2010/01/05

Хүн гэж хэн бэ?: Хүний бие шинж

Хүн нийгэм, соёлын орчин дотор төрж, тэр соёлоос сурч, эзэмшиж байж хүн болдог. Бид хүний нийгэмд төрж, амьдарч байгаа болохоор энэ нийгэмд амьдрахад хэрэгтэй болгоныг сурах, мэдэх, эзэмших хэрэгтэй болно. Хүн төрөлхтөний үе үеийнхний хуримтлуулсан мэдлэг, туршлага, хууль дүрэм зэрэг нь хүмүүст юуг яаж хийх, амьдралаа хэрхэн авч явахыг зааж өгөх бэлэн жор болдог.

Хүн гэж хэн бэ?: Хүний бие шинж

Хүнийг амьд байгалийн нэгэн төрөл зүйл гэж болно. Хүн хорвоогийн хувьслын жамаар мич хэмээх адгууснаас төрсөн удам нь билээ. Хүн мичнээс ялгаран салж, оюун ухаант амьтан болох үйл явц тасралтгүй хувьсал байлаа. З сая жилийн өмнө хүний тархи 700 см3 багтаамжтай байсан бол түүнээс 1 сая жилийн дараа 900 см3, харин одоогоос 600 мянган жилийн өмнө 1200 см3 багтаамжтай болсон бол орчин үеийн ухаант хүн 1400 см3 багтаамж бүхий тархитай. Yүнээс гадна хүний бие махбодид өөрчлөлт гарч бие нь эгцэрч, үсэн бүрхэвч багасан, эрүү шүд нь боловсруулсан хоолонд дасч өөрчлөгдсөн гэх мэт олон шинжээр мичнээс ялгагдах болов. Хүн чухамдаа байгалийн нэг хэсэг нь учир түүнийг байгалиас нь саланги авч үзэх учиргүй. Наслалтын ерөнхий хязгаар, амьсгалах агаар, уух ус, цаг уурын байдлын хувьд хүн байгалиасаа шууд хамаарч эрхшээлд нь байсаар өнөөг хүрлээ. Байгалийн + 400 дээш халуун, - 600 доош хүйтнийг, 3-5 минутын хүчилтөрөгчгүй орчныг, 5-7 хоногийн ус чийггүй, хүнс тэжээлгүй нөхцлийг, 40-50 м/с -ийн хурд хүчтэй салхины аяыг хүн даахгүй. Хүний наслах дээд хязгаар 120-150. Хүний биеийн ерөнхий чадавхи нь : Биеийн дулаан 360-370 , өндөр намын дундаж 150-170 см, 100 м-ийн зайд дундаж хурд 12-13 м/с, наслалтын дундаж 64-65 жил, холын харааны таних төвшин 8-12 км, сонсголын ердийн даац 16-20 мянган Гц, уушгины хэвийн агааржилт 3000-5000 см3, өргөх зөөх дундаж бяр чадал 65-75 кг, зүрх судасны цохилт 70-75 удаа (минутанд) Хүн 200 гаруй яс, 600 -гаад булчингийн холбоосоор хэлбэржин биежсэн байдаг. Хүний бие нь аливаа амьд биеийн нэгэн адил эс, эд, эрхтэн, эрхтэн тогтолцоо гэсэн үндсэн нэгжүүдээс бүрдэнэ. Хүний бие махбодийг бүрдүүлэгч үндсэн нэгж нь эс бөгөөд хүнд олон зуун миллиард эс байдгийн дотор 14-15 миллиард нь мэдрэлийн эс юм. Эс ба эс хоорондын бодис нийлээд эдийг бүтээх бөгөөд хүний биед хучуур, холбогч, булчингийн, мэдрэлийн гэсэн дөрвөн төрлийн маш олон тооны эд бий. Биеийн эрхтэн эдүүдээс бүтэх бөгөөд хүнд нарийн бүтэц, тусгай үүрэг бүхий зүрх, мөгөөрсөн хоолой, уушги, ходоод, элэг, бөөр давсаг зэрэг олон тооны эрхтэн байна. Бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж буй эрхтнүүд нийлээд эрхтэн тогтолцоо болно. Хүний биед тулгуур хөдөлгөөний, цусны эргэлтийн, амьсгалын, хоол боловсруулах, ялгах, мэдрэлийн, дотоод шүүрлийн, үржлийн эрхтний тогтолцоо байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо нэлээд ялгаатай. Эмэгтэй хүн эрэгтэйг бодвол дуу хоолой шингэн, уян налархай, зөөлөн нинжин, сэтгэлийн хөдөлгөөн өрнүүн, юманд хандахдаа эв дүй сайтай, хүч тамир дутмаг, гоо зүйн үнэлэмж сайтай юм. Харин эрэгтэй хүн ихэвчлэн биерхүү, бяр чадал давуу, дуу хоолой бүдүүвтэр, хөдөлгөөн удаавтар, хүнд хүчир ажлаас бэрхшээдэггүй, зан араншингийн хувьд бие даасан байдлыг эрхэмлэдэг, тунгаан бясалгах сэтгэлгээг голлодог, нарийн ширийн зүйлд анхаарал, мэдрэмж муутай байдаг.

/Ц.Балхаажав "Хүн та хэн бэ?", Д.Бямбасүрэн "Орчлонгийн хүрд"/

No comments:

Post a Comment