2010/01/02

Чулуучин эр

Эрт урьд цагт нэг чулуу бутлагч эр аж төрж байв. Тэрээр алх цүүцтэй нөхөрлөн өдөржингөө чулуу буталж байшин барилга, зам гудамжинд хэрэглэх хайрга бэлтгэнэ. Ургах жаргах хоёр нарны хооронд борви бохисхийлгүй үхтлээ зүтгэхдээ сэтгэл тэнэгэр, итгэл дүүрэн байдаг байжээ.
Нэг өдөр чулуугаа буталж байтал хааны унаа хөсөг хажуугаар нь өнгөрчээ. Хаан сүрлэг сайхан сүйх тэргэндээ залраад, бас зарц нар нь түүний тэргүүн дээр алтан манжлагатай торгон шүхэр барьж явахыг харав. Чулуучинд атаархах сэтгэл төрж “Халаг минь, хэрвээ би хаан байсан бол энэ зарц нараар толгой дээрээ ингэж шүхэр бариулаад л явж байхгүй юу” гээд уртаар санаа алдаж гэнэ. Чулуу бутлагчийн ажиллаж байсан тэр уулын дэргэдэх агуйд нэгэн илбэчин байжээ. Илбэчин түүний ийн хэлснийг сонсоод чулуу бутлагчийг хаан болгож орхив.
Ганцхан агшны хойно чулуу бутлагч эр хаан болж тэрээр сүйх тэргэнд амарлангуйхан заларсанд зарц нар толгой дээр нь торгон шүхэр дэлгэн барьжээ. “Аяа! Амьтан хүний дотроос агуу том нь би л боллоо. Би хаан хүн! Одоо хаан титмээ залаад хаан суудал дээрээ суудаг хэрэг” гэж бахархалтайгаар өгүүлжээ. Гэвч нэг өдөр хаан чилээгээ гаргах гэж гадуур явсанд зарц нар нь түүний тэргүүн дээр шүхэр дэлгэхээ ор тас мартсан байжээ. Тэрээр хурц наранд шарагдан зарц нарынхаа шүхэр авчрахыг хүлээн саатахаас өөр аргагүй болов. Нарны хурц туяа тэргүүнийг нь нэвт төөнөсөнд сэтгэл нь гонсойв. “Ингэхэд би ер нь энэ ертөнцөд хамгийн чадалтай нь биш байх нээ. Нар гэдэг чинь надаас ч чадалтай бус уу. Өөрийнхөө халуун илчээр өчүүхэн намайг дөнгөж байна. Ээ халаг, хэрэв би нар байсан бол доо” гэж гутрангуйнхаар өгүүлжээ. Уулын агуйд оршигч мөнөөх илбэчин дахин түүний хүслийг нь гүйцээжээ. Чулуу бутлагч нар болж тэнгэрт хурц туяагаа цацруулан байх болов. Түүний халуунаас газар дэлхийн өвс ургамал гандаж, гол мөрөн ширгэж эхлэв. Хүмүүс шарагдан нарны илчнээс амь гарах гэж энд тэнд толгой хорогдох сүүдэр газар эрэлхийлэн эхэлсэнд тэрээр өөрийн чадлыг хараад бах тав нь ханажээ.
Гэвч нэг өдөр нар дэлхий хоёрын хооронд үүл хурахад нар гэрлээ дэлхийд тусгаж чадсангүй. “Yүл чинь нарнаас ч илүү чадалтай байх нь. Ээ халаг гэж. Хэрэв би үүл байсан бол”хэмээн нарны дүрд хувилсан чулуу бутлагчийн өгүүлснийг агуйн илбэчин мөн л сонсож түүнийг үүл болгож орхижээ. Одоо түүнд газар дэлхий дээр бороо хур оруулах ид шид бий боллоо. Тэгээд ч тэрээр нүүр нүдгүй усаар шавшиж дэлхий дээр хүчтэй үер буулгажээ. Голуудын ус эргээ эвдэн халин үерлэж ертөнцийн хүн амьтныг живүүлэн одох боллоо. Гэвч нэг л юмыг үерийн ус яаж ч чадсангүй. Тэр нь асар том хадан цохио байсан бөгөөд бат бэхээрээ үнэхээр гайхалтай учраас түүнийг ус тойрч урсахаас өөр замгүй байв. “Энэ хадан цохионы хүчин чадал надаас ч илүү гэж үү? Аяа, би хадан цохио байсан бол?” гэж үүлний дүрд хувилсан чулуу бутлагч хашгирлаа. Ганцхан агшны дараа илбэчин түүнийг хадан цохио болгов.
Тэрээр хүнхийн сүндэрлэж доогуураа өнгөрөх хүмүүсийг харна. Борооны ус хадан цохиог хөвүүлж чадахгүй байсанд тэр цохио хүчин чадалдаа эрдэж байлаа. “Одоо л би угтан ирэх, урсан одох өдөр хоног, он жилүүдийн нүүрийг үүрд үзэх
чадалтай болов” гэж омог бардам өгүүлжээ. Тэгтэл нэг өдөр тэр цохио доргин ганхаж бас үйрэн бутрах дуун сонсогджээ. Нэг хүн алх цүүц барин түүнийг буталж байх агаад бутарсан хэсгүүд газарт өнхрөн унаж байв. Хадан цохионы дүрд хувилсан мөнөөх чулуу бутлаачин “Хадан цохионоос ч илүү чадалтай юм бас байхнээ? Аяа халаг. хэрэв би хүн байсан бол!” гэж өгүүлжээ. Тэгтэл тэр дорхноо хүн болж алх цүүцээр чулуу буталдаг байсан өнөөх л хуучин хэвэндээ эргэн орж гэнэ. Сайх чулуучин эрийн сэтгэл тэнийн “Хүн гэдэг ер нь аливаа ажлыг үнэхээр сайн хийж, эрхэлсэн ажилдаа эзэн болох аваас түүнээс илүү хүчин чадалтай юм хаа ч үгүй юм байна” гэж хэлээд уг чулуу бутлах ажлаа хийж гарлаа.

/орч О. Сүхбаатар “Энэтхэг, балба, фижи үлгэр”/

No comments:

Post a Comment