2010/01/04

Цаг хугацааг ашиглах ухаан

Цаг хугацаа бол илүү ухаантай, боловсролтой, төгс болохын төлөөнөө бидэнд өгөгдсөн асар үнэт бэлэг юм.
Томас Манн


Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш эд баялагын дотроос хамгийн үнэ цэнэтэй нь цаг хугацаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Цаг хугацааг үнэлж, түүнийг өөртөө үр ашигтайгаар удирдах ухаанд хүн бага наснаасаа суралцах ёстой. Цагийг үл тоомсорлож, түүнийг ашиглах арга эвийг олоогүй хүн бусад хүний тайван, амар жимэр амьдралыг бусниуламтгай байдаг. Yнэн хэрэгтээ цаг баримталдаггүй хүнтэй нөхөрлөхөд хэн ч байсан санаа сэтгэлээрээ хохирдог. Иймээс өдөр бүр дэмий хэрэгт зүглэж, цагаа утга учиргүй, үр ашиггүй зүйлд зарцуулахаа больж, тэр дундаасаа ганцхан цагийг ч болов өөрийгөө гэгээрүүлэхэд зориулах хэрэгтэй юм. Эрдэм номын хөдөлмөрт цагаа зарцуулбал хүний амьдрал үр жимсээр баян болж, үхэх хүртлээ утга учирлаг үр дүнг олонтоо хүртэнэ. Цагийг арвитай ашиглах нь зав чөлөөг баталгаажуулах зөв арга болдог. Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа биед хэвшээд ирдэг.Цаг хугацааг үр ашигтай зарцуулж сурахад цагийн хуваарь хэрэг болно.

Цагийн хуваарь зохиохдоо дараахь зүйлсийг анхаарах хэрэгтэй:

Зорилго
Юуны түрүүнд сурагч та төлөвлөгөөгүй, гадаад орчноос хамааралтай байгаа байдлаа ямар нэг зорилгод чиглэсэн, цэгцтэй төлөвлөгөөтэй болгох ёстой. Зорилготой байна гэдэг нь ирээдүйг харж хүч чадал, үйл ажиллагаагаа эдгээр зорилгод чиглүүлнэ гэсэн үг.

Хийх ажлаа жагсаан бичих
Хэзээ, юуг , ямар хугацаатайгаар хийх вэ? гэдгээ цаасан дээр жагсаан бичиж сурах нь цагийг хямгатайгаар зарцуулахын баталгаа болдог. Эхлээд бүх ажил, түүнд зарцуулагдах хугацааг жагсаан бич. Дараа нь ажлуудыг дараахь 4-н ангилалд хуваа.
1. Яаралтай - чухал ажлууд: Эдгээрийг зөв аргаар, хүч чармайлт тавьж хийх ёстой
2. Яаралтай - чухал биш ажлууд: Яаралтай учраас цагийн дарамтанд орж өөртөө хүндрэл бий болгох магадлалтай. Хэрэв эдгээр ажил ач холбогдол багатай бол бусдаар хийлгэхийг хичээ.
3. Яаралтай биш - чухал ажлууд: Яаралтай биш тул эдгээр ажил таныг хүлээж чадна. Гэхдээ чухал ажил тул түүнийг өөрөө хийх хэрэгтэй.
4. Яаралтай биш - чухал биш: Ийм ангилалд орсон ажлаас аль болох хол байхыг хичээх хэрэгтэй. Ингэж хуваасаны дараа ямар ажлуудыг хийхээ өөрөө сонгож, цагийн хуваариа зохиодог.

/Б.Одонбилэг "Цаг төлөвлөлтийн үндэс", Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

No comments:

Post a Comment