж байхыг дэргэд нь
зогсож байсан нэгдлийн гишүүн өвгөн Мишигдорж сонсчээ. Тэгээд Лувсангийн ханцуйнаас сэм татаж зайдуу газар очоод:
- Дарга минь нэгдлийн нэрд муухай юм. Өөрийнхөө мөнгөөр олныг тэжээж яаж барах вэ? Надад үрэнд хадгалсан хоёр тулам тариа бий. Тэрнийгээ тэр багсрах юманд чинь холихоор үнэгүй өгье гэж би бодлоо гэж шивгэнэхэд Лувсангийн нүд сэргэж:
- Ашгүй, тэрийгээ та аваад ир. Хоёулаа адилхан хувь нийлүүлье. Би ч энэ нэг шуудай шар будааг авч нэмье гэж хоёул тохиролцжээ. Гар аргаар багсарсан хомоолоо тэжээл дутаж байгаа хэдэн сууриудад хуваан хүргүүлжээ. Өлсгөлөн мал ч тэрийг нь голж шилсэнгүй.Хэд хоногийн дараа нэгдлийн зарлага өвгөн:
- За хүү минь, чиний тэр тостой хомоол чинь тун их хэрэг болж байна. Шөнө бүр арав арваараа өлбөрч үхдэг байсан мал тэрийг чинь идээд сэхэж байна. Зарим шөнө хорогдол ч гарахгүй болж байна. Ах нь нутгийн хэдэн өвөгчүүлтэй хомоолд явдаг юм билүү дээ гэж хэлэхэд Лувсан баярлан толгой дохижээ. Хомоолд дахиад л хэдэн хүн явлаа. Тэднийг галч өвгөн Бат-Өлзий гуай ахлан дагуулжээ. Хомоолд явах замдаа Бат-Өлзий:
- Айхтар хүүхэд манайд даргаар иржээ. Харахад даргын буурь суурь суугаагүй юм шиг болохоор нь манайхан элэг барих гээд барсангүй. Би бас энэ айлын галч хийх зуур хэд хэдэн даргын нүүр үзлээ. Тэд нар даргалах л гэж сүйд болдог байсан. Гэтэл энэ хүү анхны өдрөөс л эхлээд ер даргалах гэж сүйд болсонгүй. Харин гэртээ эргэж ирсэн гэрийн эзэн шиг өөрөө хогоо шүүрдэж, шалаа тавиад, бүрээсээ тордож авдар саваа зэхлээ. Айл толгойлох арга дүй ухаан олоод авчихсан хүүхэд бололтой юм гэж ярив. Өөриймсөг, ажилсаг дориун хүүхэд байна. Ажлаас цэрвэхгүй өөрөө л ханцуй шамлаад орж явчих юм. Тун сайн зандаа гэж Балжинням өвгөн таашаан ярьжээ...

No comments:

Post a Comment