2010/01/11

Түүхээ үзэхүй

Нийтлэлч: Ч.Эрдэнэ

Болсон үнэн, бодит үнэнийг түүх гэнэ. Түүхээ бага мэдэх хийгээд мэдэхээс хойш сууснаар өнгөрсөнд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ирээдүй бүдгэрч, буурь сууриа алдана. Ирээдүй маань өнгөрсний дагавар үргэлжлэл. Өөр нэгэн мөрөөдлийн гайхамшигт үзэгдэл бус. Yндэсний баялаг түүх буйн маргашгүй нотолгоо нь та бид өөрсдөө. Бид өнөөдөр оршин буй л болохоор өвөг буурал удам угсаатай нь зайлбаргүй бөгөөд тэд та бидний нэгэн адил, магадгүй илүү ихийг үйлдэн ухаарч явжээ. Хэрэв тэгээгүйсэн бол удам угсаа маань нэгэн цагт хорвоогийн адармаан дунд үгүйрэн тасарч өнөө биднийг ертөнцийн тоосноос ч олохгүй байхсан.

"Миний дотор хүн" маань түүхэн орчны нөлөө тусгалаар сүүлийн 300 жил бүрэлдэн бэхжсэн бурангуй гэхэд багадмаар үзэгдэл. Улс төр, соёл иргэншлийн олон арван үеийн дарамт шахалт монгол түмэнд хүнд туссан юм. Манай түүх, соёлыг үгүйсгэн эс тоох, устгах, нялзаан саармагжуулах оролдлого, хандлага өнөө ч үргэлжилсээр. Энэ ч талаар болсонгүй. Манай дотор хүний үндсэн бүрдэл бичил хэсгүүд сарниж, сүнс нь төөрөлдөв. Хаанахын хэнбугайн ч нүдэнд үл харагдах, гарт эс баригдах сүнс нь гагцхүү үндэсний үзэл. Хэзээ ч ийм байсан, цаашид ч улам хүчтэй байх болно. Улам хүчтэй байх болно гэдгийн учир нь үндэстэн ястны тус тусын онцгой ондоошил үгүйгээр дэлхийн нийгэм, соёл оршин тогтнох, тэр тусмаа хөгжих өөр язгуур хүчин зүйл байхгүй юм.

Нийгмийн үзэгдэлд хамгийн нийтлэг бөгөөд арилшгүй нь үндэсний үзэл хэдий ч, хэрэв эвгүй сонсогдох бол үндэсний бахархал гэе. Өнөөгөөрөө бахархдаг хүн ба үндэстэн нэгээхэн бээр ч байхгүй. Өнөөдөө сэтгэл дундуур явдаг нь гэм биш зан. Хэрэв бахархдаг бол сэтгэхүйн согогоос цаашгүй юм. Yндэсний бахархлын цөмийг нэгэнт байгуулчихсан түүх, уламжилж ирсэн соёл бүрдүүлдэг учиртай. Эдгээр нь хэн нэгний айж бэргээд буй үндэсний үзлийг гэхээсээ илүү зүгээр хувь хүний дотор хүнийг сүнс сүлджүүлж байдгаараа үлэмжийн хур чийг ба шим тэжээл юм. Хүний соёл иргэншилд хэн ямар хувь нэмэр урьд хожид оруулснаар түүх, соёлын бодит хэмжүүр гарч ирнэ. Монгол хүн хийгээд монгол түмэнд жингийн туухай хаашаа дарах бол гэж эмээх хэрэг огтоос байхгүй. Их бага бусад үндэстнээс илүүгүй гэхэд дутуу яавч дарахгүй.

No comments:

Post a Comment