Зохиогч: Г.Цэрэндорж
Бяцхан хүүхдүүдийн аан аан гэх дуу үргэлж гарч байдаг төрөх тасгийн дотор анир чимээгүй болов. Энэ бол эхчүүд хүүхдүүдээ хөхүүлж байгаагийн учир ажээ. Надтай нэг өдөр хүүхдээ төрүүлсэн Чимгээ бид хоёр өөд өөдөөсөө харан хүүхдээ хөхүүлж суув. Чимгээ охиноо өхөөрдөн:
- Ээжийн охин аавтайгаа мөн ч адилхан шүү гээд үнсэв. Би
- Охины аав хаана ажилладаг билээ? гэж асуув. Чимгээ түгдэрснээ:
- Миний охины аав уу? гээд чимээгүй болов. Нүднээс нь хэдэн дусал нулимс бөмбөрөн хөхийг нь даган урсч, нүүр дээгүүр нь хар хөшиг татах мэт уйтгар гунигийн ул мөр сүүдэртэн харагдав. Дэмий юм асууж найзынхаа сэтгэлийнх нь шархыг хөндсөндөө миний сэтгэл үймэрч, эмнэлгийн саруулхан өрөө хүртэл бүгчим юм шиг санагдав. Асрагч орж ирээд хүүхдүүдийг аваад гарав. Чимгээ надад ямар нэг юм хэлэх гэж ам нь өмөлзсөнөө болив. Ганц ч удаа эргэлт ирээгүй Чимгээгийн аягыг авч цай хийж өглөө. Чимгээ цайнаас ууж сууснаа:
- Ямар сайхан цай вэ? Танай нөхөр ч сайхан цай чанадаг юмаа гэж магтав.
- Манай нөхөр цай хоол хийхдээ тааруухан. Ээжийн л чанасан цай байна гэв. Чимгээ:
- Өөрийн чинь ээж үү? гэж асуув.
- Yгүй манай хадам ээж. Хөөрхий минь миний төлөө үр хүүхдээсээ илүү санаа тавьдаг сайхан буурал бий. Чимгээгийн нүдийг нулимс бүрхэн, уруул нь хэсэг өмөлзсөнөө шүүрс алдан:
- Охины минь аав Сайншандад байдаг юмаа. Ёстой арван хуруу тэгш залуу бий. Би л заяа муутайдаа хөөгөөд явуулчихсан юм. Чимгээ урсан гарах нулимсаа арчаад:
- Би долоон настай байхдаа ээжээсээ хагацаж эцэгтэйгээ үлдэж амьдралын хатуу зовлонг амсч өссөн хүн. Энэ амьдрал намайг хүнд итгэдэггүй хар муу санаатай болгосон ч байж мэднэ. Бага балчраас минь хэлж ярих хүнгүй мэт дураараа явсаар байгаад, амьдралын хатуу зөөлнийг ухаарах тэнхэлгүй өссөн байх. Охины маань эцэг хүний ганц хүүхэд. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг юм. Би ээжийг нь ад шоо үзсээр байгаад хоёуланг нь хөөгөөд явуулсан мунхаг хүн дээ... Ээж хүү хоёр нэг амьтай, юм ярьсан ч нууж хаагаад байх шиг... Нэг орой би кинонд яваад ирлээ. Батхүү ээжтэйгээ мухрын өрөөнд дүнгэр дүнгэр ярьж байна. Хаалган дээр нь очоод сэмхэн чагналаа. Ээж:
- Миний хүү Чимгээдээ учирлаж сайн ярьж бай! Хэлж ярих хүнгүй, өнчин өрөөсөн өссөн хүүхэд ухаан суух болоогүй бага балчир байна гээд ярьж байна. Эх хүү хоёр намайг орж ирэхийг мэдээд тал засаж байна гэж бодож байлаа шүү. Ээж өрөөнөөсөө гарч ирээд,
- Өө миний охин хүрээд ирээ юу. Хоол нь хөрчихсөн байхдаа гэхэд нь:
- Та намайг ирэхгүй тэр чигтээ явна гэж баярлаж байв уу? гээд хэрүүл өдөж байсан хүн дээ би. Хүнд хэлбэл үнэмшихэд хэцүү шүү. Намайг ажлаасаа ирэхэд тос даасан бин аяганд хөшиглөж цай хийж өгнө. Хөөрхий минь намайг ганц хүүгээсээ ялгалгүй үздэг байсныг даан ч би хожим ойлгосон хүн. Нэг орой манайх хоолны махгүй байлаа. Ээж та мах авахгүй яасан юм бэ? гэсэн чинь:
- Урд дэлгүүрт мах гараад дууслаа охин минь. Ээжийн нь тэтгэврийн хэд дууссан. Өглөө явахад чинь мөнгө орхиод яваарай гэж хэлэх гээд мартчихаж. Хүнээс мөнгө зээлэх юм уу гэснээ, хоёр хүүхдийнхээ нэрийг бодож нэрэлхээд хэлсэнгүй гэлээ. Миний уур гэнэт хүрээд:
- Та их юман дээр бид хоёрын нэр сүрийг хайрлаж дээ. Намайг хүүгийнхээ мөнгийг
авлаа гэж нэхэж байгаа юм уу? гээд цүнхэн дэх мөнгөө шидлээ. Батхүү гаднаас орж ирээд:
- Чимгээ минь амьтан хүнээс зовооч, өдөр болгон хар хэрүүл хийж орилж хашгирч байхаа болиоч гэв.
- Би та хоёроос айгаад дуугүй сууж байх уу? Гайгүй хэвтнээ. Чиний эх надаас цалингий чинь хурааж авлаа гэж нэхэж байна. Та хоёрын мөнгөтэй мөнгөгүй болоод байсан юм. Цаашдаа ч болно. Чи эхийгээ аваад зайл гэв. Чимгээ урсан гарах нулимсаа арчин хэсэг чимээгүй сууснаа:
- Маргааш нь би ажлаасаа ирлээ. Ээж алга. Халуун дулаан оргиж байдаг гэр хүйт даан ханхайгаад нэг л эвгүй. Ширээн дээр бяцхан зурвас байна, авч үзвэл <<Чимгээ ээжид нь насаараа хамт ажилласан ах дүү болсон хамт олон бий. Ээж нь тэдэн рүүгээ явлаа. Мөнгийг нь хайрцагт хийсэн шүү. Бэртэйгээ буруу зөвөө ололцож ээж хүү хоёр болно гэж бодож тэвчээртэй удаан хүлээлээ. Миний охин даанч ээжийгээ ойлгож, өөрийн хүн шиг болж чадсангүй. Учрыг ухаарч ээж дээрээ очно гэж итгэж байна>> гэсэн байв. Тухайн үед би юм бодсонгүй. Батхүү ажлаасаа ирлээ. Гэр доторхийг ажиглан зогссоноо:
- Ээж хайчаав? гэж асуув.
- Сайншанд явсан юм байхаа, чи л болж ээжийгээ хаашаа явсныг мэдээгүй байхдаа гэв. Батхүү шуухитнан ухарснаа:
- Би ч явъя даа. Эхнэр надад хэд ч олдоно. Ээж ганц удаа заяана. Зөв буруугаа тунгааж сайн бодоорой гээд гарав. Энэ чацуу хэвлийд минь хүүхэд хөдөлж нэг л хачин совин татав. <<Эцэггүй>> хүүхэд миний амьдралаар хүмүүжнэ гэсэн бодол толгойд харван, хоолой дээр бөөн хар юм тээглэж нүдний нулимс аяндаа урслаа. Эх хүн үрээ тээж ухаан суудаг гэдэг үнэн билээ. Ажлаасаа ирэхэд ханхай хөндий гэр угтаж, эхийн тос даасан бин, энэрэнгүй сэтгэл, сайхан цай, нөхрийн хайр энхрийлэл үгүйлэгдсээр өдий хүрсэн хүн дээ. Эмнэлгээс гараад ээж дээрээ очиж буруугаа хүлээж уучлалт гуйя л гэж бодож сууна даа, зөв үү? Нарны хурц гэрэл тасалгааг голлон тусжээ. Гаднаас халуун савтай цай хоол асрагч оруулж ирээд Чимгээд өглөө. Чимгээ хэсэг эргэлзсэнээ:
- Ямар хүн ирээ вэ? гэж сулхан асуув. Нэг авгай л байна гээд асрагч гарав. Чимгээ цайнаас хийж амссанаа:
- Ээжийн чанасан цай байна. Ээж иржээ гээд үүд рүү ухасхийв.
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment