Нэгэн хаан тавин нас хүрэхдээ олон улсыг эрхэндээ авсан эзэрхэг түрэмгий нэгэн болсон байлаа. Эзэн хаан цэргүүдээ харь орнууд руу илгээж, бүгдийг нь хүйс тэмтрээд ир гэдэг байв. Тэр тоолонгоор эзэн хааны эрдэнэсийн сан арвижиж, титмэнд нь шив шинэхэн очир алмаас, шүр сувд гялалзана. Баривчлагдсан олон хаад аймшигт байдлаар, харанхуй шоронгийн хана ширтсээр амь тавьж байхад гоо хатагтай нар нь шивэгчин боол болдог байлаа.
Хур борооны улирал бараг дуусч байх үед эзэн хаантан сайд түшмэдээ дагуулан улсынхаа умар хязгаарын уулсаар ан ав хийж явжээ. Их үд хэвийчихсэн байв. Эзэн хаан нэг бугын хойноос элдсээр замаа ч мартжээ. Ангийн дон туссан хаан морио шавдан гуядсаар зүггүй хол ирсэн боловч бугыг сураггүй алдав. Ойн захад гарч ирээд эзэн хаан гэнэт ядарч цуцсанаа мэдэрч нэгэн модны дор саатан зогсчээ. Гэвч эзэн хаан өмнөх байгалиа тольдон хараад сэтгэл нь хачин ихээр догдлов гэнэ. Жаргах нарны улаан туяанд өмнө нь дүнхийх аварга том уулс ихэмсэг тэргүүнээ өргөн сүндэрлэн байжээ. Тэр уулын хормойд том шиг цэнхэр нуур цэлийх агаад тэр нь орчин байгалийн хязгааргүй гоо сайхны толь мэт тийм цэвэр тунгалаг ажээ. Баруун зүгт уулын ташлан дээр нэгэн жижигхэн тосгон байлаа. Тосгоны байшингийн дээврүүдийн сүүдэр үдшийн манант туяанд хол сунажээ. Эзэн хаан энэ гайхамшигт байдлыг нүд салгалгүй ширтэн байтал, бараа бологсод нь түүнийг нэхэн эрсээр хүрч ирэв. Эзэн хаан баяр хөөртэйгээр “Манай улсад ийм үзэсгэлэнт сайхан газар нутаг байдгийг би одоо болтол мэддэггүй явжээ” гэсэнд дэргэд нь зогсож байсан их түшмэл гараараа занган “Эзэн хаан минь, энэ нутаг улсын тань хилээс гадагш байгаа юм. Таны энэ зогсож байгаа газар яг улсын тань хил” гэжээ. Эзэн хаан “Энэ нутаг улс орны минь нэг хэсэг нь биш гэж үү?” хэмээн лавласанд мөнөөх түшмэл “Yгүй эзэн хаантан минь, энэ бол биеэ даасан нэг жижигхэн орон. Энэ орны хүмүүс загас барьж аж төрдөг юм” гэж өчжээ. Эзэн хааны сэтгэлд гүнзгий сорви үүсэн нүд нь хорслоор дүүрч “Газар нутгийн маань хэсэг биш гэнээ!” гэж хэлээд гараа зангидан эрс шийдмэг өгүүлсэн нь “Өнөөдөртөө буцаж, цэргийг бэлэн болго, их түшмэл минь. Би өөрийн биеэр энэ нутаг орон руу дайлаар ирнэ. Улс орны минь хил хязгаар энэ харагдаж буй уулын оргилоор байх болно” гээд тэндээсээ буцжээ.
Энэ явдлаас хойш арав ч хонож амжаагүй байтал дуу шуугиангүй ой хөвч цэргүүдийн уулгалах дуунд цочин сэрж, зэрлэг ан амьтад эзэн хааны дайралтаас дайжин хулжаад дөлгөөхөн мэлтийх нуурын ус загас барьж байсан загасчдын цусанд будагдав. Эзэн хааны баатар цэргүүдийн үерийн ус шиг дайралт нь мод бут, хад чулууг ч хөндлөн шархдуулжээ. Гурван өдөр өнгөрлөө. Хааны цэргүүд нуурын усыг гатлан хотын хэрмэнд тулж очжээ. Гэсэн ч тэндэхийн загасчид зэвсгээ хураалгасангүй тэмцсээр байлаа. Тулалдааны дуун гагцхүү шөнө болоход намжиж, тэр үед хот яг л оршуулгын газар шиг анир чимээгүйд уусдаг байлаа. Хаа нэгэн газарт бөхөж буй зулын гэрэл ч үзэгдэхээ больжээ. Загасчин хүүхэд багачууд, хөгшин хөвөө улс өдөржин тэмцэж шөнө нь амь үрэгдсэн садан төрлийнхөө шарилыг оршуулж, өөрсдийнхөө шарх сорвийг тордоно. Тэд аймшигт харанхуйд итгэлээ алдалгүй, эх газрынхаа төлөө халуун амь бүлээн цусаа өргөхөө тангараглан байлаа.
Өглөөний цаг. Тэр үед хаалгач ирж мэндчилээд “Их хаантан, хаалган дээр нэг хүн ирээд байна. Танд бараалхахаар яваа гэнэ” гэжээ. Хэн бэ? Нэг өвгөн байна, их хаантаан. Yхэхээсээ өмнө эзэн хаантай нүүр учрахын хүслэнгээр ирлээ гэж байна. “Элч яваа юм байлгүй” гэж нэг түшмэл нь хэлэв. “Эсвэл зүсээ хувилгасан цэрэг байх” гэж хоёр дахь түшмэл өгүүлж гэнэ. “Түүнд ямар нэгэн зэвсэг алга, хаантан минь. Эрүү өвдөг нь нийлсэн өвгөн байна. Таяг тулсан хирнээ арайхийн хөл дээрээ тогтож байна” гэж хаалгач хэлжээ. Эзэн хаан дотогш оруулахыг зөвшөөрөхөд хир болсон урт хувцастай өтөл настай нэг өвгөн таяг тулан бөгтгөнөсөөр хааны өмнө ирж зогсжээ.
“Өвгөн гуай хэрэг зориг юунд вэ? Таны нэр алдар хэн бэ? Би цаг зав багатай байна” гэж хаан өгүүлсэнд, өвгөн хааны амрыг айлтгах зуураа “Их хаантан, би ч гэсэн зав муутай явна. Хаантны алдар суу газар сайгүй цуурайтаж байна. Иймд тантай нүүр учрахаар хүрч ирэв” гэж хэлжээ. Хаан хэсэг зуур түүний царайг харснаа “Өстөн дайсны улсаас явна уу?” гэж нухацтайхан асуужээ. Yгүй, их хаантан! Би таны л улсын харьяат. Эндээс холгүй овоохой минь бий. Тэгээд юу гэж явна, өвгөн гуай? Өглөгийн эздээс юм гуйдаг, өндөр настай болсон хүн би гээд өвгөн урт хувцасныхаа халаасанд гараа шургуулж жижигхэн цагаан яс гаргаж ирээд “Энэ ясны хүндийн жинтэй эн зэрэгцэх алт хайрлаач, их эзэнтэн минь! Ондоо юм надад өгөх хэрэггүй гэж гэнэ. Эзэн хаан ясыг хараад тэр нь хумсны толионоос томгүй байсанд инээд алдаад, “хүн өтлөхөөрөө зөнөж орхидог юм шив, энэ ястай энэ тэнцүү алт гэдэг чинь ширхэг будаанаас ч томгүй шүү дээ! Өвгөн гуай арай өөр юм гуйсан нь дээр юм биш үү” гэв. “Наддаа бол таны мутраас авсан будаан чинээ алт ч эрдэнэсийн сан болно, их хаантан минь” гэж өвгөн хэлэв.
Хаан тохуурхан инээж, жигнүүр авч ирэх зарлиг буулгаад дэргэдээ байсан мөнгөн тавганаас хоёр алтан зоос авангуутаа өвгөний зүг чулуудаад “Наадахтайгаа ясаа жигнээд үз өвгөн гуай” гэжээ. Хааны түшмэл нэг тавган дээр нь ясыг, нөгөөд нь зоосыг тавьж жигнэж үзвэл яс нь хүнд байжээ. Хаан ичиж тэр дорхноо хоёр зоос гаргаж жигнүүрийн тавган дээр тавьсан боловч бас л ястай тал нь хүнд байжээ. Эзэн хаан ихэд гайхаж ясыг тавган дээрээс авч хянуур ажиглав. Хааны хилэн бадарч мөнгөн тавганаас нэг атга зоос авч жигнүүрийн тавганаа хийж өөрөө жигнэв гэнэ. Тэглээ ч гэсэн ястай таваг хүнд хэвээрээ байжээ. Хааны бараа бологчид цөм гайхаж жигнүүрийн дэргэд очжээ. Эзэн хаан энгүй гайхаж ясыг шинжин ажиж байлаа. Нэг чөлөөг ашиглан өнөөх өвгөн гараараа зангаж “Өндөр дээд эзэн хаан минь, өвгөн би ясаа буцааж авахаас. Үүнтэй тэнцүү алт танд үнэндээ ер нь үгүй юм шив дээ” гэжээ. Эзэн хаан энэ доромжлолыг хүлцэж эс чадав. Нэг том шиг жигнүүр авчруулж нэг тавганд нь харах царайнаасаа өчүүхэн мөнөөх ясыг тавьж нөгөөг нь гялалзсан олон алтан зоосоор дүүргэн жигнэжээ. Тэглээ ч ястай тал нь байдгаараа л хүнд байв.
“Энэ яс нь ид шидтэй юм байна! Өвгөн намайг дамшиглахаар иржээ” гэж бодсон эзэн хааны нүдэнд их зан, уур хилэнгийн дөл дүрэлзжээ. Гэвч нөгөө ясыг гадагш чулуудъя, чулуудаж чадахгүй, түүний жинтэй тэнцүү алт өгье, өгч чадахгүй арга мухардан байв. Тэгээд түрүүчийнхээс ч том жигнүүр авчруулахаар болж, алтан зоосны оронд алтан тоосго тавьж үзсэн авч мөнөөх жижигхэн цагаан яс мөн л хүнд хэвээрээ байжээ. Дон туссан мөрийтэй тоглоомчин шиг эзэн хаан хамаг эрдэнэсийн сангаа уудалж тавьжээ. Бараа бологчид нь мэл гайхаж, цэл хөхөрч энэ байдлыг ширтэн авай. Эзэн хааны духнаас хөлс бурзайн гарч харагдав.
Өвгөн тайвуу инээвхийлж дахин гар зангаж “Эзэн хаан минь! Иргэн улс тань том гэлээ ч эд баялаг тань шалихгүй юм шив. Энэ ертөнцийн аль ч улс оронд энүүнтэй тэнцэх алт олдохгүй гэж хэлж дээ. Хаан эзэн санаа алдаж харцаа дээш болгон асууруун “Юу гэнээ, өвгөн гуай! Ертөнц дахины бүх алт ч гэсэн ер энэ муу ястай тэнцэхгүй гэнэ үү?”. “Тиймээ эзэн хаан минь. Дэлхий ертөнцийн долоон далайн ус алт болон хувирлаа ч дэнслээд үзэхэд энэ ясны хүслийг хангахгүй”. Хаан дув дуугүй болж өвгөний нүүрийг анхааралтайяа ажаад “Ямар юм хэлнэ вэ, өвгөн гуай! Яадаг ид шидтэй яс вэ энэ чинь” гэж хэлсэнд өвгөн “Эзэн хаан минь, энэ бол хүслийн яс! Yүний цангаа үргэлжид нэмэгдэхээс өчүүхэн ч хорогдохгүй” гэв. Эзэн хаан энгүй гайхаж гэнэ. Түүний нүд өвгөний нүүрнээс шилжиж нөгөө хачин ясан дээр тусав. “Тэгвэл өвгөн гуай, дэлхий ертөнцийн бүх эд баялаг энэ яснаас чинь хөнгөн юм гэж үү” гэсэнд тэгэлгүй яахав гээд өвгөн цааш нь “загасчдын энэ жижигхэн улс энэ ястай тавгийг өчүүхэн төдий ч хөдөлгөж чадахгүй” гэжээ. “Тэгвэл энэ ястай эн зэрэгцэх зүйл тив дэлхийд хаа ч үгүй юм шив дээ” гэж хаан хэлсэнд өвгөн дэргэдээ зогсож байсан цэргийн гараас хутгыг нь аваад агшин зуур гараа эсгэж орхив. Өвгөн эсгэсэн гараасаа шүүрч байгаа цусны нэгэн дуслыг жигнүүрийн тавган дээр дусаавал харсаар байтал ястай таваг алгуурхан дээшилж цустай таваг нь жин дарж гудайжээ. “Эзэн хаан минь! Өвгөн миний цус өтөлсөн тул үүнд амь алга. Харин залуу хүний эсвэл жаахан хүүхдийн цус бол илэрхий хүнд жинтэй шүү дээ” гэж хэлжээ.
Их хаан цочирдон босож дув дуугүй майхнаас гараад нуурын захад очжээ. Суман мөндөр исгэрч, нуурын ус ув улаан харагдана. Нуурын захад эзэн хаан ясыг нэг үзэж, цусанд будагдсан усыг нэг харан удтал зогсчээ. Маргааш өглөө нь дайны хэнгэрэг нижигнэх цаг болоход их хаан цэргүүдээ аван буцахыг загасчид олж харсан бөгөөд ой тайгаас дүрвэсэн ан амьтад орон байр, үүр ичээндээ удалгүй буцан иржээ.
/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment