2010/01/04

Мөнгийг зохистой зарцуулах ухаан

Сэтгэл татам Вавилон хотын хэрмийг боолчууд барьсан ба хэрмийн хүнд чулууг зөөх боолчууд дээр нар өрөвдөх сэтгэлгүй шарж, тасралтгүй ороолгох ташуурын дор тэд дунджаар 3 жилээс илүү тэсдэггүй байлаа. Сонирхолтой нь гэвэл эдгээр боолчуудын 3 хүний 2 нь дайны олзлогсод бус өрийн төлөөс болж эрх чөлөөгөө алдсан Вавилоны оршин суугчид байлаа. Учир нь гэвэл тавьсан өрнийхөө төлөөсөнд эртний Вавилончууд өөрсдөө алхны дор" дуудлага худалдаанд орж боол болдог байжээ. Тийнхүү ажиллаж байгаа боолчууд нь Вавилоны оршин суугч бүрт тохиолдож болох бодит дүр зураг байлаа. Ийм эрсдэл хүлээхээр байтал хүмүүс яаж тийм тэнэг байдаг юм бэ? Yүний хариулт тодорхой, тийм хүмүүс тухайн мөчийг л хэрхэн аз жаргалтай өнгөрүүлэх вэ? гэж бодохоос ирээдүй хойчийн үр дагаварын талаар боддоггүй юм. Өнөө цагт ч гэсэн энэ байдлыг бид өөрсдийн болон эргэн тойрны хүмүүсийн амьдралаас харж чадна. Вавилончууд өөрсдөө "алхны дор" дуудлага худалдаанд ордог байсан бол өнөөдөр хүмүүс байшин, эд зүйлсээ алханы дор өгч байна.

Насанжаргал хүүг 10 нас хүрэхэд аав нь халаасны мөнгө өгч байхаар болжээ. Аав нь нэг өдрийн чөлөөг ажлаасаа авч хүүгээ дагуулан хотын захын гэр хороолол руу дагуулан очсон байна. Тэгээд аав нь хүүдээ “Чи ийм газар, ингэж аж төрөхийг хүсэж байна уу? Чи дахиад 10-15 жил аав, ээжтэйгээ хамт амьдрах болно. Дараа нь өөрөө тусдаа амьдрах ёстой болно. Тэр үед чи дорвитой мөнгө хуримтлуулж, мөнгө зарцуулах ухаанд суралцаагүй байвал иймэрхүү замаар л амьдарна” гэж хэлсэн гэдэг. Аав нь хүүдээ өдөрт 1000 төгрөгийг халаасны мөнгө болгон өгч байхаар болсон бөгөөд хэмнэсэн төгрөг тутамд нь 10 төгрөгийг түүний нэр дээр хадгалж байхаар тохиролцжээ. Ингэхэд хүү нь 15 жилийн дараа өөрийн гэсэн байртай болох мөнгө хуримтлуулж чадсан гэдэг.

АНУ-н 100-тын долларын дэвсгэрт дээр Бенжамин Франклин хэмээх хүний хөрөг зураг бий. Энэ хүн бага насандаа тохиолдсон нэгэн явдлын талаар ийнхүү дурссан байдаг:

"Намайг бага байхад найз нөхөд, гэрийнхэн маань нэгэн баяраар надад нилээд их мөнгө бэлэглэв. Би дэлгүүр гарч юм авахаар явж байснаа замд тааралдсан нэг жаалын гартаа барьсан шүглийг шохоорхож бүх мөнгөө нэг шүгэлнээс өгч орхилоо. Гэртээ ирэхэд ах, эгч нар маань намайг ямар наймаа хийснийг сонсоод, уг шүглийг би дөрөв дахин их үнээр авсныг хэлж, илүү гарзадсан мөнгөөрөө юу юу авч болох байсныг тайлбарлалаа. Тэд миний тэнэгийг шоолж инээлдэхэд би өөртөө гутарч уйлж билээ. Yүнээс хойш би насан туршдаа ямар нэг зүйл худалдан авахдаа өөрөөсөө энэ нөгөө шүгэл биш биз гэж асуудаг болсон"

/Бодо Шефер "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам", Г.Аюурзана "Суут 60 сэтгэгч"
Б.Батаа П.Ариунзаяа "Үгээр урласан ухаан"/

No comments:

Post a Comment