Хийе гэвэл арга нь олдоно
Хийхгүй гэвэл шалтаг нь олдоно
Ямар нэгэн зүйлийг үнэн сэтгэлээсээс хийе, бүтээе хэмээн шийдсэн хүн өөртөө итгэлтэйгээр тэр зүйлийнхээ төлөө олон саад бэрхшээлийг гэтлэн давж, зорилгодоо хүрдэг. Чадна гэсэн л бодол байвал арван оролдлогын найм нь биелдэг. “Би мэдэхгүй юм байна”, “чадахгүй”, “болохгүй зүйл юм” гэх мэт болохгүй, бүтэхгүй талаас нь хэлсэн үг, хэллэгт Наполеон их дургүй байсан гэдэг. Тэрээр “бололцоогүй гэдэг үг мунхагийн толь бичигт холхиостой” гэж хэлсэн байдаг. Энэ үг сурагч та бүхний дунд байдаг зарим нэг сурагчдад илүү их хамаатай. Багш гэрийн даалгавар өгөхөд “багшаа ямар их даалгавар өгдөг юм бэ? Бүгдийг нь хийж амжихгүй ш дээ” гэж орилдог сурагч бий. Тэр сурагч “үүнийг яавал амжуулаад хийж болох вэ?” гэж бодохын оронд болж бүтэхгүй юм бодоод л сууж байдаг. Багш самбарт бодлого бичээд, за хүүхдүүдээ хичээгээд бодоорой гэхэд “Би л лав бодож чадахгүй бодлого байна” гээд оролдохгүй суух сурагч ч харагддаг. Энэ мэт байдлаар хийх зүйлийнхээ аль боломжгүй талыг нь олж хараад сурчихвал сурагч та нар цаашид хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Жишээ болгож нэгэн хошин яриаг өгүүлье. Нэгэн айлын том хүүхдүүд нь отгон дүүгийнхээ талаар ингэж ярьцгаажээ. “ Дүү 8-р ангиа төгсч чадаа ч уу, үгүй ч үү. За яахав төгсчихдөг юм байж, тэглээ гээд 9-р ангидаа дэвшин орж чадаа ч уу, үгүй ч үү. За яахав 9-р ангид орчихдог юм байж, тэглээ гээд 10-р ангиа төгсч чадаа ч уу, үгүй ч үү. За яахав 10-р ангиа амжилттай төгсчихлөө гэж бодъё. Тэглээ гээд дээд сургуульд орж чадаа ч уу, үгүй ч үү ... ”
Бодит амьдрал дээр аливаад ингэж болохгүй, бүтэхгүй талаас нь хандвал бидэнд хийж чадах зүйл нэгээхэн ч олдохгүй. Харин үүний оронд “Яавал үүнийг би хийж чадах вэ?” гэж бодвол энэ бодол маань биднийг тухайн асуудлыг шийдэх оновчтой арга зам руу хөтлөн очдог. Хамгийн гол нь болохгүй зүйл, давж чадахгүй даваа гэж өөрийн сэтгэл санааг боомилж болохгүй.
А.Сүхбат аваргыг анх бөхөөр хичээллэж байх үед нь аварга болох нь байтугай, сайн бөх болно гэж төсөөлж байсан хүн ховор байсан. Гэвч түүний "би сайн бөх болно" гэсэн өөртөө итгэх итгэл, "Яавал сайн барилдах вэ?" гэсэн бүтээлч бодол нь түүнийг энэ алдрын зам руу нь хөтөлсөн. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс "Бид тэнгэрт дүүлэн нисдэг ч болоосой" гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Харин "Нисэх төхөөрөмжийг хэрхэн, яаж зохион бүтээвэл болох вэ?" гэсэн бүтээлч бодлын хүчээр л хүн төрөлхтөн дүүлэн нисдэг болсон юм. Их эрдэмтэн Ньютон нэлээд тааруухан сурлагатай, бие жижигтэй, туранхай сурагч байжээ. Нэг ангид суралцдаг их том биетэй нэг сурагч түүнийг байнга дээрэлхдэг байсан байна. Yүнээс залхсан Ньютон нэг өдөр "Яавал би түүнийг ялан дийлж болох вэ?" гэж бодоод "Хэрвээ би түүнээс илүү сайн суралцаж чадвал түүнээс илүү гарах юм байна" гэсэн шийдэлд хүрсэн гэдэг. Одоо бүх л хүн алдарт физикч Ньютоны нэрийг андахгүй мэддэг бол түүнийг дээрэлхдэг байсан тэр сурагчийн нэр түүхэнд үлдээгүй юм.
/Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/
2010/01/04
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment