Нийтлэгч: Л.Түдэв
Хүн төрөлхтөн хүй нэгдлийн үеэс хойш халуун зэвсэг хуримтлуулсаар байгаад хорин нэгдүгээр зууны босгон дээр тулж ирэхдээ зэр зэвсгэндээ тээглэж унахаар болоод байна. Мод шийдэм, хутга шөвөг, сүх жад, нум сум, сэлэм буу мэт аль дивангарын цагт хоцрогдож оронд нь цөмийн, устөрөгчийн, нейтроны бөмбөгнүүд тэрчлэн хорт утаа, биологийн хөнөөлт бодис, үр үндэс таслах аюулт жатга гараад зогсоогүй сүүлийн үед сэтгэлээр алах(психотроника) зэвсэг буй болж түүнийг шамдан боловсруулаад зогсохгүй үе үе туршсаар байна. Шамбалын дайнд түүнийг хэрэглэх домог буй.
Одоо үед хамгийн хөнөөлтэй аймшигтай зэвсэг гэвэл халуун цөмийн бөмбөг мөн боловч тэрнээс хэдэн хувь илүү хорлонтой мөртлөө нүдэнд үл үзэгдэх егүүтгэлийн хэрэгсэл нэгэнт бий болжээ. Хөрөнгөжсөн томоохон гүрнүүдэд ийм зэвсэг хийж, туршиж, боловсронгуй болгосоор байгаа нь одоо нэгэнт нуух аргагүй болчихжээ.
Бүүр тавь шахам жилийн тэртээ Америкийн "Майами Ньюс" сонинд "Тархи угаах арга" гэсэн нэртэй өгүүлэл гарсан нь үнэн хэрэгтээ "хөх шувуу" хэмээх маш нууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн нууц цухалзсан хэрэг байжээ. Тэрнээс хоёр жилийн дараагаар мөнөөхөн чиглэлийг "психотроника" (сэтгэл дэнсэлгээ) гэсэн албан ёсны нэр томъёотой болжээ. Аливаа нээлт хоёр "а"(алах, аврах) ухагдахуунтай байдгийн адилаар сэтгэл дэнсэлгээ(психотроника) судлал нь хүнийг сэтгэлээр засах эсвэл сэтгэлээр алах хоёр талтай байлаа. Халуун цөмийн урвалыг нээсэн аугаа их ололт ямархуу богино хугацаанд хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэг болон хувираад зогсоогүй юунд ч хэнд ч хор хүргэлгүй дорно зүгт амгалан оршиж байсан нэрд гараагүй хоёр хот дээр тэсэрч хичнээн олон хүний аминд хүрч ямар их сүйтгэл учруулсан тухайг өнөөдөр дэлхийд мэдэхгүй хүн бараг байхгүй. Бараг хагас зуун жилийн туршилт судалгааны байнгын идэвхтэй эргүүлэг дунд төгөлдөржсөөр ирсэн "психотроника" судалгаа одоо үед шууд зэвсэг хэлбэрт шилжин хувирахад төлөөгүй болжээ. Өөрөөр хэлбэл "сэтгэлээр алах" зэвсэг нэгэнт бий болжээ гэсэн үг. Тийм зэвсэг шинэ юм шиг санагдавч үнэндээ хуучны хуучин зэвсэг ахин өндөр дээд түвшинд давтагдан гарч ирж байгаа гэж болно. Хүй нэгдлээс ч өмнө хүн тийм зэвсэгтэй байжээ. Түүнийг "хараал" гэдэг байсан ажээ. "Хараал" бол хүн хүндээ муу санаж сэтгэлээр түүнийг үхүүлэх оролдлого хийдэг балар эртний хүмүүсийн анхдагч зэвсэг юм. Эхлээд биеэ хамгаалах хэрэглүүр байсан нь маргаангүй. Дараа нь бусдын эсрэг чиглэсэн ажээ. Өнөөгийн "психотроника" (сэтгэл дэнсэлгээ) бол эцсийн дүнд балар эртний хараалын одоо цагийн боловсронгуй хэлбэр мөн.
Дэлхийн анхдугаар дайны дараахан Берлин, Мюнхен хотуудад "ногоон хүмүүс" гэж нэрлэгдсэн хачин хэсэг бүлэг хүн маш битүүлэг, нууц байдалтай амьдрах болсон юм гэдэг. Тэд нарыг анхандаа монгол хүмүүс гэж андуурч байсан боловч үнэндээ Энэтхэг, Түвд гаралтай зөнч тарнич, гүртэн, зодоч, хараалч нар байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед “Аненербе” гэдэг нууцлагдсан хэлтэст ажиллаж Гиммлерт шууд захирагддаг нууцаа Гитлерт л хэлдэг тусгай алба байжээ. Ялангуяа "Агарти" дамжааны түвд лам нарын зөвлөмжийг Гитлер онцгой анхаардаг байсан гэдэг. Тэд хүнийг сэтгэлээр болон бусад аргаар егүүтгэхэд чиглэсэн "зай" боловсруулахад хүчин зүтгэж явжээ. Хэдийгээр тэдэнд их найдлага тавьж тэд ч "ид шидийг" үзүүлэхээр завдаж байсан ч дэлхийн хоёрдугаар дайн санаснаар нь болоогүй ажээ. "Шамбалын дайны" зөгнөл буруу даваагаар орж сүйрэх үед дайны сүүл рүү тэрхүү мянга орчим "ногоон хүмүүс" өөрсдөө амиа хорлож эцэс болжээ. Өнөөг хүртэл нууцлагдсаар буй тэрхүү бүлэг хүмүүсийн явдал нь бусдыг хөнөөх "зай" бүтээх болон сэтгэлээр үхүүлэх зэвсэг буй болгоход чиглэж байсан нь харин нууц биш болжээ.
Сэтгэл гансруулах арга ширэг бол маш эртний үзэгдэл боловч өнөө үед ахин сэргэж
XXI зуунд хүчээ авч маш их хөнөөл тарьж мэдэх нэгэн аюул мөн. Аль дээр цагт мартагдсанаар барахгүй хөсөр хаягдсан хуучин тэрхүү шийдмийг зах зээлийн харилцааны давалгаанд хөл алдаж сандрахдаа зарим монгол хүн шүүрэн авч ашиг хонжоо хайж байгаа сураг бас гарах боллоо. Нэгэн тийм хүн өөрийгөө "хараалч" хэмээн мэдээлснээс болж долоон буудалд суудаг тэдний хашаанд хэдэн зуун хүн багширч сүүл сүүлдээ тэрээр үл мэдэгдэх зүгт зугтан зайлахаас аргагүй болсон тухай "Улаанбаатар" сонин мэдээлсэн байлаа. Бусдад муу санаж, сэтгэлээр үхүүлэхийг санаархдаг хүн тийм олноороо бидний дунд байна гэдэгт нэг л итгэмээргүй боловч бодит баримт хөдлөшгүй гэрчлэх ажээ. Сайтар мартагдсан хуучин зэвсгийг сэлбэн засаж боловсронгуй болгон хүн нь хүнийхээ эсрэг хандуулахыг санаархдаг тэр хачин үзэгдэл “хүмүүнлэг ардчилсан” нийгэм байгуулж буй гэгдэх улс орнууд, түүний дотор Монголд сүүтгэнэн харагдах болсон нь гайхмаараар зогсохгүй сэрдхийн цочирдмоор юмны нэгэн яах аргагүй мөн ажгуу.
"Психотроника" (сэтгэл дэнсэлгээ) судалгааг хийж буй улс орнууд сэтгэл заслын талыг нь голчлон барьж хөгжүүлбэл хүн төрөлхтөнд буянтай үйлс бүтээх бөгөөд сэтгэлээр алах тал руу халтирвал нүгэлт хэргийн эзэн болох нь зайлшгүй юм. Том гүрнүүдэд сэтгэл үелзүүлэх давтамж бүхий үүсгүүр, биолокацын төхөөрөмж зэргийг аль хэдийнээ зохион бүтээгээд хэрэглээнд оруулчихсан ажээ. Түүний тусламжаар хүний ухамсарт түлхүүр бүхий дохио өгч түүнийгээ программчилж улмаар тодорхой хэмнэлээр ажиллуулдаг бөгөөд тэр дохио нь ямар нэгэн дуу авиа ч юмуу эсвэл дуу юмуу харилцуур утасны хонхны чимээ байж болно. Шөнийн 12-оос нэг цагийн хооронд шүлэг нойрын эхэнд утасддаг нь нэлээн түгээмэл болсон бөгөөд тийм үед хүн нөгөөх хөтөлбөрчилсөн дохиогоор өөрийн мэдэлгүй шууд ажиллаж эхлэх онцлогтой байх ажээ. Yүнийг ашиглан сэтгэл гансруулах хүчирхэг төхөөрөмжийн тусламжтайгаар хувь хүнд нөлөөлөх тэр ч байтугай барууны хэвлэл
мэдээллийг эзэгнээд байсан Роберт Максвелийг иймэрхүү аргаар "программчилсан үхэлд" хүргэсэн гэх мэт мэдээлэл хэвлэлд гарсан нь нэгийг бодогдуулахгүй байж яахан чадна? Тэр мэтээр Эдвард Кеннедийн сэтгэлийг тэргээ барьж явах үед нь гансруулж замын огцом эргэлтэн дээр эргэхгүйгээр шууд хурдаа нэмж гүн хавцал руу нисэж үхэхээр “программчилах” төсөл хүртэл гарч байсан тухай цагтаа барууны хэвлэлд нийтлэгдсэн юм.
Ганц нэг хувь хүнээр зогсохгүй бүхэл бүтэн хот тосгон, олон мянган хүнд нөлөөлсөн сэтгэлийг нь гансруулах маш хүчтэй үүсгүүр ч бүтээсэн гэдэг. Персийн буланд дайн болох үед Иракийн эрэг хавийн усанд АНУ-ын "Белкнап" гэдэг нэртэй Крейсер онгоц ойртон ирж Садам Хусейн болон түүний тойрон хүрээлэгчдэд сэтгэл зүйн нөлөө үзүүлэх ажиллагаа зохион байгуулснаас болж Хусейны торгон цэргийн дотор сандран мэгдэх, айж балмагдах байдал үүсээд зогсоогүй Садамын үеэл дүү нь ховсдуулж гансрахдаа минижүүлсэн талбайныхаа схемийг Америкчуудад өгчихсөн юм гэж Оросын хэвлэлд хожим нь мэдээлсэн билээ. Бас тэрхүү "Белкнап" хэмээх Крейсер онгоц 1991 онд Москвад болсон наймдугаар сарын үйл явдлын үеэр Хар далайн Варна орчим хүрэлцэн ирсэн байсан ч гэх шиг ...
... "Лептонын зэвсэг манайд бий" гэж Оросын Думын депутат болж байх үедээ Жириновский нэгэнтээ ам алдсан удаа бий... Тэр нь алсын зайнаас бичил лептонын урсгалыг тодорхой хөтөлбөрөөр чиглүүлэн биологийн обьект руу илгээн нөлөөлөх нууц зэвсгийг хэлж байсан бөгөөд тийм аргаар аливаа хүн, амьтанд холын зайнаас удирдамж өгч оюун ухааныг нь залуурдах боломжтой ажээ. Краснодарын(Оросын) хязгаартай тэнцэх тийм том хэмжээний газар нутаг дээр оршин сууж буй хүн амд сансрын тойрог зам дээрх дагуулаас нөлөөлөн зан төрхийг нь өөрчилж чадах төхөөрөмжийг бүр 1989 онд бүтээж болох тухай 1986 онд нууц тогтоол гарч байсныг Оросын "АИФ" (Аргументы и факты 1994, ¹ 48) сонин мэдээлсэн нь үндэсгүй зүйл биш бизээ. Гэхдээ тэр захиалгыг хэрэгжүүлэлгүй орхисон юм гэж мөн сонин тэмдэглэсэн байлаа. Харин хэрэгжүүлж туршсан нэгэн төрлийн ийм зэвсэг бүр түүнээс нэлээн өмнө туршиж үзсэн тухай мэдээлэл байдаг. Юу гэвэл "радио-сон" (радио-нойр) нэртэй туршилтаар хоёр зуу гаруй километрийн хол зайнаас хороо цэргийг гүн нойроор нэгэн зэрэг унтуулж чадсан ажээ.
Сэтгэл гансруулах сэтгэлээр үхүүлэх зэвсэг гээч юм байгаа нь илэрхий болсон төдийгүй хаа нэгтээ хэрэглэгдсээр буйг мэдээллийн хэлээр нэг бус удаа ярьж, бичсээр ажээ. Гагцхүү юм боддоггүй хүмүүсийн нүд, чихний хажуугаар өнгөрч мэдэх ийм үзэгдлийг бага буурай улс үндэстэн ихээхэн сонор сэрэмжтэй ажиглаад зогсохгүй болгоомжлох учиртай баймаар ... Яагаад гэвэл ийм зэвсгийг цэнхэр дэлгэц гэж бидний өхөөрдөн нэрлээд байгаа дөрвөлжин хайрцгаар дамжуулан хэрэглээд эхэлчихсэн нь нууц биш. Зурагтаар дамжуулан ховсдох эмч Кашпировскийгээс эхлээд өдий төдий болжээ. Тэгж телевизээр алсаас ховсдон эмчлэхдээ дуугаргадаг хөгжмийн аялгуу нь хүмүүст заавал сонсогддог юмны нэг. Гэхдээ ховсчийн хөдөлгөөнд нь голдуу хууртагддаг ажээ. Харин хөг аялгууг төдийлөн анзаардаг болов уу гэж эргэлзэх учиртай. Ховсчийн хамгийн гол юм нь өөрийн хөдөлгөөнийг дагалдуулан дуугаргаж буй хөгжмийн аялгуу нь юм. Тэр аялгууг хүмүүс ухамсаргүй буюу аяндаа санаандгүй байдлаар сонсдог боловч яг л тэрхүү авианы ховсдол нь хүний тархи мэдрэлд онцгой нөлөөтэй гол юмны нь нэг байдаг ажээ. Хоёр удаа давтагдах огцом эгшиглэн араас нь нэг удаагийн удаавтар үргэлжилсэн аялгуунаас бүрддэг тэрхүү хөгжим нь үнэн хэрэгтээ хүний сэтгэл санааг ховсдоход "хөгжмийн лантуу" болдог байна. Тэрхүү аялгуут лантууны цохилтыг телевиз 25-30 мянга дахин хүч нэмэгдүүлэх боломжтой байдаг. Тийнхүү орчин үеийн ховсчийн аялгуут лантуу нь эрт цагийн бөөгийн хэнгэрэгний дууг орлодог гэсэн үг юм. Сайн бөөгийн хэнгэрэгийн цохилт нь сонсож буй хүний уураг тархины цочроотой хэм хэмнэлээрээ таарах юм уу ойролцоо очдог учир ихээхэн оновчтой болдог байжээ. Хүний оюун ухаан, мэдрэхүй бишрэхүйн болон бодол бясалгахуйн хариуцлага хүлээсэн зүүн тархины ажиллагааг номхруулж, сэтгэл хөдлөх хөөрөхийн голомт болох баруун тархийг идэвхжүүлэхэд бие махбодийн илүүдэл хангамж нэмэгдэж серотин хэмээх бодис хуримтлагдаж тэр нь зарим нэгэн өвчнийг түргэн илааруулахад нөлөөлдөг байна. Тухайлбал шарх сорви, үү зэрэг архаг нь ховсдуулснаас хойш 5-6 цагийн дараагаар аних, арилах тохиолдол цөөнгүй гардаг. Ер нь сайн ховсдуулсны дараа өвчин илааршихад нөлөөлөх био эрчим хүчийг уул хүний бие махбодь нь заримдаа 5-7 жил хүртэл хадгалж чаддаг байна. Тэр хугацаа өнгөрмөгц өвчин ахин сэргэж гаардаг нь ажиглалтаас тодорхой болжээ. Эртний хүмүүс ховсдохын арга ухааныг одооныхоос илүү чадварлаг, нарийн эзэмшсэн байжээ. Тэгэхдээ "мэргэжлийнхээ нууцыг" маш чандлан нуудаг байсны учир гэвэл хүний уураг тархины хүчтэй болон сул талыг хүн болгон мэдэхэд хүрвэл хүн хүндээ гай болно гэдгээс ихээхэн болгоомжилсоор иржээ. Өнөө үед тэрхүү болгоомжлол буюу "хорио цээр" ихээхэн задгайрч байгаа нь цөвийн цагийн нэгэн ёозгүй шинж гэж зөвхөн шашны зүтгэлтэнүүдээр барахгүй эрдэмтэн мэргэд ч санал нэгтэй буруушааж байгаа билээ. Тэр бүхнийг харгалзахгүйгээр "сэтгэлээр гансруулах"(психотроника) бусармаг үйл ажиллагаа ялангуяа өрнөдөд ихээхэн газар авсаар одоо бүр хүнийг үй олноор сэтгэлээр унагаах, егүүтгэх зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд хүрээд байна.
Психотроникийн сэдвээр олон улсын судлаачдын холбоо байгуулагдан 1970 онд анхны уулзалтаа хийснээс хойш бараг гучин жил өнгөрөх хугацаанд хүний сэтгэл санааг өөрийнх нь сайн сайхны төлөө уужуу тавиун, баяр баясгалантай, сайны ерөөлтэй байлгахын чухлыг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийвчлан боловсруулахад ихээхэн ахиц гарлаа. Гэхдээ "чоно борооноор" хэмээхийн адилаар сайн үйлсийг дагалдан саар хэргийн сүүдэр бараантан сунасаар байна.
Зомбийчлох оролдлого өрнөдийн нийгмийн нэгэн ноцтой үзэгдэл болж байна. "Зомби" гэдэг кино гарсны дараа ийм нэр томъёо дэлгэрсэн бөгөөд хүнийг эрхшээлдээ оруулан үг дуугүй дагсан баясагчаа болгон хувиргахын тулд сэтгэл зүйн онцлогт нь тулгуурлан ховсдох аргаар дуулгавартай гүйцэтгэгчийн шинж бүрдүүлэх ийм мэх шинэ мэт боловч огт шинэ биш. Эртний монголчуудын "ширлэх" аргын орчин үеийн хувилбар юм. Ширлэх аргаар мангуучуудыг бий болгодог тэр эртний нэгэн явдлыг "манкурт" гэж Айтматов анх уран зохиолд сэргээн оруулж ирсэн билээ. Манкурт боолын хэрэгцээ өнөө үед байхгүй мэт боловч хүнийг үй олноор нь "манкуртчлах", "зомбийчлох" зэвсэг бүтээхийг мөрөөдөгчид түүнийг их үнэ хаян захиалагчид байхаар барахгүй их л олширчээ. Хүний уураг тархи арван герц орчим давтамжтай үелзэх эрчим хүч гаргадаг нь нэгэнт мэдэгдсэн зүйл болохоор түүнийг бага зэрэг нэмэгдүүлэхэд л уур уцаар нь хөдлөж сэтгэл нь тавгүй болно. Давтамжийг гучин герцээс илүү гаргаваас хүмүүс муурч унах, сэтгэлийн хийтэй болохоос эхлээд маш эвгүй байдалд орох ажээ. Сэтгэл гансруулах (психотроника) зэвсгийн хор хөнөөл нь хүнийг юуны урьд ёс суртахууны уналтад оруулж, ерийн сэтгэлгээний нь хэм хэмжээг хямруулж, бодох сэтгэх ялангуяа зөгнөн бодох, зөв шийдвэр гаргах чадварыг нь алдагдуулдгаараа мөн хүний ой ухаанаас мэдээллийн хадгаламжийг нь арчиж чадах аюулаараа ёстой "цусгүй алсантай" адил үзэшгүй муухай зүйл юм. Хүмүүсийн зан авир сүүлийн үед эвдэрч хямарсны улмаас гэмт хэрэг хэв журмын зөрчил нэмэгдэж байгаа нь зөвхөн дан ганц эдийн засаг, улс төрийн учир шалтгаантай байна уу эсвэл экологийн(экологийн цоорхой, хүлэмжийн балаг) барцадтай байна уу үгүй бол бүүр өөр ад зэтгэр, гай түйтгэрийн нөлөө байна уу гэдгийг эргэцүүлэн бодоход илүүдэхгүй буйзаа ...
Ямар ч байсан "сэтгэлээр унахгүй" явахсан. Өвдөг сөхөрвөл босч болно. Ухаан сөхөрвөл босч чадахгүй гэдгийг л бат санацгаая.
1997 он.
2010/01/11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment