2010/01/02

Валерий Брумелийн намтараас


Валерий Брумел
Оросын алдарт тамирчин, өндрийг харайгч
Олимп, дэлхийн 6 удаагийн аварга, дэлхийн
дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоогч

1) Улаан хоолой өөд халуу оргиж бөөлжис цутган байгаагаа мэдрэн, тэдний араас арай гэж л биеэ авч явав. Ганцхан тэсвэрлэх хэрэгтэй. Гагцхүү тэсвэрлэх. Цаг тутам, өдөр бүр тэсвэрлэх .Ходоодны үрэвсэлд шаналж, дайчин шонхруудын араас байдаг чадлаараа зүүгдэхийг хичээж байхдаа тэдний хэн нь ч миний чигчийд ч хүрэхгүй болно гэдэгт би сохроор итгэдэг байв. Цаг нь ирэхэд би үүнийг үзүүлнэ. Бүх дэлхийд. Ес дэх километр дээрээс бие тавигдаж, амьсгаа задраад орчин тойрныхоо юмыг дахин харав. Дахиад 3 км гүйх үлджээ. Дараа нь арван минутын завсарлагааны дараа, бүтэн хагас цаг штангаар хичээллэж, дараа нь хагас цаг сагсан бөмбөг зөөлөн тоглож, эцэст нь бүрэн чадлаараа хоёр зуун метрт арван удаа гүйнэ. Өдөр бүр шахам ийм байдлаар дасгал хийнэ. Дасгалжуулагч “Би барьж байхгүй, явж болно. Хэн тэсвэрлэж чадна, тэр л ялна” гэж хэлэв. Энэ үеэс хойш би сул байдлаа аль болохоор бүгдээс нуухыг хичээдэг болсон билээ.

2) Москвагийн Лужникт болсон тэмцээнд бүгдийн, тэр тусмаа өөрөө ч санаандгүйгээр 2.17 харайж задгай стадионы хувьд Европын шинэ аварга амжилт тогтоов. Би гараагаа хоёр метрээс эхлэв. Yүнийг том биш хайс шиг л давав. Дараа нь 2.05, 2.08, 2.11 -ийг хоёр метр шиг мөн л хөнгөн давав. Гайхалтай нь би сэтгэл догдлохгүй, чичирч салганахгүй, харин ч туйлын тайван байлаа. “Нөхцөл бүрдээд байхад үүнийг ашиглах л хэрэгтэй” гэж өөртөө хэлэв. Би шүүгч нар руу очиж шууд 2.17 гэж захиалав. Энэ нь европын өмнөх аваргаас яг нэг сантиметрээр өндөр байлаа. Дасгалжуулагч маань над руу гүйж ирэн “Солиоров уу чи. 2.14 чиний хувийн дээд амжилт. Тэгэхээр 2.11 дээрээ үлд! Битгий тэнэглэ!” гэж зандрав. Би татгалзан толгой сэгсрээд “Хожимдчихлоо” гэж хэлэн хэдийн тохируулж тавьсан хөндлөвч рүү заав. Энэ бол Европын шинэ амжилт гэдгийг стадионд зарлахад үзэгчид сэтгэл түгшин чимээ аниргүй боллоо. Тэгээд ч харайж чадлаа. Харайлтын хонхроос босож гарахдаа эхлээд дасгалжуулагчийнхаа гайхаж бүлтийсэн нүдийг харж, дараа нь үзэгчдийн бахдаж бахархсан хашгиралдааныг сонсов. Энэ үед намайг үнэсэж, тэвэрч, гар барьж, сэгсэрч байсан боловч өөр зүйл сэтгэлийг маань эзэмдэн байлаа. Би ирээдүйгээ мэдэж болох юм гэдгийг өөртөө нээлээ. Энэ бол үнэтэй олдвор байлаа.

3) 1960 он Ромын олимп
Жон Томасыг харцгаалаа. Би дэлхийн аварга тамирчныг анх удаагаа харж, харцаа салгаж чадахгүй байв. Хүч тэнхээтэй, цэх шулуун биетэй, өндрөөрөө 198 сантиметр, чийрэг тамирчин байлаа. Түүний сунамтгай байдал л гайхалтай байв. Жон Томас бие халаалтын үед хөл бөмбөгийн хаалганы шонгоос бариад баруун хөлөө газраас хөндийрүүлэхгүйгээр зүү хөлийнхөө өлмийг хөндлөвчид амархан хүргэж байлаа. Ерөнхийдөө өрсөлдөгчөө хараад хувцсаа солих, түүнтэй нэг талбайд харайх хүсэл даруй алга болов. Yүний дараа бид түүний гайхалтай дасгалын гэрч боллоо. Тэрээр шууд 2.05 -аас эхлэв. Дараа нь 2.10, 2.12, 2.15-ыг яг л тохирсон мэт харайв. Глухов, Габидзе бид гурав шантарсан байдалтай суугааг дасгалжуулагч маань хараад “ Зүгээр, хүүхдүүдээ! Энэ үзүүлэлт түүнийг баллана. Тэр байдгаа шавхчихлаа, яг тэмцээн дээр бол үхээнц амьтан болно” гэж хэллээ. Бид түүнд итгэсэнгүй.

4) 15 хүн шувтаргын тэмцээнд шалгарлаа. Тэдний тоонд манайхан бүгдээрээ, мэдээж Жон Томас оров. Жинхэнэ тэмцээн эхэллээ. Дасгалжуулагч “Тэмцээнд оролцогчид олон байна, ямар нэг ном олж унш” гэж зөвлөв. Анхныхаа оролдлогоор 2.03-ыг давав. Дараа нь хориод минутын дараа 2.06-г төвөггүй харайв. Хүлээж суух зуураа номоо уншиж байсан бөгөөд энэ нь сэтгэл зовоохгүй, дэмий хүчээ алдахгүй, өрсөлдөгчөө анзаарахгүй байхад тустай юм хэмээн бодож суулаа. Гучин минутын дараа хөндлөвчийг 2.09 дээр өргөлөө. Бас л хөнгөхөн гүйн харайсан боловч гэнэт хөндлөвчийг унагав. Наад номоо болиоч гэж дасгалжуулагч хашгирав. Нэг унш, нэг боль гээд л хэмээн уурлаж, би тэгэхээс тэг гэж дасгалжуулагчдаа номоо харуулан дахин нээв. Гэвч миний бүх өрсөлдөгчид 2.09 -ийг давахыг би нүднийхээ булангаар ажиглаж байсан учир уншсан зүйл толгойд орохгүй байв. Санаандгүй байтал Габидзе над руу хүрч ирэн “Чи юу гэж маяглаад байгаа юм бэ? Чи хэвийн байдлаасаа гарчихаад байгаа юм биш үү. Босож биеийнхээ чилээг гарга!” гэж хэлэв. Би үгэнд нь орон жаахан хөдлөөд харайсан боловч хөндлөвч дахиад л хангир жингэрхийн газар унав. Би харайлтын хонхроос газар шагайн бээрчихсэн юм шиг босож ирэв. Айдас намайг хөдөлгөөнгүй болгожээ. Габидзе дахиад над руу ирж “Биеэ халаа! Хөлсөө гартал!” хэмээн тушаав. Би ялагдалд хүргэх ховсонд ороод байлаа. Гүйцээ! Шившгийн юм. Бие халааж байтал гэнэт миний уур хүрээд явчихав. Өөрийн сайрхуу, мохуу, айж сүрдсэнд уур хүрэв. Уур хилэн минь буцалж хөндлөвчийг тас татаад хаяхад бэлэн, хүчтэй түлхэлт хийн харайхад дээгүүр нь өд мэт хөнгөн давав.

5) 2.12-ыг харайсны дараа Жон Томас, Габидзе, Глухов бид дөрөв үлджээ. Габидзе,
Глухов бид хоёрыг дуудаад үзэгчдээр дүүрсэн индэр лүү зааж “Тэд Жонын талд байна. Тэдний тэр байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл Жон шантарна” гэж хэлэв. Шинэ өндөр дээгүүр Жон хамгийн түрүүнд харайв. Хөндлөвч хангир жингэрхийн унахад үзэгчид дуу алдацгаан түгшиж эхлэв.Америкийн тамирчин амжилтгүй болсондоо итгэж чадахгүй байв. Хор шар нь хөдөлсөн тэрээр хоёр дахь оролдлогоор шууд харайхаар буцан гүйхэд шүүгч нар ээлжээ хүлээ гээд зөвшөөрсөнгүй. Жон гараа ууртай савж, түрүүлэх ёстой хүн чинь яагаад 2.14-ийг давж чаддаггүй билээ гэж өөртөө итгэж ядан зогсоно. Би Жон Томасыг харан түүний зан авир дахь цоорхойг мэдрэв. Габидзен харайх ээлж болов.Тэр их догдолж байлаа. Түүний дээд амжилт 2.12 байсан. Гэтэл одоо 2.14-ийг харайх гэж байдаг. Дохионы дараа Габидзе догшноор ухасхийн анхны оролдлогоор өндрийг авав. Yзэгчид гайхсан янзтай чимээгүй болов. Би ч бас үүнд итгэж чадахгүй байлаа. Одоо Жон Томасын тухай ярихгүйгээр Глухов, Габидзе бид гурав эвлэршгүй өрсөлдөгчид боллоо. Би дахин хөндлөвчийн өмнө гарч зогслоо. Харайхын өмнө “Габидзе азаар 2.14-ийг харайсан боловч дараагийн өндрийг чадахгүй. Миний дээд амжилт 2.17. Би энэ өндрийг харайж чадвал ялагч болно. Олимпийн аварга болно. Гагцхүү ялах л хэрэгтэй!” гэсэн бодол намайг эзэмдэж техник, тактик бүгдийг мартав. Тэгээд байдаг чадлаараа харайхдаа хөндлөвчийг өвдгөөрөө цохин унагах нь тэр. Глухов гүйлээ, бас адилхан унагав. Жон Томас хоёр дахь оролдлогоо хийхээр гарахдаа алтан загалмайгаа майкныхаа цаанаас гаргаж ирээд залбирч эхлэв. Тэр арайхийн хөндлөвчний нөгөө талд гарлаа. Би хоёр дахь удаагаа хөндлөвчний өмнө зогслоо. “Ямар ч өндрийн өмнө зогсож байхдаа харайлтын элементүүд, техник, тактикын бодож бай” гэсэн дасгалжуулагчийнхаа үгийг бодон харайлаа. Хөндлөвчин дээгүүр их бууны сум шиг л үсрэн давлаа. Анх удаа алга ташилт цуурайтав. Тэр өндрийг Глухов ч бас гурав дахь оролдлого дээрээ давлаа. Хөндлөвчийг 2 метр 16 сантиметр дээр өргөлөө. Би өөртөө “Надаас өөр хэн ч ялахгүй. Жон бараг шантарсан. Габидзед хоёр дахь гайхамшиг тохиолдохгүй. Глухов миний өрсөлдөгч биш. Чухамхүү 18 насандаа би л олимпийн аварга болно ” гэж хэлэв. Яах гэж энэ үгийг би өөртөө хэлэв ээ? гэж би одоог хүртэл харамсдаг. Тэгээгүй бол өөдгүй муу амьсгаа бөглөрөхгүй, тэгж чичрэхгүй байсан. Жон анхныхаа оролдлогоор харайхаар шийдэмгий гарсан боловч чадсангүй. Габидзе өндөр рүү харайхаар зүтгэлээ. Хоёр дахь гайхамшиг тохиолдох нь тэр. Габидзег доош унаснаас хойш хөндлөвч жаахан чичигнэн хөдлөв. Габидзен бие эвгүй байдалд хөдөлгөөнгүй болон хөндлөвчийг нүдээрээ ховсдох мэт хэдэн хором харав. Хөндлөвч байрандаа зогслоо.Цэнгэлдэх хүрээлэн чих дөжрөм алга ташилтаар дүүрэв. Yгүй! Yгүй! Ямар аргаар ингэв гэж би дотроо хашгирав. Хожим нь би ганцхан туршлагаараа ингэсэн болохыг ойлгосон юм.
Эхний оролдлогоор Глухов бид хоёр бас чадсангүй. Хоёр дахь оролдлогоороо Жон
Томас бас анхныхаа харайлтыг давтав. Би хоёр дахь харайлтаараа цаана нь гарахад тэнгэр нижгэнэх мэт хамгийн чанга алга ташилтыг амьдралдаа анх сонсов. Жон, Глухов нар дараа дараагийн оролдлогоор энэ өндрийг давж чадсангүй. Бид хожицгоожээ. Габидзе бид хоёр хоёул ядарсан байсан тул дараагийн 2.18 өндрийг хэн хэн нь давж чадсангүй. Габидзе анхны оролдлогоор харайснаараа олимпийн аваргын алтан медаль авлаа.

/Александр Лапшин “Өөртөө итгэлтэй бай ” /

No comments:

Post a Comment