2010/01/02

П.Очирбатын намтараас


Монгол улсын анхны ерөнхийлөгч, инженер, судлаач эрдэмтэн, улс төрийн нэрт зүтгэлтэн П.Очирбат


1) Завхан аймгийн Түдэвтэй сумын 8 дугаар багийн нутаг Бунхант гэдэг газар ард Гонсийн Гэндэнжавын гэргий Цогтын Пунсалмаагаас би төржээ. Түдэвтэй гэдэг нь мөнх цаст уул юм. Сарлагийн бух тошсон морин жилийн өвлийн адаг сарын эхээр намайг төрөхөд Дэмбэрэл Yмбээ буюу Сэрээтэр ахын ээж эх барьж авсан гэдэг. Тэр үед боловсон эмнэлэг байсангүй. Мэргэжлийн эх баригч байсангүй. Төрөх орыг шээзгий, ариутгасан даавууг өтөг, эх баригчыг Yмбээ орложээ.
Монголын хөдөө үнэхээр ариун дагшин газар, манай өвөлжөөнөөс алсын уулс тал
хөндий эргэн тойрон алган дээр байгаа мэт ил харагддаг. Гол хоржигнон урсахыг сонсч зэрлэг ургамлын үнэр нар салхи шингэсэн цэнгэг агаар амьсгалж бие сэтгэл байгаль ертөнцтэй нэгдэн уусаад сэтгэлд өөрийн эрхгүй ямрыг бүү мэд аялгуу эгшиглэн баяр баясгалан төрнө. Миний нутаг тэгш сайхан хангай даа.

2) Эцэг минь багад нас барж монголчуудын зан заншлаар хөвүүн надаар өрхийг
овоглох болсон юм. Хүүхдээр өрх гэрийг овоглох нь түүнд бүр багаас нь үүрэг хариуцлага оногдуулж хүмүүжүүлдэг. Ээж хоолныхоо дээжийг надад аягалж багийн дарга ирэхэд гэрийн эзэн тэр суунаа гэж намайг заадагсан. Завхан аймгийн Түдэвтэй сумын наймдугаар багийн 1947 оны VIII сарын найманд явуулсан тоо бүртгэлд “ Гэндэнжавын Очирбат таван настай, эрэгтэй, халх, малын ажилтай, Цогтын Пунсалмаа 30 настай эмэгтэй нөхөргүй монгол бичиг шинэ үсгээр уншиж бичиж чадахгүй. Сургуульд яваагүй малын ажилтай. Гэндэнжавын Жамбалралди 1 настай. Мал нь адуу 1, үхэр 5, сарлаг 5, тугал бүгд 4, хонь 23, хурга 10, ямаа 2, ишиг 1 ” гэж бүртгэжээ. Ийнхүү би таван настайдаа өрх толгойлж монгол улсынхаа дансанд өрхийн ам бүлийн эхэнд бичигдэх болсон юм.

3) Нэг удаа ээжийг багийн хуралд явсан хойгуур орны ширдэг завсраас авдарны түлхүүрийг авч онгойлгож үзлээ. Тэнд зангидсан гарын чинээ домбон ёотон аяганы амсрын чинээ еэвэн байв. Ёотонг нь аваад хазаж эмтлэх гэсэн аманд багтахгүй тэгээд даагдах ч үгүй юм. Тэгэхээр нь усанд дүрээд сороод байсан чинь сайхан амттай байнаа. Сүүлдээ өрөөсөн талаасаа шүүр шиг сэвсийгээд сайртай гарын хирэнд өнхөрсөөр түнтийсэн зэгэл саарал өнгөтэй болоод ирдэг байна. Ингээд буцаагаад авдранд нь хийчихлээ. Дараа нь нөгөө еэвэнг аваад хээтэй ирмэгийг баахан мэрээд эргүүлж байранд нь тавиад авдрыг цоожилчихоод байж байтал ээж нэг хүнтэй буцаж ирлээ. Би тарьсан хэргээсээ гэмшиж барааны ард нуугдан гэрт болж буй яриаг чагнаж суув. Тэгтэл гай болж өнөө хамт ирсэн хүн Амбаа таваг өнгөлчихмөөр амттай юм байхгүй биз гэдэг байна шүү. За хэрэг бишидлээ гэж бодож суутал ээж дуу алдаад халаглаад явчихлаа. Би ч босон харайгаад жирийж гарлаа.
Зун цаг байсан юм. Ээж маань нарийхан бургасан шилбүүр бариад хойноос харайж явна шүү. Яах ийхийн зуургүй тахим дундуур тас гээд л явчихлаа. Гувруу гүйтэл хэд ороолгуулж аваад уйлаад үлдэж билээ. Эцэг багад үлдээж, эх минь ганцаар ядарсан ч хүний сайхан сэтгэл, зөв хүмүүжлийг бидэнд өвлүүлжээ.

4) Ерөнхий эрдмийн сургуульд 9 жил суралцаж 10 жилийн боловсрол олсон. Нэг жилийн өмнө боловч хоолондоо хүрч эхийгээ тэтгэхийн хүслэнд хөтлөгдөн тэмүүлсний минь үр дүн энэ.Эргэж ирэхгүй болоод ч тэрүү бага нас, сургуулийн жилүүд, оюутан үе хамгийн гэрэл гэгээтэй цаг цахилаад өнгөрсөн хараацай мэтээ. Төрийн хэрэг, хүндэтгэлийн ширээний цаана суугаа Очирбат гэнэн цайлган мөрөөдөл тэмүүлэл бүхий гучин хэдэн жилийн өмнөх Очирбаттай холбоотой. Сургуульд байхдаа пионерийн гишүүн, монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элсэж, эмэгтэй хүүхдэд захиа бичиж, эрэгтэй хүүхдүүдтэй гар зөрүүлж, бөмбөг өшиглөж, лаптуу тоглож хүүхдийн хийдэг бүхнийг хийж явлаа. Харин худлаа хэлж, хулгай хийж явсангүй. Манай ангийхан хоорондоо их эвсэг, хичээлдээ жигд сайн суралцдаг сахилга сайтай үлгэр
жишээч анги.

/П.Очирбат “Тэнгэрийн цаг” номноос товчлон авав/

No comments:

Post a Comment