2010/01/11

Суралцахын учир

Нийтлэгч: Ц.Дэмбэрэл

Хүүхдүүд ээ! Та нар юуны төлөө суралцаж байгаа вэ? Yүнд сурагч бүр өөр өөрийнхөөрөө хариулж чадна. Гэхдээ тэр олон хариултын дотор үндэслэлтэй сайн хариулт лавтайяа нэг байгаа. Энэ хариултыг олохыг хичээсэн нь энэ буюу. ХYН ба амьтдын хооронд ямар ялгаа байдаг вэ? Тухайлбал хүний биеийн хүч зааныхаас их биш, хүний үсний өнгө тогосын өнгөнд хүрэхгүй, хүн тэмээн хяруултай уралдвал яав ч түрүүлж чадахгүй, хүнд ямаа шиг үнэхүрдэг дулаан ноолуур байхгүй, хүн арслан хоёр ноцолдвол лавтайяа арслан дийлэх биз, хүн харанхуй шөнө төөрдөг, гэтэл шөнө ангуучилж хоолоо олдог олон амьтан бий, хүний чих буга согооных шиг соргог биш, хүний хамар нохойных шиг үнэрч биш. Ингэхлээр ХYН нь амьтдаас биеийн хүч, хурд, харах, сонсох, үнэрлэх эрхтний чадвараар дутуу ажээ. Эндээс ХYН бол дунд зэргийн чадвартай жирийн нэг амьтан юм байна гэсэн дүгнэлт хийх бүрэн үндэстэй. Ер нь ХYН бол нэгэн төрлийн амьтан юм гэсэн номлол байдаг. Гэхдээ бодох зүйл бас байна.

ХYН ба бусад амьтдын хооронд байдаг хамгийн том ялгаа бол оюун ухаан юм. ХYН сэтгэх чадварын хувьд бусад амьтдыгаа бодвол хол тасран түрүүлжээ. Yүнийхээ ачаар ХYН нь энэ дэлхийн аливаа бүхний ноён оргил нь болсон билээ. ХYН - хамгийн үнэтэй. ХYН болж төрнө гэдэг маш ховор аз завшаан мөн. Та нарт энэ аз завшааныг бэлэглэсэн болохоор хүүхэд бүр ээж ааваа хамгаас илүү хүндэлдэг байна. ХYН болж төрөх, ХYН шиг амьдрах хоёр ялгаатай. Аав ээжийн хүү охин болж төрнө гэдэг сайн хэрэг. Харин энэ бол ХYН шиг ХYН болчихлоо гэсэн үг биш. Эндээс ХYН шиг ХYН болох өөрөөр хэлбэл сайн ХYН болох, сайхан амьдрах нь хүний эрхэм чухал зорилго гэдэг нь харагдаж байна.ХYН шиг ХYН болох амаргүй. Гэтэл амьтан шиг хүн болох амархан байдаг гэнэ.Энд би ХYН гэдэг үгийг өргөмжлөн хайрладаг болохоороо ингэж хэлж байгаа юм. Амьдралыг, ахуй тойрноо ажиглажээ байхад хүнээс дор амьдардаг, заримдаа бүр араатнаас дор хүн таарах юм.
Хүний хамгийн их юм сурдаг үе нь хүүхэд нас. Тодруулбал сурагч та нар яг энэ сурагч байгаа үедээ аль болох их юм сурч мэдэж авах ёстой. ХYН яагаад суралцах ёстой юм бэ? Энэ асуултанд мэргэд дараах хариултыг өгдөг байна.

"ХYН нь ХYН учраас л суралцах шаардлагатай"

Хэрвээ ХYН суралцахгүй юм бол тэрээр ХYН биш болно гэсэн санаа үүний ард байгаа юм. Суралцах хүсэлгүй буюу өөрийгөө дайчилдаггүй хүүхэд багачууд бий. Тэд бол өөрөө өөрийгөө ХYН болгох ажлаас залхуурч байгаа хэрэг. Залхуураад байвал алсдаа тэр хүүхэд жирийн амьтан, сайндаа л сармагчин мэт болно биз. Хэрвээ ХYН нь жинхэнэ ёсоор суралцахгүй юм бол, цаг ямагт өөрийгөө дайчлахгүй юм бол ухаан санаа нь хоцрогдон хаягдана. Ийм хүн зугуухнаар, яг л бөхөж буй лаа шиг унтарна. Тэнэг мулгуу хүмүүс ийм болсон байдаг. Мулгуу тэнэг байх нь хүний шинж биш, амьтны шинж. Хүний бие давжаа жижиг, царайлаг бус эсвэл гадаад эрхтний гажиг согогтой байж болно. Ингэлээ гээд тэр хүнийг муу ХYН, муухай ХYН, мал шиг амьтан гэхгүй, тийм хүн бол жирийн л ХYН юм. Харин тэнэг мулгуу хүнийг бид үзэн ядаж, эргүү тэнэгээр нь хочлон шоглодог. Эндээс хүмүүс хоорондын зааг ялгаа харагдаж байгаа юм. Хүмүүс юугаараа өөр хоорондоо ялгагдаг вэ гэвэл биеийн өндөр намаар биш, ухааны их багаар ялгаран тодордог ажээ. Хүнийг гаднаас нь хараад ухааных нь цар хэмжээг мэдэхэд төвөгтэй.Ядаж л хэд гурван үг солих хэрэгтэй. Ингэвэл тэр ХYН эрхбиш танигдана. Юм мэддэг хүн, юм мэддэггүй хүний хооронд асар их зөрүү бий. Танхил өссөн хүүхэд тавхан үгэнд л танигдана. Эрдэмд шамддаггүй хүүхэд эхний үгээр л мэдэгдэнэ. ХYН болж төрөх, ХYН болж төлөвших хоёр ялгаатай. Энэ цаг үе бол та нарын хувьд ХYН болж төлөвших алтан үе чинь мөн.ХYН болж төлөвшихийн эх үндэс нь суралцахад оршино. Тодруулбал ХYН нь ХYН болж төлөвшихийн тулд л суралцдаг ажээ. Суралцахаас татгалзана гэдэг бол ХYН болохоосоо татгалзана гэсэн үг.

No comments:

Post a Comment