Нэгэн цэцэрлэгт хуш мод ургаж байв. Он жил улирах тусам улам томорч, өндөр гуалиг болжээ. Саглагар сайхан их бие нь бусад модны дээгүүр сүр жавхлантай найган ганхаж, өтгөн хар сүүдрээ тэдэн дээр буулгадаг болов. Гэвч хуш өсөж томорч, өөдөө тэмүүлэх тусмаа гайхуулж сайрхах нь улам ихсэв. Нэг өдөр бусад модыг их л ихэмсгээр басамжлан ажаад захирангуй дуугаар зандарч “Энэ муу арчаагүй нарс модыг үтэр түргэн зайлуулцгаа” хэмээн тушаажээ. Тэрхэн агшинд уг модыг ёзоороор нь тас тайран хаяв. “Намайг та нар үзэшгүй муухай энэ гацуур модноос холтго! Маанаг түүнийг харахаар дотор минь муухай оргих юм” гэж бас нэг удаа ааш муутай хуш зарлиг буулгахад гацуур мод аанай л тас тайруулав.
Биеэ тоосон сагсуу хуш мод навчсаа бардамнан хийсгэж, бүр цааш гаарч “Миний ойр хавьд байгаа өвгөрсөн алимын модыг цөмийг нь булгалж, цэвэрхэн болго” хэмээхэд, өнөөх олон мод дорхноо түлшинд явлаа. Тэгсээр зүгээр сууж чаддаггүй хуш хамаг модыг ээлжлэн тайруулж цөлмөөд цэцэрлэгийн бүрэн эрхт эзэн болоход үзэсгэлэнт цэцэрлэгийн оронд дан хувхайрсан хожуул үлджээ.
Тэгтэл нэг өдөр ер бусын хүчит салхи шуурав. Сагсуу хуш аль байдгаараа салхийг сөрөн, хүчирхэг үндсээрээ газраас тас зууран тогтож ядлаа. Харин салхи замд нь тээглэх өөр мод байхгүй болохоор орь ганцаараа оцойж буй өнөөх хушийг зай завсаргүй уулгалан дайрч, түүнийг хайр найргүйгээр эвдэн тас мушгиж, нугалж хаялаа. Адаг сүүлд нь хуш салхины улангасан дайрахыг тэсэхээ болиод булга үсэрч газарт тэрийн ойчжээ.
/Л.Д.Винчи “Сургаалт үлгэр домог”/
2010/01/02
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment