2010/01/03
Ном унших нь
Номыг яаж унших вэ?
Ном бол унших, бодох хоёр ухааны дасгал юм.
О.Марден
Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс хүний хувьд мэдээлэл олж авах гол арга зам нь ном унших, зурагт үзэх, компьютертэй ажиллах явдал болжээ. Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгөхөөс гадна эрэгцүүлэн дүрслэн бодох, оновчтой унших арга ухаанд сургагч хэрэгсэл болдогоороо зурагт, компьютерээс давуу талтай. Зурагт, компьютер нь дуу авиа, дүрс хөдөлгөөн ашиглан хүний хүртэхүйд мэдээллийг илүү бодитойгоор, шууд хүргэдэг боловч сэтгэн бодох үйл ажиллагааг орхигдуулж бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Мөн нүдний хараа муутгах, хортой цацраг туяа цацруулах зэргээр эрүүл мэндэд хортой юм. Ийм учраас сурагч та нар чөлөөт цагаа зурагт үзэх, комьютер тоглохоос илүү ном уншихад зарцуулж сураарай! Зөвхөн өөрөө уншаад л болоо гэж бодолгүй, бусад хүмүүс ч тэр номыг чинь уншина гэж бодоод номтой зөв харьцаж, цэвэрхэн ашиглах ёстой. Унших номоо сонгохдоо ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, хавсралт зураг, мэдээллийн тоо баримт зэргийг үзэж, танилцах ёстой. Ингэж номтой урьдчилан танилцах нь номын агуулгыг төсөөлөхөд дөхөм үзүүлж, хэрэгцээт номоо сонгох хугацааг хэмнэдэг. Номын удиртгал ба оршилд зохиогч нь номын зорилтыг тайлбарлаж, юунд анхаарлаа төвлөрүүлсэн,тэр номыг зохиох болсон шалтгаан, агуулга, зорилтын талаар өгүүлсэн байдаг. Иймээс юуны түрүүнд номын оршил, удиртгалыг уншдаг. Амандаа унших, анхаарлаа төвлөрүүлж унших, санаандаа бодож унших, буцалтгүй унших, нүдээ хөдөлгөн унших, ойлгож тогтоон унших, унших хурд, хэмнэлээ өөрчлөн унших, хэрэгцээт зүйлээ сонгон унших, ойлголтоо гүнзгийрүүлэх зэрэг унших олон арга барил байдаг. Оновчтой уншлага нь дараах гурван арга барилыг заавал багтаасан байна.
1. Гүйлгэн унших
Энэ нь унших ёстой зүйлтэйгээ урьдчилан танилцах үйл ажиллагаа юм. Энэ уншилтаар унших зүйл чинь чиний хэрэгцээ, сонирхолд нийцэж байгаа эсэх, бүрэн сайн уншъя гэвэл хэр удаан унших, ерөнхий агуулга нь юу болох зэргийг олж тогтооно.
2. Хурдан унших
Энэ нь тухайн уншсан зүйлийнхээ гол утга санааг таньж, зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарал төвлөрүүлэн, гол гол зүйлийг л тогтоож цээжилсэн байдаг.
3. Удаан нухацтай унших
Энэ нь уншиж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, уншсан зүйлээ задлан шинжилж, эрэгцүүлэн бодож, дүгнэлт өгч унших үйл ажиллагаа юм. Аливаа зүйлийг уншихад эхлээд гүйлгэн унших хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тухайн зүйлийг цаг гаргаж унших ёстой эсэхийг шийдвэрлэж, цаг, хугацаа , хүч хөдөлмөрийг хэмнэдэг. Энэ алхамын дараа хурдан унших аргыг хэрэглэнэ. Уншсан зүйл чинь үнэхээр чухал, утга санаа холч гүн, хэрэгтэй мэдээлэл ихтэй байвал энэ алхмын дараа удаан нухацтай унших арга барилыг хэрэглэнэ. Сайн бичигдсэн номыг цаг гаргаж, яаралгүй хэд хэд дахин унших хэрэгтэй.
Хурдан уншиж суръя
Өнөө үед хэрэгцээт мэдээллийг олж авах нь амин чухал зүйл болоод байна. Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс мэдээлэл олж авах гол зам нь ном унших явдал юм. Гэвч хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэл асар их болсон болохоор хүн өөрт хэрэгтэй багахаан мэдээллийг олж авахын тулд асар их хэмжээний зүйл унших шаардлагатай. Иймд хурдан унших чадвар нь хүний эзэмших ёстой гол чадваруудын нэг болсон байна. Наполеон минутанд 2000 үг, Бальзак бүтэн романыг хагас цагт, Вүүди Аллен “Дайн ба энх” зохиолыг хорин минутанд уншиж чаддаг байв. Тэгсэн мөртлөө тэд утга санааг нь гайхалтай гүн ойлгож, зарим өгүүлбэр, хэсгийг цээжээрээ иш татаж чаддаг байжээ. Гэвч олонхи хүн ингэж хурдан, үр дүнтэй уншиж чаддаггүй. Yүний учир юу вэ? Хурдан унших чадвар бол оюун ухаанаа дайчилж, анхаарлаа төвлөрүүлэн, хараагаа дасгалжуулж уншсаны үр дүн байдаг. Хурдан уншиж чаддаг болохын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
1.Амандаа үглэн уншвал удаан уншдаг. Учир нь амандаа үглэн уншихад нүд, яриа, сонсгол гэсэн гурван зүйлд тархины үйл ажиллагаа чиглэгдэх болдог ба ингэснээр унших явцыг удаашруулдаг. Энэ дутагдлаасаа салъя гэвэл шүдээ зуусхийж, уруулаа хоёр хуруугаараа барьж байгаад унших хэрэгтэй. Эсвэл үүний оронд үгийг сэтгэлдээ төсөөлөн бодож унших аргыг хэрэглэж болно.
2. Унших явцдаа өгүүлбэрийн хэсэг бүрийн утгыг мэдэх гэлгүй, ерөнхий утгыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.
3. Хэрэгцээгүй жижиг сажиг зүйлийг орхиж, тухайн сэдвийн гол санаа, аль чухал хэсгийг нь онцлон уншиж сурах хэрэгтэй.
4. Уншсан зүйлийнхээ гол тоймыг тодорхойлж сурах хэрэгтэй.
5. Зүүн талаас баруун тийш нь мөрийг дагуулан харалгүй, дээрээс нь доош гүйлгэн харж сур.
6. Нэг харахдаа ганц хоёрхон үг харалгүй, үгийг багц багцаар харахыг хичээ. Сурагч та нэг харахдаа хэдий чинээ олон үг хамарч чадна, төдий чинээ хурдан уншиж чадна.
7. Ном, сонин, сэтгүүл уншихдаа уншсанаа дахин дахин эргэж хардаг муу зуршилтай бол түүнээсээ аль болох түргэн сал. Эргэж харалгүй дандаа урагшлан уншиж хэвшвэл чи илүү анхааралтай байж сурна.
8. Ном уншихдаа чимээгүй намуухан орчинг сонго. Ном унших үед сэтгэлийн зовиургүй, тайван байх ёстой.
Хурдан, ойлгож, тогтоож унших
Олон бүлэгтэй, олон хуудастай номыг хурдан, мөн ойлгож, гол гол утга санаануудыг тогтоож унших нэг аргатай танилцъя. 10 бүлэгтэй, 250 хуудастай номыг жишээ болгон авъя:
1. Унших гэж байгаа номоо бүхэлд нь тоймлон харж, гол нь юуны талаар өгүүлэх гэж буйг тодорхойлох Ойролцоогоор 5-10 минут
2. Номыг гүйлгэн унших: Нэгдүгээр бүлгээс эхлэн сэдвүүдийг гүйлгэн харж, гол гол баримт, санааг тогтоон харж, энэ ном чамд хэрэгтэй эсэхийг олж тогтоо. Тухайн номыг унших шаардлагагүй гэсэн дүгнэлт гарвал эртхэн больж цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
3. Энэ номоос юу мэдэж авахаа олж тогтоо Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
4. Унших явцдаа гол утга санаа нь юу вэ?, Энэ нь хэр бодитой вэ? Дүгнэлт нь хэр зөв бэ? Шинэ зүйл байна уу? Эдгээрээс юу нь надад хэрэгтэй вэ? зэрэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээ. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
5. Нэг хуудсыг 15-20 секунд хугацаанд унших хурдтайгаар бүх бүлгийг унш. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
6. Ойлгомжгүй, эсвэл ойлгоход төвөгтэй утга санаа гарвал дахин анхааралтай унших хэрэгтэй. Ойлгохгүй байгаа хэсгийг чанга дуугаар уншиж, бусад утга санаатай хэрхэн холбогдож байгааг олж тогтоо. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
7. Өөрт хэрэгтэй гэж үзсэн гол гол зүйлсийг тэмдэглэж ав. Бүлэг бүрийн хувьд 10 минут, нийт номын хувьд 100 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.
8. Сэргээн харах: Маргааш нь өөрийн тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад 10 минут зарцуул. Долоо хоногийн дараа 5-10 минутыг, сарын дараа 5-10 минутыг тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад зарцуулах хэрэгтэй. Энэ нь нийт 30 минут болох юм.
Номыг зөв унших соёл
Нэг ижил номыг уншсан ч гэсэн уншигчид нь түүний утга агуулгыг өөрсдийн нас, оюуны хөгжлийн түвшин, хувь хүний онцлог зэргээсээ хамааран харилцан адилгүй ойлгож авдаг. Иймээс сурагч та нар өөрт тохирсон ном зохиолыг сонгож унших ёстой. Өөрт тохироогүй ном унших нь оюуныг ядраах, буруу зүйлд уруу татах зэрэг сөрөг муу талуудтай байдаг. Бас ном унших буруу хэвшлүүд гэж бий. Энэ нь өөрт таалагдсан номыг амралт, завсарлагаагүйгээр удаан хугацаагаар шунан унших, гарт тааралдсан ямар ч хамаагүй ном унших, хэвтэж унших, гэрэл муутай орчинд унших зэрэг үйл ажиллагаа юм. Эдгээрээс шалтгаалж хүний оюун тархи ядран,хараа муудаж, элдэв өвчин эмгэгтэй болно. Мөн учир утгагүй олон ном унших нь хоосон номчирхогч, цэгцгүй мэдлэгтнийг бий болгодог. Ямар ч зорилгогүйгээр их л уншиж байвал болох юм шиг бүү бодоорой. Өөрийн харааг эмчид үзүүлж, хараа муутай бол тохирох шил зүүхгүйгээр ном уншихыг хатуу цээрлэх ёстой. Сурагч та нар аливаа номыг уншихдаа 30 минут уншаад 2-5 минут амарч хэвших хэрэгтэй. Амрах үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулж, салхинд гарч, гар нүүрээ хүйтэн усаар угааж, биеийнхээ чилээг гаргах дасгал хийж болно. Нүд, толгойдоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй. Ном уншихад уншлагын орчин их чухал. Гэрэл муутай орчинг сонговол хараа муудна. Чимээ шуугиантай орчинд бол анхаарал сарниад уншлага үр дүнгүй болно.
Гарчиг
Ном уншихуй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment