2010/01/11

Мэдээллийн тухай

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

ХХI зууныг Мэдээллийн эрин гэж нэрлэж байна. Энэ эринд мэдээллийн үнэ цэнэ эрс өсөж, хүний хөгжлийг чиглүүлэгч гол хүчин зүйл нь мэдээлэл болох юм. Мэдээлэл нь олон янз байх бөгөөд жишээ болгож хэдэн мэдээллийг сонирхьё.

1. Сайхан юм хэзээ ч утгагүй байдаггүй. << Л.Н.Толстойн >>
2. Аав нь 30, хүү нь Х настай. Тэгвэл хэдэн жилийн дараа аав нь хүүгээсээ 2 дахин их настай болох вэ? << Математикийн номноос >>

3. Селин Дион хоёр ихэр хүүхэд гаргаж магадгүй
4. Би тийм урт наслахыг боддоггүй. << Сониноос >>

Одоо энэхүү 4 мэдээллийг задлан шинжилье.
1. Аливаа юманд утга учир гэж бий. Yг гэхэд л утга учиртай. Yүнээс гадна хоол, хувцас, кино, ном, ер юу эс байхав. Гоё сайхан бичдэг сурагчийн дэвтрийг засахад багшид их амар байдаг, багш нь баярладаг.Цэвэр сайхан хувцаслах нь хүний соёлыг харуулна. Тийм хүнтэй ярилцахад сайхан сэтгэгдэл төрдөг. Өөрөөр хэлбэл сайхан юмны цаана дандаа сайхан утга агуулга байдаг. Л.Толстой үүнийг мэддэг төдийгүй хойч үеийнхэндээ сайхан юм хэзээ ч утгагүй байдаггүй юм шүү, та нар анхаарч мэдэж ав гэж бичиж үлдээжээ. Энэ мэдээлэл хүүхдүүд та нарыг ямагт сайн сайхан руу тэмүүл гэсэн утга санааг агуулж байна. Иймд нэг дэх мэдээллийг дээд эрэмбийн мэдээлэл гэнэ.
2. Энэ бодлогыг цэвэр математик утгаар ойлгох бөгөөд 14 шийдтэй юм. Энэ бодлогыг бодох үед хүүхдийн уураг тархи ажиллаж дасгал хийнэ, ингэсэн тархи хөгжинө, сэтгэлгээ нь цэгцэрнэ, ухаалаг яриатай болно. Ийм хүүхэд хаана ч, хэзээ ч энэ төрлийн шийдвэрлэх асуудал тулгарахаар шууд л бодчихно. Иймээс хоёр дахь мэдээлэл нь оюун ухааныг хөгжүүлэх мэдээлэл юм.
3. Селин Дионы хэвлийд хэдэн хүүхэд байгаа нь хэнд хэрэгтэй вэ? Надад л лав хэрэггүй, сурагч хүн энэ дэлхийн бүх хүүхнүүдийн хэвлийд буй хүүхдийн тоог цээжилсэн байх ёстой юм уу, та нар үүнийг мэдлээ гээд яах юм, алсдаа энэ мэдээллийг юунд ашиглаж, ямар ашиг орлого олох юм, тэгээд ч энэ өгүүлбэрийг лавшруулан ухвал Селин Дион хүүхэдтэй болсон эсэх, тэр нь ихэр эсэх нь тун тодорхойгүй, зүгээр л "магадгүй" гэж байх юм. Харин үүний оронд Селин Дионы сайхан дуулдаг арга ухаанаас бичсэн бол өөр байхсан. Иймээс энэ гурав дахь мэдээлэл нь хүнд хэрэггүй, хогон мэдээлэл юм. Хүүхдүүд ээ! Та нар огтоос хэрэггүй мэдээллээр бүү хөөцөлд, хайран цаг, хайран тархи. Хогон мэдээллээс хол яв, ойр явбал өөрсдөө хог болно.
4. Урт наслах хүсэлгүй хүн байдаг юм уу? Yгүй гэж бодно. "Би урт наслахыг боддоггүй" гэсэн энэхүү мэдээлэл нь цаанаа маш их хортой үр дагавартай, аюулыг сурталчилсан, түүнийг хэвийн үзэгдэл мэтээр тайлбарлажээ. Ийм хачин аюултай мэдээллийг "хар тамхи" гэдэг. Мэдээллийн хар тамхи маш аюултай. Уураг тархийг гэмтээнэ, ухаан санааг сохолно. Сурагч та нартаа мэдээллийн хар тамхинд автахгүй байхыг зөвлөе.

No comments:

Post a Comment