Хүнийг ухаалаг амьдраг гэж оюун ухаан заяасан. В.Г.Белинский
Хүний бусад адгуусан амьтдаас ялгаран гарах нэг шинж нь хүн ухаант амьтан гэдэгт оршино. Уураг тархи бол амьд байгалийн хамгийн дээд хөгжил, хамгийн нарийн зохион байгуулалт, хамгийн хөдөлмөрч бөгөөд үр өгөөжит, гагцхүү хүнд л сэтгэх чадвар болон хувирсан эрхтэн юм. Хүний уураг тархи, түүний бор гадарга нь оюун ухааныг хуримтлуулан агуулж, түүгээрээ хүний амьдралыг жолоодох төв болжээ. Орчлон ертөнцийг мэдрэхүйн эрхтэнээр хуулбарлан ой ухаандаа хадгалж, үзэгдэл дүрс хэлбэр хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын холбоо, хууль дүрмийг танин мэдэх чадварыг оюун ухаан гэнэ. Хүн оюун ухаанаараа хорвоо ертөнцтэй, хүн хүнтэйгээ харьцаж, ухамсартай үйл ажиллагаа явуулж чаддаг. Хүн одоогоор дэлхий дээрх цорын ганц оюун ухаант амьтан гэж тооцогдож байгаа бөгөөд өөр гариг ертөнцөөс өөр ухаант амьтныг эрж, өөртэйгөө ижил ухаант техник зохион бүтээх гэж мэрийсээр байна.Хүн оюун ухааныхаа ачаар л хүн шиг хүн байж, хүссэнээрээ амьдарч, зорилго тэмүүлэлдээ хүрч, амжилт гаргадаг. Хүний оюун ухаан таван язгуур үндэстэй гэж үзэх нь бий. Тэдгээр нь таньж мэдэхүйн ухаан, бүтээж туурвихуйн ухаан, харьцахуйн ухаан,хайрлаж дурлахуйн ухаан, урлахуйн ухаан юм.
1. Таньж мэдэхүйн ухаан Энэ нь хүний эрэгцүүлэн бодох, ухаж ойлгох чадвартай холбоотой бөгөөд хүн сурч мэдэх тэмүүлэл, хичээл зүтгэлийнхээ хүчээр хорвоо ертөнцийн хууль жамыг ухаарч, дасан зохицох, өөрчлөн хувиргах арга ухаан, мэдлэгийг хуримтлуулдаг. Энэ ухааны ачаар бид хүний амьдралын туршлагаар хуримтлагдан бий болсон ардын ухаан, ажиглалт сорилт туршилтаар бий болсон шинжлэх ухааны мэдлэгтэй болсон.
2. Бүтээж туурвихуйн ухаан Энэ бол таньж мэдэхүйн ухаан, хүний амьдралын туршлагаар хуримтлагдан бий болсон мэдлэгийг хөдөлмөрөөр дамжуулан оюуны болон биет баялаг болгох чадвар юм. Мөн бүтээж туурвихуйн ухааны үндэс нь хүний бүтээлч сэтгэлгээ байдаг.
3. Харьцахуйн ухаан Энэ бол хүн өөрийгөө болон нийгмээ таньж, улмаар өрөөл бусдыг ойлгож хамт оршин амьдрахын ухаан юм. Нэг хүнтэй, бүлэг хүмүүстэй, олон зуун хүмүүсийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусадтай харьцахад энэ ухаан хэрэг болно.
4. Хайрлаж дурлахуйн ухаан Энэ нь бусдыг хайрлана, бусдаар хайрлуулна гэдэг ухаантай салшгүй холбоотой. Хайр дурлал өөрийн учрал тохиол бүртээ хүний мөс чанар, санаа бодол, хүсэл тэмүүллийн цэвэр ариуны шалгуур болж, амьдралын нэгэн эгшинд хүний хувь заяаг шийдэх тул асар их ухаан, тэвчээр шаардана. Энэ ухаан нь үр хүүхдийнхээ эсвэл аав ээжийнхээ өмнө хариуцлага хүлээх, хүний сайн талыг олж харах, сэтгэлээ ариусгах, итгэл хүлээх, бусдад аз жаргал бэлэглэх ухаан байдаг.
5. Урлаг, гоо зүйн ухаан Энэ нь хорвоогийн дүрс хэлбэр, өнгө, хөдөлгөөнийн зохицолдоо, гоо сайхныг ухааран,түүнийг уран бүтээлээр илэрхийлэн гаргах чадвар юм. Орчноосоо гоо сайхны таашаалыг авах энэ ухаан нь гагцхүү ухаант хүнд л заяажээ.Энэ ухаан өнгө, дуу чимээ, дүрс хэлбэр, хөдөлгөөн, овор хэмжээ харьцааны утга төгс, далд чанарыг нээн илрүүлдэг байна.
/Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”/
2010/01/05
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment