2010/01/03

Эхийн царай

Цэцэгмаа охин ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Ээжийнх нь нүүр түлэгдсэн соривтой, нэг гар нь хатингаршиж хатсан тул гудамжаар явахад нь хүмүүс дөлж, ямар муухай царайтай хүн бэ гэж цэрвэдэг байв. Охиных нь сургууль гэрээс нь хол байдаг тул ээж нь түүнийг өглөө хичээлд нь хүргэж өгөөд, өдөр сургуулиас нь авна. Ээжтэйгээ цуг явахад нь хүмүүс тэднээс дөлж, цэрвээд байгааг анзаарсан охин нь ээжтэйгээ цуг явах маш дургүй байв. Нэг өдөр хичээлээсээ тараад явж байтал хүүхдүүд ээжийг нь шоолов. Охин ээжээсээ ихэд ичиж гэртээ ирмэгцээ ээж рүүгээ хашгичин уурлаж, ээжийнхээ муухай нүүрнээс ичиж байгаа тул сургууль дээр битгий очиж байгаарай гэж хэлэв.
Нэг удаа охин хөршийн эмээгээсээ нэгэн түүх сонсчээ:

Чамайг дөнгөж мөлхдөг болж байх үед юм. Ээж чинь дэлгүүр явсан хойгуур гэр чинь шатжээ. Жижиг хүүхдийн уйлах дуу гэр дотроос сонсогдож байсан ч гэр шатаад нэгэнт эхэлчихсэн, галын дөл хүчтэй байсан учир хэн ч гэр лүү орж зүрхлэхгүй байлаа. Гэтэл гэнэт нэг хүн гэр лүү гүйгээд орчихов. Удалгүй тэр хүн гартаа хүүхэд тэврэн гарч ирсэн бөгөөд лавлан харвал ээж чинь байлаа. Хөөрхий муу ээж чинь чамайг аварч чадсан ч нүүр гар нь түлэгдэж ийм муухай царайтай болсон юм даа.

Yүнийг сонссон охин өөрийн эрхгүй нулимс асгаруулан уйлж,тэр цагаас хойш ээжээрээ бахархах болсон байна. Хүнийг нүүр царайгаар дүгнэж болохгүй. Хүн цэвүүцмээр муухай царайны цаана сайхан сэтгэл, элбэрэлт хайр нуугдаж байж болох юм шүү.

No comments:

Post a Comment