2010/01/04

Эрүүл аж төрөх ухаан

Толгойг сэрүүхэн, ходоодыг өлөн, хөлийг дулаахан авч яв.
Өвчний эх пологтох, эмчлэхийн эх буцалгасан ус
Ардын сургаал


Хүн ерөөс гурван төрлийн үнэт эрдэнэсийг агуулж, түүнтэй өдөр тутам харьцаж байдаг. Энэ нь эд баялаг, эргэх цаг хугацаа, эрүүл мэнд юм. Эд хөрөнгөө алдаж, гал усны үерт үрэгдүүлж болно, энэ бол бага хэрэг. Цагийн үр ашиггүй дэмий хоосон өнгөрөөдөг бол бид нилээдийг алдаж байгаа хэрэг. Харин эрүүл мэндээ алдчихвал ерөөс нэг мөсөн бүгдийг алдаж байгаа хэрэг.Эрүүл аж төрөх ухааны тулгын гурван чулуу нь:

1. Зөв хооллох
2. Хөдөлгөөнтэй байх
3. Биеэ чийрэгжүүлэх явдал байдаг.


Өөрийн бие, эрүүл мэндийг та өөрөө л хайрлахгүй юм бол таныг хэн ч хайрлахгүй. Өөрийгөө хайрлахын нөгөө тал нь эрүүл мэндийнхээ төлөө өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялан дийлэх,өөрийгөө амьдралын зөв дэглэмд хэвшүүлэх, өөрийгөө шинээр нээн олох тэмцэл юм. Харин залхуурал, буруу хэвшил, хайхрамжгүй байдал хүний эрүүл мэндийг хорлох гол дайсан байдаг.

Зөв хооллох

Yдийн хоолондоо өчүүхэн багыг, оройн хоолондоо бүр багыг идэгтүн.
Оройн хоолгүй орондоо орвол бүр ч сайн
Бенжамин Франклин

Өлссөн цагтаа л ид, идэхдээ аль болох бага ид. Энэ нь зөв хооллолтын үндсэн зарчим юм. Хоногийн хоолны илч бие махбодын энерги зарцуулалтыг хангах ёстой. Хоногт уураг 60-75 гр, өөх тос 80-100 гр, нүүрс ус 350-450 гр байвал зохино. Нийт хоолны 30 хувийг өглөө, 45 хувийг өдөр, 25 хувийг орой идвэл зохистой.

Зүй зохистой хөдөлгөөн
Ямар ч насны хүн биеэ чийрэгжүүлэх, хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх, эд эрхтэнээ хөдөлгөөнд оруулах дасгалууд хийж байх ёстой бөгөөд харин түүнийг огцом бус аажмаар хийж сурах хэрэгтэй байдаг. 1973 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэд хөгшрөлтийн гол шалтгаан нь эс хоорондын зайд аажмаар тунаж үлдсэн шаар болохыг тогтоожээ. Өглөө бүр биеийн тамирын дасгалыг тогтмол хийхээс залхууран олон мянган хүн өөрийнхөө бие махбодыг элдэв хорт “шаараар” дүүргэж, мэдрэлийн үйл ажиллагаа нь суларсанаас болж залуугаараа нас эцэслэх нь олонтаа.

Муу зуршил
Муу зуршлаас хүч сулрал, өвчин шаналан эхэлдэг. Муу зуршил энергийг хорогдуулж, организмыг доройтгодог. Өвчин аж төрөх ёсноос л үүдэлтэй. Эмх замбараагүй амьдрал танд заяагдсан насны талыг богиносгож дөнгөнө. Энэ хуулийг зөрчсөн хүнд анагаах ухаан өмгөөлөгч болно гэхэд хүчин мөхөсдөнө. Архи , тамхи, элсэн чихэр, давс ихээр хэрэглэх нь муу зуршил юм.

Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"

1 comment: