Ухаангүй тэнэг нэг хүн байжээ. Хаа нэг газраас ухаан олж авдаг хэрэг гэж тэр хүн бодов. Ухаан хаа байдаг юм бэ? гэж олон газраар тэнэж сураг тавив. “Загасчин руу оч. Тэнд л ухаан зардаг юм” гэж ашгүй нэг хүн хэлж өгчээ. Тэр хүн загасчны дэргэд ирж “Ухаан ямар үнэтэй вэ?” гэж асууж. Загасчны инээд хүрсэн боловч өнгөн дээрээ түүнээ мэдэгдэхгүйг хичээн духаа үрчийлгэн нилээд бодлогоширсон дүр үзүүлснээ “Тийм чиг бэлэн зэлэн хийчихсэн ухаан ер олдоггүй юм л даа” гэж хэлж гэнэ. Тэгээд цааш “Харин ухаан олж авахын тулд их л хөдөлмөрлөх хэрэг гарна” гэжээ. “Өө, би хөдөлмөрлөхөд бэлэн” гэж тэр хүн хариу өчив. Загасчин “Тэгвэл өглөө болгон миний дэргэд ирж бай. Би чамд загасны толгой огтолж өгөмз. Чи түүнийг гэртээ аваач, дараа нь чанаж болгоод иднэ. Тэгээд өдөр бүр ингэх ёстой шүү” гэв. “Загасны толгой ямар үнэтэй вэ?” гэж тэр хүн асуусанд “Таван зуун төгрөг” гэжээ. “Yнэхээр ухаан орох уу?” гэж асуухад нь “Оролгүй яахав. Харин яваандаа орох болно гэдгийг бүү мартаарай” гэж хэлэв. Ингээд тэр хүн өглөө болгон загасчин руу явдаг ажилтай болов. Загасчинд таван зуун төгрөг өгнө. Оронд нь ердөө л нэг загасны огтолсон толгой авна. Түүнийгээ гэртээ авч ирээд болгож иднэ. Ийм маягаар нэлээд хоног хугацаа өнгөрч. Тэгтэл нэг өдөр хүн түүнд “Ээ чааваас! Таван зуун төгрөгөөр ердөө л ганцхан загас авдаг хэрэг үү! Загас нь бүтэн ч биш! Ердөө л толгой нь. Ийм үнэтэй юм авах гэж байхуу” гэж хэлж дээ. Тэр хүний омог нь дүрэлзэн, тэр уураараа загасчны дэргэд очиж “Ийм их үнээр зарахдаа яадаг байна! чи намайг илжиг гэж санаа юу. Надад өчүүхэн ч атугай ухаан байхгүй гэж үү?” хэмээн хашгирч гэнэ. Загасчин мушилзан инээвхийлж “Эхлээд миний дэргэд ирэх тэр үед чамд ухаан байгаагүй. Харин одоо л гарцаагүй ухаан орлоо. Би чамд юу гэж амаллаа. Яваандаа ухаан орно гэж хэлээгүй гэж үү? Ухаан орж уу, үгүй юу гэдгийг алив хэлээдэх” гэв. Тэгэхэд нөгөө хүн хэлэх үггүй болоод буцжээ. Таван зуун төгрөгөөр загасны нэг толгой худалдаж авахаар тэр хүн дахиж ирсэнгүй. Yнэхээр тэр хүнд ухаан орж ирсэн байжээ.
/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment