2010/01/11

Нэр

Нийтлэгч: Л.Түдэв

Нэр гэж нэг их юмтай бид. Нэргүй гэж дуудсан ч нэр маань тэр билээ. "Нэр хугарахаар яс хугар" гэдэг шившлэгтэй билээ бид. Нэрний минь өмнө эцгийн маань нэр байдаг. Нэг настай нялх үстэйгээс минь эхлээд нэр гэдэг тэр их юм биднийг насан туршид дагалдана. Нэгэн нас маань тийнхүү дуусч эх орныхоо хэвлийд эргэж далд ороход нэр маань толгойн тушаа босгох чулуун дээр үлдэж шарилыг маань үүрд манаж сахисаар хоцордог. Нэг ч хүн мэдэхгүй танихгүй болтол он цаг улирсан хойно ч нэр мину биднийг төлөөлөн дуудагдаж, нэр мину түүх шаштир, данс бүртгэлд үлдэж оноос он, зуунаас зуунд гэрчийн этгээд итгэмжлэгдсэн томъёо маань болдог. Сайнаар алдаршлаа гээд нэр маань алтдаггүй, саар хэрэг тарилаа гээд нэрийг маань өөрчилдөггүй. Нохойхүү нэртэй байлаа ч хаан болж болно. Бааст нэртэй байлаа ч баатар болж болно. Алтангэрэл нэртэй байлаа ч алуурчин нэрээ сольдоггүй. Хүн биш нэртэй байлаа ч гэсэн хувилгааны нэрийг сольдоггүй. Эцэг нь сайд явлаа ч хүү нь хулгайч болбол сайн эцгийн нэр юм даа хэмээн өөрчилдөггүй тэрний тэр гээд л ялын төлөвлөгөөг уншина. Зандалчны хүү гавъяатан болоход муу эцгийн нь нэрийг сольдоггүй. Нэр гэж нэг их юмтай бид. Нэр тэгэхээр хусавч арилашгүй, үхэвч үгүйрэшгүй тэмдэгт минь билээ. Нэрээ дээдлэх монгол ёс, монгол хууль нэн эрхэм билээ. Тэр хуульд заасан нь:

- Нэр хугарахаар яс хугар!
- Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа!
- Хүн нэрээ, тогос өдөө!
- Нэрээ бодож яв! Бяраа мэдэж өргө!
- Нэрийг залуугаасаа, ажлыг багаасаа!
- Нэр нэгтийн чих нь нэг Нүгэл ихтийн там нь нэг!
- Нэрийн төлөө нэхэж Yрийн төлөө үхнэ!
- Нэрийн хор, нүүрийн хир!
- Нэрлэхээд нэрээ идэхгүй!
- Нэрээ эвдэхээр гараа эвд!
- Нэр нь над дээр, нэдэр нь чам дээр!
- Нэр байна, хор байна!

гэхчилэн монгол ардын мэргэн үгээр нэр төрөө хамгаалах аман хуулийг ард түмэн тогтоож үе улируулан сахиж мөрдөн иржээ. Тэр хуулиас дөнгөж 12 заалтыг дээр иш татлаа. Заалт бүр нь гүнзгий утга учиртай, ёс жаягтай юм. "Нэрэндээ зохицсон сайн хүү" гэж ярьдаг. Тэр нь Баатар нэртэн баатар байхыг хэлнэ. "Нэрээ гутаасан өөдгүй хүн" гэж ярьдаг. Тэр нь Зоригт нэртэн хульчгар байхыг хэлнэ. Нэр, үйлс хоёр зөрөөтэй байх нь тэрхүү нэрийг зүүгчээс голчлон шалтгаалах боловч бас өөр хүчин зүйл нөлөөлдөгийг шинжлэх ухаан ч, зурхайн ухаан ч нарийвчлан шинждэг билээ.

Эрт балрын цагт хүн гэдэг бие биенээсээ юугаараа ч ялгахуйяа бэрх, хоёр хөлтэй, хохимой толгойтой, босоо явдаг тэр нэгэн бээр нэгийгээ нөгөөгөөс ялгахын тулд амьдралын шаардлагаар ямар нэгэн нэртэй болцгоожээ. Тэр цагт хүний нэр үнэндээ одоогийнхоор бол хоч маягтай байсан гэхэд үнэмшилтэй. Бие биенийхээ аль нэгэн арай содон тэмдгээр нь хочилж нэрлэх болсон ч байж мэднэ. Хожим нь хоч биш жинхэнэ нэрийг бодож олжээ. Гэхдээ тэр нь бишрэл, сүжиглэлийн шинжтэй басхүү онгон шүтээний холбогдолтойгоор үүсэн улам улмаар төгөлдөржсөөр овог, аймаг, дараа нь үндэстэн, улс орон, соёл иргэншлийн хэмжээнд хүртэл байнга өөрчлөгдөн хувирсаар хүн хүндээ нэр өгөх ёс зүй, зан үйлийн болон гүн ухаан, соёлын бие даасан жаяг журам болон хувирчээ.

Хүний нэрийн хамгийн боловсронгуй болсон хувилбар нь гурван бүрэлдэхүүнт томъёо юм. Тэр нь уул хүний гарвал буюу овог, мөн түүний эцэг, улмаар нэр авагч этгээд гэсэн гурвалаас бүрддэг. Тийнхүү Боржигон овгоос гаралтай Дашдорж гэдэг хүний хүү Нацагдорж ажээ гэж мэдэж авах жишээтэй. Харин орос хүн бол хэдийгээр бидний адил гурван бүрэлдэхүүнт нэртэй байдаг боловч яг ямар овог аймгийн хүн бэ гэдгийг нэрнээс нь мэдэхэд учир дутагдалтай мэт байдаг. Александр Сергеевич Пушкин гэхэд бидэнд Александр нэртэй Сергей гэдэг эцэгтэй Пушкиныхны удам юм байнаа л гэж ойлгогдохоос чухам тэр Пушкин нь ямар овогтон бэ гэдгийг мэдэхэд бэрх. Гэхдээ Пушкин буюу "их бууныхан" гэж нэг хэсэг бүлэг хүн байсны удам угсаа гэдэг нь ойлгогдох билээ.

Манайхны овог нэр нь сүүлийн хоёр зуу гаруй жилийн дотор ихээхэн будлиантаж замбараагүйтээд аль ч талаас нь таних аргагүй болоход хүрсэн нэгэн гунигт алдас буй. Ахуй төр маань суларч бусдын хавсрага болж эхэлсний гайгаар монгол хүний нэрнээс анхандаа овог нь буюу гарвалын нэр аажмаар хаягдаж байв. Харин түүний орыг язгууртнууд бол тайж, тавнан, гүн, гүен, үйзэн, түшээ гэх мэт манж зүгийн цол хэргэмийн нэрээр сольж, эгэл борчууд бол хөх, шар, тахир, солгой, дойдон, салга гэх мэтийн хоч, дайрлагын үгээр тодотгосон нэрс ярайж байдаг. Тийнхүү эгэл жирийн монголчууд овгоо аажмаар мартах болж энэ зуунтай золгохдоо бараг л ганц өөрийн оноосон нэртэй үлдээд байлаа. Нэр нь ч бас ядуурч нэг гол усанд хэд хэдэн Лувсан буй болж өөр хооронд нь ялгахын тулд хоч зүүж Хөх Лувсан, Орилоо Лувсан гэхчилэн ялган дуудахаас аргагүй болсноор барахгүй эцгээрээ нэрших заншлаа ч эгэл хүмүүс гээж эхэлсэн нь харагддаг. Тийнхүү 1925 онд ардын засгийн газраас тусгай тогтоол гаргаж хүнийг хоёр нэртэй буюу эцэг, өөрийнх нь нэрийг хослуулан дуудаж, бичиж, бүртгэж байхаар тогтоосон ажээ. Тэр нь хэдийгээр дэвшилттэй чухал зүйл байсан боловч дутуудуулан будилаантуулсан осол цалгар шийдвэр байлаа. Юу гэвэл өнөөгөөс эхлээд ард иргэд дан ганц өөрийн нэрээр бус эцгийн нэртэй хамт нэрлэн бичиж байвал зохино гэдгийг тогтоохдоо "овог нэр" гэсэн дутмаг заалт өгснөөр эцгийн нэр нь "овог" болон хувирч орчин үеийн монгол хүний нэр уламжлалыг гурван бүрэлдэхүүнээрээ биш зөвхөн эцэг хүүгийнхээр хязгаарлагдаж хоёрхон хослол болон хувирсан юм. Тэр нь үндэсний уламжлалыг огоороход хүргэсэн том алдас болсноор барахгүй "овог" гэдэг ойлголтыг эцгийн нэртэй андуурахад ташуур болж өгчээ. Тэрнээс хойш ард иргэдийн аливаа бүртгэлд хоёр бүрэлдэхүүнт нэр шаардсан асуулт нэвтрэн бүүр хэвшил болж орхисон юм. "Овог, нэр" гэсэн асуултад "Доржийн Лувсан" гэж хариулсаар байгаад ужгирч гүйцжээ. Зүй нь овог, эцэг гэдэг огт өөр өөр хоёр ойлголт билээ. Сүүлийн үед энэхүү алдсыг залруулахыг ухаарч байгаа нь сайшаалтай. Гэхдээ олон үе дамжаад овгоо мартчихсан бас "ядрахад ясан бөө" гэгчээр угийн бичгээ хөтлөхөө больж удам судраа гээчихсэн тул хэр баргийн хүн ямар овогтон болохоо хэлж мэдэхгүй ажээ. Угийн бичиг хөтлөх талаар төр, засгаас зохих шийдвэр гаргасан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнээр иргэдээ зэвсэглэх талаар бодитой юм хийхгүй бол мөн л "монголын хууль гурав хоног" гэгчийн үлгэр болно. Угийн бичиг хөтлөх ухаан буюу генеалогия гэдэг бол монголчуудын элэнц хуланцынхаа үеэс бий болгосон уламжлалтай эрдэм ухаан юм. Түүнийг ухвар мөчид хойч үе нь салан задгай, шалдир булдираасаа болоод их хол гээчихсэн билээ. Одоо түүнийг эргэн эрэн сурвалжлан олоход хэцүү боловч эрвэл олдоно, сурвал сураг гарна.

Хүний нэр зөвхөн өөрийг нь төлөөлөөд зогсохгүй хувь хүний хэмжүүрээс хальж нийгмийн төрхийг заадаг сонин үзэгдэл мөн. Бөөгийн мөргөлтэй байх үеийн монголчууд нэг нэртэй, бурхны шажин дэлгэрсэн үеийнх нь өөр нэртэй, барууны номлолд орсон цагийнх нь бүр өөр нэртэй болсныг анзаарахад түвэгтэй биш. Өгөөдэй, Цагаадай гэхчилэн нэрээрээ эгэл бөгөөд ойлгомжтой байсан язгуурын монголчууд Молом, Дорж, Жамц болоод ирэхээрээ бурхны шашинтны шинжийг харуулан гол төлөв түвд нэрийн эзэд явлаа. Дөчөөд оноос хойш монгол хүний нэр их л өөрчлөгдөж нэг хэсэг охид Нина, Роза, Лена гэсэн орос охидын нэр авч нэг хэсэг хөвгүүд Алёша, Володя, Серёжа хэмээгдэх болов. Багадаа ч тэдний нэр зохиж л байв. Тэгтэл цаг хугацааг зогсоодоггүй юм болохоор тэд хөгширч зарим нь эмээ өвөө болоод ирэхэд Роза эмээ, Алёша өвөө гэгдэх нь нэг л биш санагдаж зарим нь нэрээ солих гэж бөөн чирэгдэл, зарим сүйхээтэй нь нэрэндээ өнгө засал хийж Серёжа байснаа Сэржээ, Володя байснаа Бэхтөр болон хувирав. Бас нэг хэсэг нь яаж ч хувиргаад аргалашгүй нэртэй болсон байлаа. Юу гэвэл их удирдагч хувьсгалчдын нэрний толгойг хэсэглэн авч Мэлс(Маркс, Энгельс, Ленин, Сталин) гээд зогсохгүй бүр Мэлсчо(нөгөө дөрөв дээр нэмээд Чойбалсанг нэмээд) хэмээн өргөмжлөгдөхөөр барахгүй тэр цагийн том гүрэн, олон улсын байгууллагын бүтэн болоод товчилсон нэрийг хүүхэддээ өгөхөөр шийдэж Сэсээр, Ким, Аким хэмээгчдийг бий болгов. Тэрхүү байгууллага нь байтугай дэлхийд ганцаараа хүчирхэг гэгдсэн СССР улс хүртэл үгүй болчих юм гэдгийг бөглүү зэлүүд тал нутгийн нүүдэлчид яахан мэдэх билээ. Тэгж бодох ч нүгэл алдас гэхээр цаг байлаа. Бас нэг хэсэг нь эх эцэг, хүүхэддээ Октябрь, Ленинмаа гэхчилэн өргөмжлөхөөр барахгүй тийм явдлыг том гэгдсэн зарим зохиолч роман, туужид хүртэл бахдан дүрсэлж байлаа. Одоо энэ бүхнийг эргээд бодоход хүмүүст хөгийн юм их л санагдах буйзаа. Нэр хайрлах уламжлалт монгол ёсыг ийнхүү халж үзэл сурталжсан нэр өгөх "хувьсгал" монголд болж жараад он дуустал давалгаалж байтал сансар эзэмших эрин эхэлж бас нэлээн хэдэн монгол Гагарин, Титов, Жанибеков төрснөөр "хойт зүгийн шувууд хэл зөөхөө болих" хандлагад орж билээ. Зөвлөлтөд л ийм "моод" анхлан гараад салхин дор нь байсан монголчуудад халдварласан нь гарцаагүй. Тэр үед зөвлөлтийн хүүхдийн нэрт зохиолч С.Маршак хүртэл түүнд хилэгнэж шүлэг хүртэл бичсэн бөгөөд түүнд:

Дэггүй цагаан охиноо
Дэглэх санаатай нэг ээж
Дэгжин нэр олоод
"Диктатура" гээд нэрлэжээ
Сонин овоо уншдаг нэгэн
Содон тул эр хүүдээн
Хиймэл дагуул(спутник) нэр өгчихөөд
Пуужин(ракета) гэж охиноо нэрлэжээ
Энэ хочийг зүүсэн лайтай хүүхдүүд нь
Эринг тэрэнтэйгээ элээнэ гэдгийг
Эцэг эх хоёр мэдүүштэйсэн дээ
гэж халаглан дурссан байдаг.

Хүнд нэр хайрлахад хөнгөн хийсвэр хандаж яахин болох билээ? Монголын хуучин ёсонд нэр хайрлахын ухааныг маш нарийн тодорхойлж одон зурхайн зарчмыг хатуу баримтлаж ирсэн билээ.Yр хүүхэддээ хааш яаш нэр өгөх нь битгий хэл мягмар, бямба, ням гаригуудад нэр хайрлахыг цээрлэдэг байлаа. Хүн бол өөр хоорондоо маш нарийн зохицолдон холбогдсон гариг, эрхис, хорвоо дэлхийн эргүүлэг, лугшилт, таталт, түлхэлт, гүйдэл, үелзлэлийн онцгой тогтолцооны бүрэн эрхшээлд биеийг олж төрөөд насыг наслаж төгсдөг их орчлонгийн амьд нэгэн эд эс учраас тэр л орчилдоо оршин ахуй зохилдолгоот хөтөлбөртэй байдаг тул тэр л жамаасаа гадуур байх ямар ч аргагүй түмэн бодисын бодгаль махбодь юм. Тэр тооцоог төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар баримжаалж зурхайн аргаар тооцоолон гаргаад нэрийг оноож, наслах нас, төөрөх төөрөг, учирах учирлыг урьдчилан таамнаж, зураглан бичээд сахиус болгон хүзүүнд нь зүүж өгдөг эсвэл хүзүүн дээрээ дээлийн ухлаадас дотор оёж өгдөг байсан тэр уламжлал аль дээр үед тасарч "сахиус" гэдэг үг ч мартагдах тийшээ ханджээ. Уурга алдуулан хульжсан морь шиг болсон хүмүүс тийнхүү үр хүүхэддээ нэр хайрлах дээдсийн ёсыг өөрсдийн ухваргүй араншингаасаа болж таягдан хаясны алдас нүгэл нь тооцоолох боломжгүй болсон бололтой.

Далаад оноос хойш хүмүүс хүүхэддээ яруу найргийн гоё нэр өгөхийг хичээх болсон нь зүйн хэрэг мэт хэдий ч бас л нөгөө хязгаарлуугаа ханарвал дайны дараах жилүүдэд бараг л толгой дараалан "Энхээ" нэртэй жаалууд гарч нэлээд нь нэрэндээ зохицолдохгүй танхай хулигаанууд болцгоосонтой адил юм дахин үзэгдэхгүй гэх баталгаагүй билээ. Ямар нэртэй болсон нь хүүхдийн хувьд падгүй хэрэг. Харин эцэг эхийн л оюуны чадавхи, зан араншин, төлөв төрх, нуултгүй ил гардаг нэг гол юм нь хүүхэддээ ямар нэр өгснөөр тодордог. Эцэг эх нь хэт хувьсгалч, хэтэрхий бүдүүлэг эсвэл даанч ухамсаргүй хандсаны илрэлийг хүүхдий нь нэрнээс нуултгүй харж болно. Yр хүүхдээ нэрлэнэ гэдэг нь эцэг эхэд оногдсон хамгийн эрхэм нандин бас тэгээд нухацтай хариуцлагатай эрх юм. Түүнийг зөв бөгөөд ухаалаг эдлэх хэрэгтэй юм. Хөнгөмсөг хандах шиг зовмоор юм байхгүй гэдгийг дээр үеийн нэгэн франц хүний нэрээр жишээлээд үзье. Тэр хүнд "Жуэн Миль Сэткатрвэнтрэз" гэж нэр өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл "Мянга долоон зуун ерөн гурван оны зургаан сар" гэсэн нэр ажээ. Тэрхүү он сарыг заасан урт нэрээрээ аж төрсөөр байгаад нас элж нэгэн өдөр мөнөөх эр өөд болжээ. Тийнхүү сонинд эмгэнэл зарлах болж "Мянга долоон зуун ерэн гурван оны зургадугаар сар гуай мянга найман зуун далан гурван оны тавдугаар сарын хорин долоонд өөд болов" гэж бичээд сонинд гаргасан чинь хүмүүс гашуудахын оронд инээлдээд байсан юм гэдэг.

Нэр гэдэг нандин зүйл. Түүнийг цэнэж, тунгааж, бодож бясалгаж байж өгөх ёстой. Тэгж үнэнхүү санаа гаргаж хайрласан нэрийг авсан хүн нь дээдлэж эрхэмлэж явах учиртай. Нэрээ эрхэмлэнэ гэдэг нь биеэ хичээж сайн үйлс бүтээж явахын нэр. "Сайн нэрийг хүсэвч олдошгүй, муу нэрийг хусавч арилашгүй" гэж олон түмэн ярьдаг байв. Сайн нэрийг сайн явдлаар олж авна. Муу нэрийг ч одоо үед сайн үйлсээр цагаатгах боломжтой юм. "Нэр хүнддэнэ" гэж урьд ярьдаг байв. Хэтэрхий эрхэмжит нэр тийнхүү хүнддэж түүнийг сольдог байлаа. "Нэр нь дарж байна" гэж бас ярьдаг. Тийнхүү арай дөгөөтэй нэр өгөх ч ёс буй. Тэр бол зурхайн ёс.

"Нэрт хүн бол нэрээ хэл!" гэж Чингис хааны үеийн биеийн байцаал билээ. Нэрт хүн нэрээ дээдлэх учиртай.

1997 он.

1 comment:

  1. Баярлалаа танд сайхан нийтлэл болжээ. Би энэ сэдвээр нэг юм бичиж байгаа юмаа. Маш их тус хүргэлээ.... Дахин баярлалаа.

    ReplyDelete