Зохиогч: Б.Лхагвасүрэн
Гуравдугаар цагийн завсарлагаанаар
Багш намайг дуудлаа.
Гуниг баярын аль нэг нь
Багшаар намайг дуудууллаа.
Айдас, эргэлзэл, сүүдэр гурав
Ард минь хөтөлцөн дагалаа.
Багш нарын өрөөний
Түлхүүрийн нүхээр шагайхад
Багш минь ганцаараа
Дэвтэр засаж сууна.
Шуудхан яваад орохын зориг
Шулгахан насанд минь дутлаа.
Оодогносон, нарны халуунтай тугал
сүүлдээд
Ойчооно үгүй, бяцхан “бяр” минь
амтагдахад
Отроор аавыг явчихсан, аадар
шаагисан шөнүүдээр
Орон гэртээ “зориг” нь байсан минь
бодогдмогц
- Орох уу, багшаа! гэлээ би …
- Ор, Лхагвасүрэн! … гэлээ багш..
Хэсэг дуугүй байснаа
Багш намайг нэвт ширтэв.
Хийсэн гэм байж гэмээнэ
Бүгдий нь хэлчихмээр санагдав.
Үг цөөнтэй багш минь
Үг нүдээрээ хэлдэгсэн ..
Загийн гал шиг цоргих харц нь
Заавал нэг үг шивнэдэгсэн…
- Эдэлгээ муухантай дэвтрий минь дэлгэн
Энэ бодлогыг чи хүнээс будаалжээ!!!
Ядахдаа зөв хуулсан бол…
Ялихгүй гярхайг чинь үнэлж “дунд” тавихсан
Хүний халуун хөлсөөр
Өөрийнхөө дутууг нөхөж явах вий ? гэхдээ
Хоёр хасах тавилаа! гэлээ.
Элчилгүй цөлийн “наж” могой шиг хоёрын тоо
Дэвтэр дээр цогнолзон улаан солонго татав.
Эхний яргуйн зөнтэй хаврын салхийг мэгшүүлэн
Цүнх золбоо хоёроо нортол уйлж билээ би …
Сурагч ахуйн минь гэнэн тэр алдааг
Сураг төдий одсон он жилүүдийн өмнөөс
Өршөө! Намайг … багш минь!
Бусдын сэтгэл
цус шингэсэн яруу сайхан шүлгээс
Бадаг байтугай!
Шад шүлэг хуулаагүй яваа шүү! Би
2010/01/03
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment