2010/01/03

Ээжийн захидал

Өөртөө итгэх итгэл муутай, сурч мэдсэнээр маруухан хүү ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байжээ. Харин ээж нь цаг үргэлж хүүгээ амжилтанд хүрч чадна гэдэгт итгүүлэхийг хичээдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв.
1943 он дэлхийн хоёрдугаар дайн болж байсан цаг үе. Хүү нь дайнд оролцохоор явах болсныг сонсоод ээж нь хүү дээрээ ирээд олон хүнээс ичиж зоволгүйгээр “миний хүү дайнд хамгийн шилдэг нь байх болно” гэж чангаар хэлж, хүүгээ өөртөө итгэлтэй, зоригтой байхыг сануулан дайнд мордууллаа. Хоёр жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалдав. Yүнд түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидалууд нь нөлөөлсөн юм. Ээжийнх нь захидал бүр “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг байсан бөгөөд цаг өнгөрөх тусам захидалуудынх нь үгийн тоо багасаж, мөн үүнээс гадна таталган, чичирсхийж бичсэн юм шиг харагдах болсон тул миний бие сайн гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь ихэд эргэлзэж, хөөрхий ээжийгээ маш их санан дурсдаг байлаа. Захидал ирэх нь цөөрсөөр , эцэстээ нилээд хэдэн сар захиа ирээгүй байснаа дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Уг захидалд “Хайрт хүү минь энэ чигээрээ өөртөө итгэлтэй, бат зогсч яв!” гэсэн байлаа. Энэ цөөхөн хэдэн үгс хүүгийн сэтгэлд яагаад ч юм бат хадгалагдан үлджээ.
Дайн дуусахад хүү нь цэргийн яаманд ажиллахаар томилогдов. Энэ баярт мэдээг ээждээ дуулгахаар хүү гэртээ яаран ирэхэд ээж нь 2 жилийн өмнө нас барсан байлаа. Тэгвэл “Миний эрэлхэг зоригт, шантрашгүй зүтгэлт хүү минь ... ” гэж эхэлдэг ээжийнх нь захидалуудыг хэн бичсэн байж таарах вэ? Хоёр жилийн өмнө хүүгийн ээж хүнд өвчин тусч, үхэх нь гарцаагүй болсныг мэджээ. Өөрийг нь үхсэний дараа ч гэсэн хүү нь өөртөө итгэлтэй амьдраасай гэж бодсон ээж нэгэн арга сийлжээ. Ээж нь нас барахаасаа долоо хоногийн өмнө чичигнэж, салганасан гараараа 300 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч, хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн юм байжээ.

No comments:

Post a Comment