2010/01/04

Хэл ярианы соёл

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл.
Д.Нацагдорж


Хэл ярианы соёл нь чин сэтгэлийн ухаалаг, итгэлтэй үгэнд, сэтгэлийн сайханд, ойлголтын гүнд байдаг. Монгол хэл маань олон сайхан яруу эгшиг, сонсголонт гийгүүлэгчтэй учир энгүүн сайхан ярьж болох уран тод хэл билээ.

Б. Ринчен

Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалан, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм! …


Yгийг онож хэрэглэх соёл хүн бүхэнд байх ёстой. Оновчтой хэлц үг, хэл ярианы зөв сайхан дуудлага зэрэг нь хүний ухааны цар хүрээг үзүүлэгч мөн. Монгол хэлэнд уян зөөлөн, чин үнэн, эрс шулуун, хатуу хахир, уран цэцэн, ончтой мэргэн, учирласан, ухааруулсан, уурлуулж бухимдуулсан, хөхүүлэн дэмжсэн, хөгжөөн баясгасан гэх мэт мөн ч олон янзын үг бий. Бидний хэл яриа үг хэлцийн сонголтоос гадна нүдний харц, дуу хоолойн өнгөнөөс бас хамаарна. Нүдний маань харц энхрий зөөлөн, инээмсэглэсэн ялдам, урин дулаахан, хүйтэн, догшин, ширвэсэн, гөлөлзөж бултсан, хорсож зэвүүцсэн,үзэн ядсан талимаарсан, илбэж таалсан, аальгүйтэж өдсөн, ирмэж дохисон, нэвт шувт ширтсэн байж болно. Харин дуу хоолойны хувьд өндөр нам, нарийн бүдүүн, сөөнгө цээл, эмээж сүрдсэн, эрхлэж тунирхсан, нялуурч наадсан, зандарч дээрэлхсэн, ая тал зассан, аврал эрсэн, халаглаж харамссан байх нь бий. Хүн хэлж, ярихын өмнө хэлэх зүйлээ урьдчилан бэлдсэн, бодож тунгаасан, хэлэх үгэндээ сонголт хийсэн байх учиртай. Ажил үйлсийг дэмжсэн, ашигтай санаа өгсөн үгс нь хүний санаа сэтгэлийг өргөж, өсөн дэвжихэд нь тус дэм болдог бол бодлогогүй хэлсэн болчимгүй үгс сайн нөхрийн урамыг хугалж, ухаан бодлыг нь самуурхад хүргэдэг. Иймээс ч өвөг дээдэс маань эрт үеэс "Yгээр цохихоор сүхээр цохь" гэж сургаж ирсэн билээ.

/С.Дэмбэрэл "Бие хүний соёл"/

Д.Цоодол

Yг гэдэг амьдыг сөнөөх хүчтэй Yрэгдэж талийсан нөгөөгий ч амилуулж чадах шидтэй Yүгээрээ тэр цөмийн зэвсгээс ч аймшигтай Yүдийг нь сайн мана, харвахыг бүү яар!

Бусадтай ярилцах үедээ дараах зүйлсийг анхаарвал зохистой:
• Олон нийтийн дотор нууцгайлж ярих нь тун зохимжгүй, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг • Чи гэдэг үгийг хэрэглэх газрыг нь зөв олж хэлэхгүй бол тун осолтой. Өөрөөс дүү хүнийг чи гэж хэлж болох боловч тухайн хүнийг хүндэтгэж та гэж дуудаж болно. Өөрөөс ахмад хүнийг чи гэж дуудвал хүний эгдүүг хүргэж, уурлуулж болзошгүй. Харин насыг нь мэдэхгүй хүнийг бол та гэж дуудвал зохистой
• Бусдыг ярьж дуусаагүй байхад тасалж, зэрэгцэн ярьж болохгүй. Харин тэвдүү, яаралтай хэрэг гарсан бол уучлал гуйгаад, дараа нь учраа хэлж болох юм
• Хүнтэй ярихдаа дайрч доромжилсон, басамжилсан өнгө аясаар яриж болохгүй
• Нэг хүнтэй ярьж дуусаагүй байж өөр хүнтэй яриа үүсгэж болохгүй
• Бусдын ярианд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Yнэхээр шаардлагатай гэж үзвэл уучлал гуйгаад зөвшөөрөл хүсэж болох юм
• Олны дунд, гадаа гудамжинд, айлд очоод чанга ярьж хавь орчныхоо хүмүүсийн анхаарлыг татаж болохгүй
• Ямар ч хараалын үг хэлж болохгүй. Энэ нь бүдүүлэг зан байдлын илрэл байдаг
• Бусдын үзэл бодол, хариу эсэргүүцсэн санааг уужуу тайван, тэвчээртэй сонсож чаддаг байх хэрэгтэй.
• Маргаан ширүүсэх хандлагатай болвол аятайхан шалтаг олж зогсоох нь дээр
• Хүний ард явж байгаад тачигнатал инээж, хөхрөлдөн ярилцах нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг учир ингэхийг цээрлэх хэрэгтэй
• Ярихдаа яаралгүй, хэлж ярьж буй зүйлийнхээ утга санааг бодож, үг бүрийг тод хэлэх ёстой.

/М.Шатар “Түмний дунд түвшин явахын учир”/

No comments:

Post a Comment