2010/01/02

Зориг, ухаан хоёул хэрэгтэй

Эрт урьд цагт нэгэн газарт улаан ган болж, тэндхийн хүн амьтан ган гачигт нэрвэгдэж эхэлсэнд ахлагч нь овог отгийнхоо хүмүүсийг цуглуулан мал сүрэг бэлчээхэд тохиромжтой, өвс ус нь жигдэрсэн нутаг руу нүүдэллэн явах зарлиг гаргав. Тэр нутаг нь маш хол байжээ. Отгийн ахлагч нь зарлиг буулгахын хамт хол замын аянд тээр болохоос төвөгшөөн өтгөс өвгөдийг цуг авч явахыг хориглож, уул зарлигийг зөрчсөн этгээдэд цаазаар аваачих ял оноохыг хүртэл урьдчилан сануулжээ. Бүгд отгийн ахлагчтай ам мурийлгүй зарлигыг нь дагав.
Гэтэл нэгэн залуу эр өвчинд баригдсан өвгөн эцгийгээ ардаа үлдээх зориг гаргаж чадсангүй. Тэр залуу аавыгаа нэг уутанд хийж, авч явах ачаа барааныхаа хамт моринд ачиж хөсгийн цуваанд нийлжээ. Шөнө болж аяныхан хоноглох газраа буудаллах болоход аав минь алжаасан биеийнхээ чилээг түр ч атугай гаргаг даа гэж бодсондоо нөгөө залуу амьтан хүнээс зайдуухан овоохойгоо босгох ажээ.
Хэд хоног өнгөрсний хойно овог аймгийнхны цуваа нэг нуурын эрэг дээр хүрч очив. Чингээд тэд нуурын усанд угаалга арчилга хийж , ус унд авахаар очсонд нуурын гүнд алтан таваг гялалзан байхыг олж харцгаажээ. Отгийн ахлагч эхэлж хармагцаа алтан тавгийг гаргаж авч ирэх зарлиг буулгав. Нуур асар гүнзгий. Иймээс нуурын усанд шумбаж орноо гэдэг нь амиа золионд гаргана гэсэнтэй адил хэрэг байв. Иймд саналаараа тэнд орох зориг зүрхтэй аавын хүү ер гарсангүй. Гэвч ахлагч нэгэнт зарлиг буулгавал зөрчих хүн хэн байх билээ. Нэр усаар нь дуудсанд нэг нэгээрээ цувж нуурын усанд орсон боловч орсон нь эргэж гарч ирсэнгүй.
Тэгтэл мөнөөх залуугийн орох ээлж болжээ. Ямар ч атугай үхэхээсээ өмнө буурал эцэгтэйгээ уулзъя гэж бодоод шалтаг заан аав руугаа очиж бүх л явдал учраа өгүүлжээ. Аав нь нуурын зүг хэдэн агшин харснаа “Санаа зовох хэрэггүй хүү минь. Ус руу орох хэрэггүй. Алтан таваг усан дотор байгаа юм биш. Нуурын хажуугийн өндөр уулын оройд байгаа юм” гэж хэлжээ. Залуу эр уул өөд авирч алтан тавгийг авчирчээ. “Эр хүн дээ! Чамд шан хайрлана” гэж ахлагч өгүүлснээ “Yгүй ингэхэд хө, чиний хувцас яагаад хуурай байдаг билээ? Yүгээрээ бол чи усанд оролгүйгээр авч ирсэн болох нь ээ. Энэ тавгийг яаж авч ирснээ хэл” гэж гайхаж ядан асуужээ. Тэгтэл нэг хүн “Энэ нөхөр илбэ шидийн арга хэрэглэснээс зайлахгүй” гэж гэнэ. “Энүүнд илбэ шидсээд байх юм огт үгүй” гээд залуу эр уулын оройгоос хэрхэн авч ирснээ үнэнээр нь өчиж гэнэ. Тэгвэл чиний хурц мэргэн ухааныг магтах юм шив дээ гэж ахлагч хэлжээ.

Маргааш өглөө нь аяны цуваа мөн л алсын замд хөдөллөө. Хэдэн өдөр явсны хойно аянчид зах хязгааргүй их элсэн цөлд хүрчээ. Ойр хавьд ус тааралдсангүй. Ахлагч нь усны эрэлд зүг бүр тийшээ явах зарлиг буулгав. Усны эрэлд явсан хүмүүс усны бараа харсангүй буцаж ирцгээж байлаа. Харин нөгөө залуу эр аавынхаа дэргэд ирж энэ бүх байдлыг хэлсэнд “Бага насны нэг үнээг сул тавь. Тэгэхэд тэр үнээ газар үнэрлэн явсаар нэг газар очиж зогсох байх. Тэр газрыг ухвал ус гарч магадгүй” гэж аав нь зөвлөжээ. Хүү аавынхаа зөвлөснөөр нэг үнээг сул тавьж хойноос нь дагаад явжээ. Yнээ толгойгоо гудайлган үүгээр түүгээр тэнэж, ашгүй нэг газарт саатаад, тэр газрыг үнэрлээд амьсгаа нь түргэсч эхэлжээ. Залуу эр буцаж хэдэн хүн дагуулж авч ирээд үнээний зогссон газрыг ухсанд ус оргилон гарч гэнэ. Ахлагч нь залуу эрийг хөхүүлэн магтаж “Хэрэв чи байгаагүй бол бид цөмөөрөө цангаж үхэх байлаа. Юу дуртай юмаа ав” гэжээ. Залуу эр өвдөг сөхрөн суугаад “Угтаа та ондоо нэг хурц ухаантай хүнийг магтах учиртай билээ. Түүнийг л таалалдаа багтааж соёрхоно уу!. Над өөр шан хэрэггүй” гэжээ. “Тэгвэл тэр хүн чинь хэн бэ?” гэж ахлагч асуухад “За, та жаахан хүлээж байхгүй юу” гэж залуу эр өгүүлээд нэг тийшээ гүйгээд явчихав. Төдий л удсангүй залуу насан өндөр аавыгаа дагуулан хүрч ирсэнд ахлагч нь нүдээ бүлтэртэл гайхан харжээ. Ахлагчийн үг хэлэхийн зав болоогүй байтал залуу эр аавыгаа урагш хөтөлж гаргаад “Таны магтаад байгаа тэр ухааны сан хөмрөг энэ биеэрээ байна. Энэ мэт настанг та ардаа орхиорой гэж зарлиг буулгасан боловч би амиа үл хайрлан хамт авч явах зориг гаргасан юм. Аавынхаа ухааны ачаар л би амь гарлаа” гэж залуу хэлэв.
Ахлагч нь тэр дорхноо баяр хөөр болон “Нэгний чинь ухаан, нөгөөгийн чинь зориг надад хэзээд хэрэг болох юм байна” гэж хэлжээ.

/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/

No comments:

Post a Comment