2010/01/02

Шоргоолж ба буудайн үр

Тариа хураасны хойно талд ганцаар хоцорсон буудайн үр өвлийн хүйтэн болохоос өмнө чийгтэй газарт ултай сайн шигдэж авахыг хичээж, бороо орохыг тэсэн ядан хүлээн байв. Хажуугаар нь харайлгаж явсан шоргоолж түүнийг харчихжээ. Олзондоо баярласан шоргоолж, юу ч бодож саналгүй том олзоо нуруундаа тэгнээд, үүрэндээ аваачихаар мөлхөж эхэлжээ . Гэгээ тасрахаас өмнө гэрээ бараадахыг бодсон шоргоолж зогсоо зайгүй мөлхсөөр, ачаа нь түүний нэгэнт холгогдсон нуруу сээрийг улам улам дарсаар байжээ.
“Чи юунд ингэтлээ зүдэрнэв? Намайг эндээ орхи” гэж буудайн үр бувтнав. “Чамайг би хаячихваас өвөл юугаан идэх билээ. Бид олуулаа, иймээс бүгдээрээ хоол хүнсээ цуглуулах гэж мэрийдэг юм” гэж шоргоолж амьсгаадан хариу өчлөө. Тэгэхэд нь үр жаахан бодолхийлснээ “Ажилсаг, шударга зантайгий чинь би юу эс андахав. Гэхдээ л чи намайг сайн бодож үзээч. Ухаантай шоргоолж минь, миний хэлэхийг аан гээд сонсооч” гэлээ. Яльгүй жаахан амсхийх нь гэж баярласан шоргоолж дааж ядсан ачаагаа нуруунаасаа буулгаад амрахаар суулаа.
“Аан гэж бай. Би бол амьдруулах асар их хүч агуулсан амьтан. Би амьдралыг шинээр цогцлоох заяатай төрсөн юм. Хоёулаа нэг зүйл тохиролцъё” гэж үр хэлэв. Юу тохиролцох болж байна? “За , чи сайн дуулж бай. Намайг үүрэндээ аваачилгүй хээр талд минь үлдээвэл жилийн дараа гэхэд оронд нь зуугаад ийм үр авах болно. Одоо жижиг нүх ухаад намайг булчих, тэгээд дараа зун дахин эндээ ирээрэй” гэжээ. Гайхаж хоцорсон шоргоолж итгэж ядан хэсэг бодсоноо зөвшөөрсөн гэнэ. Болзсон хугацаандаа шоргоолжийг хүрч ирэхэд буудайн үр хэлсэн үгэндээ хүрсэн байлаа.

/Л.Д.Винчи “Сургаалт үлгэр домог”/

No comments: