Нэгэн өглөөгүүр эр эм хоёр хөгшин өвөөлж үүрнээсээ нисэж чадахгүй болсноо мэджээ. Тэнгэрт үүлгүй, нарлаг сайхан өдөр болох янзтай байсан боловч тэр хоёрын нүд бүрэлзэн эргэн тойрны юмсыг ялгаж танихгүй байлаа. Далавч, сүүлний нь өд сөд хуучин хугархай мөчир шиг зулгаран унаж, мань хоёр нас дээр гарч, тамир тэнхээгүй болжээ. Ёстой л өдрөө хүлээж байсан хэрэг.
Хоёр хөгшин үүрээ орхин нисэхээ бүр мөсөн больж амьсгаа хураах мөчийг хамт өнгөрүүлэхээр тохиролцов. Гэвч тэр хоёр андуу боджээ. Тэдний үр хүүхэд нь ирлээ. Эхлээд хажуугаар нь нисэж явсан нэг хүү нь хүрээд ирж. Настай болсон аав, ээжийн нь бие тавгүйтэн, асрах хүнгүй хэцүүдэж байгааг мэдээд тэр хүү нь бусад ах, эгч нараа дуудахаар нисэв. Төрсөн гэрийнхээ гадаа залуу өвөөлжнүүд цөм цугларах үес тэдний нэг нь “Аав, ээж минь бидэнд амьд явах аугаа их, хосгүй бэлэг хайрласан. Тэр хоёр маань юугаа ч хайрлалгүй биднийг өсгөн, тэжээж өдий зэрэгтэй болгосон. Одоо хоёулаа өвчтэй, нүд нь юм харахаа болиод, хоолоо олж идэж чадахгүй болсон байна. Энэ үед нь тэднийг өргөн асарч тэнхрүүлэх нь бидний ариун үүрэг юм” гэж хэлэв. Ийм үг сонсоод тэд эвтэй найрсгаар ажилдаа гарлаа.
Нэг хэсэг нь дорхноо цоо шинэ, дулаахан үүр засаж эхлэхэд, нөгөө нь хорхой, шавьж, өт барихаар явахад, үлдсэн нь ой руу нисэн одов. Удалгүй шинэ үүр бэлэн болж, хүүхдүүд нь хөгшчүүлээ аятайхан аваачиж нүүлгэв. Тэднийгээ дулаацуулах гэж хараахан хагараагүй ангаахайгаа эх шувуу биеэрээ бүлээцүүлдэг шиг хүүхдүүд нь далавчаараа тэднийг хучжээ. Тэгээд булаг шандын усаар ундалж, хоол залгуулаад ноолорсон үс, хугарсан өд сөдийг нь эвтэйхэн авч хаялаа. Адаг сүүлд нь бусад өвөөлж ойгоос буцан ирж, хараа оруулдаг өвс зуун авчирлаа. Ид шидтэй өвсний шүүс уулган доройтсон хоёрыг эмчилж эхлэв. Эмчилгээ нь олон хоног үргэлжилсэн тул тэд тэвчээр зориг гарган ээлжлэн сахиж, аав ээжээ огт орхилгүй асран сувилсаар байжээ.
Аав ээж хоёр нь хараа орж, бүх хүүхдээ таньсан баярт өдөр боллоо. Ингэж үртэй хүн жаргадгийн адил өнөө хоёр хөгшин хүүхдүүдийнхээ хайр ивээлээр хараа орж, хүч тэнхээтэй болсон гэдэг.
/Л.Д.Винчи “Сургаалт үлгэр домог”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment