2010/01/02

Цангасан илжиг

Илжиг усандаа яг цагтаа гэлдэрч иржээ. Гэтэл нугас шувууд цөөрөм дотор дураараа тонгочин, далавч сүүлээрээ ус үсчүүлж хамаг усыг нь булингар болгочихсон байлаа. Илжиг маш их цангаж, хоолой нь хатаж тэсэхийн аргагүй болсон ч уухыг завдалгүй, хажуу тийшээ болоод булингар намдахыг тэвчин хүлээв.
Нугаснууд сая нэг намдацгааж уснаас гаран явж одов. Илжиг ахин ус руу дөхөж ажвал аанай л булингартсан хэвээрээ байв. Илжиг дахиад л толгойгоо гудайлган холдлоо.
“Ээжээ, илжиг яагаад уснаас уухгүй байгаа юм бэ? Ус руу дахин дахин дөхөж очсон хэрнээ огт амсахгүй буцаад явчих юм” гэж илжигний аашийг сонирхсон зулзаган мэлхий эхээсээ асуув. “Яагаад гэвэл илжиг бохир уснаас ам хүрснээс хатаж үхэх нь дээр гэдэг юм. Усыг цэвэршиж, тув тунгалаг болтол нь тэр хүлээж чадах тэвчээртэй” гэж эх нь хариулжээ. Зулзаган мэлхий “Илжиг их маягтай юмаа” гэхэд эх нь “Хүү минь тэр маягтай биш, харин тун хүлээцтэй амьтан. Илжиг ямар ч зовлон бэрхшээл, муу болгоныг тэсэн өнгөрөөж чадна. Харин тэвчээр, хүлээцгүй амьтад л түүнийг маягтай, зөрүүд гэж хочилдог юм шүү дээ” гэв.

/Л.Д.Винчи “Сургаалт үлгэр домог”/

No comments:

Post a Comment