2010/01/02

Бенжамин Франклины намтараас


Бенжамин Франклин
Америкчуудын бишрэн хүндэтгэдэг хүний нэг.
Хэвлэгч, дипломатч, философич, эрдэмтэн,
улс нийгмийн нэрт зүтгэлтэн.

1) Би айлын 15 дахь хүүхэд. Миний ах нар бүгд янз бүрийн худалдааны төрлөөр дагалдан ажилтан хийдэг байлаа. Харин намайг найман настайгаас минь сүмийн ажилтан болгох зорилгоор нэгэн тусгай сургуульд явуулсан юм. Би багаасаа уншиж сурсан бөгөөд яг хэдэн настайдаа уншиж сурснаа сайн санадаггүй. Энэ нь намайг сургуульд сайн сурах байх гэсэн итгэлийг аавд минь өгсөн байж болох юм. Сургуульд ороод эхний үед би онцгой сайн сурагч байж чадаагүй. Гэвч аажим аажмаар ахисаар би тэр жилд ангийн дундаж сурагчаас тэргүүний сурагч болтлоо өсч хөгжиж чадсан. Жилийн эцэс гэхэд би өөрийн дээд ангийн хичээлийг үзэж эхэлсэн байлаа.

2) Гэвч тэр үед аав маань бодлоо өөрчлөв. Нэг талаас өөрийн агуу том гэр бүлийг авч явахад түүнд бэрхшээлтэй байлаа. Нөгөө талаас намайг амьдралд хэрэгцээтэй зүйлст сургая гэж бодсон биз. Ингээд тэр тусгай сургуулиас намайг гаргаж Жорж Броунел гуайн сургуульд бичиг, тоо заалгахаар болов. Багшийнхаа ачаар би удалгүй дажгүй сайн бичиж сурсан боловч тооны ухаанд бүтэлгүйтэж, ямар ч ахиц гарахгүй байлаа.

3) Арван настайдаа би гэртээ буцан ирж аавынхаа лааны үйлдвэрлэлд туслах болов. Лааны гол тасдах, лааг хэвэнд цутгах, дэлгүүрт хүргэж, захиалга хүлээн авах зэрэг ажлыг би хийдэг байлаа. Худалдааны ажил надад таалагддаггүй байсан бөгөөд миний зүрх сэтгэл тэнгис, далайд татагдсан байлаа. Гэвч аав минь энэ хүсэл тэмүүллийг маань эрс эсэргүүцдэг байсан. Манайх устай ойрхон байдаг тул би багаасаа усанд сэлж сурсан бөгөөд завь, усан онгоц жолоодож чаддаг байлаа.Yеийн хүүхдүүдтэй завь, усан онгоцоор аялаж байх үед ямар нэг бэрхшээл гарах, эсвэл удирдан жолоодох хэрэгцээ гарсан үед би ихэвчлэн манлайлагч болж шийдвэр гаргадаг байлаа.

4) Аав маань бие хаа сайтай, хүч тэнхээ ихтэй, хөгжмийн бага зэргийн авъяастай, цэвэрхэн сайхан хоолойтой хүн байв. Мөн аав бага зэргийн техникийн авъяастай, бусад худалдаачдын арга хэрэгслийг хэрэглэхдээ гарын дүйтэй байсан. Түүнийг ихэс дээдсүүд байнга урьж дуудах бөгөөд үзэл бодлыг нь асууж, зөвлөгөө хүсдэг байлаа. Эдгээрээс гадна аав маань хувь хүмүүст шийдвэр гаргах, хүнд нөхцөл байдлаас гарахад нь тусалж, маргалдсан талуудыг эв зүйгээ олоход нь шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм.

5) Аав маань өөрийн хөршүүд болон ойр дотнын найзуудтайгаа яриа дэлгэн суух дуртай байсан.Ярианыхаа сэдвийг хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхэд зориулан сонгодог байв. Энэ зорилгоор аав маань амьдралын сайхан нь юу вэ?, амьдралд юуг анхаарах ёстой вэ?, энэ хүн зөв хувцаслаж уу? энэ нь эрүүл мэндэд нь хортой юу? сайхан амт, муухай муу амт гэж юу вэ? гэсэн тодорхой асуудалд бидний анхаарлыг хандуулдаг байлаа.

6) Аав, ээжид маань ямар нэгэн өвчин тусаж байсан эсэхийг би мэдэхгүй. Аав маань 89, ээж 85 насалсан юм. Тэд байнгын хөдөлмөр, хийж бүтээх ажил үйлсээр 55 жил бие биенээ хайрлан амьдрахдаа 18 хүүхдийг өсгөж, хүмүүжүүлсэн бөгөөд эдгээрээс 7 хүүхэд нь олонд нэртэй хүн болсон юм.

7) Би аавынхаа бизнест туслан цааш хоёр жил ажиллахад 12 настай болсон бөгөөд бизнест дургүй хандлага маань хэвээрээ л байлаа. Аав намайг дагуулан мужаан, өрлөгчин,токарьчин, гагнуурчин зэрэг хүмүүс хэрхэн ажиллаж байгааг харуулан, зааж сургадаг байв. Энэ нь хожим амьдралд маань маш их тус болсон. Би үүний ач тусаар гэртээ бусдын туслалцаагүйгээр аар саар мужааны ажил хийж, туршилт судалгаандаа шаардлагатай машин зохион бүтээж чаддаг болсон.Эдгээр нь миний зохион бүтээх чадварыг хөгжүүлсэн юм.

8). Бага наснаасаа би ном унших дуртай байсан. Гартаа орж ирсэн бүх мөнгөө ном худалдан авахад зарцуулдаг байв. Аавын маань номын сан цомхон, тодорхой төрлийн номуудаас бүрддэг байсан бөгөөд тэдгээрийн ихэнхийг нь би уншчихсан байлаа. Гэвч энэ нь надад хангалтгүй санагдаж, илүү ихийг мэдэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл намайг эзэмдэнэ. Олон ном худалдан авахад мөнгө их орох тул уншсан номоо буцаан худалдаж дараагийн номоо худалдан авахад ашигладаг байв. Зарим номыг цэвэрхэн уншаад маргааш буцаан өгье гэж гуйж аваад шөнөжин уншиж дуусгаад өглөө нь аваачиж өгнө.

/Б.Франклиний интернетийн сайтаас/

No comments:

Post a Comment